“Balticconnector” хийн хоолойг Хятадын чингэлэг тээвэрлэгч гэмтээсэн үү!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 25

 

Финланд, Эстонийн хооронд татсан “Balticconnector” байгалийн хийн хоолойд гэмтэл гарсан газар орчим зангуу илэрчээ. Финландын цагдаа үүнийг Хятадын чингэлэг тээвэрлэгч хөлгийнх гэж үзэж байна. Хууль хүчнийхэн хийн хоолойд санаатайгаар гэмтэл учруулсан эсэхийг шалгаж байна.

Финландын Эрүүгийн цагдаагийн төв газрын мэдээлснээр, зургаан тонн жинтэй зангууны нэг дэгээ нь байхгүй гэнэ. Балтын тэнгисийн ёроолд гэмтэл гарсан газрын нэг талд зүүн тийшээ чиглэсэн хэдэн км урт нарийн мөр гарсан байжээ. Зангууг гаргаж авсан бөгөөд хийн хоолойг мөргөсөн байж болзошгүй ул мөр үлдсэн байжээ.

“Balticconnector” хоолойгоос хий алдагдаж байсантай холбогдуулан энэ сарын 8-аас хойш хий хоолойг хаажээ. Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистёгийн мэдэгдсэнээр, хийн хоолойд гаднын нөлөөтэй гэмтэл үүссэн байна. Финландын Эрүүгийн цагдаагийн төв газар Хонконгийн туган дор тээвэр хийдэг Хятадын “Newnew Polar Bear” чингэлэг тээвэрлэгч хөлөг хийн хоолойд гэмтэл учруулсан байж магадгүй гэж үзэж байна. Шанхайгаас Оросын Санкт Петербургийн зүг чиглэж байсан тус хөлөг хийн хоолойд гэмтэл гарах үед тухайн газар явж байжээ. " Yle “ хэвлэлд мэдээлснээр, Оросын “Fleetphoto” сайтад энэ сарын 22-нд тавигдсан гэрэл зургаас үзвэл чингэлэг тээвэрлэгчийн зүүн зангуу нь байхгүйгээс гадна зарим чингэлгүүд нь хазайсан байжээ. Ингэхдээ тус сайт гэрэл зургийн огноо болон жинхэнэ эсэх нь батлагдаагүй гэж онцолжээ. Финландын Эрүүгийн цагдаагийн төв газар нь энэхүү хөлөгт ямар нэгэн арга хэмжээ авах эрхгүй гэнэ. Учир нь тус хөлөг Финландын усан хилийн бүсэд бус эдийн засгийн онцгой бүсэд явж байжээ.

Энэ сарын 23-нд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин энэ асуудлаар Бээжин Хельсинкитэй хамтран ажиллагаа гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр, чингэлэг тээвэрлэгч хөлөг хэрэг гарах үед тогтсон чиглэлээр тээвэрлэлт хийж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.251) 2023 оны 10 сарын 26

НАТО одоо Хятадтай дайн зарлах уу???

0  |  0
Top