Монгол Улсын нутгаар байгалийн хийн хоолойг дамжуулан тавиулах тухай асуудлын түүхээс товч сөхвөл

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 23

УНШИГЧИЙН ЗАХИДАЛ
 


 

Байгалийн хий бол шатдаг төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдээс хүн төрөлхтний эрүүл мэнд, агаар мандал, уур амьсгал, хүрээлэн буй байгаль орчинд хамгийн хор хөнөөл, аюул багатай түүхий эд юм. Тийм ч учраас өндөр хөгжилтэй улсууд сүүлийн жилүүдэд атомын эрчим хүч, нүүрсний хэрэглээнээс аажмаар татгалзаж, оронд нь байгалийн хийн эрчим хүчний хэрэгцээ, хангамжийг нэмэгдүүлэхэд  онцгой анхаарч, тодорхой арга хэмжээ тууштай авч хэрэгжүүлж байна. Европын холбооны улсуудаас  жишээлбэл  ХБНГУ л гэхэд 2030 онд нүүрсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзах, атомын эрчим хүчний хэмжээгээ  аажмаар багасгах зорилт тавьж, эхнээс нь хэрэгжүүлээд байна. ОХУ нь  нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд тэргүүн байр эзэлдэг, ЗХУ байх  үеэс  геологи-эрэл хайгуулын ажлыг урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр эрчимтэй гүйцэтгэж, ялангуяа алмаас, алт, зэс, төмрийн хүдэр, нефть, байгалийн хий зэрэг ашигт малтмалын  асар их нөөцийг илрүүлж,  баталгаажуулсан юм. Эдгээр ашигт малтмалын  дотроос нутгийнхаа зүүн хойд болон Сибирийн уудам нутагт өөрийн орны төдийгүй  БНМАУ-ын гишүүнээр нь  нэгдэн орсон Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн гишүүн Зүүн Европын социалист орнуудыг байгалийн хийгээр олон жилийн туршид найдвартай  хангах стратегийн бодлогодоо тулгуурлан хэдэн зуун их наяд шоо метрээр хэмжигдэх байгалийн хийн нөөцийг  илрүүлж, өөрийн Бүгд найрамдах улс байсан Украин, Беларусь, Латви, Литви, Эстони болон Зүүн Европын улсуудын байгалийн хийн хэрэгцээг бүрэн хангах асуудлаар эрдэм шинжилгээний олон арван хүрээлэнгээр эдийн засгийн үр ашгийн тооцоо, судалгаа, үндэслэл, урт хугацааны төлөвлөгөө боловсруулсан. Аль болохоор зөв зохистой, аюулгүй  ашиглах бодлого төлөвлөж, улмаар байгалийн хий дамжуулах хоолойг барьж байгуулахын тулд дээд зэргийн чанартай гангийн болон  инженерчлэл, барилга монтажийн үйлдвэрүүдийнхээ хүч чадлыг нэмэгдүүлэх, мэргэшсэн ажиллах хүчнийг сургаж бэлтгэх зэрэгт ихээхэн хөрөнгө оруулалт зарцуулсан билээ.

Эхний ээлжид өөрийн Бүгд найрамдах Украин улсын нутгаар дайруулан олон мянган километр байгалийн хийн хоолойг барьж, тус улсын болон европын бусад орны хэрэгцээг олон жил хангаж байсан боловч ЗХУ задарснаар Орос-Украины  нутаг дэвсгэр, үндэстэн хоорондын мөргөлдөөн, гадаад төлбөр тооцооноос  шууд хамааралтай  улс төр, эдийн засгийн таагүй уур амьсгал  бий болсон. Энэ бүхнээс шалтгаалж ОХУ байгалийн хийн бүтээн байгуулалтын тактикаа эрс шийдвэртэй өөрчилж, Балтын тэнгисээр дайруулан Герман, урдуур Турк улсаар дайруулан байгалийн хийн хэдэн мянган километр урттай хоолойг богино хугацаанд бүтээн байгуулав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Умарт 1” болон “Умарт урсгал 2” гэж нэрлэсэн жилдээ 100 орчим тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүч чадалтай байгалийн хийн хос хоолойн хамтын ажиллагааны асар том бүтээн байгуулалтад улс төр, эдийн засгийн онцгой ач холбогдол өгч, тэдгээрийг ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээнд ХБНГУ, БНТУ-ын удирдагчидтай хамтдаа 2019 оны эцсээр оролцов. Үүний зэрэгцээгээр ОХУ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын идэвхтэй гишүүн болж, БНХАУ, Энэтхэг зэрэг  Азийн улс орнуудтай найрсаг харилцаа, стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, БНХАУ-ын санаачилсан "Нэг бүс-нэг зам", "Талын зам", Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хүрээнд  Ази, Европыг холбосон  хурдны зам, тээвэр ложистик, дэд бүтцийн  томоохон төсөл, бүтээн байгуулалтад шийдвэрлэх үүрэгтэйгээр оролцож байна. Энэ бүхний эхний ээлжийн арга хэмжээ болгон ОХУ-аас  БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч”   хоолойг БНХАУ-ын зүүн хэсгийн хэрэгцээнд зориулж богино хугацаанд барьж байгуулж, 2019 оны сүүлчээр ашиглалтад оруулснаар ойрын ирээдүйд БНСУ, Япон руу үргэлжлүүлэн барьж байгуулахаар олон жилийн өмнөөс төлөвлөсөн эдийн засгийн чухал ач холбогдолтой томоохон төсөл олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих түүхэн үе шатандаа орсон явдалд төлөвлөгч инженер-эдийн засагч, олон улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны талаар мэргэшсэн судлаачийн хувиар би туйлын  баяртай байна.

Хувь заяаны тавилангаар би Киевийн Эдийн засгийн академийг амжилттай дүүргэж, ажил амьдралынхаа гарааг Улсын төлөвлөгөөний комисс, гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооноос эхэлж, олон улсын улс төр, эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээгээр өөрийнхөө  хүсэл эрмэлзэл, сонирхол, мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлага, ур чадвар, гадаад хэлний мэдлэгтээ тулгуурлан  олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны цаг үеийн тулгамдсан асуудлуудаар бие даан тооцоо, судалгаа, дүгнэлт, санал боловсруулах чиглэлээр мэдээллийн сантай болоод байна. Энэхүү мэдээллийн сан хөмрөгтөө тулгуурлан Монголынхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, бодлого, зорилт, зорилго, хөтөлбөртэй уялдуулж, эх орныхоо эдийн засгийн хөгжлийн өсөлтийг тогтворжуулах, ард иргэдийнхээ амьдралын төвшинг эрс шийдвэртэй дээшлүүлэх   зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, улсын төсвийн үрэлгэн зардлыг аль болохоор бууруулах, экспортын бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг олшруулах замаар гадаад худалдааг өргөжүүлэх, валютын нөөцийг өсгөх, үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгах, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх салбаруудын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа, эрдэм-шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн хийж байна.

Эдгээрийн дотроос зөвхөн байгалийн хийн хоолойг эх орныхоо нутгаар дайруулан тавиулах талаар хийсэн ажлынхаа түүхээс товч  сөхвөл:

1. Би Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол- Зөвлөлт, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар хавсран ажиллаж байх хугацаандаа буюу 1990 оноос эхлэн Оросын талын холбогдох албан тушаалтнуудаас албан ажлын болон найз, нөхдийн шугамаар ОХУ-ын өөрчлөлт, шинэчлэлтийн тулгамдсан асуудлуудын талаар эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны салбарт олон жил хамтран ажиллаж байсан орос  найз нөхөдтэйгөө ОХУ-ын улс төр, эдийн засгийн гадаад бодлогын үзэл баримтлал, хэтийн төлөвийн тухай элэгсэг дотно, нээлттэй ярилцаж, бодит мэдээллийг жинхэнэ эх сурвалжаас нь авч байв.

2. Гадаад харилцааны яамны Улс төрийн газрын зөвлөхөөр ажиллаж байгаад  Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хот суугаа Ерөнхий консулын газрын худалдаа-эдийн засгийн зөвлөхөөр 1999-2001 онд томилогдон ажилласнаар Монгол-Оросын бүс нутгийн болон хил орчмын шууд хамтын ажиллагааны тухай асуудлаар судалгааны ажлаа эрчимжүүлэх сайхан нөхцөл, боломж, аз завшаан надад тохиолдсон юм.

3. Олон  улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны  үр   өгөөжийг иргэн нэг бүрдээ тэгш хүртээх чиглэлээр Улсын төлөвлөгөөний комисс, гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хороо, Сайд нарын зөвлөл, Гадаад явдлын яам, гадаад харилцааны яаманд төрийн болон төрийн тусгай дипломат албыг 40 шахам жил хоёргүй сэтгэлээр хаших хугацаанд өөрийн эзэмшсэн  боловсрол, мэргэжил, ажлын дадлага туршлага, ур чадвар, гадаад хэлний мэдлэгтээ суурилан, хүсэл сонирхол, мөрөөдлөөрөө олон улсын  эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны асуудлаар тодорхой тооцоо, судалгаа, эрдэм-шинжилгээний ажил хийж, өөрийн үзэл бодол, тооцоо, судалгаа, санал дүгнэлтээ  дотоод, гадаадын төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлж, олон улсын  хурал , зөвлөгөөн, чуулга уулзалтад  удаа дараа оролцож, итгэл тавьж байна.

4. Үндсэн мэргэжлээрээ Эрхүү хотод томилогдон ажилласнаар олон улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны салбарын судалгааны ажлаа эрчимтэй үргэлжлүүлж, тус мужийн Амбан захирагч Б.А. Говоринд санал болгосноор Гадаад харилцааны газрын даргатай нь хамтдаа тус мужийн Ковыктинскийн байгалийн хийн арвин их нөөц бүхий ордтой газар дээр нь очиж танилцаж, энэ тухайгаа Гадаад харилцааны яамандаа зохих журмын дагуу тодорхой тооцоо, судалгаа, дүгнэлт, цаашид авах бодлогын чанартай арга хэмжээний тухай  саналаа уламжилсаар байсан юм.

Тухайлбал, байгалийн хийн хоолойг эх орноороо дайруулан тавиулах  асуудлыг төвөөс авсан удирдамж ёсоор Ерөнхий  консулын газрынхаа тойрогт харьяалагддаг ОХУ-ын Кемерово мужийн амбан захирагч, Дээд звлөлийн гишүүн А.Тулеев, Красноярск хязгаарын Амбан захирагч, Дээд зөвлөлийн гишүүн, генерал С. Лебедев (хоёулаа Ерөнхийлөгчийнхөө сонгуульд нэг биш удаа өрсөлдөж байсан) нарт төр, засгийнхаа нэрийн өмнөөс уламжилж, уг асуудлыг нааштай шийдвэрлүүлэхэд гүн туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг уулзах бүрдээ дотночлон хүссээр байсан.

Энэхүү алтан боломжийг ашиглан  Б.А.Говорин, А.Тулеев хоёрыг эх орондоо албан ёсоор айлчлуулж, төр, засгийн удирдагчидтайгаа уулзуулах, Алтан гадас одонгоор шагнуулах саналыг дэвшүүлж, айлчлалуудыг амжилттай зохион байгуулалцсан болно. Мөн ОХУ-ын Төрийн Думын гишүүнээр олон жил сонгогдон ажиллаж байгаа, Ерөнхийлөгчийнхөө сонгуульд удаа дараа өрсөлдсөн  В. Жириновскийг Эрхүү мужид зочлон ирэхэд нь ёслолын арга хэмжээн дээр өөрийн хүсэлтээр танилцаж, Байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан тавиулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн юм. Тэрээр монголчуудад хандан дотночлон хэлэхдээ “Хийн хоолойг танай нутгаар дайруулан тавих тухай саналыг Төрийн дум болон Ерөнхийлөгчдөө санал болгон дэвшүүлнэ. Харин та нар хэлэлцээр байгуулахдаа уг хоолойн танай нутагт барих шахуургын станцуудын хаалтыг шаардлагатай үедээ өөрсдөө шууд хааж байх нөхцөлийг сайтар тохиролцоорой” гэж зөвлөсөн. Энэ тухай төвдөө танилцуулж, түүнийг Монголдоо албан ёсоор айлчлуулахаар зохих журмын дагуу тухайн үед урилга өгүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон юм. Ийнхүү  30 жилийн туршид уг асуудлыг Монгол Улсад ашигтай хувилбараар шийдвэрлүүлэх тухай асуудалд өөрийн мэдлэг боловсрол, мэргэжил, олон улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны салбарт 40 гаруй  жил хөдөлмөрлөсөн ажлын туршлага, ур чадвар, гадаад хэлний мэдлэг зэргээр хоёргүй сэтгэлээр зориулсаар 30 жилийн туршид уйгагүй, биечлэн хөөцөлдөж. зохих тооцоо, судалгаа, үндэслэл, саналаа төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, радио, телевиз, эдийн засгийн хурал, зөвлөгөөн, чуулга уулзалтад байнга ярьж, төрийн засгийн удирдагчид, холбогдох яам, тусгай газар, Монголын ард иргэддээ өөрийн дуу хоолойгоо уламжилсаар байна.

Энэхүү хийн хоолойг эх орныхоо нутаг дэвсгэрээр дайруулан тавиулснаар манай улсад ойролцоогоор жилдээ 1.5-аас таван тэрбум ам.долларын цэвэр ашиг ногдохын зэрэгцээгээр эрхэлсэн ажил хөдөлмөргүй яваа олон зуун залуучуудыг ажлын байр, амьжиргааны тогтмол орлоготой болгох, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, зарим аймгийн болон ирээдүйд бий болох бүсийн хөгжлийн төвийг хямд эрчим хүчээр удаан хугацаанд найдвартай хангах, агаар, хөрс, усны  олон жил хуримтлагдсан их бохирдол, хөрсний эвдрэл, утаанаас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, бүх төрлийн хорт хавдар, томуу, амьсгалын замын бусад вируст халдвар өвчнөөс эх, үрс, иргэдээ тууштай  урьдчилан сэргийлэх, хүн амынхаа 30 гаруй хувийг эзлээд удаж байгаа эмзэг бүлгийн иргэдээ ядуурлаас гарган дундаж давхаргад шилжүүлж амьжиргааг нь дээшлүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, ойрын жилүүдэд  50 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай гадаад өрийн дарамтаас аажмаар ангижрах зэрэгт эдийн засгийн бодиттой үр өгөөж, чухал хөшүүрэг болох тухай асуудлуудаар урьдчилсан тооцоо, судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны есдүгээр сард Монголд гурав дахь удаагаа төрийн албан ёсны айлчлал хийж, Х.Баттулга, В.В.Путин нар “Монгол Улс, Оросын холбооны улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хугацаагүйгээр байгуулж, гарын үсэг зурсан” нь тус хоёр улсын уламжлалт мөнхийн найрамдал, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг олон улсын хамтын хүчин чармайлт, зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэ шатанд дэвшүүлэх онцгой түүхэн үйл явдал болсон. Энэхүү айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад гурав дахь удаагаа оролцож, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх цаг үеийн тулгамдсан асуудлуудаар Монгол Улсынхаа байр суурийг маш тодорхой илэрхийлсний дотроос БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридор, ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулан тавих тухай Монголын талын саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин дэмжсэн, БНХАУ  нааштайгаар судалж байгаагаа илэрхийлснийг онцлон тэмдэглэсэн билээ. ОХУ болон БНХАУ-ын аль аль нь байгалийн хийн хоолойг  Монголын нутаг дэвсгэрээр дайруулан тавиулах тухай манай улсын саналд  нааштай хариу өгөхгүй, “бие биенээсээ асуу” гэсэн тайлбар хэлдэг байсан хэдий ч Оросын талын сонирхол давамгайлж, тус улсын холбогдох байгууллага, компанийн төлөөлөл (Ерөнхий сайд нь байсан  хүн ахалсан ) манай  улсад 10 гаруй жилийн өмнө ажлын айлчлал хийж, газар дээр нь судалсныг эс тооцвол ямар нэгэн тодорхой шийдэл, тохиролцоонд хүрэлгүй 30 жил болсныг үгүйсгэх аргагүй юм. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сарын эхээр ОХУ-д албан ёсоор айлчлахдаа Стратегийн иж бүрэн түншлэлийн шинэ гэрээний хүрээнд тус хоёр улсын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр  өргөжүүлэн хөгжүүлэхтэй уялдсан  цаг үеийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн тохиролцож, 10 гаруй баримт бичигт гарын үсэг зуруулсны дотроос  хамгийн чухал ач холбогдолтой нь хийн хоолойн бүтээн байгуулалтын тухай  олон жил шийдлээ хүлээсэн асуудал байв.

Энэхүү ХХI зууны  бизнесийн томоохон төслийг бодит ажил хэрэг болгоход ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин  онцгой анхаарч, Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг Сочи хотноо зориуд  хүлээн авч уулзахдаа “Хийн хоолойн төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэж мэдэгдсэн юм. Ерөнхий сайд У. Хүрэлсүх айлчлалынхаа үеэр “Хийн хоолойг Монгол Улсынхаа нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцлоо. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ажлын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэж онцлон тэмдэглэсэн билээ. Ойрын ирээдүйд эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийг тэргүүлэх БНХАУ-ын байгалийн хийг эх орныхоо үсрэнгүй хөгжил дэвшилд бүтээлчээр  ашиглах төр, засгийн  бодлого, хөтөлбөр нь тодорхой бөгөөд  олон улсын эрчим хүчний төв байгууллагын судалгаагаар  тус улсын  байгалийн хийн хэрэгцээ жилээс жилд ихээхэн нэмэгдсээр 2030 он гэхэд 600 гаруй тэрбум шоо метрт хүрч, дэлхийн энэ төрлийн түүхий эдийн зах зээлийн хэрэгцээний 40 орчим хувьтай тэнцэх болно гэж дүгнэжээ. Нөгөө талаас ОХУ-ын Баруун Сибирийн Ямал, Красноярскийн хязгаарын байгалийн хийн томоохон ордуудыг оролцуулахгүйгээр зөвхөн манай улсын хилд хамгийн ойрхон Эрхүү мужийн дээр дурдсан Ковыктинскийн ордын нөөц нь С1 ангиллаар 2.5 их наяд шоо метр бөгөөд жилд дунджаар 30 хүртэл тэрбум шоо метр байгалийн хийг олборлоно гэж тооцоход манай Эрдэнэ үйлдвэр шиг 100 гаруй жил ашиглах их нөөцтэй юм. ОХУ нь байгалийн хийн асар их баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор өөрийн нутагтаа болон Европын орнууд руу одоогоор 200 мянга гаруй километр  урт хийн хоолой бүтээн байгуулан аюулгүй байдлыг нь бүрэн ханган олон жил өндөр үр өгөөжтэй ашиглаж, шинэ техник, технологи, инновацыг энэ чиглэлийн үйлдвэрүүддээ нэвтрүүлж, ур чадвар, баялаг туршлагатай, мэргэшсэн хүний нөөцтэй учраас манай нутгаар дайруулан тавих хийн хоолойг хоёроос гурван жилд барьж ашиглах эдийн засгийн бүх талын нөөц, боломжтой байгааг энэ ялдамд зориуд онцлон тэмдэглэж байна. Хоёр талын судалгааны ажлын хэсэг одоо төслийн эдийн засгийн үр өгөөжийн үнэлгээг  хамтран хийж, техник-эдийн засгийн үндэслэлийг нь  боловсруулах  зэрэг ажилд анхаарлаа хандуулаад байна.

Ийнхүү  1990 оноос хойш 30 шахам жил яригдсан “ОХУ-аас БНХАУ  руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулж тавихад эдийн засгийн ихээхэн үр өгөөжтэй ХХI зууны  бүтээн байгуулалтын томоохон төсөл” ойрын дөрвөөс таван жилд хэрэгжих ажил үндсэндээ эхэллээ. Гэтэл өөрсдийгөө улс төр, эдийн засгийн судлаач хэмээн өргөмжилсөн  зарим хүн “Оросууд манайхыг олон жил молигддог” гэж бодит нөхцөл, боломжийг  нарийвчлан тооцож судлаагүй мөртлөө энэ төсөл хэрэгжихгүй мэтээр элдэв цуу яриа гаргаж, хөрш гурван улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны хөгжлийн бодит үр дүнг үгүйсгэж байна. Харин одоо Монголын талаас хууль эрх зүйн орчныг хуульчлан тогтоох, БНХАУ-ыг оролцуулсан гурван талын ажлын хэсгийн уулзалтыг ойрын үед эхлүүлж, эдийн засгийн тооцоо, үнэлгээг хамтран гаргасны үндсэн дээр уг томоохон бүтээн байгуулалтын төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зэрэг ажилд цаг хугацаа алдахгүйгээр шуурхайлах нь манай төр, засгийн эрх бүхий байгууллагуудын эрхэм чухал зорилтын нэг  болж байна.  

 

Монголын дипломат ажилтнуудын үндэсний холбооны ерөнхийлөгч, төлөвлөгч инженер, эдийн засагч, олон улсын эдийн засаг судлаач

Ж.Чулуунхүү

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Судлаач залжээ(202.9.46.247) 2020 оны 07 сарын 23

Монголын дипломат ажилтнуудын үндэсний холбоо байДГИЙГ НХЯ-нд 40 жил ажиллахда анх удаа дуулж байна???? Орос дөнгөж судалж эхэлж буй, Хятад нааштай хариу өгөөгүй , ядуу МУ-д мөнгө бахйгүй -бүх юм түүхий байхад ингэж залж болдог л юм байх даа .....

0  |  0
Амка(192.82.76.216) 2020 оны 07 сарын 23

Хийн хоолой Нефтийн үйлдвэр гэдэг 2 сайхан ярьдаг сэдвийг Хүрэлсүх сонгуулын PR хийх гэж л гаргаж ирсэн. Их ч мөнгө зарсан. Усны асуудал аа шийдээгүй бензин шийднэ гэж тэнэг ардуудын толгойг битгий савандаарай

1  |  1
б(27.123.214.2) 2020 оны 07 сарын 23

засс, үлгэр

0  |  1
Top