Манай сурвалжлагч Москва хотоос мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр /2021.12.17/ өндөрлөж байна.
Шадар сайд С.Амарсайхан айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Байгалийн хийн хоолой барих төслийн техник эдийн засгийн үнэлгээг энэ онд багтаан дуусгана гэж энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо Оросын талтай албан уулзалт хийхдээ тохирсон. Энэ хүрээнд талууд идэхтэй хамтран ажиллаж, бэлтгэл ажлаа хангасан. Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр “Газпром” компанийн удирдлагууд техник эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалаас өмнө дуусгаж, бэлэн болгоно гэж амлаж, амлалтдаа хүрсэн. Ингэснээр хийн хоолой барих төслийн ажлын 50 хувь хийгдлээ гэж ойлгож болно. ТЭЗҮ-ийн хүрээнд нарийвчилсан ажлын зургууд хийгдэнэ. Үүнд хоёр жил зарцуулагдана. Бидний харж буйгаар 2024 он гэхэд хийн хоолойн барилга, бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ гэж тооцоолж байна. Нөгөө талаас худалдан авагч Хятад улсын байр суурь ямар байх нь маш чухал асуудал.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгчийн түвшинд ч тэр, Засгийн газрын түвшинд ч тэр Оросын тал Хятадын талтай тохиролцоонд хүрсэн тухай ОХУ-ын Ерөнхий сайд М. Мишустин мэдэгдсэн. Ингээд Хятад, Орос болон Монголын талд төслийн ажлууд явж байна.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс бэлтгэл ажлыг хангахтай холбоотой бүх арга хэмжээг авч, шаардлагатай асуудлыг шуурхай шийдвэрлэж, ажлын хэсэг дээр онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Тийм учраас цаг хугацаа алдахгүйн үүднээс хүний нөөцөө бэлдэж эхэлж байна. Төсөл хэрэгжиж эхэлсний дараа 1500-1700 байнгын ажлын байр бий болно.
Манай улсад хийн хоолойн чиглэлийн мэргэжилтнүүд ховор. Энэ чиглэлийн сургууль, сургалтын төвүүд ч олон биш. Тэгэхээр ОХУ-д ямар чиглэлээр, хэзээ, хэдэн хүнийг сургах асуудлыг ярилцаж байна.
“Газпром” компанийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Монголын тал мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтнүүдээ татан оролцуулах асуудлыг хэлэлцэж, тохиролцоонд хүрсэн. Төсөл хэрэгжих явцад долоон мянга орчим ажлын байр бий болно. Үүнийг дагаад маш олон салбарын үйл ажиллагаа идэвхжинэ. “Газпром” компани олон зуун мянган ажилтантай маш том компани. Эдгээр ажилтан, албан хаагчдын мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээ, ноос ноолууран бүтээгдэхүүний зэрэг хэрэгцээг хангах талаар өмнө нь ярилцсан бол энэ удаад хүнс, хөдөө аж ахуйн яамаар дамжуулаад холбогдох санал, жагсаалтыг хүргүүлсэн. Тус компанийн зүгээс хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсаас нийлүүлэх боломжтой бүтээгдэхүүнийг худалдан авах, ханган нийлүүлэлтийг Орос дахь салбаруудад хийх боломжтой гэсэн хариу өгөөд байна. Ингэснээр манай улсын жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих, экспорт нэмэгдэх зэрэг давхар ач холбогдолтой" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Самарсайхан дангаараа шийдэж чадахгүй нь сайхан юмдаа.
Самарсайхан энэ нэг юмаа бас хэдэн жил ярих болоо дүүжин тээвэр гэж олон жил ярьсан