UBIFF: Нийт есөн орны 18 кино үзэгчдийн хүртээл болно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Зохион байгуулагдаад арван нэг дахь жилийнхээ нүүрийг үзэж буй "Ulaanbaatar International Film Festival" /UBIFF/ буюу "Улаанбаатар" олон улсын кино наадмыг ирэх аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуулах гэж байна. 

Нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн соёл урлагийн газар, ArtsCouncil Mongolia Acm-Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь Монголын кино урлагийн зөвлөл (МОКУЗ), Swiss Cooperation in Mongolia-Швейцарын хөгжлийн агентлаг, Ambassade de France en Mongolie- Бүгд Найрамдах Франц улсын элчин сайдын яам, Goethe-Institut Mongolei-Монгол дахь Гёте институт, Австралийн элчин сайдын яамтай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой.

Жил ирэх тусам хүрээгээ тэлж, улам чанаржиж, кино сонирхогчдод хүлээлт үүсгэх болсон тус наадам энэ жил Монгол киноны уралдаант хэсэг, олон улсын киноны уралдаант бус хэсэг, онцлох орны кино хөтөлбөр, кино форум, кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэнэ.

Наадамд сонгогдсон бүтээлүүд дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто зэрэг чансаа, зэрэглэл өндөр олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Монгол, Хятад, Солонгос, Франц зэрэг есөн орны 18 кино бүтээлийг сонгон, үзэгчдийн хүртээл болгохоор бэлдэж байна. Кино сонирхогчдын хүсэн хүлээсэн өдрүүд айсуй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top