Алга ташилт дүүрэн “Улаанбаатар” кино наадмын МЭНДЧИЛГЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Аравдугаар сарын 14-ны өдөр 11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлт “Тэнгис” кино театрт болж өндөрлөлөө.

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь Монголын кино урлагийн зөвлөл (МОКУЗ), Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Франц улсын элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн элчин сайдын яам, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг арван нэг дэх жилдээ 2019 оны аравдугаар сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

2019 оны Улаанбаатар кино наадмын уран сайхны удирдагч, Монгол киноны уралдаант хэсгийн ахлагчаар кино найруулагч, зохиолч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, Олон улсын уралдаант бус кино хөтөлбөрийн уран сайхны удирдагчаар Каннын кино наадмын “Найруулагчдын хоёр долоо хоног” хөтөлбөрийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсэт сонгогдон ажиллаж байна. Мөн наадмын олон улсын хөтөлбөр зохиогчоор олон улсын кино наадмын зөвлөх Тибу Брак,  Монгол кино хөтөлбөрийн зөвлөхөөр “Гуру Медиа”-гийн кино продюсер Ц.Ариунаа нар ажиллаж байна.

 

 

Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин,Торонто, Локарно, Шанхай, Сидней, Эдинбург, Мюнхен зэрэг олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Франц зэрэг есөн орны 18 кино бүтээлийг олон нийтэд толилуулна. Тухайлбал, энэ жилийн наадамд Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналыг хүртсэн Өмнөд Солонгос найруулагч Бон Жун О “Шимэгч”, Берлины кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан Македоны найруулагч Теона Штругар Митевскагийн “Бурхан байдаг. Нэр нь Петруниа” киног толилуулна.

Кино наадмын нээлтийн үзвэрээр Францын найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” кино шалгарч үзэгчдийн хүртээл болов. Франц, Бельги, Монголын хамтарсан тус киноны зураг авалтыг 2018 онд хийжээ. Нээлтээ “Улаанбаатар” наадмаар хийж, аравдугаар сарын 30-нд Франц улсад хийх тус бүтээл үзэгчдээс танхим дүүрэн алга ташилтыг хүртэв.   

 

 

“Улаанбаатар” олон улсын наадмын ерөнхийлөгч, Хотын дарга С.Амарсайхан “Та бүхэнд Улаанбаатар хотын 380 жилийн ойн мэндийг 11 дэх удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмын мэндтэй хамтатган дэвшүүлж, Монголын кино урлагийн үе үеийн зүтгэлтнүүд болон үзэгчид, наадмыг зорин ирж оролцож буй олон улсын зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, хамтран ажиллагч байгууллагуудад халуун баяр хүргэе. Монгол улсыг соёл, урлаг тэр дундаа кино урлагаар дамжуулан олон улсад сурталчлах, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой наадмыг зохион байгуулж байна. Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь гэгддэг кино урлагийн гайхамшигт ертөнцөөр долоо хоногийн турш аялж, дэлхий дахины орчин үеийн арт хаус кино бүтээлүүдийг шимтэн үзэхийг та бүхэнд хүсье” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Наадмын уран сайхны удирдагч, шүүгч, Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч М.Жигжидсүрэн “Наадам жилээс жилд олны танил болж, өөрийн хүсэн хүлээсэн үзэгчдийн хүрээг тэлсээр явна. Монголын кино урлаг түүхэн хөгжлийнхөө явцад тодорхой цаг үеийн хүндрэл бэрхшээлийг туулж, өнөөдрийн түвшинд хүрсэн. Улаанбаатар кино наадам монголын үзэгчдийг орчин үеийн дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүдтэй танилцуулах сайхан боломжийг олгодгоороо онцлогтой. Кино танд сэтгэлийн таашаал бэлэглэж, урлагийн шидэт ертөнцөөр аялах боломжийг олгох болно.”

“Локарно” кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн дарга, Европийн кино академийн шүүгч Софи Бурдон “Улаанбаатар кино наадмаар та бүхэнтэй эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Биднийг энэ наадамд урьснаар “Нээлттэй хаалга” хөтөлбөрийг Монголд зохион байгуулах боломжтой болсон. Олон улсын уран бүтээлчдийн хувьд Монгол кинонууд үзэх уран бүтээлчдийн талаар мэдэх боломжийг олгодог.  Энэ нь цаашдын хамтын ажиллагаанд эергээр нөлөөлөл юм. Кино наадмын хүрээнд гарч байгаа бүтээлүүд та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.”

“Ер бусын ертөнц” киноны продьюсер Кристин Поллел “Ер бусын ертөнц” кино наадмын нээлтийн кино болон үзэгчдэд хүрч байгаад маш их баяртай байна. Мөн энэ бидний киноны Монгол дахь нээлт юм. Монголын авьяаслаг уран бүтээлч, жүжигчидтэй хамтарч ажилласан хоёр сарын хугацаанд суралцах зүйл их байсан.  “Ер бусын ертөнц” бол бидний хамтын ажиллагааны хамгийн шилдэг хувилбар. Үзэгчдэд таалагдана гэж найдъя.” гэсэн юм.

Наадам аравдугаар сарын 20-ныг дуустал “Тэнгис” кино театрт үргэлжилнэ. Кино наадмын талаарх мэдээллийг бид эргэн хүргэх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top