Онцлохын ОНЦЛОХ бүтээлүүд: Ер бусын ертөнц, Хөвөх чадвар, Шимэгч

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Киног театрт эсвэл олон хүнтэй үзэхийн гайхалтай зүйл нь тэдгээр хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ажих явдал. Кино танхимд суугаад том дэлгэцээр хөврөх үйл явдалд үзэгчид хэрхэн автаж буйг харах сайхан. 

Кино наадам дууссаны дараа айл бүрд төгөлдөр хуур байсан бол амьдрал магадгүй өөр байхсан гэж бодогдсон юм. Энэ бодолд "Сүүн шүд" кино их нөлөөлсөн байх. Аль эсвэл яг одоо бидний дэргэд бөмбөг дэлбэрч, дайн дэгдвэл жинхэнэ урлаг төрөх ч юм бил үү. Ер нь амгалан тайвнаас үүссэн урлагийн бүтээл гэж та сонсож байсан уу. Урлаг бүтээгчид ямагт жаахан гажиг, эсэргүү, нийгмээс өөрийгөө тусгаарлагч, зан суртахууны хувьд доголдолтой, заримдаа бүр хүчирхийлэгч байдаг. Гэхдээ энэ нь урлаг бол солиотой зүйл гэсэн үг биш. Нэг ёсондоо тэд нийгэмд ингэж л тусдаг байх нь.

Үүнтэй адилхан энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмаар гарсан кинонууд дунд жинхэнэ гажиг гэмээр бүтээлүүд байлаа. Нэг талаар дэлхий ертөнц юуг таашааж буйг тун сайн мэдэрч, түүн дээр тоглолт хийсэн кино зохиолууд ирсэн байв. Өмнө жилүүдээс арай сул болчхов уу даа гэж бодсон ирэх жилийн наадмыг хүлээх сэтгэл үгүй болоогүй юм шүү. Киноны эхний өдөр үнэнч үзэгч нөхөдтэйгөө "Магадгүй 20 жилийн дараа энэ дараа шал өөр түвшинд очно доо. Бидний амьдрал ч их өөрчлөгдсөн байна байх. Гэхдээ тэр үед бид энэ наадмыг дөнгөж зохиогдож байсан тэр үеэс л хамт байлаа шүү дээ" гэж ярилцана гээд төсөөл дөө хэмээн инээлдэж байсан. Кино сонирхогчдын хувьд "Улаанбаатар" кино наадам тийм л сэтгэлд ойр, итгэл найдвар төрүүлдэг билээ.  

Харин миний хувьд дараах гурван киног онцолж, өөрийн сэтгэгдлээ хуваалцахыг хүслээ. 


 

НЭГ. "Ер бусын ертөнц"

Онцлох эхний бүтээл бол Франц, Бельги, Монголын хамтарсан “Ер бусын ертөнц” кино. Францын эмэгтэй найруулагч Фабиен Бертодын найруулсан уг кино наадмын нээлтийн киногоор шалгарсан. Олон жил хамт амьдарсан эр нөхрөө алдаад удаагүй франц эмэгтэй баримтат кино хийхээр Монголын хээр хөдөө очиж улмаар бөөгийн онгодтой гэдгээ мэдэн удган болж буй тухай бүтээл. Тус киноны хамгийн сонирхолтой зүйл бол европ эмэгтэй бөөгийн онгодтой болж таарсан нь. Түүгээр ч зогсохгүй бөөгийн зан үйлд суралцаж, өөрийн амьдралд гарч буй өөрчлөлт болоод, аглаг буйдад аж төрөх монголчуудын амьдралыг үзүүлсэн явдал. Дүрүүдийн жүжиглэлт амьд. Франц эмэгтэйн нүдээр өөрсдийн амьдралыг тольдох нь сонирхолтой байлаа... Мөн өөрийн орны хүн зоны өвөрмөц төрх, байгалиас заяасан гоозүйг олж харах боломжийг олгосон нь талархууштай.

Энэ жил нийт 18 киног гаргаснаар найман бүтээл нь эмэгтэй найруулагчийнх байв. "Ер бусын ертөнц"-өөс гадна тэдний "Сүүн шүд", "Систем сүйтгэгч", "Жинхэнэ хайр" зэрэг онцгой сайн кинонуудыг дурьдаж болно. 


 

ХОЁР. "Хөвөх чадвар"

Дараагийн бүтээл бол Австралийн “Хөвөх чадвар”. Найруулагч Родд Ратхэны тус бүтээл сайхан амьдрах мөрөөдөл тээсэн өсвөр насны Камбож хүүгийн мөрөөдөл нь хэрхэн там болон хувирч байгаа тухай тун чадварлаг дүрсээр хүүрнэж чадсан байв. Амьдрал бол сонголт. Харин ямар улсад, хэн болж төрөхөө сонгодог болов уу... Тус киног бодит түүхээс сэдэвлэсэн тухай киноны төгсгөлд гарсан юм. Загасчны усан онгоц дээр боолчлогдон, ажиллаж буй олон мянган хүний дуу хоолой болон хашхирах найруулагчийн шийдлүүд киноны турш цуурайтаж байв. Киноны зураг авалтууд тун үзэсгэлэнтэй. Төгсгөлийн шийдэл оновчтой.  

Яг одоо бидний хажууд бөмбөг дэлбэрвэл жинхэнэ урлаг төрнө гэдгийн учир нь энэ. Үнэндээ бидэнд бөмбөг шаардлагагүй л дээ. Гэвч бид үүнийг олж харахгүй байгаа нь л хамгийн том асуудал. Киногоор дамжуулан илэрхийлэх маш олон сэдэв бидэнд бий. Зөвхөн хэрхэн, зөв илэрхийлэх нь л... Мөн л бидний одоог хүртэл олж чадаагүй асуудал.   


 

ГУРАВ. "Шимэгч"

Бидний хэн нь ШИМЭГЧ вэ?

"Улаанбаатар" олон улсын кино наадмын хаалтын үзвэрээр Өмнөд Солонгосын “Паразит” киног үзэгчдэд толилуулав. Киног үзэж дууссаны дараа “Газар доор хүйтэн байна уу. Газар дээр хүйтэн байна...” гэх хоёр мөр толгойд эргэлдсээр. Кино эхлэхэд Кимийн гэр бүлийн том хүү Кевин /кинонд энэ нэрээр түлхүү гардаг/ гэрийнхээ гудамж руу харсан цонхны дор сууж байгаагаар эхэлдэг. Үнэгүй интернетийн сүлжээ олохоор аргаа барж буй тэр энэ амьдралдаа харамссан шинжгүй. Кевин киноны төгсгөлд өнөөх л цонхныхоо дор ганцаараа сууж байдаг. Гэхдээ харц нь огт өөр зүйл өгүүлнэ... Дүүгээ алдаж, эцэг нь ор сураггүй алга болсон түүний амьдрал нь ч огт өөрөөр эргэв. Тэр өөрийнхөө хамгийн гол зүйлийг олж авч чадсан болов уу.  Найруулагч Бон Жун О-гийн "Эх" киноны эхлэл, төгсгөлтэй тун төстэй. Кинонд ердөө нэг л сэхээтэн буюу цусанд нь хүртэл мөнгө шингэсэн дүр байгааг хоёр дахь удаагаа үзсэн үзэгчид анзаарсан ч байж магадгүй. 

Эцэст нь баян, ядуугийн ялгаа тархинд байна уу, материаллаг амьдралд уу гэдэг асуулт үзэгчдэд үлдэж байгаа юм. Эд баялаг дууддаг байгалийн чулуу, юуных нь үл мэдэгдэх онцгой үнэр зэрэг киноны гол утга санааг тээнэ. Кино үзэгчдийг нэг ч хором анхаарал сарних, уйдаах боломж олгохгүй. Харин үзэж дууссаны дараа гайхшрал, эргэлзээ, түмэн бодолтой үлдэх вий. Нийгмээ хамгийн хүчтэйгээр илчилж, илэрхийлж чадсан том жишээ бол "Шимэгч" байлаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top