- Улаанбаатар кино наадмаар 11 улсын 15 кино үзэгчдийн хүртээл болно -
13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Кино наадам Финланд, ОХУ, Эстони, Герман улсын хамтран бүтээсэн “Зургаадугаар бүхээг” киногоор нээлтээ хийлээ. Тус кино нь 2021 оны Каннын олон улсын кино наадмын уралдаант хэсгийн Гранпри шагналыг хүртжээ. “Зургаадугаар бүхээг” кино Каннын кино наадмын үеэр ихэд шуугиан тарьсан бүтээл. Энэхүү кинонд монгол хөгжим ч эгшиглэнэ. “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайханы хоёр дууг киноны үйл явдалтай уялдуулан сонгосон нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан.
“Улаанбаатар” олон улсын кино наадам жил бүр нэг орныг онцлон киног нь үзэгчдэд хүргэдэг. 2020 онд кино наадам Франц улсыг онцолсон бол энэ жил ОХУ онцлох орноор сонгогджээ. Кино наадмын хоёр дахь өдөр ОХУ-ын шилдэг бүтээлүүд болох “Халимч хүү”, “Эцгийн халамж”, “Сүүлийн "Хонгор Болгар" алим” кино үзэгчдэд хүрлээ. Мөн Олон улсын кино хөтөлбөрт ОХУ-ын найруулагч Кирилл Серебренниковын Каннын кино наадмын уралдаант хэсгийн Шилдэг техникийн уран бүтээлч шагналт “Петровын томуу” бүтээл үзэгчдэд хүрэх юм. Мөн Фёдор Михайлович Достоевскийн 1859 онд бичигдсэн туужаар бүтээгдсэн “Дядюшкин сон” киног үзэгчдэд хүргэхээр авчирчээ.
Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Улаанбаатар кино наадамд бүтээл сонгохдоо олон улсын кино бүтээлийн зах зээлд онцгой байр эзэлдэг Оросын хамгийн том кино борлуулагч болох “Роскино”-той хамтран ажиллажээ.
В.Килпякова: Олон улсаас шагнал хүртсэн орос бүтээлүүд гарна
Энэ жилийн Улаанбаатар кино наадмын онцлох бүтээлүүд, ОХУ-ын кинонуудын онцлогийн талаар Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Монгол дахь Россотрудничество агентлагийн Төлөөлөгчийн газрын орлогч дарга, Улаанбаатар дахь Орос ордны дэд захирал Килпякова Валерия Валерьевнатай ярилцлаа.
-Энэ жилийн Улаанбаатар кино наадмын онцлох орон нь ОХУ байгаа. Кино наадмын үеэр үзэгчдэд хүрэх орос кинонуудын онцлогийн талаар?
-Нэгдүгээрт, эдгээр орос кино нь зохиогчийн кино. Улаанбаатар кино наадам нь зохиогчийн кино бүтээлүүдийг толилуулдаг. Олон нийтэд зориулсан зохиогчийн кинонууд ирсэн байгаа. Харин энэ кино наадамд оролцож байгаа артхаус бүтээлүүд кино урлагийн мэргэжлийн хүмүүс, бодож тунгаадаг хүмүүст зориулагдсан. РЦНК буюу Русский домд гарах “Халимч хүү” бүтээл л гэхэд 17 дахь удаагийн Венецийн өдрүүд кино наадмын Шилдэг найруулагч, Пин-яо кино наадмын Шилдэг кино, 2020 оны Кинотавр наадмын Шилдэг найруулагч, Лезарк кино наадмын Шүүгчдийн нэрэмжит шагнал, 2021 оны Трансилваниа кино наадмын Трансилваниа цом зэрэг олон шагналтай. Бүх кино алдартай найруулагч нарын бүтээл байгаа. Орост зохиогчийн кино өндөр түвшинд хийгддэг. Кинонд дуртай, кино урлагийг үнэлдэг хүмүүсийн дунд алдартай бүтээлүүдийг бид авчирсан. “Сүүлчийн “Хонгор Болгар” алим” кино л гэхэд олон алдартай бүтээлийг найруулсан туршлагатай найруулагч Алексей Федорченкогийн бүтээл. Энэ кино хүн бүрт ойлгомжтой бүтээл биш ч өөрийн гэсэн үзэгчдийг татаж байна.
-2021 оны Улаанбаатар кино наадамд РЦНК буюу Русский дом ямар үүрэг, оролцоотойгоор оролцож байгаа вэ?
-Энэ жил ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байгаа. Кино наадмын зохион байгуулагчид онцлох орноор ОХУ-ыг сонгосон. Жил бүр Герман, Франц зэргээр аль нэг орныг онцолж сонгодог. Орос кинонуудыг сонгож санал болгосноор бид кино наадмын болзол хангасан, олон улсад гарч, кино наадмуудаас шагнал хүртсэн таван киног гаргахаар болсон. Эдгээр бүтээлүүд ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр хийгдсэн. Улсын зардлаар бүтээсэн гэсэн үг. Харин зохион байгуулагч нарын сонгосон “Зургаадугаар бүхээг”, Олон улсын кино үзвэрт багтсан найруулагч Кирилл Серебренниковын “Петровын томуу” бүтээлүүд нь хувийн зардлаар хийсэн кинонууд. Зохион байгуулагчдад таалагдсан киногоо сонгох боломжийг бид бүрдүүлж өгсөн.
-Үзэгчид Оросын кинонуудаас юуг анхаарч үзээсэй гэж та хүсэж байна?
-Оросын кинонууд ямар нэгэн суртал ухуулгагүй, зохиогчийн үзэгчдэд илгээсэн санааг дамжуулсан, хүмүүсийн тухай, мэдрэмжийн тухай, харилцааны тухай, дэлхий ертөнцийг үзэх үзлийн тухай өгүүлнэ. Улаанбаатар кино наадмаар гарах кино бүрд амьдралын философи гарна. Ийм бүтээлүүд залуу үзэгчдийг илүү их татаж байгаа нь өчигдөр Тэнгист ОХУ, Финландын “Зургаадугаар бүхээг” кино гарахад харагдлаа. Өнөөдөр “Сүүлийн хонгор Болгар алим” киноны үзэгчид дунд бас залуус олон байна. Европт бас ийм кинонуудыг залуус ихээр үзэж байсан. Манай зохиогчийн кинонууд олон улсын кино наадмуудад Оросыг төлөөлөх сайн бүтээлүүд. Жишээ нь, Сталинград кино шиг ямар нэгэн том үйл явдлыг харуулсан бус гол баатруудын дотоод байдлыг харуулсан, хүний тухай кинонуудыг бид толилуулж байгаа. Сталинград кино нь Аугаа их эх орны дайны тухай өгүүлсэн сайн бүтээл ч Улаанбаатар кино наадамд ирсэн таван бүтээл хүний дотоод ертөнцийг харуулж, амьдралын философийг өгүүлсэн бүтээлүүд.
-Монголчууд Оросын “Амьдрал нулимсанд дургүй”, “Ийм нэгэн явдал” зэрэг хуучны шилдэг бүтээлүүдийг үзэх дуртай. Шинэ үеийн орос кинонууд хуучны бүтээлүүдээс юугаараа ялгаатай вэ?
-“Амьдрал нулимсанд дургүй” шиг кинонууд бол бүх хүнд ойлгомжтой, багш, зөөгч, уурхайчин, цагдаа гээд ямар ч мэргэжлийн хүн үзсэн ойлгохоор түүхийг өгүүлсэн бүтээлүүд. Эдгээр кинонууд Холливудын стандартад нийцсэн, тухайлбал, “Амьдрал нулимсанд дургүй” кино Оскар хүртсэн. Амьдралын тухай уран сайхны байдлаар өгүүлсэн ийм кинонууд “Сүүлийн хонгор Болгар алим” шиг артхаус төрлийн кинонуудаас илүү ойлгомжтой. Гэхдээ Зөвлөлтийн үед ч Тарковский зэрэг зохиогчийн кино бүтээл туурвидаг найруулагч нар байсан. Бүх хүнд ойлгомжтой бус, мэргэжлийн кино хийгдэж байсан. Одоо ч ийм бүтээлүүд, зохиогчийн кино хийгдэж, залуу найруулагч нар бүтээл хийж байна. Жишээ нь, Улаанбаатар кино наадмаар гарах “Халимч хүү” кино нь залуу найруулагч Филипп Юрьевийн бүтээл байгаа. Бүхий л цаг үед зохиогчийн кино байсан гэж боддог.
Улаанбаатар олон улсын кино наадмын хүрээнд гарах гурван кино Улаанбаатар дахь Русский Дом буюу РЦНК-д гарна.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 20-ны Лхагва гарагийн 19.00 цагаас 17 дахь удаагийн Венецийн өдрүүд кино наадмын Шилдэг найруулагч, 2020 оны Тессалоники наадмын Нээлтийн кино, Пин-яо наадмын Шилдэг кино, 2020 оны Кинотавр наадмын Шилдэг найруулагч, 2020 оны Лезаркийн Шүүгчдийн нэрэмжит шагналт, 2021 оны Трансилваниа наадмын Трансилваниа цомыг тус тус хүртсэн “Халимч хүү” бүтээлийг толилуулна. Кино РЦНК-гийн Их танхимд орос хэл дээр англи хадмалтайгаар үнэ төлбөргүй гарна.
Аравдугаар сарын 21-ний Пүрэв гарагийн 19.00 цагаас Ретро киноны төрөлд Фёдор Михайлович Достоевскийн 1859 онд бичигдсэн туужаар бүтээгдсэн “Дядюшкин сон” кино (1966) 17:00 цагаас РЦНК-гийн Их танхимд орос хэл дээр үнэ төлбөргүй гарна.
Улаанбаатар кино наадмаар 11 улсын 15 бүтээлийг толилуулна
13 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмаар 11 улсын 15 бүтээл үзэгчдийн хүртээл болно.
Өнөөдөр /2021.10.20/ монгол киногоор үргэлжилж, “Том тоглоом - Гурван эрдэнийн эрэлд”, “Цасан хүн”, “Гэгээн учрал”, “Z. OE41” зэрэг уран сайхны кино гарна.
Москвагийн олон улсын кино наадмын шагналт “Ардын элч”
/2021.10.21/-нд толилуулах Үзэхийн хязгаар хэсэгт багтсан “Ардын элч” киноны Ариунаагийн дүрд тоглосон П.Цэвэлсүрэн нь 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль хүртсэн билээ. 13 дахь удаагийн Улаанбаатар кино наадам Монголд анх удаа олон улсын статусыг авчирсан “Ардын элч” бүтээлийг нүүр зургаараа сонгосон. “Үзэхийн хязгаар” хэсгийн нүүр царай болж буй “Ардын элч” киног дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгч танд хүргэнэ.
Мөн энэ өдөр “New horizon” хэсэгт “A Night of knowing nothing” болон “Money has four legs” кинонууд гарах юм.
/2021.10.22/-нд Үзэхийн хязгаар хэсэгт “Хөндөлт”, “Онода” зэрэг кино гарна.
/2021.10.23/ Олон улсын кино хөтөлбөрт Германы “Хүний хүчин зүйл”, “Би чиний заяаны хань”, ОХУ-ын “Петровын томуу” УСК гарна.
/2021.10.24/ Энэ өдөр “Ольга”, “Санагалзал”, “Харгуй зам” зэрэг кино үзэгчдийн хүртээл болно.
Сэтгэгдэл ( 0 )