Аравдугаар сар бол зарим хүмүүсийн хувьд хамгийн ихээр хүсэн хүлээдэг, дурлалт сар.
Учир нь арван жилийн өмнөх бидний кино урлагийн тухай ойлголт, мэдлэг хэр байсан бэ гэх асуултыг өөртөө тавихад л аравдугаар сар бол амьдралын нэгэн мөчлөг доторх хамгийн чухал үе байдаг.
Олон улсад кинотой нөхөрлөх, кинонд шимтэх, киногоор хүмүүжих, киног хүндлэх, киног бүтээх жишиг, ёс зүй өдрөөс өдөрт хэрхэн хувьсан, өөрчлөгдөж байгааг энэ үеэр л хамгийн олуулаа, хамгийн эрх чөлөөтэйгөөр долоо хоногийн турш үзэж, хэлэлцэж, дүгнэж өнгөрөөдөг. Энэ бол "Улаанбаатар" олон улсын кино наадам билээ.
Сайн кино бол тархи, зүрхний эм юм. Заримдаа бидний амьдралын гарах гарц, харах нүд, сэрэл мэдрэмж болдог. Ийм л өргөн хүрээнд кино урлагийг хүлээн авч, таашаан мэдэрдэг орон орны уран бүтээлч, үзэгчид энэ наадмаар нэгэн дээврийн дор чуулгад билээ. Тиймээс энэ жилийн арван нэг дэх удаагийн наадмын талаарх цогц мэдээллийг хүргэхийг зорилоо.
Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, кино уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудын артхаус кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Ulaanbaatar International Film Festival” буюу “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 11 дэх жилдээ энэ сарын 14-20-нд Нийслэл хотноо зохион байгуулах гэж байна.
Наадмын зохион байгуулагчдаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл (МОКУЗ), “НомадиаПикчерс” нар хамтран ажиллаж байгаа юм.
“Улаанбаатар” олон улсын кино наадам Монгол киноны уралдаант хэсэг, олон улсын киноны уралдаант бус хэсэг, онцлох орны кино хөтөлбөр, кино форум, кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэнэ. Энэ жилийн наадмаар олон улсын А зэрэглэлийн Канн, Венец, Берлин,Торонто, Локарно, Шанхай, Сидней, Эдинбург, Мюнхен зэрэг олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Монгол, Хятад, Солонгос, Франц зэрэг нийт есөн орны 18 кино бүтээлийг олон нийтэд үзүүлэхээр болоод байна.
Наадам аравдугаар сарын 14-нд Германы “Ер бусын ертөнц” киногоор “Тэнгис” кино театрт нээлтээ хийх тов гараад байгаа юм. Дархадын хотгороор 90-ээд онд аялж явсан Франц сэтгүүлчийн бодит түүхээс сэдэвлэсэн Монгол бөөгийн тухай тус кино нь 2019 оны Венецийн кино наадмын Venice Days-Giornate deli Autori хэсэгт сонгогдож дэлхийн нээлтээ хийсэн бол Улаанбаатар олон улсын XI кино наадам Ulaanbaatar Int Film Fest-Монгол дахь нээлтээ хийж байгаа юм. Франц, Бельги, Монголын 60 гаруй уран бүтээлчид хамтран бүтээж, Францын найруулагч ФабиенБэртод Fabienne Berthaud найруулжээ. Киноны гол дүрүүдэд дэлхийн 50 топ эмэгтэй кино жүжигчдийн нэг гэгддэг Бельгийн жүжигчин Cécile de France болон Монголын кино урлагийн од, гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав нар тоглосон бол Монгол талын гүйцэтгэх продюсероор “Guru Media” группийн Ц.Ариунаа ажилласан байна. Харин наадмын онцлох орноор Герман улс сонсогдож, шилдэг бүтээлүүдээ гаргах юм.
Мөн кино наадмаар уламжлал болон кино уран бүтээлч, сонирхогчдод зориулсан сургалт, мастер классууд зохиогддог нь тус наадмын чанар, чансааг дахин нэг бататгаж өгдөг. Энэ жилийн наадмаар олон улсын түвшний, чанартай, уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой “Кино зохиолоос кино түгээлт” сургалтыг зохион байгуулах юм. Сургалт “Зохиолтой ч болоосой”, “Кино дууссан хойно” гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Сургалтад баг бүрдүүлж оролцох шаардлагатай ба кино зохиол дээр практик дадлага хийж бэлэн болсон зохиолоо бүтээл болгох үе шатуудтай аж. Сургалтад кино төсөл нь бэлтгэл үе шатанд байгаа төслөө боловсруулж буй найруулагч, продюсерууд багаараа оролцож, нээлттэй ярилцлага болон ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой. Нэг баг хамгийн ихдээ гурван хүний бүрэлдэхүүнтэй байх ба уран бүтээлчдийн ирүүлсэн материалд үндэслэн, нийт зургаан кино багийг сонгон, сургалтад хамруулна.
Өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар” олон улсын кино наадмаар дамжуулж монголын кино урлагийн салбарыг ахисан түвшинд гаргах, чанартай кино боловсролыг олгохыг зорьж ажилласнаас гадна “жинхэнэ” кино үзэгчдийг бэлдсэн гэдэг нь жилээс жилд тус наадмыг зорин ирэх үзэгчдээс харагдах болсон билээ.
Наадмын талаар Монголын урлагийн зөвлөлийн Урлаг ба хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал Б.Номинтуяа “Улаанбаатар олон улсын кино наадмыг жил бүр зохион байгуулаад багагүй хугацааг үдсэн байна. Анх үнэ төлбөргүй зохиосон. Дараа нь багахан хэмжээний төлбөртэй үзүүлдэг болсон. Тэгж л бид үзэгчдээ бэлдсэн л дээ. Харин өнгөрсөн жилийн кино наадмын үзэгчид маань багагүй өссөн харагдсан. Тэгэхээр хүлээлт үүсгэж, зорьж үздэг үзэгчдийн тоо нэмэгдэж байна гэсэн үг. Аливаа үйл ажиллагаа тодорхой хэмжээний хүмүүст хүрэхэд цаг хугацааны шалгууртай тулгардаг. Мөн тухайн урлагийг үзэх нь яагаад чухал юм бэ гэдгийг ойлгуулах нь дараагийн асуудал болдог. Хүмүүс тэр бүр мэдэхгүй зүйлдээ оролцдоггүй шүү дээ. Тийм ч учраас бид зохион байгуулж буй наадмуудаа аль болох нээлттэй, том орон зайд хүмүүст хүргэхийг зорьдог.” хэмээн өмнө нь онцолж байсныг дашрамд нэхэн сануулахад зүйтэй болов уу.
Монголын Урлагийн зөвлөл хэмээх нэгэн бүтээлч, хөдөлмөрч, шинийг санаачлагч айл өрх Монголын урлагийг олон талаар хөгжүүлэх, залуу уран бүтээлчдэд чиглэсэн зөв, үр дүнтэй ажлуудыг хийж байгаагийн нэг нь яах аргагүй энэ наадам мөн. Тийм ч учраас тэдэнд талархал илэрхийлэх нь зүйтэй биз ээ. Монголын кино урлагийн салбарыг шинэ шатанд гаргах мөрөөдөл, зорилгоор жигүүрлэн яваа уран бүтээлч, оюутан залуус, кино сонирхогч, шимтэн үзэгчдийн хүсэн хүлээсэн өдрүүд айсуй. Та кинотой, дулаан өдрүүд болох наадамдаа бэлэн үү?
Сэтгэгдэл ( 0 )