UBIFF: "Улаанбаатар" кино наадам өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь Монголын кино урлагийн зөвлөл (МОКУЗ), Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Франц улсын элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн элчин сайдын яам, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг арван нэг дэх жилдээ 2019 оны аравдугаар сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Кино наадам албан ёсоор өнөөдөр /2019.10.14/ эхэлж байгаа юм. 

2019 оны УБОУКН-ын уран сайхны удирдагч, Монгол киноны уралдаант хэсгийн ахлагчаар кино найруулагч, зохиолч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, Олон улсын уралдаант бус кино хөтөлбөрийн уран сайхны удирдагчаар Каннын ОУКН-ын “Найруулагчдын хоёр долоо хоног” хөтөлбөрийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсэт сонгогдон ажиллаж байна. Мөн наадмын олон улсын хөтөлбөр зохиогчоор олон улсын кино наадмын зөвлөх Тибу Брак,  Монгол кино хөтөлбөрийн зөвлөхөөр Гуру Медиагийн кино продюсер Ц.Ариунаа нар ажиллаж байна.

Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин,Торонто, Локарно, Шанхай, Сидней, Эдинбург, Мюнхен зэрэг олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Монгол, Хятад, Солонгос, Франц зэрэг есөн орны 18 кино бүтээлийг олон нийтэд толилуулна. Тухайлбал, энэ жилийн наадамд Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналыг хүртсэн БНСУ-ын найруулагч Бун Жун У-гийн “Шимэгч”, Берлины кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан Македоны найруулагч Теона Штругар Митевскагийн “Бурхан байдаг. Нэр нь Петруниа” киног толилуулна.

Кино наадмын нээлтийн киногоор 2019 оны Венецийн олон улсын кино наадмын шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн Францын кино найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” уран сайхны киног 2019 оны аравдугаар сарын 14-нд гаргах юм.

Энэ жилийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын онцлох орноор Герман улс сонгогдсон ба Гёте Институтын дэмжлэгээр “Герман улсын кино үзвэр”-ийн хүрээнд найруулагч Мехмет Акиф Буюкаталай хүрэлцэн ирж, “Орай” киногоо танилцуулахаас гадна, Анжела Шанэлэкийн “Би гэртээ байсан, гэхдээ” болон Нора Фингшаидын “Систем Сүйтгэгч” кинонуудыг үзэгчдэд хүргэх болно.

Наадмын Монгол киноны уралдаант хэсэгт найман бүтээл ирснээс найруулагч Д.Ганцэцэгийн “Халуун Зүрх”, найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”,  найруулагч Ж.Сэнгэдоржын “Би Нар” УСК нь тус наадмын Монгол кино хөтөлбөрт сонгогдон 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр "Тэнгис" кино театрын дэлгэцнээ ганцхан удаа гарна. 

Түүнчлэн, Монголын киноны уран бүтээлчдийн чадавхийг нэмэгдүүлэх, чанартай, олон улсын түвшний кино бүтээхэд дэмжлэг үзүүлж, Монголын кино урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахаар Монгол киноны уралдаант хэсэг, кино сургалт болон форумыг "Номадиа Пикчерс" ХХК-тай хамтран зохион байгуулж, "Синеплас" ХХК, "Глобал Смарт Солюшн" ХХК, "Монголиан Куэст" ХХК-иуд дэмжин ажиллаж байна.

Кино сургалт нь “Кино зохиолоос кино түгээлт” сэдвийн дор үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдана. Үүнд, Монгол уран бүтээлчдэд кино зохиол бичих, төслөө сайжруулах сэдвээр кино зохиолч Марьета вон Хаусвульф вон Баумгартен болон кино маркетингийн чиглэлээр стратегич Матиас Ношис, Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон, зөвлөх Паоло Бертолин нар уригдан оролцож, гурван өдрийн сургалтыг чиглүүлэн, уран бүтээлчдэд ганцаарчилсан зөвлөмжийг өгч ажиллана.

Мөн наадмын кино форумыг аравдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах бөгөөд олон улсын болон Монголын кино урлагийн салбарын төлөөлөл болох найруулагч, проюсер, уран бүтээлчдийг урин олон улсын түвшинд нийцсэн кино зохиол бичих, кино маркетингийн стратеги боловсруулах чиглэлээр ярилцаж, 2019 оны Локарногийн кино наадамд оролцсон уран бүтээлчид өөрсдийн туршлагаас хуваалцах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top