Кино зохиолын эрэлд | Кино бол хамгийн АЗГҮЙ УРЛАГ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Сүүлийн жилүүдэд "Мэргэжлийн кино зохиол"-ын эрэлд хаа хаанаа гарч байна. Манай кино урлаг хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь сайн кино зохиол алга байна гэх. Гоо зүйн хүмүүжлээрээ анхан шатанд яваа монголчуудын хувьд кино урлаг цаашид хөгжих үү, ирээдүй байна уу гэх мэт асуултууд мэргэжлийнхний толгойд эргэлдэх болжээ. Эхний ээлжинд мэргэжлийн кино зохиол хайж, ярьдаг болсон нь өөрөө дэвшил шиг санагдаж байна. 

Өчигдөр /2019.10.20/ өндөрлөсөн 11 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээнд "Зохиолтой ч болоосой" кино зохиол бичих, зохиол хөгжүүлэх сургалт болсон юм. Хэлэлцүүлгийн удирдагчаар зохиолч Г.Аюурзана ажиллаж, кино зохиолч Мариетта фон, кино наадмын шүүгч Тибу Брак, кино найруулагч С.Бямба, кино зохиолч, найруулагч Д.Төрмөнх, продюсер Б.Мөнхтуяа нар оролцлоо. Тэд кино зохиолын өнөөгийн үнэ цэнэ, кино урлагт эзлэх байр суурь, цаашид хөгжүүлэх арга зам, сайн кино зохиол хэрхэн бичих, үйлдвэрлэх талаар ярилцсан. 

"Тэнгис" кино театрын танхимд кино зохиол сонирхдог, бичдэг, мэргэшсэн олон хүмүүс цугларч, тэдний яриаг анхааралтай сонсож байлаа. Хэлэлцүүлгийн удирдагч зочдоос кино зохиол, кино урлагтай холбоотой сонирхолтой асуулт асууж, уран бүтээлчид өөрсдийн өнцгөөс хариулт хэлж, түүнийгээ батлах мэт ярилцана. 

Кино зохиолч бол академик боловсролоор олж авдаг мэргэжил. Яг л эмч, багш, цагдаа гэдэгтэй адилхан. Өмнө нь нийгэмд ийм ойлголт байсангүй.

Ингээд олныг үл нуршин кино бүтээгчдийн онцлох эшлэлээс хүргэе. Та тэдэнтэй санал нэгдэх үү?
 


ЗОХИОЛЧ ШИРЭЭ ГЭЖ БИЧДЭГ БОЛ НАЙРУУЛАГЧ ШИРЭЭГ ХЭДЭН ХӨЛТЭЙ БАЙХЫГ НЬ ШИЙДДЭГ

 

Зохиолч Г.Аюурзана: Кино зохиол мэргэжлийн байх ёстой юу?

Найруулагч С.Бямба: Кино зохиол, эцсийн бүтээл хоёрын хооронд үргэлж ямар нэгэн төсөөлөөгүй ялгаа гардаг. Сайн зохиол сайн кино болно гэдэг нь үргэлж эргэлзээтэй.

Кино зохиолч Мариетта Фон: "Script director is filmmaker"

Зохиолч, найруулагч Д.Төрмөнх: Би кино зохиолыг бичээч буюу зохиолч хүний ажил гэж боддоггүй. Кино зохиол бол найруулагчид зориулагдсан бүтээл. Зохиолч, найруулагч хоёр нэг амьтай байх ёстой. Харин манайд аль ч салбарт багаар тоглох чадвар хөгжөөгүй байна.

Найруулагч С.Бямба: Манайд зохиолын дүрүүд хөгжөөгүй, үйл явдал хөөсөн, дотоод дүрийн зөрчил сул, логикийн алдаа их. Кино зохиол биш “story draft”-ууд их байна.

Зохиолч, найруулагч Д.Төрмөнх: Кино бол бизнес. Бас хамгийн азгүй урлаг. Энийг би ч биш агуу А.Тарковский хэлсэн. Уран зохиол, уран зураг сайн хөгжсөн газар кино урлаг хөгждөг. Урлаг гэдэг нэг цогц зүйл юм.  


КИНО ЗОХИОЛ БОЛ УЯНГАЛДАГ ТАЛБАР БИШ

 

Зохиолч Г.Аюурзана: Кино уран бүтээлд төрөөс бодлого, дэмжлэг хэрэгтэй юу?

Найруулагч С.Бямба: Яруу найрагчид кино зохиолоор оролдох буруу. Кино зохиол уянгалах талбар биш. Энэ бол формат, стандарт, логик шаарддаг интермедиа бичвэрийн орон зай.

Продюсер Б.Мөнхтуяа: “Номадиа пикчерс”-т дунд сургуулийн сурагчаас эхлээд олон салбарын хүмүүс кино зохиол илгээдэг. Гэвч бидэнд ирж буй кино зохиолууд ихэнхдээ учир дутагдалтай байдаг.

Найруулагч С.Бямба: Кино зохиолын уралдаан, тэмцээн зохионо гэдэг бол маш явцуу аргачлал. Бид уран бүтээлийн чанар дээр илүү анхаарах хэрэгтэй.

Зохиолч, найруулагч Д.Төрмөнх: Кино урлагийг дэмжих сан бидэнд хэрэгтэй. Нэг хэсэг энэ асуудлаар төрд олон удаа хандсан. Хуучны кино зохиолууд дээр олон хүн ажилладаг байсан учир кино чанартай хийгддэг байсан. Одоо тийм зүйл байхаа больчихлоо. Манайх шиг жижиг зах зээлтэй улсад төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

Кино зохиолч Мариетта Фон: Кино зохиолын ямар нэгэн тэмцээн, уралдаан байж болно. Гэхдээ би уран бүтээлч байдлаар л өрсөлдөх ёстой.

Найруулагч С.Бямба: Гажиг кино л кино наадамд шалгардаггүй.

Зохиолч Г.Аюурзана: Урлагийг гоо зүйн өндөр түвшинд бүтээвэл үр дүн нь аяндаа гарна.


МАНАЙ НИЙГЭМ УРЛАГ ОЙЛГОДОГ ХҮМҮҮСТЭЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

 

Зохиолч Г.Аюурзана: Кино урлаг нийгэм, цаг үеийнхээ өмнө үүрэг хүлээх ёстой юу?

Зохиолч, найруулагч Д.Төрмөнх: Кино зохиол бол имэрч байж бичдэг зүйл. Нэг талаар киноны хамгийн хар ажил.

Найруулагч С.Бямба: Хүлээх хэрэгтэй. Гэхдээ энэ бол балансын л асуудал. Миний хувьд уран бүтээлдээ сүржин үгс, ёс суртахуун, эх оронч сургааль оруулахаас зайлсхийдэг. Бид энэ нийгэмд амьдарч байгаа учир хүссэн, хүсээгүй ямар нэгэн үүрэг хүлээж л таарна. Хамгийн их эмзэглэж байгаа зүйлээ л өөрийнхөө бүтээлд шингээдэг.

Улаанбаатар наадмын шүүгч Тибу Брак: Ёс суртахууны хувьд зөрчилтэй үйл явдал, дүрүүдийн цаана нийгмийг эмчлэх, илчлэх үүрэг нуугдаж байдаг. Үзэгчдэд хариулт өгөх, бодох сэдэл төрүүлэх, орон зайг нь олгох ч юм уу. Хамгийн сүүлийн жишээ гэвэл найруулагч Бон Жун О-гийн "Паразит" байна шүү дээ.

Зохиолч Г.Аюурзана: Юуны түрүүнд манай нийгэм урлаг ойлгодог хүмүүстэй болох хэрэгтэй байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хотын охин(202.9.43.35) 2021 оны 02 сарын 19

Зөвхөн зохиолд л буруу өгөөд байх юм. Уран зохиол, дүрслэх урлаг, хөгжим, хувцас загвар гээд урлагийн бүх л салбар сайн хөгжсөн цагт кино сайжирна. Бас бүх нийтээрээ боловсролтой болох хэрэгтэй.

2  |  0
Уншигч(103.229.120.227) 2019 оны 10 сарын 22

Тун мундаг улс гэх нь юу ч юм. Харин кино салбараас залуу, өсвөр үеийг хэний даалгавар, санхүүжилтээр хордуулаад байгаа нь тодорхойгүй Ц.Төмөрбаатар мэтийн урвагч, хорлогчдыг бүрмөсөн зайлуулах ёстой. Эцэг нь Цогт тайжийн дүрээр мөнхөрсөн бол, хүү нь тачаалтан, шуналтан, яргачин алуурчны дүрүүдийг тууштайгаар амилуулж бидний монголчуудын үрс, ирээдүйг гадна дотны үндэсний дайснуудын захиа даалгавраар хордуулан сүйтгэж байгааг цаашид харж тэвчихийн аргагүй.

0  |  0
luvsan(103.229.120.179) 2021 оны 02 сарын 19

Kino buteel bl ednii yrij bgaa shig bishee . ydaj l ter ueiin Damdin Chimed nerguibaatar tsendayush karma metiin humuusiin ugiig sonsoh heregtei !tuunees ta hed bl malchishkuud yu medej demiireh ym? Orchin ued hiij bui kino bl urlag bish !

1  |  0
Я.Баяраа(203.91.116.186) 2019 оны 11 сарын 11

Тун мундаг улс харагдах юм. Оюутны семинар шиг юм ярьсан юм байх даа.

4  |  1
Top