Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 86 жилийн ой өнөөдөр /2019.09.17/ тохиож байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх хилчдийн Сүлдэт багана бүхий мөнхийн галтай дурсгалын хөшөөнд үе үеийн ахмад хилчид цэцэг өргөх ёслолд оролцов. Монгол улсын гадаад, дотоод байдал гучаад оны эхээр хурцадсаны улмаас төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд 1933 онд хилийн харуулын цагдааг татан буулгаж, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болж, Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөд хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсжээ.
Сүлдэт баганыг Хил хамгаалах байгууллагын түүхт 83 жилийн ойн хүрээнд Хил хамгаалах Ерөнхий газрын нийт албан хаагчид, хилчдийн өөрсдийн санал санаачилга, хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1,1 га талбайд ногоон байгууламж тохижуулж, барьж байгуулсан юм. Өнөөдрийн ойн баяраар 2000 хилчин хуран цугларч, хилийн цэргийн байгууллагад алба хаагаад тэтгэвэрт гарсан ахмадуудын дурсамж уулзалт болж буйгаараа онцлог юм.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ХХЕГ-ын захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Н.Ганболд, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтанхүү тэргүүтэй хэлтсийн дарга нар үе үеийн ахмад хилчдэдээ хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
Нээлтийн дараа Хилийн цэргийн командлагчийн тушаалаар шагнагдсан ахмад хилчдийн тушаалыг Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батмөнх уншиж танилцуулснаар шагнал гардуулах ёслол эхэлж, 130 ахмад хилчнийг "Онц хилчин", "Хилчний алдар", "Хилийн төлөө" медаль, жуух бичгээр шагналаа. Дараа нь Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, ахмад хилчдэд хүндэтгэлийн тоглолт толилуулав.
Хилийн цэргийн Соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, Бэлтгэл хурандаа Д.Авирзэд “Миний бие хилийн цэрэгт 33 жил алба хаасан. Халх голын 24 дүгээр отрядаас Хилийн цэргийн удирдах газрын Соёл хүмүүжлийн хэлтсийн дарга болтлоо энэ албыг хашсан. Намайг Чогдон баатрын нэрэмжит Хамар давааны заставын улс төрийн орлогч байх үед, хилийн цэргийн 40 жилийн ой тохиож, Л.Дандар, Д.Нянтайсүрэн зэрэг баатруудтай нүүр тулж байсан нь миний амьдралд мартагдашгүй түүх юм. Хил хамгаалах байгууллагад ажилласны гавьяагаар 19 аймгийн 143 сумыг гурвантаа гороолсон. Монголын хилийн ариун дагшин газарт анир даран өвлийн хүйтэн, зууны халуунд эх орноо хамгаалж байгаа хилчдэд зориулж Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, номын сан, үйлчилгээгээр дамжуулж эх оронч, бахдам сэтгэлийг төрүүлэх урлаг соёлын маш олон ажлыг зохион байгуулж байлаа” гэж сэтгэгдлээ хуваалцав.
Ахмад хилчин, Ахлах ахлагч Ш.Янжиндулам “Би Холбоочны ангийг 18 настайдаа төгсөж, Дорноговь аймгийн Улаан-Уулын отрядаас эхлээд Төв аймгийн Тагнуулын алба хүртэл Холбоочин хийж байсан. Манай гэр бүлийн хүн мөн цэрэг армийнх. Цэргийн хүний тэсвэр хатуужил, цэргийн хүний ар тал ямар байдгийг бүгдийг туулж давсан. Бид зургаан хүүхэдтэй. Нэг охин нийслэлийн Цагдаагийн ерөнхий газар ахмад, нэг хүү 013 дугаар ангид ахлагч, нэг охин 126 дугаар армид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, нэг хүү Дорнод аймгийн 032 дугаар ангид ажиллаж байгаад хотод шилжиж ирсэн. Бүгд цэрэг армид хүчин зүтгэсэн гэр бүл байна“ гэж бахархан өгүүллээ.
Ойн баярыг угтаж хилчдийнхээ түүхэн гавьяаг алдаршуулан мөнхжүүлж Хурандаа Ч.Алтангэрэл “Баруун ба баруун өмнөд хязгаарт болсон дайн” дурсамж, дурдатгал, өгүүллийн гурван боть ном хэвлүүлжээ. “Эзэмшил, эзэрхийлэл, тэмцэл, шийдэл гэсэн нэгдүгээр боть”, “Дайн байлдаан, үйл явдал, шийдвэр”гэсэн хоёрдугаар боть, “Бүү март” гэсэн гуравдугаар боть гэсэн хөрөг дурсамжийн гурван боть гаргажээ. Тэрбээр ”Энэ жил “Халхын голын дайн ба Монголын хилчид” гэсэн ном бүтээж, эсэргэн сумны өөдөөс тэмцэж явсан, шархадсан, амь үрэгдсэн хүмүүсийн тухай энэхүү номдоо оруулж, тэднийхээ баатарлаг дурсгалд номон суварга бүтээлээ. 1935-1949 он хүртэл Монголын хилчид зүүн хязгаарт байлдаж, маш том үүрэг гүйцэтгэсэн юм шүү . 1934 онд тавдугаар отрядын Алаг толгойн застав асар их үүрэг гүйцэтгэсэн боловч өнөөдөр түүхээ мэдэхгүйгээс болж мартагдах шинжтэй болжээ. Ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг мартах учиргүй. Япончууд 1935 онд Халхын сумыг дайрах үед ангийн штабын дарга Дондов, мөн Янжив гэдэг хоёр хүн алдагдсан. Энэ үеэс эхлээд 1949 он хүртэл олон хилчид амь үрэгдэж байжээ. 1939 оны зургаадугаар сарын 5-нд Жуков жанжин ирээгүй бол бид байх уу, үгүй юу гэдэг нөхцөл байдал үүссэн том дайн байсан. Үүний дараа 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын хилчид гарамгай гавьяа байгуулахад үүрэг гүйцэтгэсэн” гэв.
Сэтгэгдэл ( 0 )