Манай улс ОХУ-аас шатахуунаа 100 хувь импортолдог. Оросууд гэнэт шатахууныхаа цоргыг хааж, монголчуудын амьдрал зогсохдоо туллаа. Манай Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр барихаар ярьж байна. Монголд газрын тос боловсруулах боломж бий эсэх талаар зарим эдийн засагч, албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.
"Саусгоби сэндс" ХХК-ийн зөвлөх, Уул уурхайн боловсруулах үйлдвэрийн инженер До.Ганболд: Эдийн засгийн үр ашиггүй байдаг
-Нефть нэрэх үйлдвэр барьж болно. Гэхдээ эдийн засгийн үр ашиггүй байдаг юм. Нефть нэрлээ гэхэд том хэмжээгээр ажиллах шаардлагатай болдог. Гэтэл манай зах зээл жижиг. Нефтийг нэрэхэд 50 хувь нь дизелийн түлш болдог.
Манайхан бусад төрлийн шатахууныхаа хэрэглээг хангах хэмжээний нефтийг нэрлээ гэхэд дизелийн түлшийг нь шингээх зах зээл байхгүй. Одоо уурхай хөгжиж байна. Уул уурхайд дизелийн түлшийг их хэмжээгээр хэрэглэдэг. Уул уурхайн компаниуд дизелийн түлшийг нь шингээх зах зээл болж чадвал нефть нэрэх үйлдвэр баригдах гарц болж мэднэ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Яарах хэрэгтэй байна
-Газрын тос боловсруулах үйлдвэрээ яаралтай барих хэрэгтэй байна. Ерөнхий сайд Орос болон бусад улсаас түүхий нефть авах гэрээ хийсэн шүү дээ. Энэ гэрээндээ тулгуурлаад жилд хоёр сая тонн нефть боловсруулах дунд хэмжээний үйлдвэр барьчих хэрэгтэй байхгүй юу.
Манайд дунд хэмжээний 1-2 үйлдвэр байхад хангалттай. Нефть боловсруулах үйлдвэр барихыг олон жил ярьсан. Энэ ажилд орж тойроод яваад байсан. Заавал шатахууны хомсдолд орж байж энэ ажлыг эхлүүлж байгаа нь Засгийн газрын буруу. Засгийн газар Орос, Араб зэрэг найрамдалт харилцаатай орнуудаасаа хүссэн хэмжээгээр нефть авна гэсэн гэрээг байгуулах хэрэгтэй.Засгийн газар нефть авах гэрээ хийгээд, тасралтгүй нефтиэр хангана гэсэн баталгаа гаргаж өгвөл концессийн гэрээт нефть боловсруулах компаниуд олон байгаа. Яарах л хэрэгтэй байна.
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал доктор, профессор Д.Батжаргал: Хангалттай нөөцтэй бол болохгүй юм үгүй
-Боловсруулах үйлдвэр барих нь чухал байлгүй яах вэ. Хамгийн ойлгомжтой юм тэр байна шүү дээ. Харин Монгол өөрсдийнхөө хэрэгцээг хангах хэмжээний шатахуун гаргаж авах газрын тос олборлож чадаж байна уу гэдэг нь сонин.
Одоо олборлож байгаа газрын тосны хэмжээ бага юм билээ. Хангалттай газрын тос олборлож байвал боловсруулах үйлдвэр барих нь зөв байлгүй яах вэ. Кувейтээс нэг сая тонн газрын тос аваад өөрсдөө боловсруулна гэж яриад байсан. Миний бодлоор тэр бүтэхгүй болов уу. Яагаад гэвэл газрын тос бүх улс оронд стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог. Кувейтүүд манайд өгөхгүй болов уу. АНУ газрын тосны нөөц ихтэй. Гэхдээ хэрэглээнийхээ газрын тосыг гаднаас авч байна.
ШУА-ийн хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөх, академич Ж.Амгалан: Монголчууд өөрсдөө нефть боловсрүүлах үйлдвэрээ барьж чадна
-Манай орон 1950 оноос ОХУ-тай хамтран газрын тос боловсруулж байсан уламжлал байна. Манай хүрээлэнгийн эрдэмтэд МУИС-ийн Хими, хими инженерчлэлийн сургуулийн эрдэмтэд хамтраад Тамсагбулаг, бусад нефтийн ордын нефть химийн технологийг боловсруулсан. Засгийн газар гадаадынхантай хамтарч нефть боловсруулах үйлдвэр барина гэж яриад байна. Монголчууд дотооддоо нефть боловсруулах бүрэн боломжтой.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )