"Монголчуудын нас баралтын 34 хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна"

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

-Зүрх судасны өвчлөл сүүлийн 26 жилийн турш монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна-

Жил бүрийн есдүгээр сарын 29-ийг дэлхийн нийтээр “Зүрх судасны өдөр” хэмээн тэмдэглэдэг. Зүрх гэдэг эрхтэнгүйгээр амьд биет оршин тогтнох үндэсгүй бөгөөд зүрх сэтгэл, зүрхний үг, зүрхэн чанадад хэмээн  үнэн халуун мэдрэмж, гуниг баяр, сэтгэл хөдлөл бүхнээ хүн төрөлхтөн зүрхтэй холбон тайлбарладаг. “Түг түг түг...”  Энэ бол зүрхний цохилт. Төрөхөөс эхлээд эцсийн амьсгалаа таттал зогсошгүй, цуцашгүйгээр ажиллаж байдаг энэ эрхтнийг шинжлэх ухаан одоо ч гэсэн нууцыг нь бүрэн тайлж чадаагүй л байна. Хүн гэдэг өдөр тутмын дадал зуршил, хэв маяг, амьдралын хэмнэлээсээ шалтгаалж эрүүл мэндээ сахин хамгаалах уу, сааруулан хордуулах уу гэдгээ шийддэг. Зүрх яагаад өвддөг тухай, Монгол Улс яагаад зүрхний өвчлөлөөрөө дээгүүрт ордог, зүрх судасны өвчлөл хэрхэн үүсдэг хийгээд хэрхэн хайрлан хамгаалууштай талаар “Мөнгөн гүүр” эмнэлгийн Зүрх судасны их эмч, ахлах зэрэгтэй, анагаах ухааны магистр Ж.Батчимэгтэй ярилцсан юм.

 

Манай эмнэлэг  урлаг соёлынхонтой хамтарч “Зүрхнийхээ баатар нь болцгооё” гэсэн уриан дор цохилж байгаа зүрх бүхнийг хайрлая аяныг аравдугаар сарын туршид явуулах гэж байна. Аяны хүрээнд хямдралтай үзлэг, оношилгоо хийж түүнийхээ орлогын 10 хувийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэгтэй хүүхдийн тасагт  хандивлана. 

 

-Юуны өмнө эмнэлгийнхээ тухай товч танилцуулна уу?

“Мөнгөн гүүр” эмнэлэг нь 2014 онд байгуулагдсан. Үндэсний хөрөнгө оруулалттай төрөлжсөн нарийн мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг. Зүрх судас, дотор мэдрэл, ерөнхий мэс засал, гэмтэл зэрэг нарийн мэргэжлийн дагуу  үйл ажиллагаагаа  явуулдаг бөгөөд нийт нарийн мэргэжлийн 60 эмчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

-“Дэлхийн зүрхний өдөр” жил бүрийн есдүгээр сарын 29-ний өдөр болдог. Энэ өдрөөр дэлхий дахинд ямар, ямар арга хэмжээ зохион байгуулдаг вэ?

-Дэлхийн зүрхний холбоо нь  зүрх судасны нас баралтыг 2025 он гэхэд 25 хувь бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ өдрийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж, зүрх судасны өвчлөлийг бууруулах, зүрхээ эрүүл байлгах, зөв дадал зуршилд хэвших тал дээр олон арга хэмжээ зохион байгуулдаг.

-“Мөнгөн гүүр” эмнэлэг зүрх судасны өдрөөр ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

Манай эмнэлэг Дэлхийн зүрхний өдрийг  жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өнгөрсөн жил “Өөрөө өөртөө амлалт өгөх жил” болгож өөрийгөө ялан дийлэх, хорт зуршлаасаа татгалзах, өөрийгөө өвчнөөс хамгаалах уриатай байсан бол энэ жил манай эмнэлэг  урлаг соёлынхонтой хамтарч “Зүрхнийхээ баатар нь болцгооё” гэсэн уриан дор цохилж байгаа зүрх бүхнийг хайрлая аяныг аравдугаар сарын туршид явуулах гэж байна. Аяны хүрээнд хямдралтай үзлэг, оношилгоо хийж түүнийхээ орлогын 10 хувийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэгтэй хүүхдийн тасагт  хандивлана. 

-Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгээс эмч нар Европын зүрх судасны хуралд оролцсон гэсэн. Энэ тухайд?

Европын зүрхний Холбооны хурал-2019 Франц Улсын Парис хотноо наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 4-ний хооронд болсон. Тус хуралд 146 орны 32800 гаруй зүрх судасны эмч мэргэжилтэн оролцож, 4500 илтгэл судалгаа хэлэлцүүлсэн. Тус хуралд Монгол Улсаас 40 гаруй зүрхний эмч мэргэжилтэн оролцсон бөгөөд Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгээс  21 залуу эмчийн хуралд оролцох бүртгэлийн хураамж болох 1000 еврогоос чөлөөлсөн. Энэ хуралд миний бие судалгааны тэтгэлэг авч оролцсондоо маш их баяртай байгаа.

-Гадаадын эмч нараас ололттой, дэвшилттэй санал санаачилга, туршлага олныг солилцсон байх?

-Тэгэлгүй яах вэ. Дашрамд Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгт маш их баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Учир нь, Монголын зүрх судасны эмч нар мэдлэгийн  хувьд европын эмч нартай  зэрэгцэж алхах боломжийг өгч байгаа юм.  Франц улсын Парис хотноо зохион байгуулагдаж байгаа Европын зүрх судасны хурал 2019 онд шинээр танилцуулсан таван том өвчний удирдамж танилцуулж байхад бид түүнийг зэрэгцэж суугаад цуг танилцаж байгаа нь маш том боломж гэж харж байгаа. Мөн маш олон сургалт судалгаатай танилцаж чамгүй их шинэлэг зүйлс сурсан.

-Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж, өвчнийг эрт илрүүлэх нь чухал юм шиг?

-Тийм шүү. Манай эмнэлэг энэ тал дээр маш их анхаарч ажилладаг. Жишээ нь Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдрөөр нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил 45 хүүхдэд үнэгүй урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн, үүнээс зүрхний төрөлхийн гажиг наймыг оношилсон энэ жил тэдгээр хүүхдийн зарим нь хагалгаанд орж эрүүлжсэн сайхан мэдээ байгаа.

-Монгол Улс зүрх судасны өвчлөлөөрөө яагаад тэргүүлэх оронд жагсаад байгаа юм бол?

-Ер нь зүрх судасны өвчлөл ядуу буурай, хөгжиж буй орнуудад элбэг тохиолддог. Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл маш их залуужиж байна. Энэ нь нийгмийн стресс, архи тамхины хэт их хэрэглээ, хөдөлгөөний дутагдал нөлөөлж байна гэж үздэг. Зүрх судасны өвчлөл  дотор зүрхний титэм судасны өвчин, артерын даралт ихсэх өвчин хоёр зонхилон тохиолдож байна.

-Энэ өвчний улмаас жилд хэдэн хүн нас барсан гэсэн тоон үзүүлэлт байдаг вэ?

-Дэлхийн зүрхний холбооноос гаргасан судалгаагаар дэлхий дээр жилд зүрх судасны өвчнөөр 17 сая хүн нас барж байна гэсэн тоо баримт байдаг. Монгол орны хувьд нас баралтын тэргүүлэх шалтгаанд  зүрх судасны тогтолцооны өвчин ордог. Нийт нас баралтын 34.2 хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна гэж 2017 оны судалгаан дээр гарсан байдаг.  Зүрх судасны өвчлөл сүүлийн 26 жилийн турш монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна.

-Зүрх гэдэг эрхтний тухай хүн бүр мэддэг хэр нь мэддэггүй зүйл олон байх шиг?

-Зүрх гэдэг хүний биеийн хамгийн чухал эрхтэн, анагаахын салбарт титэм эрхтэн гэж ярьдаг. Зүрх бол дөрвөн хөндийтэй булчинлаг шахуургын эрхтэн. Уушгинаас хүчилтөрөгчөөр баяжсан  цус гол  судас руу   шахсанаар бүх эд эрхтнийг цусан хангамжаар хангадаг  Минутад 60-90 удаа шахаж байж таваас долоон литр цус сэлбэж, хүний бие организм хангалттай шим тэжээл авч байдаг. 

-Зүрхний өвчлөлд эрсдэлт хүчин зүйл болох хүний идэж ууж буй бүх л зүйл цусаар дамжиж нөлөөлдөг байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Зүрхийг эрүүл байлгая гэвэл амьдралын хэв маяг чухал, эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, архи тамхинаас татгалзах, стрессээ зөв гадагшлуулж сурах гээд хүнээс өөрөөс нь шалтгаална.

 

Зүрхний төрөлхийн гажгийн шалтгаанд ген болон хромсомын  эмгэгүүд, жирэмсний хугацаанд архи, тамхи, зарим нэг эмийн хэрэглээ их байх, жирэмсний эхний гурван сард вирусийн халдвар авах зэрэгтэй холбон  тайлбарладаг боловч өдийг хүртэл шалтгаан бүрэн гүйцэд тодроогүй. Мөн зүрхний эхо оношилгоо сайжирч, эмч нарын ур чадвар сайжирсантай холбоотой зүрхний төрөлхийн гажиг их бүртгэгдэж байх магадлал өндөр.

 

-Танай эмнэлгээр өдөрт зүрх судасны өвчтэй хүмүүс хэр ирж байна вэ, ямар насныхан зонхилж байна вэ?

-Амбулториор өдөрт зүрхний үзлэг, зүрхний эхо шинжилгээгээр давхацсан тоогоор 10-20 хүн үзүүлдэг. Насны хувьд хязгаар байхгүй. Артерийн даралт ихсэх зүрхний титэм судасны өвчин зонхилон тохиолддог. Зүрхний төрөлхийн болон олдмол гажиг өвчин ч цөөнгүй тохиолддог.

-Сүүлийн үед төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд их төрөх болсны шалтгаан юу вэ?

-Зүрхний төрөлхийн гажгийн шалтгаанд ген болон хромсомын  эмгэгүүд, жирэмсний хугацаанд архи, тамхи, зарим нэг эмийн хэрэглээ их байх, жирэмсний эхний гурван сард вирусийн халдвар авах зэрэгтэй холбон  тайлбарладаг боловч өдийг хүртэл шалтгаан бүрэн гүйцэд тодроогүй. Мөн зүрхний эхо оношилгоо сайжирч, эмч нарын ур чадвар сайжирсантай холбоотой зүрхний төрөлхийн гажиг их бүртгэгдэж байх магадлал өндөр. Манай эмнэлэг төрөлжсөн нарийн мэргэжлийн бүх төрлийн оношилгооны тоног төхөөрөмжөөр хангагдсан. Зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхо, зүрхний ангиографийн шинжилгээ  зэрэг дэвшилтэт технологийг ашиглаж байна.

-Эрүүл мэндийн боловсролыг хүүхдүүдэд багаас нь олгох ёстой. Тэдэнд чиглэсэн ямар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хүүхдэд эрүүл мэндийн боловс­ролыг багаас нь олгох нь маш чухал гэж үздэг. Манай орны хувьд стрептококкын халдвар өндөр, хүүхдийн хоолой өвдөж  хэрэхийн халууралт явагдсанаар зүрхний олдмол гажиг маш их үүсэж байна. Хүүхдийн амны хөндийн ариун цэврийг маш сайн сахиулж байх хэрэгтэй. Өвчилсөн шүдийг эрт эмчлүүлж, эцэг эхчүүд хүүхдэдээ амнаасаа хоол унд өгөхгүй байх нь хүүхдийн хоолой өвдөхөөс урьдчилан сэргийлдэг. Бид өнгөрсөн жил шүдний эмчтэй хамтарч 23 дугаар сургуулийн хүүхдүүдэд амны хөндийн  үзлэг хийж,  амны хөндийн эрүүл мэндийн тухай боловсрол олгосон. Эцэг эхчүүд мань ч гэсэн энэ тал дээр анхаарах нь зүйтэй.

-Хүнд өөрийгөө зүрхний ямар нэг асуудалтай боллоо гэх  ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Зүрхний өвчний үед өвдөлтүүд янз бүр байдаг ч зүрхний цусан хангамжийн өөрчлөлтийн үед өвчүүний араар дараад хорсоод, базлаад  байх зовиур өгдөг, Өвдөлт зүүн гар, дал мөр рүү дамжиж өвддөг онцлогтой байдаг. Зүрхний өвчний үед утсаар ч юм уу дамаар эмчилгээ заах нь учир  дутагдалтай юм. Жишээ нь зүүн талдаа хүзүү мөрний булчин чангарснаас болж цээжний зүүн талаар өвдөх, зүүн талд хавирга хоорондын мэдрэлийн үрэвслийн үед мөн зүүн талаар хатгуулж өвддөг, Зүрх дэлсэх, зүрхний цохилт буурах үед давчдах зэрэг ижилхэн шинж тэмдэг илэрдэг. Тиймээс нарийн мэргэжлийн зүрх судасны эмчид үзүүлэх хэрэгтэй.

-Хүн төрөлхтөн зүрх сэтгэл минь гэж аливаа зүйлийг дотоод сэтгэлтэйгээ холбож ярьдаг л даа. Ер нь зүрх гэдэг эрхтэн өөрөө “сэтгэлтэй” юм болов уу?

-Анагаах ухааны салбарт психосоматика буюу бие, сэтгэл хоёр салшгүй хамааралтай гэдгийг нотолчихсон. Үүний илрэл нь хүн сандрахаараа нүүр улайх, зүрх булгилах, гар салгалах зэргээр илэрдэг шүү дээ. Хүн уур бухимдал, зовнил шаналал мэдрээд ирэхээр хүний тархинд судас агшааж, зүрх дэлсүүлдэг гормон ялгаруулдаг. Тэр гормон цус руу ороод ирэхээр захын судаснууд агшаад, зүрхний цохилт олширдог. Сэтгэл санаа тайван, дандаа өөдрөг байх бие эрүүл байхын эх үндэс юм. Бид ноднин “Эерэг сэтгэлгээ-эрүүл зүрх” гэсэн зүрхний өдөрлөг хийж байсан. Сэтгэл эрүүл бол бие эрүүл. Тиймээс зүрх гэдэг хамгийн мэдрэмтгий эрхтэн.

-Тэгэхээр зүрх гэдэг эрхтэн сэрэл мэдрэмжтэй байх нь ээ?

-Тийм шүү. Нэгэн түүх ярья л даа. Гадаад улсад огт спиртийн төрлийн ундаа хэрэглэдэггүй хориод насны  эмэгтэй зүрх солиулах мэс засалд орсныхоо дараа шар айраг уух дуршилтай болжээ. Гэтэл зүрхний донор нь 40 гарсан эр байсан бөгөөд уух дуртай нэгэн байсныг эмчээсээ, донорын түүхээс нь олж мэджээ. Хүний бие эрхтэн бол бүрэн судлагдаагүй том сэдэв л дээ. Зүрх сэтгэлээ сонсох гэдэг үг ч байдаг шүү дээ. Тиймээс зүрхнийхээ баатар нь болж зүрхээ хайрлацгаая.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.115) 2020 оны 02 сарын 21

Сайхан ярилцлага байнаа.Амжилт

1  |  0
Top