Нүүр нүдгүй шуурч, тэнгэр улайран харанхуйлж, хүчтэй салхи исгэрэн шуугихад угалз хэмээх байгалийн догшин үзэгдэл болдог. Сул хөрстэй, элс манхан ихтэй, халуун газрын араншин юм. Монголд энэ үзэгдэл хааяа болох авч тэгтлээ догшрон сүйд болж, хамаг бүхнийг элсээр даран сүйрүүлэх нь ерөнхийдөө ховор. Хонь малын үс ноосонд элсэн ширхэг завсар зайгүй шигдсэнээс хаврын тамир муутай хонь биеэ даахгүйд хүрдгийг мэдэх юм. Угалзын тухай дэлхийг гайхуулсан цөөн баримт ярья. МТӨ 525 оны явдал юм. Персийн хаан Египетийг эзлээд 50 мянган хүнтэй армиа авч Ливийн их цөлийг туулахаар хөдөлжээ. Долоо хоногийн дараа тэд нэгэн томоохон баян бүрдэд арайхийн хүрч очсон боловч дараа нь огт ул мөргүй болсон гэдэг. Түүхч нар үзэхдээ тэднийг хүчтэй угалзан шуурга залгижээ гэж үздэг юм байна.
Хойд Африкийн цөлийн угалз маш аймшигтай, бараг амь алдахаар болдог тухай Оросын жуулчин А.В.Елисеев ийн бичжээ. "Хүн амьтдын амьсгаа давчдах аж. Тэнгэрийн хаяаг тэр чигээр нь хаасан харанхуй, улаавтар их салхитай дээшээ хөөрчихсөн юм шиг болж чухамхүү агаар л дутаж байлаа. Зүрх айхтар хүчтэй цохилж, толгой учиргүй өвдөж, хоолой ам хатан, ингээд л дахиад нэг цаг болох юм бол элсээр боомилогдон үхэх нь гарцаагүй боллоо гэж надад санагдаж байлаа". Угалзан шуургыг самум гэж нэрлэдэг юм байна. Самум гэдэг үг хор хүргэх гэсэн утгыг илэрхийлнэ. Ийм самум бүхэл бүтэн жингийн цувааг бүхлээр нь сүйтгэх явдал бий. 1805 онд болсон самум 2000 хүн, 1800 тэмээг элсээр булсан байна. Дээр өгүүлсэн Персийн хааны 50 мянган хүнтэй армийн ор сураггүй алга болсон нь самумтай холбоотой байж болох юм гэж судлаачид үздэг бүлгээ. Самум бол маш аюултай. Учир нь жижиг элсэрхэг тоос чих, хамар, нүд, уушгинд орно. Хуурай халуун салхи арьсыг цочроон, байх суух аргагүй болтол цангаана. Амиа аврахын тулд хүмүүс хөсөр хэвтээд толгойгоо хувцсаар битүү орооно. Тавин градус болтол халдаг тул бүгчимдэж ухаан алдах явдал ч гарна. Унгарын шинжээч А.Вомбери замын тэмдэглэлдээ сүйрлийн нутгийн тухай сэтгэл хирдхийлгэм дүрслэн бичсэн байх юм. "Бид сүйрлийн нутаг гэж нэр өгсөн өртөөнд ирлээ. Нүд хүрэх газарт эргэн тойронд элсэн далай үргэлжилнэ. Элсэн давалгаа шиг, нуурын мандал шиг энэ орчинд ан амьтан, жигүүртэн, тэр бүү хэл, хорхой дэвхрэг ч байхгүй. Наранд цайж өгөршсөн яснаас өөр юу ч нүдэнд эс торно. Өөрөөр хэлбэл, энд амьдралын шинж тэмдэг огт үгүй. Явуулын хүн тэдгээр ясыг цуглуулан явах замаа засаж дэвсдэг аж. Бүтэж багтрам халуун байсан авч өдөр шөнө таваас зургаан цаг явах шаардлагатай байлаа. Хичнээн л түргэн элснээс гарч чадвал элсээр булж дарах тамын аюулаас мултарч болох байв. Гүвээ рүү дөхөж явтал жингийн даамал ойртож буй бөөн тоосыг зааж яарах хэрэгтэйг бидэнд санууллаа. Хөөрхий тэмээд ч тэр их тоосыг хараад хаширчихсан бололтой толгойгоо газарт наан элсэнд шургахыг оролдоно. Салхи хүнгэнэн ирж төдөлгүй элсээр булах нь тэр. Миний арьсанд хүрсэн элсэн хумхи галт бороо адил сэтгэгдэл төрүүлж байлаа". Дээрх тэмдэглэлээс үзэхэд цөлийн шуурга буюу угалз нь юуг ч болов егүүтгэх аюултай юмаа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )