ОНЦЛОХ ҮЗВЭР: Тэргэнцэртэй бүжигчдийн амилуулах "УЧРАЛ" тоглолт

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02

Щвейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр манай улсад анх удаа мэргэжлийн болон тэргэнцэртэй бүжигчдийн хамтарсан “Encounters” буюу “Учрал” нэртэй контемпорари бүжгийн тоглолтыг энэ бямба гаригт буюу аравдугаар сарын 5-ны өдөр 19.00 цагаас АСЕМ Вилла дахь ХҮН театрт зохион байгуулах гэж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бидчадна ТББ-аас санаачилсан "Эргэлдэн бүжих тэргэнцэр" төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү тоглолтонд 4 мэргэжлийн, 4 тэргэнцэртэй бүжигчид, 3 хүүхэд оролцох ба контемпорари бүжгийн “YET Company”-ыг үүсгэн байгуулагч, щвейцарь бүжиг дэглээч Фабиан Кон удирдан ажиллаж байна.

“Учрал” контемпорари бүжгийн тоглолт нь хүмүүний учрал, холбоосын тухай буюу тэгш бус нөхцөл байдал, нийгмийн гарал үүслээс үл хамааран хүмүүс хоорондоо хэрхэн холбогдож ойр дотно харилцаа үүсгэж болох, ингэснээр ямар өөрчлөлт, шинэ боломжууд гарч ирэх талаар ярилцах юм.

Бүжиг дэглээч Фабиан Кон нь оролцогчдын өөр өөр ур чадвар дээр суурилан, тэдний харилцан ойлголцол бодоод зохицлыг бүрдүүлэхийн тулд ажиллаж байна. Энэ утгаараа тэргэнцэртэй болон мэргэжлийн бүжигчид хоорондоо нэгдэн уусах процесс нь бүжгийн зохиолын гол хэсэг гэж ойлгож болно. Харин “Учрал” тоглолын дуу авиаг Моханик хамтлагийн дуучин, уран бүтээлч Ц.Даваажаргал зохиох аж.

“Учрал” тоглолт нь төгс гүйцэтгэл бус бүжигчдийн дотоод хүн, тэдний өвөрмөц илэрхийлэл дээр тулгуурлагдана.
 


Бие-сэтгэл төвт үзэл, идеокинесис (хөдөлгөөнгүй хэвтэнгээ төсөөллөөр дамжуулан хөдөлгөөний дасгал хийх арга) болон гага (өөрийн дотоод мэдрэмжиндээ тулгуурлан бүжиглэх) аргаас сэдэл авч Фабиан Кон, Доминика Кон нар хамтран дотоод зураглал болон дүрслэлийн элементүүд, мөн бие махбодийн системд суурилсан хөдөлгөөний онцгой хэллэгийг боловсруулсан ба эдгээр аргачлалууд дээр тулгуурлан “нэг цул” бүтээлийг бий болгохоор ажиллаж байна. Иймээс ч “Учрал” тоглолт нь төгс гүйцэтгэл бус бүжигчдийн дотоод хүн, тэдний өвөрмөц илэрхийлэл дээр тулгуурлагдах юм. Ийм төрлийн илэрхийлэл нь “төгс”-ийг бус, харин “давтагдашгүй”-г эрэн хайдаг билээ. Энэ нь дотоод зураглал, төсөөлллөөс үүдэн гарах ба бүжигчин бүрээс хамааран илэрхийлэл нь өөр өөр байдаг.

БҮЖИГ ДЭГЛЭЭЧИЙН ТУХАЙ

Бүжиг дэглээч Фабиан Кон нь Щвейцарийн Базель хотноо төрсөн ба 2006-2008 онд Берлиний Die Etage сургуульд биеийн илэрхийллийн театр, үггүй жүжгийн чиглэлээр суралцжээ. Тэрээр контемпорари бүжиг, үггүй жүжиг, киноны салбаруудад чөлөөт уран бүтээлч, найруулагчаар ажилладаг. Кон нь бүжигчин, бүжиг дэглээч Доминика Контай хамтран 2010 онд YET Company-г үүсгэн байгуулсан билээ. Тэдний бүтээлүүд ихэвчлэн экспериментал арга дээр суурилдаг ба гоо зүйн хурц мэдрэмж болон нарийн хошигнолоор ялгардаг. Саяхнаас амьд оршихуйн гоо сайхан хийгээд эмзэг байдлын талаархи шинэ өнцгүүдийг нээн харуулсан хэд хэдэн бүтээл туурвин гаргажээ.
 


Тоглолтын тухай тогтмол мэдээллийг Encounters эвент хуудас болон 99741916, 88972094 утаснаас авч болно. Тасалбарыг ticket.mn, lend.mn-с худалдан авах боломжтой.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batzandan(103.212.119.121) 2019 оны 10 сарын 02

Asem villa

0  |  0
Top