Энэтхэг Улсын үндэсний чөлөөлөх хөдөлгөөний удирдагч Махатма Гандигийн /1869-1948/ мэндэлсний 150 жилийн ойг Энэтхэг даяар тэмдэглэлээ. Энэтхэгийн үе үеийн эрх баригчид “үндэстний эцэг” Гандигийн үйл хэргийг үргэлжлүүлж байна гэдэг. Харин Ганди өөрийгөө багш, номлогч гэж үздэг байжээ. 1934 онд тэрээр Энэтхэгийн үндэсний конгресс намын удирдлага хоорондын тэмцлээс болж намаасаа гарч байсан. Түүнээс хойш тэрээр 1948 оны нэгдүгээр сард насан эцэс болох хүртлээ аль нэг улс төрийн хүчинд дахин элсээгүй. Тиймээс Энэтхэгийн өмнө “Тус улсад “үндэстний эцгийнхээ” үзэл санааг хэр их авч үлдсэн бэ” гэдэг асуулт тавигдсан хэвээр.
“ДАВСНЫ АЯН”
ХХ зууны эхэн үед Энэтхэгт ч тэр, Их Британид ч тэр Махатма Гандиг колончлолын эсрэг идэвхтэй тэмцэгчийн хувиар мэддэг байв. Тэрээр Өмнөд Африкт хуульчаар ажиллаж, олон жилийг өнгөрүүлэхдээ энэтхэгчүүдийн эрх, тэгш эрхийн төлөөх тэмцэлд нэгдсэн юм. Тэнд л тэрээр хүчирхийлэлгүйгээр тэмцэх буюу сатягарха үзэл санааг боловсруулжээ. Ганди 1915 онд Энэтхэг орондоо буцан ирэв. Гэхдээ дэлхий дахин түүний талаар 1930 онд ярьж эхэлсэн. Тухайн жил тэрээр дэлхийд алдартай “давсны аян” гэж дэлхийд алдаршсан давсанд татвар ногдуулахын эсрэг жагсаал зохион байгуулсан билээ.
1882 онд баталсан Британийн хуулиар Энэтхэг Улсад давс олборлох, үйлдвэрлэх монопол эрхийг Их Британид олгож, дөрвөн мянган хувийн татвар хураадаг байв. Бие даан давс олборлохыг эрүүгийн гэмт хэрэгт хүртэл тооцдог байжээ. Далай, нуурын эрэг дээр амьдардаг ямар ч энэтхэг хүн давсыг хялбархан олборлож чадах асан ч бүгд л колончилогчдын Засгийн газраас худалдан авахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ хуулийг эсэргүүцэн Ганди 80 дэмжигчийн хамтаар хуучирч, нурсан давсны жижиг үйлдвэрүүд байх Арабийн тэнгисийн эрэг дээрх Данди тосгон руу хөдөлжээ. Тэрээр хүмүүсийг дагуулан ямар нэгэн зөвшөөрөл, татваргүйгээр бие даан давс олборлохоор замд гарсан. Үүгээр Ганди зөвхөн давсны төлөөх тэмцэл бус, харин шинэ нийгмийн үзэл санааг дэвшүүлсэн юм. Тэрээр өөрийн биеэр цайны халбага давс олборлосны төлөө баривчлагдаж байв.
“Ганди жинхэнэ стратегич хүн байсан. Тэрээр хамгийн үнэнч 80 дагалдагчаа дагуулж явсан. Дандид хүрэлцэн ирэхэд тэд олон мянгуулаа болсон байлаа. Ганди дэмжигчдийн хамтаар 23 хоног явган явсан. Ингэхдээ аль болох олон тосгоныг дайран өнгөрөх замыг сонгосон байна. Асуудал давсанд байгаагүй. Давс бэлгэ тэмдэг байсан юм. Ийм аргаар тэрээр өөрийн үзэл санааг дэлгэрүүлж байсан” гэж “Ашрам Сабармати” музейн захирал Атул Пандя онцолжээ. Гужарат мужийн Ахмедабад хотод байрлах энэхүү ашрамд Ганди эрх тэгш, шударга нийгэмлэгийг байгуулахыг оролдож, эл үлгэрлэлээ орон даяар түгээхийг мөрөөдөж байв. Сабарматигаас тэрээр давсны аянд мордсон билээ.
Энэтхэгт мэргэдийн оршин суудаг байрыг “ашрам” гэдэг бөгөөд шашны гүн утгыг агуулдаг. Гэвч Ганди ашрамыг Энэтхэгийн тусгаар тогтнол, ирээдүйн үзэл санааг хэлэлцэх төв гэдгээр хүлээн авахыг санал болгож байв. Сабармати шиг том аж ахуйг удирдаж, авч явахад санхүүгийн болон хүний нөөц шаардлагатай. Тиймээс Гандигийн дэмжигчид гараар нэхсэн хувцас өмсөж, газраа боловсруулж, өөрөө өөрсдөдөө үйлчилж, хүмүүст эрх тэгш, шударга орчинд амьдрах ухаанд сургаж чадна хэмээн бусдад ухуулдаг байсан гэж Пандя тайлбарлажээ.
Түүний хэлснээр, Британийн эрх баригчидтай хийх хэлэлцээ хүртэл ашрамд болдог байсан аж. Британийн түшмэлүүдээс гадна тэнд ирээдүйн тусгаар Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неру, түүний анхны орлогч Валлабхаи Пател, Энэтхэгийн анхны ерөнхийлөгч Ражендра Прасад зэрэг үндэсний удирдагчид удаан хугацаагаар амьдарч байжээ.
Тэгш эрхт хүмүүсийн нийгэмлэг
Энд цаг хугацааны янз бүрийн үед эрэгтэй, эмэгтэй, янз бүрийн давхаргаас гаралтай 500 хүртэлх тооны хүн амьдардаг байсан байна. Ашрамд хэдэн цагт босох, хэн ямар ажил, үүрэг гүйцэтгэхийг заасан хатуу дүрэм үйлчилдэг байжээ. Энд тэгш эрх үйлчилдэг байсан гэж Пандя онцолсон байна.
Өнөөдөр энэ ашрам музей болжээ. Цагтаа Сабармати голын эрэг дагуу үзэсгэлэнт газар байрлаж байсан бол өнөөдөр музей шинэ хоттой хаяа дэрлэж, голын эрэг бетоноор хучигджээ. Махамтагийн дэмжигчид амьдарч асан хэд хэдэн байр хадгалагдан үлдсэн бөгөөд өдгөө тэнд хотын захиргаа, лекцийн танхим, номын сан байрлажээ. Гэхдээ Гандигийн амьдарч байсан байшинг харлан хамгаалж буй. Түүний даруухан тавилгатай өрөөг таяг, хувцасны шүүгээ, ор, нэхмэлийн хэрэгсэл чимдэг. Ганди нийгэмлэгийн бүх гишүүдийн адил утас ээрдэг байв.
Гандигийн амь насыг хөнөөсний дараа /Энэтхэг тусгаар тогтнолоо олсны дараа 1948 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр түүний индүүс, лалын шашинтай хүмүүс энх тайвнаар зэрэгцэн орших тухай номлолыг нь эсэргүүцсэн индүүс шашинд хэт итгэгч буудсан/ үндэсний удирдагчид энэ газрыг музей болгосон юм. Өдгөө энэ нь зүгээр нэг музей бус, дэлхийн хэмжээний төв болжээ. Өдөр бүр энд дэлхийн өнцөг булан бүрээс гурван мянга орчим хүн ирдэг гэж музейн захирал өгүүлжээ.
Музейн гол үзмэрүүд нь утасны ээрүүл. Утасны гар ээрүүл гандизмын бэлгэ тэмдэг болжээ. Махатма гар үйлдвэрлэлийн ачаар ажилгүйдлийг арилгаж, хүн бүрийг талхтай болгож болно гэж итгэдэг байв. Үүнийг Ганди “хүчирхийлэлгүй эдийн засаг” гэж нэрийддэг байсан бөгөөд том хэмжээний капиталист үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн хүчирхийлэл, тэгш бус байдал, шударга бус байдалд хүргэнэ гэж итгэдэг байсан. Тиймээс тусгаар тогтносон Энэтхэгийн тугийн анхны хувилбарт ээрүүлийг дүрслэхийг санал болгож байсан ч хожим үүнийг мөнхийн хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон чакрагийн хүрдээр сольсон байна.
Ганди эх орноосоо британчуудыг гаргахын төлөө тэмцэхээс гадна Сарводая буюу хүчирхийлэлгүй, эрх тэгш байдал ноёрхсон Энэтхэгийн төлөө тэмцэхийг уриалж байжээ. Тэр улсад даруухан хэдий ч шударга хөдөлмөрөөр амьдардаг. Тийм нийгмийн загвар хожим нь гандизмын үзэл санааны музей болсон Сабармати ашрамд бүрэлдэж байв.
ОЮУН УХААНЫ ТЭМЦЭЛ
Гэхдээ Энэтхэгийн ирээдүй өөрөөр эргэсэн. Энэтхэг нь өнөөдөр томоохон аж үйлдвэр, мэдээллийн технологийн эдийн засаг, сансрын технологийг хөгжүүлж буй капиталист улс. Гараар утас ээрэх үйлдвэрлэлийг жижиг тосгод, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхийн музейнүүдэд л харж болно. Гандигийн стилиэр гартаа ээрүүл барьж гэрэл зургаа татуулах дуртай зарим улстөрчид үнэтэй машин хөлөглөн, өөр өөрсдийн ажлаа амжуулна.
Энэтхэгийг Сарводая орон гэж хэлэх хэцүү. Тус улсад тэгш бус байдал, нийгмийн давхаргын ялгаа амь бөх оршсоор. Махатмагийн дэмжигчдийн Сабармати ашрамд дахь амьдралаас орчин үеийн энэтхэгчүүдийн амьдралын хэв маяг, стиль тэс өөр.
Гэхдээ энэ нь Гандигийн номлол хий хоосон зүйл байсан гэсэн үг бус. Орчин үеийн Энэтхэгт түүний хөтөлбөр гэнэн утопи үзэл мэт санагдах. Гэхдээ тухайн үед сая сая хүн хувьсгалд бус, цуст эргэлтэд бус харин түүнд л итгэсэн. Хүмүүс Ганди, түүний тайван, хүчирхийлэлгүй тэмцлийн тухай номлолыг дагасан.
Гандигийн энэ арга зам Британийн эрх баригчдыг буланд шахсан. Тэрбээр англи бараа худалдан авах, британийн төсөвт татвар төлөх, хүүхдүүдээ англи сургуульд өгөхөөс татгалзах санааг агуулж байв. Түүний үзэл санаа нь колончлогч улсын эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзах явдал. Нэгхэн цайны халбага давс олборлосон хүнд хэр хугацаагаар хорих ял оноодог байсан гэж үү? Ганди шоронд хэдэн сар хоригджээ. Тухайн үед 80 мянга орчим хүнийг баривчилсан бөгөөд энэ түүхийг дэлхий дахин мэдсэн.
Махатма эдийн засгийн тэмцэлд гол анхаарлаа хандуулж, британи хүнд Энэтхэгт байх ашиггүй болгохыг зорьж байсан. Түүндээ ч хүрсэн. Хамгийн гол нь Ганди нийгмийн санаа бодлын төлөө тэмцэхийн чухлыг ойлгосон. Ард түмэнтэй тэдний хэлээр ярих чадвартай байхын чухлыг. Хүмүүст дхоти банзал өмссөн мэргэн хүний төрх Энэтхэгийн европ хувцастай либерал улстөрчдөөс илүү дотно байсан.
Махатма зөвхөн энэтхэгүүдийн бус, британчуудын оюун ухааны төлөө тэмцэхийн чухлыг анх олгосон хүн. Гандигийн дэмжигчид ямар ч эсэргүүцэлгүй цагдаад бороохойдуулж буй тухай мэдээ дэлхийд түгсэн. Британийн нийгмийн санаа бодол энэтхэгчүүдэд тусгаар тогтнолыг нь олгохын төлөө эргэж эхлэв. Хэрэв энэтхэгүүд британчуудыг хядаж эхэлсэн бол энэ санаа бодол тэс өөр байх байсан.
Английн түүхч Арнолд Тойнби “Ганди бидэнд Энэтхэгээс уур хилэн өвөртлөлгүй, нэр хүндтэй явах боломж олгосон. Тиймээс бид түүний өмнө өртэй. Эзэнт гүрэнтэй байх нь түүнээс ангижрахаас хамаагүй хялбар шүү дээ” гэж нэгэнтээ бичиж байв. Энэ бол Сабармати ашрамд өөрийн гараар утас ээрдэг байсан эгэл бус гүн ухаантны агуу гавьяа юм.
Сэтгэгдэл ( 2 )
UHEJ HEVTSEN SHIZOTOI UVGUN,BUHEL BUTEN PAKISTANIG ENETHEGIIN GAZARAAS TASDAJ UGUUD BAIHDA YAAHAVDE
Ter libetar uzelten baisan