Өсвөр насныхан нэгнээ гадуурхах нь сэтгэл гутралд оруулах шалтгаан болдог

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

Дэлхий дахинаа жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг угтаж сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярилцлага хүргэж байна. Нийгмийн хөгжлийн явцад хэт их стресс бухимдал нэмэгдсэнээс болж сүүлийн үед сэтгэл гутралд өртөж, амиа хорлох үзэгдэл нэмэгдэх болсон. Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлолтын 2055 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн ажээ. Энэ үзүүлэлт манайх шиг цөөхөн хүн амтай оронд маш өндөр тоо юм. Нийгмийн сэтгэл зүй тогтворгүй байгаа нь тухайн улсын эдийн засагтай холбоотой талаар судлаачид ярьдаг ч сэтгэл гутрал нь ямар, ямар хүчин зүйлээс үүдэлтэй хийгээд хэрхэн даван туулах талаар, мөн сэтгэл гутралд хамгийн их өртөмхий бүлэг болох өсвөр насныхны онцлогийн талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн Сэтгэл судлаач А.Одонтуяатай ярилцлаа.

-Сэтгэл гутрал нь ямар, ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Сэтгэл гутрал гэдэг шалтгаан тодорхойгүй байдлаас урт хугацаанд үүссэн стрессээс болж  үүсдэг. Удаан хугацаагаар асуудлаа шийдэж чадаагүй явснаас амиа хорлох шийдвэр хүртэл гаргадаг аюултай өвчин. Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур байх, уйтгартай болох, аливаа юмыг хийх идэвх, сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол багасах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжээр илэрдэг. Мөн аливаа зүйлд өөрийгөө буруутган бодох, өөрийгөө бусдаас доогуур үнэлж хэнд ч хэрэггүй болсон хүн гэж голох, биеийн жин буурах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах шинжүүд ажиглагдана. Дээр дурдсан шинж тэмдгүүд нь олон давтагдах тусам улам архагшдаг учраас хүний өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэлдүүлэх чадваргүй болгох, ажлын бүтээмж муудах, эргэн тойрныхондоо таагүй харилцаатай болж үл ойлголцох зэргээр өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

 

Анги хамт олны нэгнээ гадуурхах үзэгдэл, царай зүсээр нь, гадаад үзэмжээр нь, сурлагаар нь гадуурхах, олноороо нийлж, дээрэлхэх, үг хэлээр гутаан доромжлох зэрэг нь гадуурхагдсан хүүхдэд хүндээр тусаж, маш их эмзэглэн шархалдаг. Энэ байдлаас болж анги хамт олноосоо хөндийрөх, сургуульдаа явах дургүй болдог. Өсвөр насныхны хувьд найзгүй болно, ганцаардана гэдэг маш том сэтгэл гутралын шалтгаан байдаг.

 

-Сүүлийн үед нийгмийн сэтгэл зүйн асуудал ихсэх болсон хүчин зүйлийг тайлбарлавал?

-Дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар сүүлийн нэг жилд 20 хүн тутмын нэг нь сэтгэл гутралд орчихсон байна гэж үздэг. Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэн нас барж байна. Монголд жил ирэх тусам нийгмийн сэтгэл зүйн асуудал хөндөгдөх болсон нь улс орны хөгжил, техник технологийн хөгжлөөс гадна хүний хөгжитэй  холбоотой. Цахим эринд ямар ч шүүлтүүргүй мэдээллээр тархиа дүүргэх, замын түгжрэл, хүмүүсийн харилцааны соёл, ажлын байрны дарамт, эдийн засгийн хангалтгүй байдал, гэр бүлийн таагүй уур амьсгал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Энэ бүхнээс байгууллагын уур амьсгалыг онцолмоор байна л даа. Хүн амьдралынхаа ихэнх хувийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Хамт олны нэгдмэл бус байдал, үл ойлголцох, дарамт шахалттай байх,  ажлыг нь үнэлэхгүй байх зэрэг нь сэтгэл гутралын томоохон шалтгаанд тооцогддог. Магтаал, урамшуулалгүй газар хүн тогтдоггүй шүү дээ. Энэ бол тусдаа ярих том асуудал. Байгууллага, хамт олон, удирдлагаараа ажлын байран дээрх сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт авах шаардлагатай байдаг.

-Сэтгэл гутралд ямар бүлгийн  хүмүүс өртөж байна вэ?

-Хүний амьдралд тохиолдох гуниг зовлон, уй гашуу, хүнд даваа, сорилтын үед гардаг сэтгэл гутралын үзэгдэл нь нийгмийн үзэгдэлтэй холбоотой.  Дэлхийн түвшинд сэтгэл гутралыг даван туулах чадварыг нийгмийн эрүүл мэндийн судалгааны үнэлгээгээр тогтоох арга бий. Энэ үнэлгээгээр иргэдийн дунд туршилт хийхэд зарим хүн уй гашууг удаан хугацаагаар өөртөө тээж, жилийн турш уй гашууд автдаг бол зарим нь сарын дараа тайвширч, мартагнах, өөр зүйлд өөрийгөө сатааруулах аргаа олсон байдаг л даа. Өөр нэг жишээ бол хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн сэтгэл гутрал байна. Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг бөгөөд үүний 2.3 хувийг нь сэтгэл гутрах эмгэгтэй иргэд эзэлдэг. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй болсон ч хүндрэл бэрхшээлийг даван туулж, өөдрөг үзэл бодлоор сэтгэлээ өргөж, жирийн хүн шиг ажиллаж, амьдарч байгаа ч хүн байна. Эсрэгээрээ энэ байдалдаа гутарсаар байгаад эмгэг рүү шилжсэн ч хүн байна. Тиймээс сэтгэцийн эрүүл мэнд хэвийн байхад найз нөхөд, ахан дүүсийн анхаарал, халамж чухал юм. Мөн сэтгэл гутралд өртөх магадлалтай нийгмийн давхаргад ахмадууд, эмзэг бүлгийнхэн, өсвөр насныхан, оюутнууд ихээр өртдөг. Ялангуяа элсэлтийн шалгалт нь болж байгаа оюутан сурагчид, сэтгэл санаа болон бие физиологийн өөрчлөлт явагдаж буй өсвөр насныхан байна.

-Танай байгууллагад зорьж ирж энэ талаар зөвлөгөө авч байгаа үйлчлүүлэгчдийг насны хувьд онцолбол?

-Залуучууд, өсвөр насныхан буюу 14-30 насныхан ихэвчлэн ирж зөвлөгөө авдаг.  Үүнээс өсвөр насныхныг өнөөдөр онцолж ярих шаардлагатай асуудлын нэг. Өсвөр үеийнхний буюу 11-17 насны хүүхдийн хорь гаруй хувь нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож байсан бол арав орчим хувь нь амиа хорлох оролдлого хийж байсан тухай “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа 2013”-д тэмдэглэсэн байдаг бол манай улсад хийсэн судалгаагаар дөрвөн хүүхэд  тутмын нэг нь амиа хорлох тухай боддог гэсэн тоо баримт бий. Анги хамт олны нэгнээ гадуурхах үзэгдэл, царай зүсээр нь, гадаад үзэмжээр нь, сурлагаар нь гадуурхах, олноороо нийлж, дээрэлхэх, үг хэлээр гутаан доромжлох зэрэг нь гадуурхагдсан хүүхдэд хүндээр тусаж, маш их эмзэглэн шархалдаг. Энэ байдлаас болж анги хамт олноосоо хөндийрөх, сургуульдаа явах дургүй болдог. Өсвөр насныхны хувьд найзгүй болно, ганцаардана гэдэг маш том сэтгэл гутралын шалтгаан байдаг. Үүнээс гадна өсвөр насныханд бие бялдрын өөрчлөлт орсноос болж өөрөөсөө ичих, бусадтай өөрийгөө харьцуулах, өөрийгөө бусдаас өөр юм байна гэж гутрах, өөрийгөө тусгаарлах үзэгдэл гардаг. Тиймээс бие, физиологийн хувьд өөрчлөлт гарах нь зүй ёсны хэрэг гэдгийг багш болон эцэг эхчүүд, ах эгч нар нь эртнээс ойлгуулах, сэтгэл санааны дэм өгч, өөрийнхөө туршлагаас хуваалцах, найз нөхөд шиг нээлттэй ярилцах хэрэгтэй.

 

-Өсвөр насныхны сэтгэл зүйн онцлог эмзэг, мэдрэмтгий болж  байгаа энэ үед эцэг эхчүүд хэрхэн хүүхэдтэйгээ харьцах ёстой вэ?

-Өсвөр насныханд “Би” гэдэг үзэл нэмэгдэх, биеэ даах хүсэл эрмэлзэлтэй болдог. Тэд өөрийнхөө хүсэж байгаа түвшинд хүрч чадахгүй, бусад хүмүүс өөрийг нь ойлгохгүй байгаа тохиолдолд сэтгэл гутралд өртдөг. Тэд гэр бүлийн орчноосоо хөндийрч, гадаад орчинд, найз нөхөд, үе тэнгийнхэндээ илүү цагийг зарцуулахыг хүсээд байдаг. Мөн бие бялдрын хөгжил, бэлгийн бойжилт маш хурдацтай явагдаж, нэгнээ шохоорхоно. Энэ үед эцэг эхчүүд болон эрүүл мэндийн боловсролын хичээлээр хангалттай мэдлэг олгоогүйгээс хүүхэд эрсдэлтэй зан үйлд татагдах магадлалтай. Найз нөхдийн дам ярианд автах, итгэх, уруу татагдах зэргээр буруу алхам хийх магадлал маш өндөр. Сүүлийн үед өсвөр насны охидын жирэмслэлт маш их болсон. Үүнээс сэргийлэхийн тулд ойр дотны хүн нь маш сайн ярилцагч, зөвлөгч нь байх нь чухал гэдгийг дахин хэлье.

-Монголчууд ер нь бүрэг ичимхий, дотогшоо хүмүүс. Эцэг эхчүүд хүүхдээ өлсгөхгүй, дааруулахгүй л байвал  болоо гэж боддог шиг?

-Дорнын хүмүүс дотогшоо гэдэг нь үнэн л дээ. Хүүхдүүдтэйгээ нэг их найзархаж, нээлттэй харьцаад байж чаддаггүй. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ буруу харьцах, аашлах, зэмлэх, шийтгэх зэргээр буруу хандсанаас болж хүүхэд өөрт тохиолдсон  бэрхшээлээ дотроо хадгалах, хаалттай болох хандлага гардаг. Хэрэв эхнээсээ нээлттэй харьцдаг байсан бол эртхэн асуудлыг шийдвэрлэж, хүндрүүлэхгүй байх боломж бий. Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа бол би үр хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй ажиллаж, хөдөлмөрлөж байна. Энэ  нь л хүүхдэдээ хайртай байгаагийн илрэл гэж ойлгодог. Гэтэл хүүхэд чинь танаас мөнгө хүсээгүй, хангалуун амьдрал хүсээгүй, хайр л хүсэж байдаг. Өөрийг нь сонсоосой, ойлгоосой л гэж хүсдэг.

-Өсвөр насныханд зайлшгүй тулгамддаг асуудлаас сэтгэл гутралд орсон ямар, ямар жишээ олон байдаг вэ?

-Хэрвээ эцэг эхчүүд өөрсдийгөө хүүхдэдээ зөвлөх, чиглүүлэх, туслах туршлага дутмаг гэж үзэж байгаа бол эрүүл мэндийн байгууллага, сэтгэл зүйчид, сургуулийн эмч, өсвөр насныханд туслах кабинетэд хандаж болно шүү дээ. Бүтэлгүй хайр дурлал, гэр бүлийн архидалт, хүчирхийлэл, аав, ээж нь салах, хүүхдээ үл хайхрах  гээд олон шалтгаан бий л дээ. Өсвөр насныхан дунд түгшүүр зовнилд оруулдаг нэг зүйл бол охидын үзлэг юм. Зарим хүүхэд цочролд орсон ч тохиолдол байдаг. Бие рүү нь хүн халдах гээд байгаа юм шиг мэдрэмж төрнө шүү дээ. Тиймээс эмч нар төдийгүй ээжүүд  энэ сэдвийг охиддоо эртнээс хэлж, ойлгуулах хэрэгтэй.

-Сүүлийн үед цахим орчинд гарсан гэмт хэргийн тоо нэмэгдэх болсон. Өсвөр насныхан энэ гэмт хэрэгт өртөх магадлал өндөрт тооцогддог?

-Өсвөр насныхны 50 гаруй хувь нь 2-3 цахим хаягтай байна. Нэг хаягаар нь багш, ангийн хамт олонтойгоо, нэг хаягаар нь гадаад орчинтой, нэг хаягаар нь ах дүү, гэр бүлийнхэнтэйгээ харьцдаг. Энэ нь муу санаа сэдэлтэй том хүмүүсийн хараанд олзлогдох, цахим гэмт хэрэгт өртөх эрсдэлийг дагуулж байна. Хүүхэд өөрийнх нь санаа бодол, хийж буй зүйлсийг хүлээн зөвшөөрөхгүй, хориглох мэргэжил сонголтод нь өөрийн дураар оролцох тусам хүүхэд чинь өөртөө хаалт үүсгэж, танаас зугтааж эхэлдэг. Энэ байдлаас болж хүүхэд уур уцаартай болох, найз нөхдөдөө түүнийгээ хуваалцах, цахим орчноос буруу мэдээлэл авах, донтох зэрэг байдалд ордог.  Хөвгүүдийн тухайд гэмт хэрэгт холбогдох, архи уух, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх гээд олон дадал зуршилд татагдах магадлал өндөр.  Энэ нь охидод ч гэсэн хамаатай.

 

Өсвөр насныхны 50 гаруй хувь нь 2-3 цахим хаягтай байна. Нэг хаягаар нь багш, ангийн хамт олонтойгоо, нэг хаягаар нь гадаад орчинтой, нэг хаягаар нь ах дүү, гэр бүлийнхэнтэйгээ харьцдаг. Энэ нь муу санаа сэдэлтэй том хүмүүсийн хараанд олзлогдох, цахим гэмт хэрэгт өртөх эрсдэлийг дагуулж байна.

 

-Хүүхдүүд цахим орчинд хэт донтож, эцэг эхтэйгээ ярилцаж ойлголцох цаг хугацаагаа интэрнетэд зориулаад байгаа нийтлэг үзэгдэл ихэссэн. Энэ үед эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн хандах вэ?

-Хамгийн түрүүнд хүүхдээ хэнтэй нийлээд байна вэ гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Найз нөхдийн нөлөө сэтгэл гутралд чухал үүрэгтэй. Томчууд өөрсдөө цахим орчинд ихэнх цагаа өнгөрөөдөг хэр нь хүүхдээ утсаар оролдлоо гэж загнадаг нь буруу. Та бол хүүхдийнхээ үлгэр дуурайл.  Интэрнетийг нь хязгаарлах, утсыг нь булаах зэргээр бүдүүлэг үйлдэл гаргах бол хүүхдийнхээ дургүйцлийг нь төрүүлж өөрөөсөө улам холдуулдаг. Үүний оронд ярилцах хэрэгтэй. Эхний ээлжинд тав таван минутаар ярилцах хугацаагаа ахиулж, бага багаар ойртон дотносох, хамт дуртай зүйлийг хийх зэргээр өөртөө дасгаж, аажим аажмаар сэтгэлийг нь нээх хэрэгтэй.

-Ямар нэгэн зовнил, шаналан, уур бухимдлыг сэтгэл дотроо удаан тээж явсаар сэтгэл гутралд орчихоод байгаа хүүхдэд даван туулах, сэтгэлийн хат, чадварт хэрхэн дасгах вэ?

-Даван туулах чадвар өндөр ард түмэн хөгждөг. Томчуудын хувьд нойргүйдлээс салахын тулд эм уугаад байдаг. Энэ бол маш  буруу. Өөрийгөө амраах, тайвшруулах, хөгжим сонсох, өөрийгөө баярлуулах, магтах, хайрлах хэрэгтэй.  Хүүхдийн тухайд хүүхдээ хайрлан энхрийлж, юу хүсээд байгааг нь сонсож, бие даалгаж сургах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ уулын оройд хөтлөөд гарах биш аль жимээр, хэрхэн гарах вэ гэдэг аргыг нь зааж, өөрөөр нь сонголт хийлгэх хэрэгтэй байна. Кино, жүжиг үзэх, хамт зугаалах, дасгал хөдөлгөөн хийх, сургалт дамжаанд хамрагдах, орчноо солих зэргээр хүүхдээ сэдэлжүүлэх зүйлийг хайж олох хэрэгтэй.  Өсвөр насныхны хувьд хамгийн сайн туслагч нь эцэг эх, багш, гэр бүлийн орчин юм шүү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(150.129.142.29) 2019 оны 10 сарын 06

ЭНЭ МАШ ЗӨВАСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ. ДАНДАА ДАРАМТАЛДАГ. ТЭДГЭЭР ТӨРӨЛХИЙН ХАРГИС ХҮҮХДҮҮДИЙГ НИЙГМЭЭС ХОЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Top