Турк улс Сирийн курдуудын байрлалд цохилт өглөө

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

Туркийн нисэх хүчин Сирийн хойд Хасеке муж дахь Ардчилсан Сирийн хүчний араб, курдуудын байрлалд цохилт өглөө гэж Ливаны al-Mayadeen суваг мэдээлжээ.

Ардчилсан Сирийн хүчин Сирийн Турктэй залгаа хилийн бүсийг АНУ-ын цэргүүд орхин гарснаар курдуудын холбоотон нэгтгэлүүдтэй хийсэн тохиролцоогоо зөрчлөө гэж мэдэгдэж байсан. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-ын хүчнүүд Туркийн курдуудын нэгтгэлүүдийн эсрэг хийх цэргийн ажиллагаа болох газар нутгийг орхин гарч байна гэж мөн мэдэгдэж байсан юм.

Агаарын цохилтоос учирсан хохирлын талаар мэдээлэл одоогоор ирээгүй байна.
Сирийн төрийн Ikhbariya суваг Телл-Тавил тосгоны орчим байрлаж буй Ардчилсан Сирийн хүчний байрлал руу цохилт өгсөн талаар мөн мэдээлжээ. Сирийн Sham FM радиогийн мэдээлснээр, Туркийн нисэх хүчин Ирактай залгаа Сирийн хилийн шалган нэвтрүүлэх боомтод цохилт өгсний улмаас хоёр гүүр нуржээ.
Энэ үеэр Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифтай утсаар ярьж, Турк улс Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг гээд энэ бүс дэх Туркийн ажиллагаа түр зуурынх гэж онцолжээ.

Мохаммад Жавад Зариф Тегеран цэргийн ажиллагааны эсрэг байр суурийг баримталж байгаа гээд Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Сирид тогтвортой, аюулгүй байдлыг тогтоох шаардлагатай гэж онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Турк улс зөвшөөрсөн хэм хэмжээнээс хэтэрвэл Туркийн эдийн засгийг сүйрүүлнэ гэж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан анхааруулжээ. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган АНУ, Турк улс аюулгүй бүс байгуулах талаар тохиролцож байсан Сиритэй залгаа хилийн орчим цэргийн ажиллагаа явуулна гэж мэдэгдэж байсан билээ. Эрдоганы үзэж буйгаар, АНУ-ын эрх баригчид энэхүү амлалтаа биелүүлээгүй тул цэргийн ажиллагааг эхлүүлнэ гэж энэ сарын 1-ний өдөр мэдэгдэж байсан билээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш талуудыг дээд зэргийн тайван байдлаар хандахыг уриалсан байна. Тэрбээр энгийн иргэд болон дэд бүтцийг хамгаалах, энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн аюулгүй хүргэх боломжийг хангах баталгаа өгөх ёстой гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top