Боинг сансрын аялал жуулчлалд 20 сая ам.долларын хөрөнгө оруулна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

АНУ-ын “Боинг” корпорац жуулчдыг сансарт аялуулахаар төлөвлөж буй Британийн “Virgin Galactic” компанид 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Энэхүү хөрөнгө оруулалтаараа “Боинг” корпорац сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчлүүлэгчдийнхээ шинэ бөгөөд аюулгүй тээврийн хэрэгслээр зорчих боломжийг өргөжүүлэхийг зорьж байна гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.

Энэ оны долоодугаар сард The Wall Street Journal сонин Британийн “Virgin Galactic” компани санхүүжилтийн нэмэлт эх үүсвэртэй болох үүднээс “Social Capital Hedosophia” компанитай нэгдэн корпорац үүсгэн байгуулж, жуулчдыг сансарт тогтмол аялуулах тухай зарласныг мэдээлж байсан билээ.  

“Virgin Galactic” нь сансрын аялал жуулчлалын салбарт хүчээ сорихоор төлөвлөж буй хувийн компаниудын нэг юм. Энэ чиглэлээр мөн Blue Origin, SpaceX зэрэг компаниуд ажиллаж байгаа. Энэ оны хоёрдугаар сард “Virgin Galactic” гурван гишүүнтэй баг бүхий “SpaceShipTwo” сансрын хөлгийг туршилтын журмаар хөөргөж байжээ. Сансрын хөлөг 90 км өндөрт гарсан байна.

Тус компанийн 100 км өндрөөс дэлхийгээ харах хоёр цагийн аяллын үнэ 250 мянга орчим ам.доллар байх гэнэ. “SpaceShipTwo” хөлөг хэзээнээс эхлэн аялалд гарах нь тодорхойгүй байгаа ч одоогоор 650 гаруй тасалбар зарагдаад байна. Леонардо Ди Каприо, Том Хэнкс, Анжелина Жоли зэрэг Холливудын одууд сансарт нисэх тасалбар худалдан аваад байна гэж тус компаниас мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top