Дэлхий дахинаа жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг амь аврах “40 секундын үйлдэлд нэгдэцгээе” уриан дор дэлхий нийтээрээ амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх асуудалд анхаарал хандуулах зорилготой тэмдэглэн, өнгөрүүлж байна.
Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба “40 секунд тутамд нэг хүн амиа хорлон” нас барж байна гэсэн судалгаа бий. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг ба өдөрт 500 хүн амиа хорлодог тухай ДЭМБ мэдээлжээ.
ДЭМБ-аас гаргасан Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орныг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь бага руу эрэмбэлэхэд Монгол Улс долоодугаар байрт, сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали ба Шинэ Зеланд улсын дараа гуравдугаарт, зуун мянган хүн амд амиа хорлож нас барах тохиолдлын тоогоор зургаадугаарт тус тус жагсаж байна.
Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын нэг нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэжээ. Сэтгэл гутрал нь голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг ба үүний 2.3 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна. Мөн Монгол Улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг ба сөрөг үр дагавар нь амиа хорлох явдал юм.
Манай улсад 1992-2013 онд хийсэн судалгаагаар жил ирэх тусам амиа хорлох тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой нь тогтоогджээ. Тиймээс амиа хорлолт нь нийгмийн тулгамдсан асуудал учир амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажилд боловсрол, хөдөлмөр, хөдөө аж ахуй, бизнес, хууль эрх зүй, батлан хамгаалах, улс төр, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарын хамтын ажиллагаа шаардлагатай байдаг. Эдгээр салбаруудын хамтын үйл ажиллагаа цогц байх ёстой ба зөвхөн эрүүл мэндийн салбар амиа хорлолтын асуудлыг шийдвэрлэх боломжгүй болохыг мэргэжилтнүүд хэлж байна.
Хэрэв таны ойр дотнын хүн амиа хорлох бодол болон төлөвлөгөөнийхөө талаар тантай ярилцаж байвал мэргэжлийн эмч болон эмчид хандах шаардлагатай. Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх бүх мэдээлэл, зөвлөгөөг 1800-2000 утсанд хандаж мэргэжлийн эмчээс авах боломжтой юм. Иймд та бүхэнд дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан амь аврах “40 секундын үйлдэлд нэгдэцгээе” уриалгад нэгдэхийг зөвлөе.
Сэтгэгдэл ( 0 )