Сирийн дайны үеэр 10 мянга орчим археологийн үнэт дурсгалыг устгажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

Сирийн засгийн газрын эсрэг бүлэглэлүүд болон тоногчид сүүлийн найман жилд Сирийн газар нутаг дахь 10 мянга орчим археологийн үнэт дурсгалыг устгаж, тонон дээрэмджээ. Эдгээр дурсгалуудын зарим нь таван мянга гаруй жилийн настай гэж Сирийн эртний эдлэл, музейн ерөнхий газрын дарга Махмуд Хамуд сэтгүүлчдэд мэдээлжээ.

2011 оноос буюу Сирийн хямрал эхэлснээс хойш М.Э.Ө IV мянган онд хамаарах хэд хэдэн соёл иргэншлийн гэрч болсон хот суурины туурь зэрэг 10 мянга орчим түүхэн болон соёлын үнэт өвийг устгаж эсвэл тоносон байна. Тоногчид зарим тохиолдолд бульдозер ашиглан маш богино хугацаанд олон мянган жилийн настай соёлын дурсгалуудыг устгасан тухай Хамуд ярьжээ.

Түүний хэлснээр, Сирийн хилээр хууль бусаар гаргасан археологийн олдворуудын нийт хэмжээ, үнийг тогтоох боломжгүй аж. Сирийн эрх баригчид хар зах дээр хууль бусаар зарагдаж буй археологийн олдворуудыг илрүүлэх ажил хэрэгжүүлж байгаа аж. Хулгайлагдсан үнэт дурсгалууд олон зуун сая ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн дотор зөвхөн Сирийнх бус, мөн Иракийн газар нутагт олдсон үнэт олдворууд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top