Эквадорт үймээн гарч, Ленин зугтжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 13

Өмнөд Америкийн Эквадор улсад эсэргүүцлийн жагсаал болсоор байна. Одоогийн байдлаар 450 хүн шархадсаны 86 нь цагдаагийн ажилтан ажээ. Нийслэл Кито хотод хөл хорьж, бүх сургуулийг хаан, парламент ажлаа зогсоогоод байна. Ерөнхийлөгч Ленин Морено бие хамгаалагчдын хамт нийслэлийг орхиж, Гуаякиль хотод орогножээ.

Засгийн газрын эсрэг хөдөлгөөн долоо хоногийн өмнө эхэлсэн. Олон улсын валютын сангаас тус улсад өгсөн “бүсээ чангалах” үүргийн дагуу Ерөнхийлөгч эдийн засгийн хэд хэдэн арга хэмжээ авсан нь үймээн гарах нөхцөл болжээ. Бензиний үнэ нэмэгдэж, төрийн албан хаагчдын цалин 20 хувь буурч, амралтын өдрийн тоог 30-аас 15 болгон цөөлсөн нь ард түмний уур хилэнг хүргэсэн юм.

Бензиний үнэ нэмэгдсэний дараа такси, ачааны машины жолооч нар Кито орох замыг хааж эхэлсэн.

Удалгүй тэдэнтэй оюутан, тариачид нэгдсэн билээ.

Жагсаалд оролцогчид цагдаа нартай мөргөлдөн, дугуй шатааж, чулуу шидэн, Ерөнхийлөгчийн ордныг эзлэхийг оролдсон. Цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэснээс гадна буун дуу сонсогдож байлаа.

Нийт 700 хүн баривчлагджээ.

Портовьехо хотын шоронгоос үймээнийг далимдуулан, 100 хоригдол оргосны 50-ийг нь барьж чаджээ.

Төрийн эзэмшлийн Petroamazonas EP компанийн гурван нефтийн орд газрыг босогчид эзэлсэн байна.  

Эквадорын уугуул иргэдийн холбоо ч эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдээд байна. Энэ холбоо маш их нөлөөтэй бөгөөд 1997 онд Абдал Букарама, 2000 онд Хамиль Мауада, 2005 онд  Лусио Гутьеррес гэсэн гурван ерөнхийлөгчийг унагааж байлаа.

Ерөнхийлөгч Ленин Олон улсын валютын сантай зөвшилцсөн эдийн засгийн шинэчлэлээ зогсоохгүй гэж мэдэгдсэн ч Уугуул иргэдийн холбооны удирдагчидтай уулзахад бэлэн байна гэж зарласан. Харин уугуул иргэдийн холбооны тэргүүн Хайме Варгас “Эдийн засгийн өөрчлөлтийг зогсоогоогүй цагт ямар ч яриа уулзалт болохгүй. Манай хэд хэдэн хүн амиа алдаж, шархадлаа, нэг хэсэг нь баривчлагдсан. Бид ууртай байна” гэж мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч болж буй явдалд Ерөнхийлөгч асан Рафаэль Корреа, Венесуэлийн тэргүүн Николас Мадуро нарыг буруутгаж байна. Мөн НҮБ-д хандан, тусламж хүсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top