Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2019.10.14/ оны эхний есөн сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн байна. Өмнөх сараас өөрчлөлтгүй гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувиар буурсан хэдий ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Жилийн өмнөхөөс есөн хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.6 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
***
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого есдүгээр сард 872.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 31.5 тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 937.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 111.1 тэрбум төгрөгөөр өсжээ.
***
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад оны эхний есөн сард ажилгүй 58.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 15.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 47.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.1 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 622 хүнээр өсжээ.
***
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны есдүгээр сарын эцэст 20.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 60.9 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны есдүгээр сарын эцэст 889.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 35.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 39.3 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
***
Монгол Улс оны эхний есөн сард дэлхийн 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларт хүрлээ. Харин 2019 оны 9 дүгээр сард экспорт 559 сая ам.долларт, импорт 507.5 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 256.6 сая ам.доллароор, импорт 76.5 сая ам.доллароор тус тус буурчээ.
***
Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 746.2 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 435.5 сая америк доллароор буурчээ. Урсгал данс 807.5 сая ам.долларын алдагдалтай гарахад үйлчилгээний тэнцэл нэг тэрбум ам.доллар, анхдагч орлогын данс нэг тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна.
***
Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний есөн сард хоёр их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 324.3 тэрбум төгрөг, зарлага 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 313.4 тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
***
Манай улсад энэ оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын 100 улсын 10.4 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Харин өмнөх улирлаас таван орноор, ажил эрхэлж буй гадаадын иргэд 648 хүнээр өсжээ.
***
Манай улсын хилээр оны эхний есөн сард давхардсан тоогоор 4.7 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 104.4 мянгаар өсжээ. Улсын хилээр орсон зорчигчдын 37.2 хувь нь Замын-Yүд, 21.2 хувь нь Буянт-Ухаа, 11.9 хувь нь Гашуун сухайт, 11 хувь нь Алтанбулаг, 5.5 хувь нь Шивээ хүрэн, 13.2 хувь нь бусад боомтоор орсон байна
***
Улсын хэмжээнд оны эхний есөн сард 58081 эх амаржиж, 58525 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 488-аар, төрсөн хүүхэд 563 -аар тус тус өсжээ. Харин нас баралт 12723 болж, өмнөх оны мөн үеэс 177-гоор буурчээ.
***
Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа оны эхний есөн сард 52.6 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 131.1 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.4 сая тонноор өсөж, зорчигчид 16.1 сая хүнээр буурсан байна.
***
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 13 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4 их наяд төгрөг, бусад ашигт малтмал олборлолт 6.4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв.
Сэтгэгдэл ( 0 )