Венецийн дүрслэх урлагийн 58-р олон улсын биеннальд Монгол Улс “Агшин Зуур” нэртэй холимог төрлийн үзэсгэлэнгээр оролцож байна. Үзэсгэлэнг энэ оны тавдугаар сард нээсэн ба удахгүй арваннэгдүгээр сарын 24-нд хаалтаа хийнэ.
Дэлхийд хамгийн нөлөөтэйд тооцогддог Венецийн дүрслэх урлагийн биенналийг энэ жил америк гаралтай куратор Ралф Ругоф удирдан ажиллаж байна. Түүний сонголоор боссон олон улсын 1 том үзэсгэлэн, 89 орны үндэсний павильон, 22 дагалдах арга хэмжээ нийлээд 100 гаруй орны 1000 гаруй уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн үзүүлж байгаа юм. Эдгээр үзэсгэлэнгүүд дотроос гурав дахь удаагаа оролцож буй Монгол улсын павильоныг олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүд хамгийн амжилттай төслийн нэгээр тэмдэглээд байгаа билээ.
Монголын павильонд уран бүтээлч Э.Жанцанхоролын орон зайн абстракт баримлууд тавигдаж, тэрхүү орон зайнд хөөмэйч Н.Ашит, Д.Дамдин, А.Ундармаа, Д.Даваасүрэн, зочин уран бүтээлч Карстен Николай (Alva Noto) нар абстракт дуу авиан дүрслэл хийсэн юм. Харин үзэсгэлэнгийн куратораар 2015, 2017 онд Монгол улсыг Венецийн Биеннальд оролцуулах ажлыг санаачлан зохион байгуулсан Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа ажиллаж байна.
“Агшин Зуур” үзэсгэлэн нь олон улсын судлаачид, кураторууд, уран бүтээлчдийн анхаарлыг ихээхэн татаж, ярилцах, бичих сэдэв нь болсоор байна. Тэрээр олон улсад нэртэй олон сэтгүүл “хамгийн шилдэг”, “заавал үзэх ёстой”, ”топ” жагсаалтад оруулж бичжээ. Тухайлбал,
Art News: Нью Йоркод төвтэй, дэлхийд хамгийн нөлөөтэй энэ сэтгүүл 2018.11.14-нд Монголын павильоны үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдэээлэл гаргасан. Венецийн биеннальд оролцож буй орнууд, уран бүтээлчдийн талаархи нийт 30 гаруй мэдээ энд гарснаас хамгийн олон хүн үзэж, хуваалцсан тоогоор Агшин Зуур үзэсгэлэнгийн тухай мэдээ АНУ-ын дараа жагсаж байна.
Christie’s Magazine: Лондонд төвтэй, олон улсад нөлөөтэй дуудлагат худалдааны Кристи төвийн сэтгүүл 2019.04.30-нд “Бидний сонгох шилдэг 10 үзэсгэлэн” гэсэн нийтлэл гаргаж Венецийн биеннальд оролцож буй 89 орноос АНУ, Англи, Франц, Итали, Энэтхэг, Туркийн дараа Монголыг #7 дугаарт бичсэн байна. Тэрээр “ … дэлхий дээр хүн амын нягтаршлаар хамгийн багад ордог Монгол улсын павильон нь биенналийн гол хэсгээс гадуур байрших ба хамгийн гайхалтай үзэсгэлэнгүүдийн нэг болох шинжтэй. Агшин Зуур төсөл нь эртний аман урлагаа нэн орчин цагийн илэрхийллийн хэлбэр лүү хөрвүүлсэн ба уран бүтээлчид нь уламжлал ёсоор байгаль дунд бус хүний гараар бүтээсэн орчинд хөөмэйлэх аж” гэж бичжээ.
Elle Decor: Нью Йоркод төвтэй энэ олон улсын сэтгүүл 2019.05.13-ны өдөр Венецийн биенналийн талаар дэлгэрэнгүй мэдээ нийтэлж, түүндээ “Алтан Арслан шагналыг Литвийн павильон авсан. Гэхдээ бид өөрсдийн сонголтоо хийж байна” гээд Үзэлгүй орхиж үл болох шилдэг 10 павильоны жагсаалтынхаа #1 дугаарт Монголыг бичээд “Уламжлал ба шинэчлэл, өнгөрсөн ба одоо цаг, үнэн ба төсөөллийн ертөнц хосолсон ховсын үзэсгэлэн байлаа” гэжээ.
Monopol Magazine: Хоёр сар тутамд 35.000 хувиар герман хэл дээр хэвлэгддэг энэ сэтгүүл 2019.05.09-ны өдөр Венецийн биенналийн тухай нийтэлж Заавал үзэх топ 10 үзэсгэлэнгийн жагсаалтын #9 дугаарт Агшин Зуур үзэсгэлэнг бичсэн байна.
Rolling Stone: Дэлхийд нэртэй энэхүү олон улсын хөгжмийн сэтгүүл 2019.05.09-ний өдөр Карстен Николай (Alva Noto) болон монгол хөөмэйчдийн дуу авиан хамтарсан төсөл, агуулга, Палацо Грасси дээр болох тоглолтын талаар онцлон бичжээ.
The Art Newspaper: Лондон, Нью Йоркод төвтэй, дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг энэхүү олон улсын сэтгүүл 2019.05.10-ны өдөр Венецийн биенналийн тухай нийтэлж, Заавал үзэх шилдэг 10 павильон жагсаалтын #3 дугаарт монголыг оруулжээ. Нийтлэлийн төгсгөлд “урлагийн агуу бүтээлүүд зүрхнээс төрдөг – гэхдээ – хоолойгоор дамжин бас төрдөг бололтой” гэжээ.
Hyperallergic: Нью Йоркод төвтэй олон улсад нэртэй энэхүү сэтгүүл нь эрин цагийн урлагийн тухай голчлон бичдэг. Тэрээр 2019.05.25-ны өдөр “Венецид чамайг зогсоох 4 үзэсгэлэн” нэртэй нийтлэл бичиж Монголын павильоныг #2 дугаарт дурьджээ. “Агуйг санагдуулам үзэсгэлэнгийн танхимд ормогц байгальлаг төрхтэй нүсэр хэмжээний баримлууд, улаан гэрэл, бүүдгэр орчин угтах ба үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмжийг төрүүлнэ. Хөвсгөр хөөсөн дунд чихэлдсэн труба, овгор товгор гадаргуу зэрэг нь амьд мэдрэмж төрүүлэх ба сүлжилдсэн өрөөнүүд, баримал дунд хадах дуу авиа нь орчлонгоос чамайг таслан холдуулна” хэмээжээ.
EPeak Daily (Олон улсын онлайн сэтгүүл). 2019.05.10. “Венецийн биенналь 2019: Заавал үзэх павильонууд” жагсаалт гаргаж Монголыг #3-т бичжээ.
Designboom (Милан, Нью Йорк, Бээжин төвтэй олон улсын сэтгүүл) 2019.05.16. Хамгийн шилдэг 15 павильоны нэгд Монголын павильоныг оруулжээ.
The Vinyl Factory: Лондонд төвтэй олон улсын сэтгүүл 2019.05.16-ны өдөр “Венецийн биенналь 2019: Мөн чанараа олсон дуу авиа, дүрс бичлэгийн шилдэг бүтээлүүд” гэсэн жагсаалт гаргаж #10–д Монголын дуу авиан төслийг дурьдсан байна.
Midas PR: Лондонд төвтэй олон улсын сэтгүүл 2019.05.16-ны өдөр “Үзэх ёстой топ павильонуудын жагсаалт” гаргаж Монголын павильоныг #3–т бичсэн.
Artificials: Францад анх үүсч, дараа Италид төвхнөсөн олон улсын энэ сэтгүүл дээр 2019.05.16-ны өдөр Венецийн биенналийн тухай дэлгэрэнгүй нийтлэл гарсан. Хотоор таран байршсан үзэсгэлэнгүүд дотроос Монголын павильоныг #3-т дурьдаад үзэсгэлэнгийн агуулгын талаар дэлгэрэнгүй нийтлэл бичсэний төгсгөлд, “Нарийн гудамжин дунд нуугдсан энэ үзэсгэлэн, ер бусын дуу авиа, баримал, улаан гэрэлд умбуулах ба нууцлаг байдлыг өрнүүлнэ... гэжээ.
A-N UK: Лондонд төвтэй олон улсын энэ сэтгүүл 2019.06.04-ны өдөр “Бидний сонгосон павильонууд” гэсэн жагсаалт гаргаж Монголыг #7–д дурьджээ. “Венецийн биенналь дахь хамгийн ер бусын үзэсгэлэнгүүдийн нэг..., жижигхэн өрөөнүүдэд тэнгэрээс буусан солир мэт нүсэр баримлууд байршуулж, зөөлөн трубаг таазнаас битүү дүүжилсэн зэрэг нь давчуу сэтгэгдэл төрүүлмээр ч хөөмэй, электро хөгжмийн дуу авиа нь панорамлаг хүрээ үүсгэж, тэс өөр мэдрэмжийг төрүүлнэ” гэжээ.
Нэгэн сонирхолтой постыг Варшав дахь Азийн модерн, контемпорари урлагийн институтын ерөнхийлөгч Элвира Ээвр Жалтчинова өөрийн Инстаграм хуудснаа бичжээ. Тэрээр "Венец энэ удаа биднийг гонсойлгосонгүй. Гүүглийн чиглүүлэгчтэй будилж явтал хөөмэйн эрчимлэг аялгуу сэрсхийн сонсогдож Венецийн төөрдөг хонгилоос бидний хөтлөөд гаргачихав. Түнэр харанхуй хийгээд асгарах бороон дунд Монголын павильон галав эртний умай лугаа бүчин авч, бөөлөг хэмнэл нь биенналь, Венецийн суваг шуудуу, дүүрэн хүнтэй павильонуудын бүгчим уур амьсгалаас холдуулан биднийг нисгэн авч одсон юм" хэмээжээ.
Түүнчлэн, Италийн Finestre sull’ Arte, In Venice Today, The Art Tribune, ArtsLife, Hestetika, Target Point, Zero, My Art Guide, АНУ-ын One Art Nation, Artsy, Art Review, Art 511 Mag, Арабын Эмират, Ойрхи Дорнодын The National, Францын Le Journal Des Arts, Азийн Art Spectacle, Английн Six Pillars, Германы Exhibitionary, Испанийн Berlin Amateurs, түүнчлэн The Malaysia Sun & The Iran Front Page зэрэг олон улсын сэтгүүл, радио, телевизүүд Монголын павильон, түүний оролцогчдын талаар дэлгэрэнгүй нийтлэл, мэдээллүүд гаргаж заавал очиж үзэхийг санал болгосон байна.
Нээлтийн өдрүүдээр монгол хөөмэйчид, Карстен Николайн хамт үзэсгэлэнгийн орон зайнд дуун авиан дүрслэлийн амьд тоглолтууд хийсэн ба эдгээр тоглолтыг үзэхийг хүсэгчдийн тоо багтаамжаасаа байнга хэтэрч байсныг дурьдах хэрэгтэй. 5-р сарын 10-ны өдөр Карстен Николай болон монгол хөөмэйчид Pinault Foundation-ны урилгаар Венец хотын алдарт Палацо Грасси театрт тоглосон юм. Тус тоглолт нь Венецийн биенналийн нээлтийн үеэр болж байсан зуу гаруй арга хэмжээнээс онцгой анхаарал татсан үйл явдлын нэг болов. Үзэгчид хэдэн цагаар гадаа зогсож, тоглолт эхлэх мөчид театрын бүх суудал болоод шатны хэсэг дүүрч 200 гаруй хүн орж чадалгүй гадаа үлдсэн нь “Агшин Зуур” төсөл хэрхэн олны анхаарал татсаныг илтгэнэ. Үзэгчид дунд загварын ертөнцийн икон хэмээгддэг Michele Lamy, түүний нөхөр алдарт загвар зохион бүтээгч Rick Owens, Японы уран бүтээлч Ryoji Ikeda, визуаль уран бүтээлч, хөгжмийн зохиолч Christian Marclay зэрэг дүрслэх урлаг, хэвлэл мэдээлэл, хөгжим, загварын ертөнцийн олон алдартнууд ирсэн байв.
Одоогоор Итали, Герман, АНУ-д урлагийн чиглэлээр суралцаж буй монгол оюутнууд үзэсгэлэнг танилцуулан Италийн Венец хотноо ажиллаж байна. Тэд өдөрт 200-380 үзэгчид ирж үзэж байна гэсэн мэдээллийг ирүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )