Доналд Трампын “1001 шөнийн үлгэр”

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалаа аваад 1000 хоног өнгөрлөө. Энэ мянган өдөр сонгогчдод хэдэн мянган жиргээ, сөрөг хүчинтэй хийсэн хэрүүл, ОХУ-тай холбогдсон сэжиг, мөрдлөгө, “covfefe” хэмээх шинэ үг, олон тооны хамтран зүтгэгчдээ халснаар нь дурсагдах болно.

“Twitter” түүний зэвсэг

Олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй байсан Барак Обама нарын өмнөх ерөнхийлөгчдөөс ялгаатай нь Трамп “Twitter”-ийг улс төрийн зэвсэг болгон ашигладаг. Тэрбээр жиргээгээр уур хилэнгээ гаргаж, баярласнаа илэрхийлж, дайснуудаа яллан, найзууддаа мэнд дамжуулж, бүр уулзалтаа товлодог. Трамп түүнтэй хоёр Солонгосын хил дээр уулзах хүсэлтэй байгааг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун твиттерээс нь мэдсэн гэдэг. Үнэхээр  тэд тэнд уулзсан билээ.

2017 оны тавдугаар сарын 31-нд Трамп covfefe гэсэн утга битүүлэг үг бичсэн. Ямар нэг юм хэлэх гэж байгаад дутуу орхиод илгээж орхисон магадлалтай ч энэ үг дэлхий нийтийн анхаарлыг татаж, хэдэн долоо хоног ярианы сэдэв болсон юм.

Хатуу ажил олгогч

Мянган хоногийн дотор Трамп АНУ-ын бусад бүх ерөнхийлөгчөөс илүү олон хүн ажлаас нь халсан. Түүний Засгийн газарт ажиллаж байсан 23 өндөр албан тушаалтан ажлаа орхисон. Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг Майк Помпеогоор сольсноос гадна одоогийн байдлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө дөрвөн удаа сэлгэсэн.

“The Guardian-д бичсэнээр Трампын үед Засгийн газрын аппаратаас 51 хүн гарсан гэсэн бол “The Washington Post” халагдсан 60 хүний нэрийг бичжээ. Энэ хүмүүсийн зарим нь ажилд ороод долоо хоногийн дараа халагдсан байна. Мянган хоногийн дотор хоёр Батлан хамгаалахын сайд, ТТГ-ын хоёр захирал солигдсон.

Трамп Ерөнхийлөгчийн хувиар 40 оронд айлчилж, зарим улсын Төрийн тэргүүнтэй тун дотно болсон. Хамгийн ойр тэргүүн гэвэл Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарыг дурдаж болно. Харин Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой тааруу харилцаатай. Хачирхалтай нь дайсагнасан харилцаатай Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун таалагддаг гэдгээ тэр нуудаггүй.

Мексикийн Ерөнхийлөгч асан Энрике Пенье Ньетог муулж, мексикчүүдийг “гэмт хэрэгтэн” гэж нэрлэснээс гадна Хайтиг “бохир нүх” гэж элэглээд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог худалдааны хэлэлцээр дээр тохиролцож чадаагүйнхээ дараа “сулхан амьтан” гэж нэрлэж байв.

Мөрдлөгө өндөрлөж, шүүх ажиллагаа дууссан

Улс төрийн хувьд Трампын 1000 өдрийг харьцангуй амжилттай гэж үзэж болно. Түүнийг сонгуулийн кампанит ажилдаа ОХУ-ын тусламж авсан гэсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Буруугүй нь нотлогдсон. Нэр хүнд өндөр биш байгаа ч Америкийн эдийн засгийн тогтвортой байдал дахин сонгогдоход нь тус болох болно. Трампын хүчтэй өрсөлдөгч Жо Байден Украин дахь хүүгийнхээ бизнесийн улмаас хэрүүл шуугианд хутгалдсан нь түүний хувьд сайн мэдээ. Гэхдээ Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын завсрын сонгуульд Ардчилсан намд ялагдсанаар багагүй шүүмжлэл амссан.  

Нэг ч дайн хийгээгүй

Мянган өдрийн дотор Трамп нэг ч дайн хийгээгүй. Жорж Буш, Билл Клинтон нар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний үедээ Ирак, Югославтай дайтаж байлаа. Харин Трамп цэрэг зэвсгээс илүү улс төр, эдийн засгийн арга хэмжээгээр өрсөлдөгчөө дардаг арга барилтай. 1000 өдрөө Трамп Сириэс цэргээ гаргасан, Афганистанаас удахгүй гаргах шийдвэртэй угтсан. 2017 онд Сирийн Засгийн газар энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн Сирид цохилт өгөх тушаал буулгасан нь түүний цорын ганц байлдаан байлаа. Гэхдээ энэ цохилт өргөн хүрээгээр явагдаагүй тул хохирол бага байсан.

Тэр “ядуурсаар”

Цагаан ордон дахь анхны тэрбумтан ерөнхийлөгчийн хөрөнгө багассаныг Forbes сэтгүүл мэдээлсэн. 3.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Трамп одоо Америкийн баячуудын жагсаалтын 275-д бичигдэж байгаа нь 2018 оныхоос даруй 16 байр ухарчээ. Ерөнхийлөгч болохоосоо өмнө тэр 119 дүгээр байрт байжээ. Трампын нэр хүнд барилгын бизнест нь нөлөөлж, түүнтэй хамтран ажиллах компани цөөрсөн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top