Газрын тосны үйлдвэр баригдах үед Монголын хэрэглээ 3 сая тоннд хүрнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын зүгээс Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Эксим” банк хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үйлдвэрт шаардлагатай автозам, төмөр зам, цахилгаан хангамж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд бүрэн хийгдэж дууссан төдийгүй, үйлдвэрийн технологийн болон ундны усны хангамжийг шийдэж, үйлдвэрийн хэрэгцээнд зориулан нийт 405,17 га газрыг улсын хэрэгцээнд аваад байна. Түүнчлэн Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компанитай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг 2019 оны тавдугаар сард байгуулснаар үйлдвэрийн зураг төсөл болон дараагийн шатны ажлууд хийгдэх нөхцөл бүрдсэн байна. Тиймээс Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барих үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй бараа материалд тухайн жилд тавьсан татварыг 100 хувь буцаан олгох тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Эзэн Чингис хааны өлгий нутгийн аялал жуулчлал гурван газарт төвлөрөх ёстой. Нэг нь Чингис хаан мэндэлсэн Дадал орчим, нөгөө нь Монголын дөрвөн их хааныг өндөр сууринд суулгасан Хэрлэнгийн хөдөө арал. Гуравдахь монголчуудын шүтээн Бурхан халдун хайрхан. Гэтэл Хэрлэнгийн хөдөө арлыг газрын тосны хайгуулаар өрөмдөөд эхэлсэн. Нэг өдрийн дотор арван хэдэн км өрөмдөж байсан. Тухайн үед Засгийн газраас 72 мянган га газрыг хайгуулын талбайгаас чөлөөлнө гэсэн. Харин гаргасан зураглал дээр нь харах юм бол Хэрлэнгийн хөдөө аралын ихэнхийг нь хайгуулын талбайдаа үлдээсэн байна. Хэрлэн тооно уулыг, Аварга балгасыг, Дэлгэрхаан сумыг оруулсан байсан. Албан тушаалтнууд УИХ-ын танхимд үнэн зөв хариулт өгнө үү. Би чуулган дээр гурван удаа асуусан. Хариуд нь асуудал байхгүй 72 мянган га газрыг чөлөөлсөн гэдэг. Бодит байдалтай зөрж байна. Хэнтий аймгийн Дархан сумын нутаг мөн хайгуулын “Нялга” талбайд орчихсон байна. Яагаад Монголын төр аялал жуулчлалтай холбоотой алга дарам газрыг хадгалаад үлдэж болдоггүй юм бэ” хэмээн асуулаа.

Гишүүний асуултад УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат “2011 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр улсын тусгай хамгаалалтад 71.68 км кв нутгийг авсан байдаг. Үүний дагуу “Нялга 16” талбайгаас уг талбайг хувааж олгосон. Үндсэндээ 2013 оноос “Нялга 16” талбайд хайгуулын ажил явагдаагүй. 2008-2009 онд хайгуул хийгдэж байсан. 2012 онд Төв аймгийн Баянжаргалан суманд хоёр цооног өрөмдсөн. Нэг цооног нь газрын тосны илрэлтэй байгаа. Энэ дашрамд хэлэхэд Монгол Улс 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс гадна 32.4 сая тонн боломжит, 27.1 сая тонн магадтай зэргийн нөөц байдаг. Энэ нөөцийгөө бид баталгаат зэрэгт нэмэгдүүлэх юм газрын тосны нөөц нэмэгдэнэ. Үүний тулд газрын тосны хайгуулын ажлыг нарийвчилж хийх шаардлагатай байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд иргэдийн болон иргэний хөдөлгөөний эсэргүүцлээс болоод Монгол Улсын газрын тосны хайгуулын ажил явахгүй байна. Бид одоо байгаа нөөцийнхөө хэмжээгээр 1.5 сая тонн газрын тосны үйлдвэр маань 2042 он хүртэл хангах боловч бидний хэрэглээ жилээс жилд өсөж байгаа. 2016 онтой 2018 оны газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг харьцуулбал 1.2-оос 1.9 сая тонн болж 50 гаруй хувиар өссөн. Энэ эрчээрээ өсвөл 2019 онд 2.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэхээр байгаа. 2023 онд газрын тосны үйлдвэр баригдах үед Монгол Улсын хэрэглээ 3 сая тоннд хүрсэн байна. тэгэхээр үйлдвэр ашиглалтад ороход 60-70 хувийг хангахаар байна. Тэгэхээр ард иргэд газрын тосны хайгуулын ажлыг дэмжээсэй гэж хүсэх байна” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top