Боом өвчнөөс урьдчилан сэргийлээрэй

2019 оны 10 сарын 19

Манай орны уулт-хээр, тал-хээрийн чийглэг хар, хүрэн хөрс бүхий 19 аймгийн 159 сум, нийслэлийн 2 дүүрэг боом өвчний байгалийн голомттой.
Боомын өвчний үүсгэгч нь хөрсөнд удаан хугацаагаар хадгалагддаг бөгөөд үхэр, хонь, ямаа, адуу, гахай зэрэг тэжээвэр амьтад болон өвсөн тэжээлтэн, зэрлэг хөхтөн амьтад өвчлөмтгий байдаг.
Боомын үүсгэгчээр бохирдсон хөрс, ус, тэжээлээр халдвар тархаж, мал, амьтад гол төлөв боомын гэдэсний хэлбэрээр өвчилдөг ба тэдгээрийн шүүрэл, ялгадас, цус, үхсэн амьтны сэг, зэм булшилсан газрын хөрсөнд боомын үүсгэгч удаан оршин амьдарч, хүнд дамжин халдварлах эрсдэл үүсдэг.
Бэлчээрийн мал, аж ахуй эрхэлдэг Монгол орны хувьд хүний эрүүл мэнд болон малын эрүүл мэнд аль ч талаасаа  боомын эрсдэлд байна.

Статистик мэдээ

Манай улс 1964 оноос хойш тус өвчнийг албан ёсоор бүртгэж эхэлсэн. Монгол улсын хэмжээнд 1964-2018 онд 325 хүн боом өвчнөөр өвчилж, 20 хүн нас барсан. 2018 онд боом өвчний сэжигтэй тохиолдол Дорнод аймгийн Хэрлэн сумаас-3, Халхгол сумаас-1, Ховд аймгийн Буянт, Мянгат сумдаас, Өмнөговь, Төв, Улаабаатар хотын Баянзүрх Сүхбаатар дүүргээс нийт 10 тохиолдол бүртгэгдэж лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн.
2019 оны 10 сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд боомын хүний өвчлөлийн сэжигтэй 7 тохиолдол бүртгэгдсэнээс 1 тохиолдол нь тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдаж, эмчлүүлж эдгэрсэн.

Боом өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Манай улсад малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг тул ЗӨСҮТ-өөс малчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:

  • Голомтот нутгийн хүн ам, мал сүргийг жил бүр боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах;
  • Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх;
  • Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлгийн байгууллагад хандах;
  • Үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах, газар шорооны ажил хийхдээ хамгаалах хувцас өмсөж занших, арьсаа шалбалах, гэмтэхээс болгоомжлох;
  • Шалтгаангүй үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй, ил задгай хаяхгүй байх;
  • Мэргэжлийн байгууллагад хандаж мал үхсэн шалтгааныг тогтоолгохыг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top