Н.Сувдмаа: Менингококкт халдварын тархалт намар идэвхгүй үедээ байдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Хүйтэн, сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулж, ханиад томуу ихсэж, архаг хууч өвчин сэдрэх, бага насны хүүхэд өндөр халуурсан гэх дуудлага нэмэгджээ. Сүүлийн үед  менингококкт халдвараар хоёр хүүхэд нас барсан гэх мэдээлэл тархсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт  сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах хэлтсийн дарга Н.Сувдмаагаас тодруулав.

 

 

-Менингококкт халдвараар өвчилж нас барсан гэх мэдээлэл тархсан. Энэ мэдээлэл үнэн зөв эсэхийг тодруулах гэсэн юм?

-Манай төвд тийм тохиолдол бүртгэгдээгүй. Дээрх хоёр тохиолдол өөр шалтгаантай, менингококкт халдвар биш гэж тогтоогдсон.

-Менингококкт халдвар нь аль улиралд дэгддэг өвчин бэ?

-Уг халдвар нь хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдэгтэй холбоотой дэгддэг. Тархалтаараа томуугийн дараа орох хандлагатай. Намрын улиралд менингококкт халдварын тархалт идэвхгүй үедээ байдаг.

-Халдварын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Жихүүдэс хүрэх, огцом өндөр халуурах /38-39/, хөөрлийн байдалд орох, тайван бус болох зэрэг шинж тэмдгээр эхэлнэ. Мөн толгой маш хүчтэй өвдөх, дотор муухайралгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэмтгий болно. Улмаар гэрэл, дуу чимээнд хэт мэдрэмтгий, цочимтгой болох. Биеэр цэгэн тууралт гарах. Дагзны хөшингө илрэх. Бага насны хүүхэд гэдийж хүчтэй уйлах зэрэг шинж тэмдэгтэй.

-Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудын талаар иргэдэд зөвлөгөө өгнө үү?

-Өглөө, оройдоо давс, сода, сармис, лимонтой усаар хоолойгоо зайлах хэрэгтэй. Архаг хууч өвчнөө эмчлүүлэх, тухайлбал шүдний эрүүл ахуйг сахих хэрэгтэй. Дархлаагаа сайн дэмжиж витаминлаг хоол тэжээлээр биеэ тордох, ажил амралтаа зохицуулах нь зөв. Хүн наймаас дээш цаг унтаж амрах ёстой. Хүүхдийг 22 цагаас өмнө унтуулбал өсөлтийн даавар, дархлааг дэмжих даавар ялгарч байдаг. Жимсний халуун шүүс уух, халуун шөлтэй хоол идэх, цэгэн массаж хийх, улиралдаа тааруулж хувцаслах, малгай, ороолт зүүх, олон нийтийн газар аль болох явахгүй байх, амны хаалт зүүх, тогтмол гараа савандаж угаах хэрэгтэй. Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх зэрэг заавар, зөвлөгөөг мөрдөж заншвал сайн.

-Цэгэн иллэгийг хийх талаарх зааврыг иргэдэд хэрхэн хүргэж байна вэ?

-Манай эмнэлгүүд эмчилгээнийхээ хажуугаар уламжлалт бариа засал, цэгэн иллэгийг давхар хийж байгаа. Хүүхэд ойр ойрхон ханиад томуу хүрч, ядраад байвал дархлаа сэргээх, тамир тэнхээ оруулах бүтэн биеийн массаж хийгээрэй гэж эцэг эхчүүдэд зөвлөж байгаа. Цэгэн иллэг хийснээр дархлаа дэмжих бодис ялгаруулдаг. Эрүүл мэндийн яам болон дүүрэг, өрхийн эмнэлгүүдээр заавар зөвлөгөө хүргэж байгаа.

-Энэ халдварын эсрэг эцэг эхчүүд амьдрал ахуйдаа мөрдөх нэмэлт зөвлөгөөг хэлнэ үү?

-Менингококк халдвар нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Тиймээс 60 градусын халуунд 10 минут, 80 градусын халуунд хоёр минутын дотор үхдэг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч нян нь 36-37 градусын дулаанд үрждэг учраас гэр орондоо ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийж, агаарын солилцоо оруулж байх хэрэгтэй.

-Манай оронд энэ халдвар ямар үечлэлтэй явагдаж байна вэ?

-Манай оронд 8,10,15 жилийн үечлэлтэй дэгдэлт хэлбэрээр тархаж байгаа юм. Энэхүү халдвараас сэргийлэх вакцины үр дүнд өвчлөл жилд маш цөөхөн тохиолддог, мөн эл өвчинтэй нүүр тулж байнга ажиллаж байгаагүйн улмаас өөр өвчин эмгэгтэй андуурч оношилгоо оройтох талтай байдаг. Тухайлбал, уг өвчнийг бөөлжих шинжээр нь хоолны хордлого, гүвдрүүт тууралт гардгаар нь улаан бурхан өвчинтэй андуурах тохиолдол байдаг. Менингококк халдварын эмнэлзүйн шинж өвчин эхэлсэн эхний 24 цагийн дотор хурдан илэрч улмаар эмчилгээ хожимдвол өвчтөн амархан хүндэрнэ.

-Халдварыг эмчилсний дараа бүрэн эдгэрэх үү?

-Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. Эдгэрсний дараа гурван долоо хоног орчмын хугацаанд хүн нян тээгч байдаг. Иймд менингококкын тээгчид маш олон байдаг. Зарим судалгаагаар зургаан хүн тутмын нэг нь энэ нянгийн тээгч байдаг аж. Өвдсөн хүмүүс нь өвчний эхний үед микробыг гадагш нь ихээр ялгаруулдаг. Үржих таатай температур нь 36-37 градус байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтаах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл, агаар дуслын замаар халдварладаг.

-Ямар насныхан илүү өртөж байна вэ?

-Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан их өвддөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.

-Уг өвчнөөр халдварлавал ямар эд эрхтнийг гэмтээх аюултай вэ?

-Менингококк нь тархи, нугасыг гэмтээвэл менингит үүснэ. Ийм үед менингококк нь гол төлөв тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. Ингэхдээ хамар залгиураар үнэрлэх мэдрэлийн замаар дамжиж, эсвэл цусаар дамжин төв мэдрэлийн системд нэвтэрч дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганах зэрэг шинж  тэмдэг илэрдэг.

-Урьдчилан сэргийлэх вакциныг хэзээ тарьж эхлэх вэ?

-ХӨСҮТ-д тархалт дэгдэхээс өмнө хавар менингококкоос сэргийлэх вакциныг тарьж эхэлдэг. Вакциныг зургаан сараас дээш настай бүх хүн сайн дураараа хийлгэх боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ty(66.181.187.30) 2019 оны 10 сарын 26

2 nasnaas geed hiigeegvvshde

0  |  0
Top