Одоогоос 2000 жилийн өмнө эртний хятадын Тан гүрний үед анх үүссэнээсээ хойш хүн төрөлхтөнд түгэн тархсан гол тоглоом бол хөзөр юм. Тан гүрний үед элдэв амьтан, хүн, хэлбэр дүрсээр чимэглэсэн цаас, хулс хольж хийсэн тоглоомоор нааддаг байжээ. Үүнээс хойш япон, солонгос зэрэг дорнын улс оронд өөр, өөр хэлбэрээр түгэн тархсан байна. Харин дундад зууны эхэн үед буурал европ даяар энэ наадгай түгэн тархжээ. Дундад зууны дунд үед Франц, Испани, Германд тоглодог байсан хөзөрт тоглоом өнөөгийн бидний мэдэх хэлбэр дүрсээ олсон байна. Хөзөртэй холбоотой нэгэн сонирхолтой судалгаа бий. Колумбийн их сургуулийн эрдэмтэд гар бичмэл, эртний судартай холбогдох судалгаа хийж байгаад 1550-иад оны үед дэлхийн 50 гаруй улсад 6000 төрлийн хөзөрт тоглоомоор нааддаг байсныг тогтоожээ.
Гэхдээ бидний өгүүлэх бол хөзрийн түүх бус. Хөзрийн хамгийн алдартай дүрс болох “ноён” дүрслэл чухамдаа хэн гэдэг бодит хүнийг төлөөлж, дүрсэлж байгаа тухай өгүүлэх болно. Библи сударт мөнхөрсөн Давид хаанаас Македоны гэх тодотголтой Александр хүртэлх арвин баялаг намтартай түүхэн бие хүн “ноён” дүрсэнд мөнхөрчээ.
Бидний өгүүлэх түүх XVI зууны сүүл XVII зууны эхэн үетэй холбогдоно. Испани тэр дундаа Каталон үндэстнүүд өнөөгийн бидний мэдэх хөзрийг бий болгосон юм. Тэд христийн болон буурал европын түүхэнд онцгой нөлөө үзүүлсэн дараах дөрвөн хаанаар “ноён” хөзрийг төлөөлүүлсэн юм.
Гилийн ноён: Давид хаан
Түүхэн судар гэхээсээ Христийн шашны Библи сударт ихэвчлэн дүрслэгддэг Давид хаан бол гилийн ноён юм. Түүхэн сурвалж, Библи судрыг харвал Давид хаан Йесай хааны хөвүүн. Гэвч чухам хэдэн онд төрсөн нь тодорхойгүй байдаг. Өнөө цагийн ихэнх түүхчид түүнийг түүхэн бодит хүн гэхээс илүү домог, аман зохиолоос үүссэн дүр гэж дүгнэх талтай байдаг. Гэхдээ НТӨ 9-8 зууны үед холбогдох “Тел Дан” чулууны бичээснээс харвал “Давидын угсааны хоёр баатар Дамаскын хааны ялалтад хөтлөв” гэж бичсэн байдаг.
Библи сударт өгүүлснээр бол Христээс өмнөх үед эцэг тэнгэрийн амьд хэл байсан гэж үздэг. Эртний Израйлийн хаан ширээнд 40 жил хаанчилж, Филистин, Амалекуудтай удаа дараа тулалдаж цөөнгүй удадаад нь ялалт байгуулж байжээ. Өнөө бидний цаг үед сэрэг дүр нь ирээгүйг зарим түүхчид түүний царай төрхтэй нь холбон тайлбарладаг. Израил иргэдийн таамаг, явган яриагаар тэрээр амьд ахуй цагтаа шаргал үстэй, хар царайтай нэгэн байжээ. Давид нь эцэг бурхнаас өгсөн зарлигийн дагуу элдэв нүгэл, хилэнц үйлдсэн хэн нэгний нүглийг яруу эгшиглэнт босоо ятгаар нигүүлсдэг байсан гэх домогтой. Шашны сударт ихэд дурдагдсан байдаг болохоор дундад зууны ихэнх зураачид өөрийн бүтээлдээ Давидыг дүрсэлдэг байсан түүхтэй. Үүнээс хамгийн алдартай нь Францын Луврын музейд хадгалагдаж буй Микеланжелогийн урласан идэр залуу Давидын хөшөө билээ.
Бундын ноён: Шарльмейн буюу Аугаа Шарль хаан
Эртний Франк болон Ломбард төдийгүй Ариун Ромын эзэнт гүрний хаан Шарль бол бундын ноён билээ. Түүхэн сурвалжид өгүүлснээр Франкын нэгэн хаант улсад 747-748 оны орчим дөрөвдүгээр сарын 02-ны өдөр төрсөн байх өндөр магадлалтай. Тэр бол Баруун Ромын эзэнт гүрний уналтаас хойш буурал европын судар бичигт тэмдэглэгдсэн анхны хаан гэдгээрээ онцлог. Франкын газар нутгийг Ломбардаас Ром хүртэл тэлсэн гэдгээрээ түүнээс алдартай хаан Францын түүхэн сурвалжид үгүй. Ромын пап III Леог сүрдүүлэн байж “Ромчуудын хаан”-аар өргөмжлөгдсөн билээ. Буурал европ тэр дундаа баруун европын ихэнх улс гүрнийг эмхлэн байгуулж, нэгэн хуулийн доор зангидаж чадсан гэдгээр нь түүнийг “Бүх европын эцэг” гэж өргөмжилдөг.
Уртын тээвэр, төрийн албаны систем, бичиг үсэг, ном судар зэрэгт мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн тэрээр мөнгөний нэгж, стандарт, сорьц зэргийг үндэслэж, эдийн засаг, боловсролын хүчтэй улс гүрнийг европын тавцанд үүсгэсэн гэдгээрээ алдартай. Түүнийг католик сүмээс 1165 онд гэгээнтнээр өргөмжилж алдар гавьяаг нь мөнхжүүлсэн билээ.
Дөрвөлжингийн ноён: Юлий Цезарь
Ромын бүгд найрамдах улсыг таван жил дарангуйлсан, цэргийн нэрт жанжин Юлий Цезарийг дөрвөлжингийн ноён хэмээн дүрсэлжээ. Түүхийн сурвалжид сайн, муу олон янзаар мөнхөрсөн Юлий Цезарь бол сурвалжит гаралтай биш ч гэсэн цэргийн гарамгай тактик, байлдаанч сэтгэлгээний ачаар Ромын эрхийг атгаж байсан баялаг түүхтэй нэгэн. НТӨ 100 онд зуны дунд сард одоогийн Ром хотноо төрсөн гэж түүхэн сурвалжид дурджээ. Тэрээр Гаулчуудыг эзлээд зогсохгүй улс орон даяар дэгдээд байсан иргэний дайныг намжаахад гарамгай гавьяа байгуулжээ. Иргэний дайнд ялснаасаа хойш дараагийн 10 жилд нь Ромыг дарангуйлсан гэж түүхэнд дурддаг. Түүхийн ямар шалтгаанаар дарангуйлагч гэж тодотгосон нь одоогоор тодорхойгүй. Эрх мэдлээ язгуур угсааны биш хүнд алдсан Ромын язгууртнууд түүнийг дарангуйлагч гэж үзсэн байж болох талтай.
Засгийн эрхэнд байсан хугацаандаа хуулийг чандлан сахиулах үүднээс ихээхэн харгис бодлого баримталдаг байсан бөгөөд засаг барьсан бүх жилүүдэд татвар, хураамжаа нэмэгдүүлсээр байжээ. Хэрэв улс төрийн маргаан, мэтгэлцээн өрнүүлж өөртэй нь сөргөлдвөл өөр улс руу цөлөх, бүр эсвэл амь насыг нь өчиггүй хороодог байсан аж.
Эрх мэдэл нь улам бүр нэмэгдэж, ард нийтийн дунд домог мэт яригдах болсон Юлий Цезарийг НТӨ 44 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Юниус Брутус Албинус, Кассиус Лонгинус нарын 13 сенатор нийлж амийг нь хороожээ.
Цэцгийн ноён: Македоны Александр
Хөзөрт наадгайн ноён дүрслэлийн хамгийн сүүлийнх болох цэцгийн ноёныг Аугаа Александераар төлөөлүүлжээ. Эцэг Филип хааныг насан эцэс болсны дараа ердөө 20 насандаа хаан ширээнд суусан тэрээр өмнө нь түүхэнд байгаагүй газар нутгийг эзэмшин, цэргийн тактикаараа алдаршсан түүхэн бие хүн юм. Македоны хаант улсаас гадна Ахеменидийн хаант улс, Перс, Эртний Египетийг хүртэл эгнээндээ нэгтгэсэн нэгэн билээ. Түүнчлэн өмнө нь хэний ч хүрч очиж байгаагүй өмнөд азийн хэд, хэдэн улсыг эгнээндээ нэгтгэн өөрийгөө “Азийн Лорд” гэж хүртэл нэрлэсэн удаатай. Пакистан, Энэтхэгийн зарим газар нутгийг эзлэн захирч байсны хувьд Греко-Буддизм гэх нэгэн өвөрмөц урсгал төрөл түүний цаг үед үүсэн бий болсон түүхтэй.
Өөр хоорондоо хэл, шашин, соёл, хэл, уламжлалаар ихээхэн ялгамжтай олон арван үндэстнийг захирч, нэгэн туган дор нэгтгэж байсны хувьд түүний тухай үлгэр домог бишгүй олон. Үүнээс монгол хэлний бичгийн нэн ховор олдвор болох Турфаны цуглуулгийн монгол бичгээр бичсэн нэгэн дурсгал Македоны Александр хаантай ихэд холбогддог юм. 1914 онд Алберт Грунведел, Альберт Ла Ког нарын судалгаа шинжилгээний явцад Шинжаан Уйгарын Турфан хотоос “Сулхарнайн тууж” нэртэй нэгэн гар бичмэл олджээ. Түүхийн урт хугацааны турш нар салхинд идэгдэж ихээхэн сүйдсэн энэ гар бичмэлийн 10 илүү хуудас л уншиж болохуйц байсан юм. Сулхарнай гэгч хаан хүмүүн сүмбэр уулын орой дээр гарсанд тэнгэрээс бууж ирсэн нэгэн хүн аугаа хүн гэж дуулсан тул мөнхийн ус өгье гэсэн байна. Улмаар Сулхарнайн их усны ёроолд очоод жирийн амьдралыг таньж мэдсэн тул дээрх мөнхийн усыг хүртсэнгүй. Гэтэл тэнгэрийн хүмүүн ихэд уурсаж гарьд шувууны аманд мөнхийн ус зуулган арц, гацуур модон дээр цацсан нь мөнх ногоон болжээ гэх утгатай гар бичмэл байсан юм.
Үлгэрт гарч буй Сулхарнай гэдэг нь эртний араб хэлний “Дул Карнай” буюу хоёр эвэрт гэх үгнээс гаралтай үг аж. Эртний араб, азийн улс гүрэн Македоны Александр хааныг хоёр эвэртэй тул их үсээр хаадаг гэж боддог байжээ. Тиймээс эртний зоосонд хоёр эвэртэй Александр хааныг дүрсэлдэг байсан юм. Нэрт монголч эрдэмтэн Николас Попей 1950-иад оны эхэн үед судалж үзээд Македоны Александр хааны тухай өгүүлэх гар бичмэл болохыг тогтоосон юм.
Сэтгэгдэл ( 0 )