“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төсөл санаачлагчийн илтгэлдээ улс орны эдийн засгийн сэргэлт үргэлжилж, инфляц тогтвортой хадгалагдаж, банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ хэвийн үргэлжлүүлж байгааг тэмдэглэв. Үргэлжлүүлэн “Энэ оны есдүгээр сарын байдлаар банкны салбарын зээл жилийн өмнөх үеэс 10 хувиар өсөж, эдийн засгийн бодит өсөлт оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн. Мөн валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар буюу импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн. Засгийн газрын өрийн хэмжээ буурч, ДНБ-ий 60 хувиас бага түвшинд очсон. Эдгээр нь эдийн засаг уналтаас гарч, өсөлтийн төлөвт шилжсэнийг илэрхийлэх тоон үзүүлэлт юм. Макро эдийн засаг сэргэсэн нь төсөв болон мөнгөний бодлогын оновчтой тохиргоо, банкны салбарт хийгдэж буй реформ, гадаад эдийн засгийн таатай байдал, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийн үр дүн байсан. Түүнчлэн Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2010 оноос хойш 4 дахин нэмэгдсэн бөгөөд ирэх таван жилд хийгдэх гадаад өрийн төлбөр одоогийн валютын нөөцөөс даруй 3.5 дахин өндөр байгаа нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг бууруулах эрсдэлтэй байна. Банкны салбарын анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны хагас жилээр өмнөх жилийн мөн үеэс 26 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 41.2 хувиар өслөө. Чанаргүй зээл өсөхөд уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын зээлийн чанар үргэлжлэн муудаж байгаа нь голлох нөлөө үзүүлсэн байна. Эдийн засагт “Саарал жагсаалт” зэрэг сорилтууд тулгарч байгаа энэ үед Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтийг ахиулах арга хэмжээг авч, өндөр дүнтэй мөнгө угаах гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулж, идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байна. Цаашид ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай дуусгах нь манай эдийн засгийн хэтийн төлөвт стратегийн чухал ач холбогдолтой. Иймээс Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны бодлого, үйл ажиллагаа чиглэгдэнэ” хэмээлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Бид хоёр удаа “Саарал жагсаалт”-д орлоо. Дараагийн удаа хар болно. Мөнгөний бодлого ярьж байгаа үед 2011 оны ам.долларын ханш 2013 он хүртэл “Саарал жагсаалт”-ын гайнаас болсон гэдэг. Ахиад “Саарал жагсаалт”-д ороход ам.долларын ханш хэлбэлзээд байгаа нь ямар учиртай вэ. Хойд Солонгостой холбоотой мэдээлэл гарах боллоо. Манай ШИНЭ-ийн хоёр галзуугийн яриа “Саарал жагсаалт”-д нөлөөлсөн үү. Ерөнхийлөгч Х.Баттулгын чиглэл өгснөөр бүх зүйлийг харлуулан орилдог болсон. Үүний гайгаар Монгол Улс мафитай болсон, мөнгө угаадаг, хар тамхитай болсон.
Энэ бүх мэдээлэл олон улсад нөлөөлдөг үү. “Саарал жагсаалт”-аас хэзээ гарах вэ” хэмээн олон асуултыг зэрэг тавив. Үүнд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Дэлхий ертөнц тэр дундаа миний уулзсан олон улсын байгууллага Монгол Улсад болж байгаа асуудлыг сошиал медиагаар хянадаг болсон байна. Энэ байдлыг монголчууд анхаарах хэрэгтэй. Бид бие биеэ гүтгэхийн тулд өгсөн мэдээллийг олон улсын байгууллага, Монгол орны дотоод орчны талаар ойлголтгүй хүмүүс өөрсдийнхөө удирдлагад мэдээлдэг болохыг би мэдрээд ирлээ. Сая би Вашингтонд хэд хоног байж “Саарал жагсаалт”-ын асуудлаар валютын сангийн хөтөлбөрийг хэрхэн амжилттай дуусгах талаар ярилцаж яваад ирсэн. Тэр үедээ О.Баасанхүү гишүүний ярьж байгаа зүйлийг мэдэрсэн юм. Тиймээс УИХ-ын хүндтэй чуулганд оролцож байгаа боломжийг ашиглан анхаарахыг хүсье” гэж хариулсан бол Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “Хар, хар саарал, саарал гэдэг жагсаалт нь албан бус хэллэг. Өнөөдрийн үйлчилж байгаа дүрмээр хар гэдэг жагсаалтад олон улсын байгууллагатай хамтарч ажилладаггүй Иран, Хойд Солонгос гэсэн орнуудыг багтаадаг. 2017 оны үнэлгээгээр манайх хар саарлын үнэлгээг хангасан байсан. Дэвшил гарахгүй бол хар руу орно. Дэвшил гаргах юм бол саарал руу орно гэсэн анхааруулга байсан. Хугацааны хувьд хамтын ажиллагааны зөвлөл дээр ажлын төлөвлөгөө гаргасан. 2020 ондоо багтаад “Саарал жагсаалт”-аас гарахаар ажиллаж байна” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “2020 оны мөнгөний бодлогод том эрсдэлүүд байгаа. Нэгдүгээрт “Саарал жагсаалт”. Энэ бол амаргүй. Ямар ч байсан эдийн засгийн хоригт орчихоогүй. Цаашдаа бодитой эрсдэлүүд үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс мөнгөний бодлогод эрсдэлүүдийг тооцож оруулж ирэх ёстой. “Саарал жагсаалт”-д орсон нь ганц Монголбанкны асуудал биш. УИХ, Засгийн газар ч хамаатай. Өнөөдөр би үхэхээр чи үх гэдэг зарчмаар ажиллаж болохгүй. Сангийн яам, Монголбанк нь өөр зүйл хэлээд байж болохгүй. Тиймээс ч ард иргэд төөрөгдөлд орж, ам.долларын гэнэтийн өсөлт гарсан. Бидэнд долларын нөөц байна. Ямар ч байсан эрсдэл багатай даваад гарах боломж байгаа. Хоёрдугаарт, гадаад өрийн эрсдэл байгаа. 14.3 тэрбум ам.доллартай тэнцэх төрийн болоод хувийн хэвшлийн өрийг 2020-2024 онд төлнө. Олон улсын валютын сан их анхааруулж байгаа. Учир нь бидний төлөх гэж байгаа өр валютын нөөцөөс 3-4 дахин их байна. Валютын нөөцийг зөвхөн Монголбанк бүрдүүлдэггүй. Засгийн газар гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих чиглэлээр ажиллах учиртай. 2020 оны төсвийг би гуравдугаар эрсдэлээр нэрлэж байна. Эргээд инфляцад 8 хувийн инфляцаа барьж чадахгүй. 2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв. Иймэрхүү эрсдэлүүдийг бид 2020 оныхоо мөнгөний бодлогодоо тооцох хэрэгтэй. Яг үүссэн нөхцөл байдалд зөв үнэлгээ өгч байж гарах ёстой” гэлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Үнэхээр ийм эрсдэлүүд байгаа. УИХ-ын ажлын хэсэгтэй хамтарч таны хэлсэн эрсдэлүүдээс сэргийлэх чиглэлийн алхмууд хийх болно. Энэ боломжийг ашиглаад би хоёр баримт хэлмээр байна. Нэгдүгээрт “Саарал жагсаалт”-аас гарах арга хэмжээний төлөвлөгөөг ФАТФ-аас гаргаж өгсөн. Төлөвлөгөөнд Монгол Улсын ямар байгууллага юу хийх вэ гэдгийг заагаад өгсөн. Одоо байгууллага нэг бүрээр юу хийх вэ гэдэг төлөвлөгөөг монголчууд гаргах ёстой. Мөн ҮАБЗ-өөс 2017 онд зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжид өнөөдөр бид бие биеэ буруутгах гэж оролдоод байгаа зүйлийг заагаад өгсөн. Яагаад зөвлөмжийг биелүүлээгүй тухай ярих ёстой. Монгол Улсын Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөл, АТГ, ТЕГ нь үнэлгээнд дурдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээ ав гэж зөвлөсөн. Зөвлөмжийг бид амжилттай хэрэгжүүлсэн бол нэг нэгэн рүүгээ хуруугаараа чичээд сууж байхгүй байсан. Миний байр суурь бол мөнгөний бодлогыг чангаруулмааргүй байна. Мөнгөний бодлогын хүү 11 хувьтай байгаа. Хэрэв чангаруулбал зээлийн хүү нэмэгдэнэ. Эдийн засгийн өсөлтийг дэмжих үүднээс мөнгөний бодлогыг чангаруулах бодол үнэндээ алга. Гэхдээ инфляцыг зохицуулах үүднээс чангаруулахаас аргагүй нөхцөл байдал үүсэх юм бол мөнгөний бодлогоо чангаруулахаас аргагүй болно. Нөхцөл байдал өөрчлөгдөх юм бол арга хэмжээг яаралтай авах болно” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “2016 онд ам.доллар 1400 орчим төгрөг байсан бол өнөөдөр 2686.8 төгрөг байна. Тэгэхээр Монголбанк мөнгөнийхөө бодлогыг тогтвортой байлгана гэж байна. Гэтэл бидний өргөн хэрэглээний барааны үнэ ханш их нэмэгдлээ. Элсэн чихэр 2015 онд 1500 төгрөг байсан бол одоо 2600 төгрөг боллоо. Дизель түлш 1700 төгрөг байснаа 2100 төгрөг, үхрийн мах 7800 төгрөг байсан бол өнөөдөр 10 мянган төгрөгт дөхсөн байна. Валютын ханш өдөр тутмын амьдралын хэрэгцээт зүйлээс гадна аж ахуйн нэгжүүдэд хүнд тусаж байгаа. Мөнгөний бодлогын хохирогчид нь ард түмэн. Бүтээн байгуулалт ч явахгүй байна. Валютын ханшийг 2020-2021 онд хэдэд хэлбэлзүүлэх вэ. Валютын нөөцгүй байсан банкаа нөөцтэй болгосон нь сайн хэрэг. Нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх вэ” хэмээн асуув. Үүнд Н.Баяртсайхан ерөнхийлөгч “Бид валютын ханшаа барихын тулд хангалттай хэмжээний нөөцтэй байх хэрэгтэй. ҮАБЗ-ийн нэг жилийн импорттой тэнцэх хэмжээний валютын нөөцтэй байх ёстой гэж заасан байдаг. Намайг Монгол Улс гурван сарын импорттой тэнцэх хэмжээний валютын нөөцтэй байсан бол өнөөдөр есөн сарын нөөцтэй болсон. Би ҮАБЗ-ийн үзэл баримтлал руу хүргэх зорилт тавин ажиллаж байна. 2020-2024 онд бид ихээхэн хэмжээний өр зээл төлнө. Гэтэл төгрөгийн ханшаа барьж байна гээд валютын нөөцөө үрэн таран хийж болохгүй. Олон улсын валютын сангаас гурван төрлийн зөвлөгөө өгч байгаа. Нэгдүгээрт, гадаад валютын нөөцөө байнга нэмэгдүүл гэж байгаа. Хоёрдугаарт, мөнгөний бодлогоо чангаруул гэж байгаа. Гуравдугаарт, төгрөгийнхөө ханшийг барих гэж хэтэрхий хичээж байна байгаа. ОУЮС-гийн зөвлөмжийг дагахаас арга байхгүй. Гэхдээ аль ч улс орны ерөнхийлөгч үндэснийхээ мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг ингэнэ гэж амлалт өгдөггүй юм билээ. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Гол нь бид экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Бид гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь битгий хэл дотоодын хөрөнгө оруулалтаа ч үргээж байгаа нь харамсалтай” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Саарал жагсаалт”-ын асуудалд Хойд Солонгосын ажилчдын тухай асуудал байгаа. 2000-аас 200 болтол буулгасан гэсэн. Үүнийгээ тайлбарлах ёстой. Мөн бэлэн мөнгө Монгол руу ороод алга болчихдог. Хэд хэдэн санхүүгийн мэргэжилд хяналт тавих ёстой. Хяналтын байгууллагатай болох ёстой гэсэн шаардлагуудыг ФАТФ-аас шаардаж байгаа. Үнэндээ “Саарал жагсаалт”-д орох нь тийм ч буруу зүйлгүй. Хэн буруутай гэхээр Ц.Нямдорж буруутай. ФАТФ-ийн төлөөлөгчид наймдугаар сард ирэхэд 60 тэрбумын сүлжээгээр очсон мэдлэггүй хүмүүс өөдтэй тайлбар хийж чадаагүйгээс болсон. Гэтэл одоо АН руу дайрдаг. Өнөөдрийн бүх үйл ажиллагаа МАН-тай холбоотой. Яг 2017 онд хэдэн тонн алтыг Монголын компаниуд тушаасан бэ. Өнөөдрийн байдлаар хэдэн тонн алт тушаагаад байгаа вэ” гэж асуухад Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “2019 оны аравдугаар сарын 24-ны өдрийн байдлаар төв банк 12.2 тонн үнэт металл худалдаж аваад байна. Өнгөрөгч оны өдийд 17 тонн үнэт металл худалдаж авч байсан. Үзүүлэлт 30 хувиар буурсан” хэмээн хариулсан. Үүнд Б.Пүрэвдорж гишүүн “Оны эцэст алт тушаалт яг 5 тонноор буурна. Үүнээс шалтгаалж 300 орчим сая ам.долларын дутагдал гарна. Үүнийг хулгайгаар хийдэг сүлжээ байдаг. Энэ Ц.Нямдоржийн доор явдаг шүү” хэмээн нэмж хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )