Трамп: “Исламын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгасан

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

АНУ-ын хүчнийхэн Сирийн баруун хойд нутагт явуулсан тусгай ажиллагааны явцад “Исламын улс” террорист бүлэглэлийн толгойлогч Абу Бакра аль-Багдадийг устгалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цэнхэр дэлгэцээр ард түмэндээ хандсан мэдэгдэлдээ онцолжээ.

Трампын хэлснээр, аль-Багдадигийн байрлаж буй байршлыг хоёр долоо хоногийн өмнө тогтоожээ. АНУ-ын хүчнийхэн найман нисдэг тэргээр алан хядагчдын байрлаж байсан байранд ирсэн бөгөөд дайралтын явцад аль-Багдади ойролцоох хонгилд нуугдахыг оролдсон байна. Тэрээр бүсэндээ зүүсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлж, өөрийгөө болон хамт зугтаасан өөрийнхөө гурван хүүхдийн хамтаар хөнөөжээ. Түүний цогцсыг ДНК-ийн шинжилгээгээр мөн болохыг тогтоосон аж.

“Исламын улс”-ын толгойлогчийг илрүүлэхэд түүний гол туслахуудын нэг Исмаил аль-Итави тусалжээ гэж Ройтерс агентлаг эх сурвалжаа дурдан мэдээлжээ. Тэрбээр “Исламын улс” бүлэглэлийн удирдагчдыг сонгох зэрэг гол үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд тагнуулынхан түүнийг мөшгөн, аль-Багдадигийн байрлаж буй газрыг илрүүлсэн байна.

Аль-Багдадигийн цогцсыг далайд хаяж магадгүй гэж CNN агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ. Үүнээс өмнө АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен мөн ийм санаа илэрхийлж байжээ. Аль-Багдадигийн цогцсыг Аль-Каида бүлэглэлийн толгойлогч Усама бин Ладеныхтай ижил замаар устгана гэж онцолж байв. Түүний цогцсыг Аравийн тэнгист хаяж байсан юм.

Аль-Багдадиг наймдугаар сард бүлэглэлийн өндөр албан тушаалд томилогдож байсан Абдулла Кардаш гэгч орлож болзошгүй гэж хэвлэлүүд бичиж байна. Сүүлийн үед аль-Багдади бүлэглэлийн үйл ажиллагаа, төлөвлөлтөөс холдож, түүнийг Абдулла Кардаш орлодог байсан гэнэ.

“Аль-Багдадийг устгасан нь онцгой үйл явдал ч “Исламын улс“-ыг устгасан гэсэн үг биш.  гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси мэдэгдсэн бол терроризмын эсрэг хамтын тэмцэлд гарч буй шийдвэрлэх мөч юм гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар үнэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top