Аль-Каида бүлэглэлийн толгойлогчдын нэгийг устгажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07


АНУ-ын Йеменд явуулсан терроризмын эсрэг тусгай ажиллагааны хүрээнд “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчдын нэг Арабын хойгийн “Аль-Каида” бүлэглэлийг үндэслэгч Касим аль-Раймийг устгалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Түүнийг устгаснаар “Аль-Каида” бүлэглэлд хүнд цохилт өгсөн бөгөөд энэ бүлэглэлийн АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй аюулыг устгахад нэг алхам ойртлоо гэж Трамп онцолжээ.

Райми 1990-ээд онд алан хядах “Аль-Каида” бүлэглэлд элсч, Афганистанд Усама бин Ладенд хүчин зүтгэдэг байсан бөгөөд тэрбээр “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахиригийн орлогч байсан гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.

Арабын хойгийн “Аль-Каида” бүлэглэл 2009 онд байгуулагджээ. Эл бүлэглэл Йеменд илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Өнгөрсөн сарын сүүлээр АНУ-ын хүчнээс хийсэн агаарын цохилтын үеэр Аль-Райми устгагдсан гэх яриа гарч байсан ч энэ сарын 2-нд Арабын хойгийн “Аль-Каида” түүний хоолой бүхий дуу бичлэгийг цацаж байсан. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд аль-Райми үхсэн гэж баталсан ч хэзээ гэдгийг нь тодруулаагүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top