Алан хядагч Абу Бакр аль-Багдадийг устгасны дараа бельги овчарк буюу малинуа үүлдрийн нохойны үнэ АНУ-д хурдацтай өсөж байна гэж нохой үржүүлэгчид мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Исламын улс” террорист бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийг устгасан тухай мэдэгдэл хийхдээ тусгай ажиллагаанд оролцсон малинуа үүлдрийн нохой үүргээ онцгой сайн гүйцэтгэсэн гэж онцгойлон дурдсан. Тэрбээр мөн гавьяа байгуулсан нохойны гэрэл зургийг өөрийн твиттер хуудсандаа байршуулсан билээ.
Нохой үржүүлгийн “Ruidoso Malinois” газар АНУ-ын тусгай ажиллагааны албанд бельги овчарк нийлүүлдэг байна. Нохой үржүүлгийн газрын эзэн Ирэн Хаукрофт сүүлийн өдрүүдэд энэ үүлдрийн нохойны үнэ хэзээ ч байгаагүйгээр өсөж буй талаар ярьжээ.
Түүний хэлснээр, нэгэн худалдан авагч 85 мянган ам.доллароор энэ үүлдрийн нохойг худалдан авах санал тавьсан байна. Тус газар одоогоор 70 гаруй бельги овчаркийг үржүүлж байгаа аж. Үүнээс өмнө энэ үүлдрийн насанд хүрсэн нохой 16-25 мянга, гөлөг нь хоёр мянган ам.долларын үнээр зарагдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )