Цагтаа Их Британийн газар нутагтай тэнцэхүйц газар нутгийг эзэлж, дэлхийн олон улс оронд болсон халдлагын удирдаж байсан алан хядах “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади АНУ-ын зэвсэгт хүчний нууц ажиллагааны үеэр биедээ зүүсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлж, амиа хорлов. Түүний цогцсыг тэнгис хаясан талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Аль-Багдади гэж хэн байв
Осама бин Ладен буюу Абу Мусаб аль-Заркавиг бодвол тэрээр 2014 оны долоодугаар сард Мосул дахь Лалын Их сүмд “халифат улс” байгуулагдаж, өөрийгөө халифа /лалын шашны дээд хэргэм/ гэж зарласан нь түүний олны өмнө гарсан цорын ганц тохиолдол. Түүнээс хойш “Исламын улс”-ын дагагчид Багдадийг дэлхийн бүх лалын шашинтнуудын улс төрийн бол шашны тэргүүн хэмээн үзэх болжээ. Багхузын тулааны үеэр CNN агентлаг тус бүлэглэлийн олон тооны гишүүд, тэдгээрийн эхнэр, хүүхдүүдээс ярилцлага авсан бөгөөд аль-Багдадигийн нэрийг дурдсан нь цөөн.
Аль-Багдади хэзээ ч өөрийгөө тахин шүтүүлж байсангүй. Тэрээр өөрийгөө зөнч Мухаммедын үр удам гэж хэлдэг байсан бөгөөд дэлхий даяар алдаршсан Осама бин Ладены түвшинд хүрсэнгүй. “Исламын улс”-ын халифа Багдади ганц ч удаа ярилцлага өгөөгүй.
1971 онд Иракийн Самарра хотод төрсөн гэгддэг аль-Багдади залуу наснаасаа эхлэн лалын шашныг судлахад өөрийн амьдралаа зориулж, эцэст нь хэт бишрэх үзэл санааг хөгжүүлжээ. 2003 онд АНУ Иракт дайрах хүртэл түүнийг шашны номлогч байсан гэдэг. Түүнээс хойш нэг жилийн дараа тэрээр сүннитүүдийн бослогын үеэр баривчлагдаж, жихадын болон “Исламын улс”-ын гол гол толгойлогчид хоригдож байсан АНУ-ын Кэмп Букка төвд хоригдож байв. Суллагдсаныхаа дараа тэрээр нам гүм байдалд орж, 2010 онд аль-Каида гэгдэж байсан “Исламын улс”-ын удирдагчийн дүрээр дахин гарч ирсэн.
Үүнээс хойш тэрээр дэлхийн номер нэг алан хядагч болж, түүний толгой 25 сая ам.доллароор үнэлэгдэв. Түүний үхэл “Исламын улс” бүлэглэлийн бас нэгэн ялагдал. Энэ оны гуравдугаар сард алан хядах бүлэглэл өөрийн гол түшиц газар болох Сирийн Багхузыг алдсан билээ.
Багдади юуны учир Идлибийг сонгов
Багдади Сирийн баруун хойд Идлиб мужид устгагдсан тухай мэдээ олон шинжээчдийг сонирхлыг татжээ. Идлиб муж “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой Хаяат Тахрир аль-Шам босогчдын бүлэглэлийн хяналтад байдаг. Жихадист бүлэглэлүүдэд үзэл суртлын хувьд нийтлэг зүйл олон байдаг бөгөөд олон жилийн турш “Исламын улс” болон “Аль-Каида” бүлэглэлүүд Сирид байлдаж байгаа. Туркийн хилээс тав орчим км зайд орших тосгонд Багдадийг нуугдана гэж санаанд орохгүй. Ефратын хөндийгөөс Идлиб хүрэхийн тулд курдууд, туркууд болон Асадын дэглэмийн цэргийн хяналтад буй газар нутгаар дайрч гарах болно. Тиймээс түүнд нутгийн хэдэн найз нар нь тусалсан байх талтай.
Тэгвэл тэрээр гэр бүлтэйгээ Сириэс гарах гэж байсан байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна.
“Исламын улс” бүлэглэл хэрхэх вэ?
“Исламын улс” хэрцгийллийн аймшигт жишиг тогтоож, боолчлолыг сэргээж, гэм зэмгүй хүмүүсийг олноор нь цаазалж, шашны хосгүй хөшөө дурсгалыг устгасан. Аль-Багдади үгүй болсон нь “Исламын улс” сөнөсөн гэсэн үг огт биш. Энэ бүлэглэл баруун Африк, Ливи, Египетийн Синайн хойг, Афганистан, Филиппинд үйл ажиллагаагаа явуулж, Европ төдийгүй дэлхийн даяар дэмжигчидтэй. Үүн дээр нэмээд Сири, Иракт 18 мянган алан хядагч бий гэж Пентагон мэдээлж байсан.
“Исламын улс” алга болохгүй. Осама бин Ладены можахидууд Аль-Каидагийн дүрт хувирч, Иракт Аль-Каида бүлэглэл бий болгож, эцэст нь “Исламын улс”” болж хувирсан шиг өөрийн дүрээ өөрчилж болзошгүй.
“Исламын улс” юу ч болж хувирсан хэт даврагч бүлэглэлүүдийн хувьд Ойрх Дорнод үржил шимтэй хөрс байсан хэвээр. Тэнд авторитар дэглэм загвар болж хөгжсөн. Тэнд өөрчлөлтийн талаар дуугарсан болгоныг шоронд хорьж, өрсөлдөгчөө намнаж, цөлнө. Ард иргэд нь бууж өгөх, хэт даврах үзэл, авлигыг өөхшүүлсэн авторитар улсыг чимээгүй хүлээн зөвшөөрөх сонголттой хоцордог.
Тиймээс дарангуйлагчийн загвар оршсоор байхад шинэ Абу Бакр аль-Багдадинууд гарч ирсээр байх болно.
Оргил үедээ Багдади Британийн газар нутагтай тэнцэх хэмжээний газар нутгийг захирч байв.
Залгамжлагч
“Исламын улс”-ын үлдсэн толгойлогчид энэ өдрийг удаан төлөвлөсөн байх учиртай. Бүлэглэл амь бөх гэдгээ харуулж, дагагчдадаа толгойлогчоо алдсан ч цохилтод ороогүй гэдэг дохио өгөх нь дамжиггүй. Зөвхөн эрчүүдээс бүрддэг Шура /арабаар “зөвлөл”/ хороо аль хэдийн хэд хэдэн нэр дэвшигчдийг хэлэлцэж эхэлсэн байх учиртай. Нэр дэвшигчид “Исламын улс”-ад үнэнч байх, стратеги төлөвлөх өндөр чадвартай байх, төгс шашны тодорхойлолттой байх, байлдаан оролцсон туршлага байх зэрэг чанарыг эзэмшсэн байх шалгуурыг давах ёстой.
Багдадигийн үхэл мэдээж хэрэг хэсэг хугацаанд “Исламын улс” бүлэглэлд хүнд цохилт болно. Дэлхий дээрх жихадистууд “Исламын улс” бүлэглэлд үнэнчээ илэрхийлэхдээ “Халифа Ибрахим” хэмээн Багдадид үнэнчээ баталж байв. Хэдийгээр түүний дүрс бичлэг хоёрхон удаа гарч байсан ч түүний шашны эрх мэдэл их байв. Багдади өөрийгөө зөнч Мухаммедын Курайши овгийн үр удам гэж, Мосул хотын Лалын Их сүмээс өөрийгөө “халифа” хэмээн зарлаж байсан. Сүүлд өөрөө энэ сүмийг устгахыг тушааж байжээ.
Өшөө авалт
“Исламын улс” бүлэглэл толгойлогчийнхоо өшөөг авах нь дамжиггүй. Зэр зэвсэг, тэсрэх бодис, амиа хорлоход бэлэн сайн дурынхан хамгийн хялбар олдох Сири, Ирак улс тэдний бай болж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. “Исламын улс” бүлэглэл Сирийн Багхузыг алдсаныхаа дараа халдлагаа үргэлжлүүлнэ гэж тангараглаж байв. Европ, АНУ, хойд Африк, булангийн орнууд болон Азийн улс орнууд бүгд “Исламын улс”-ын овоо хараанд орсон. “Ганцаардсан цоно” хэмээгддэг ганц хүний халдлага “Исламын улс”-ын Багдадигийн төлөөх өшөө авалтын нэг хэлбэр болох магадлал өндөр. “Исламын улс” бүлэглэлийн Европ дахь гол бай болсон Франц улс иргэддээ сонор сэрэмжтэй байх анхааруулга өгч эхэлжээ. “Исламын улс”-ын толгойлогчид төлөвлөгөөг хэчнээн нарийн боловсруулах тусам аюулгүйн албаны илрүүлэх боломж их байдгийг сайн мэдэж байгаа. Тиймээс ойрын ирээдүйд бэлтгэл муу, энгийн халдлага гарах магадлал өндөр гэж ажиглагчид сэрэмжлүүлж байна.
Дахин сэргэлт
Багдадигийн удирдлага дор, түүний Кэмп Букка хорих төвд толгой жихадистуудтай тогтоосон харилцаа холбооны тусламжтайгаар “Исламын улс” Иракт томоохон ялагдал хүлээсэн Аль-Каидагийн “нурангиас” босож ирсэн. “Исламын улс” Аль-Каидагаас 2016 онд тусдаа гарсан байдаг.
Зартай хоёр бүлэглэл “Исламын улс”-ын хэрцгий хүчирхийллийн арга барил дээр санал нэгдээгүй. Харин “Исламын улс” бүлэглэл энэ арга барилыг таашаадаг хүмүүсийг илүүд үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )