Аль Каида, Исламын улс бүлэглэлүүд Израил, АНУ-д цохилт өгөхийг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 23

Аль Каида, Исламын Улс алан хядагч бүлэглэлүүд дэмжигчдэдээ хандан Израил, АНУ болон еврейчүүдэд цохилт өгөхийг уриалж байна гэж “Guardian” мэдээлжээ.

Сүүлийн хоёр долоо хоногт гаргасан цуврал мэдэгдэлд, Аль Каида бүлэглэлийнхэн Израилын эсрэг дайралт хийсэнд Хамас бүлэглэлд баяр хүргэж, Ойрх Дорнодын мөргөлдөөн зөвхөн Палестины нутаг дэвсгэр дэх исламын бүлэглэлийн тулаан бус бүхэл бүтэн исламын ертөнцийн тэмцэл юм гэжээ. Энэхүү уриалга хүчирхийллийн шинэ давлагаа үүсгэнэ гэж өрнөдийнхөн болгоомжилж байна. Газын зурваст дайн эхлэхээс ч өмнө Европын эрх баригчид тус тивд алан хядах ажиллагаа нэмэгдэж болзошгүйг сэрэмжлүүлж байжээ.

Аль Каида бүлэглэл өмнө нь Хамас, Хезболлах зэрэг бүлэглэлүүдэд шүүмжлэлтэй ханддаг байсан ба Газын зурвас болон Баруун эрэгт төлөөлөл нь байдаггүй байв. Хэдийгээр эдгээр бүлэглэлүүд ижил зорилт, үзэл санаатай ч үзэл суртлын том ялгаатай. Тухайлбал, Аль Каида эдгээр бүлэглэлийг засгийн газар болон засаг захиргаанд оролцоотой хэмээн шүүмжилдэг. Исламын улс бүлэглэл өөрийн мэдэгдэлдээ еврейчүүдийн эсрэг хэрхэн тэмцэх талаар Хамаст зөвлөгөө өгсөн хэдий ч Ирантай харилцаа холбоотой байдгийг нь шүүмжилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top