П.Цэгмид: Зураач хүний татаж буй нэг зураас ч маш их үнэ цэнээр ирдэг

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

БИ ӨӨРИЙНХӨӨ БИЕ ДААСАН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ГАРГАХ  ЦАГ НЬ БОЛООГҮЙ ГЭЖ БОДДОГ

 

“Төвөргөөн”, “Элч”, “Нар хиртсэн жил”, “Дорнод Монголын их амар амгалан”, “Идэр жинчин” бүтээлүүдээрээ олноо алдаршсан уран бүтээлч эрхэм Пунцагийн Цэгмидтэй уран бүтээлийн замнал, дотоод сэтгэлийнх нь өнгийг уудлан ярилцав. 1991 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, 2004 онд Монголын Урчуудын Эвлэлийн шагнал, 2014 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан зураач маань 10 дугаар ангидаа Улс төрийн товчооны гишүүдийг зурдаг, хэзээний том зураач болчихсон байсан гэдэг. Нэг намын үзэл суртлын эсрэг үзэл бодлоо хэнээс ч айхгүй чөлөөтэй илэрхийлж явсан тэрбээр Ардчилсан хувьсгал  эхэлсэн тэр цаг үед Монголын Ардчилсан Холбооны анхдугаар их хуралд аймгаасаа хамгийн түрүүнд баярын цахилгаан илгээж байсан түүхтэй. Түүнийг Шаргаморьт дахь буйдхан урландаа уран бүтээлээ туурвиж, завгүй байхад нь очиж уулзсан юм.

 

-Таны дүрслэх урлагтай дөрөвдүгээр ангиасаа амьдралаа холбож, тухайн үед 50 төгрөгийн цалин авч ажиллаж байсан гэж найз нөхөд тань хуучилдаг юм билээ?

-Дөрөвдүгээр ангиасаа аймгийн Урчуудын эвлэлийн салбарын дэргэдэх уран зургийн дугуйланд суралцаж, бас зуныхаа амралтаар ойр зуурт зарагдаж эхэлсэн. Зургаадугаар ангиасаа эхлээд ханын сонин, ангийн булангаас эхлээд сургуулийнхаа ажилд оролцдог, хажуугаар нь хөгжмийн хамтлагт явдаг байв. 10 дугаар ангиа төгсдөг жил уран зургийн ангийн хуваарь ирээгүй ч гэсэн тав, зургаан жил зураач нарын дунд хутгалдсан явсныхаа буянд  Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн зураач дайны хэмжээнд болж, Урчуудын салбартаа зургаан сар дагалдан зураач хийж байгаад жинхэлснээр ажил, амьдрал, уран бүтээлийн гараа маань эхэлсэн дээ. Ингээд бодохоор би гэдэг хүн Монголын дүрслэх урлагийн байгууллагад тавь гаруй  жилийг өнгөрүүлжээ. 1974 онд Ардын армийн 084 дүгээр анги бидний хэлдгээр Шүхэрч, тагнуулын ангид нэг жил, Ардын армийн 194 дүгээр тусгай салбар буюу армийн дүрслэх урлагийн салбарт Батлан хамгаалах яамны сайд дарга нарын өрөөний тохижилт, удирдагч нарын хөргийг зурах, армийн бэлэг дурсгалын зүйлсийг хийх, цэргийн ангиудыг тохижуулах зэргээр армийн урчуудын салбарт хоёр жил алба хаасан. Энэ хугацаанд хийсэн гол ажил нь тэр үеийн С.Янжмаагийн нэрэмжит  цэргийн хувцасны төв үйлдвэрт /одоогийн “Бөртэ” цэргийн хувцасны үйлдвэрт/ Монголын Зэвсэгт хүчний бүх цэргийн бие бүрэлдэхүүний хувцасны загварыг хийж байлаа. Цэргийн албаас халагдаж, аймгийнхаа Урчуудын эвлэлийн салбарт ажиллаж байгаад улсын Багшийн дээд сургуульд Ардын зураач, Төрийн шагналт  Г.Одонгийн  урланд  дөрвөн жил суралцаад 1984 онд “Жаргалтайн дэлгэр” дипломын ажлаа онц хамгаалж төгссөн дөө.

 

Улсаас  тэтгүүлж байхаар өөрсдийнхөө бяр хүч, авьяас чадвараараа л гарч ирэх нь нэг ёсны сорилт, шалгуур болсон гэж боддог. Төрийн царай харахдаа гол нь биш. Уран бүтээлчид өөрсдийнхөө сэтгэл зүрх, үзэл бодлоор тухайн оршин буй нийгмээ шүүмжилж, манлайлж, соён гэгээрүүлэх үүргээ ухамсарласан хүмүүс. Гэхдээ төрийн  зохицуулалт бодлого зураач, уран бүтээлчдэд хэрэгтэй цаг болоод байна.

 

-Та Монголын дүрслэх урлагийг олон улсад таниулах олон ажил зохион байгуулсан. Үүнд нийгмийн шилжилт нөлөөлсөн үү?

-1984 онд Дундговь аймаг соёл урлагийн 10 хоногоо хийж, нийслэлийнхэндээ Дундговьчууд уран бүтээлээ тайлагнасан түүхтэй.  Түүний дараахан Соёлын яамнаас аймгийн Соёлын ордныг Хөгжимт драмын театр болгох шийдвэр гарч, бэлтгэл ажил нь 1988 оны сүүлчээс эхлээд 1989 оны намар хүртэл бүтэн жилийн ажил болж өрнөсөн юм. Шинэ театраа Б.Лхагвасүрэнгийн “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг, “Жаргалтайн дэлгэр” нэртэй бүрэн хэмжээний концертоор нээж байлаа. Энэ их ажилд ерөнхий зураачийн үүрэг гүйцэтгэж, тайзны засал, хувцас хэрэглэл, түүнчлэн театрын гадна дотно монументал чимэглэлийн бүхий л ажлыг удирдаж хийлгэсэн. Эдгээрээс уртаашаа есөн метр, өндрөөшөө дөрвөн метр хэмжээтэй урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхныг дагалдах бурхдын хамтаар урлан бүтээсэн нь Монголдоо анхны ажил байсан гэж боддог 1990 онд улс орон зах зээлд орж Монголын Урчуудын эвлэлийн байгууллагын үйл ажиллагаа зогсож, төрийн бус байгууллага болон хувирсан. МУЭ хуучин социализмын үед Соёлын яамнаасаа салангид, тусдаа үйл ажиллагаа явуулдаг яамны хэмжээний дүрслэх урлагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг 18 аймаг, хотуудад салбартай, 2000 гаруй ажилчид, уран бүтээлчидтэйн нүсэр том байгууллага байлаа. Ардчиллын тогтолцоо бий болж, ажилгүй болсон зураачид тус тусын амьдрал уран бүтээлээ хөөх хүнд цаг үетэй золгосон. Миний хувьд Улаанбаатарт шилжин ирж, амьдралаа авч явахын тулд бие даасан уран бүтээлээ хийхийн зэрэгцээ бизнес хийж ирлээ. Уран бүтээлийн хувьд 1974 оноос улс төрийн плакат зураг голдуу хийхээс эхэлсэн бол Багшийн дээд сургуулийг төгсөөд арай том хэлбэрийн бүтээл хийж эхэлсэн. 1993 оноос  Хаяг, реклам чимэглэлийн “Хасар” компани байгуулж эхэлснээс гадна, “Тоншуул” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч зэрэг албыг хашиж байлаа. 2004 онд Монголын Урчуудын эвлэлийн ээлжит их хурлаар тус хорооны дэд дарга болж гурван жил ажилласан. Энэ хугацаанд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болж их ажлыг ундруулж явлаа. Дараа нь Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэг, Монголын зураачдын эвлэлийн тэргүүнээр одоо болтол  ажиллаж байна. Энэ хугацаанд ОХУ, БНХАУ-ын зураачдын байгууллагуудтай холбоо тогтоож, 1990-ээд оноос хойш тасраад байсан холбоог сэргээн, эхлүүлж, 2000 оноос эхлээд Хятадын,  2015 оноос ОХУ-ын зураачдын байгууллагуудтай ажиллаж эхэлсэн. Гурван улсын зураачдын уулзалтыг 2007 оноос тасралтгүй зохион байгуулж, уран бүтээлийн тойрон аялал хийх, хамтарсан үзэсгэлэн, уулзалт зохион байгуулах  зэрэг  олон арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Саяхан гэхэд 9-10 дугаар сард бүх ОХУ-ын Хакас Улсад болсон Бүх Оросын зураачдын уран бүтээлийн аялалд оролцоод ирлээ. Энэ төрлийн үйл ажиллагаанд монгол зураачдыг олноор хамруулж оролцуулахаас гадна олон улсад Монголын уран бүтээлчдийг оролцуулах, боловсруулах, туршлага судлах дүрслэх урлагийн  олон хэлбэрийн ажлыг хийж байна. Үүнд төр засгаас ямар ч бодлого, оролцоо, дэмжлэг байдаггүйг хэлэх нь зөв болов уу. 30 жилийн хугацаанд урлаг соёл, тэр дундаа дүрслэх урлаг, зураач урчууд төрийн уланд явж иржээ. Бид өөрсдийн бор зүрхээрээ л явж ирлээ.

-Уран бүтээлч хүмүүс бор зүрхээрээ л зүтгэж өдий зэрэгтэй яваа шүү дээ?

-1990 оноос өмнө хийснээрээ цалинждаг байсан зураач, урчууд хийсэн ажлынхаа хөлсний 60 хувийг нь өөрсдөө аваад, 40 хувийг нь улсад өгдөг систем үйлчилдэг байв. Зах зээлийн шилжилтийн үед тэр давлагаанд дан зураач гэлтгүй, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, дуучид, хөгжимчид гээд маш олон уран бүтээлчид өртөж, амьдрал нь орвонгоороо эргэсэн дээ. Чөлөөт уран бүтээлч гэдэг шошготой болсон нь заримдаа зөвдсөн ч юм шиг. Улсаас  тэтгүүлж байхаар өөрсдийнхөө бяр хүч, авьяас чадвараараа л гарч ирэх нь нэг ёсны сорилт, шалгуур болсон гэж боддог. Төрийн царай харахдаа гол нь биш. Уран бүтээлчид өөрсдийнхөө сэтгэл зүрх, үзэл бодлоор тухайн оршин буй нийгмээ шүүмжилж, манлайлж, соён гэгээрүүлэх үүргээ ухамсарласан хүмүүс. Гэхдээ төрийн  зохицуулалт бодлого зураач, уран бүтээлчдэд хэрэгтэй цаг болоод байна.

 

Өөрийгөө засаад, гэрээ засаад, төрөө зас гэдэг дээ. Төрөө засах гэдэг нь миний хувьд бүтээлээ хий гэсэн үг юм. Талх бодож байгаа тархинд уран бүтээл төрөхгүй. Зураг зарчих санаатай үзэсгэлэн гаргамааргүй байна. Уран бүтээл хийвэл өөртөө зориулна. Ер нь уран бүтээлч хүн өөрөө хос морьтой амьдрах ёстой. Нэг нь ахуй амьдралаа авч явах мөнгөний ажил хийх, нөгөө нь уран бүтээлээ зориулах.  Уран бүтээл бол бидний үр хүүхэд юм.

 

-Нэг намын тогтолцоотой системийн үзэл суртал уран бүтээлч хүнд хэрхэн нөлөөлдөг байсан бэ?

-Бүх юм цензуртай. Шинээр хийж буй уран бүтээлийг главлетаар  буюу Хэвлэл, утга зохиолыг хянах газраар орж батлагдана. Энэ газрын салбарууд бүх аймагт  байлаа. Бас л их зовлон байлаа. Манай аймгийн төлөөлөгч нь “Үнэн” сонины сурвалжлагч нь Главлетаа хариуцдаг, тусгай тамгатай байдаг байв  Шинэ жүжиг, зохиол бүтээл, том хэмжээний тоглолт хийхэд аймгийн намын уран сайхны зөвлөл үзэж, үзэл суртлын хэлтэс шалгаж, главлет баталдаг байсан. Одоо цагт цензур бол уран бүтээлч хүнд өөрөө өөрийгөө сайн цензурдэхэд хэрэгтэй юм гэж би боддог. Аливааг сайн, ойлгож, мэдэж, мэдэрч байж гараасаа бүтээл гаргах ёстой. Тухайн цаг үед уран бүтээлчид Нийгмийг аюулаас хамгаалахын хараа хяналтад байдаг байлаа. Би бас л тэдний нэг явлаа. Үзэл бодол, яриа хөөрөөгөөрөө нам, төрийн эсрэг цуурчихдаг.  Дээр нь намын гишүүн биш. Эсэргүү гэгддэг Б.Ренчин,  Ц.Дамдинсүрэн, Р.Чойномын болон бусад эсэргүү гэгдэх уран бүтээлчдийн зохиол бүтээлийг шүтдэг, ярьдаг, нэлээд хөдөлгөөнтэй хүн байжээ. Энэ ч утгаараа аймгийн Намын хорооны Товчоо захиргааны хурлаар хоёр ч удаа орох шахсан хүн. Сурагч байхдаа ч, цэрэг байхдаа ч, оюутан байхдаа ч үзэл бодлын хувьд ах нарынхаа сургаал номоор нийгэмдээ шүүмжлэлтэй ханддаг толгой байлаа. Дандаа томчуудын үгийг сонсож, дунд нь өссөн болохоор үзэл бодлын хувьд үеийнхнээсээ жаахан түрүүлчихсэн хүүхэд байлаа. Ер нь надад социализмын нийгэмд их олон зүйл таалагддаггүй байлаа, энэ нийгэм ч зарим талаараа бас таалагддаггүйг хэлэхэд илүүц биз. Заримдаа  өөрөө өөртөө ч таалагдахгүй юм. Уран бүтээлчид 1990 оноос өмнө нэг намд үйлчилж байсан хөлсний  барлагууд шахуу байсан бол одоо олон намын системтэй цаг үед тэр цаг өнгөрсөн гэж хэлнэ. Уран бүтээлчид аль нэг намд толгойгоо мэдүүлдэг даган баясдаг хямдхан ард түмэн биш ээ.

-Таны хувьд бие даасан үзэсгэлэн гаргаж байсан уу?

-Би бие даасан үзэсгэлэн гаргаж байгаагүй. Би өөрийгөө бие даасан үзэсгэлэн гаргах болоогүй гэж боддог. Монголоо төлөөлсөн гадаад , дотоодын олон үзэсгэлэнд орж байсан. Хамтарсан үзэсгэлэн бол олон. Одоогийн зарим зураачид өдөр болгон шахуу л үзэсгэлэн гаргаж байна. Зах зээлийн нийгэмд  амьдралаа босгох гэж л  их л хэцүү бэрх явлаа шүү дээ. Дүрслэх урлагийн олон төрөл чиглэлээр ажиллаж, амьжиргаандаа нэмэр болох зүйлсийг л бишгүй л хийж байсан. Монголд рекламын самбарыг анх бий болгож,  хулдаасан хэвлэлийг Орос руу нисэж, Финландад хэвлүүлж авчирдаг байлаа. 1996-2006 он хүртэл Монголын архины алтан үе гэгдэх үе байлаа. Монгол Улс архинаас өөр юм үйлдвэрлэдэггүй үед 170 гаруй компанийн 70 гаруй архины үйлдвэрийн хаягийг би л хийж байв. Тэрний хаяг, шошго, бөглөө, таглаа гээд бүх дизайныг нь хийлээ. Одоо бол өөртөө боллоо гэсэн үедээ л үзэсгэлэн гаргана даа. Зах зээлд бидэнд нэг ч бийр, харандаа, будаг, хавтан цаасгүй орсон. Дөрвөн хүүхдээ боловсролтой хүн болгох гэж, ахуй амьдралаа өөд нь татах гэж цаг, наргүй зүтгэж явлаа. Бие даасан үзэсгэлэн гаргахад нэгдүгээрт боломж бололцоо байсангүй, хоёрдугаарт би гэдэг хүн энэ тал дээр хайхрах боломжгүй явлаа. Өөрийгөө засаад, гэрээ засаад, төрөө зас гэдэг дээ. Төрөө засах гэдэг нь миний хувьд бүтээлээ хий гэсэн үг юм. Талх бодож байгаа тархинд уран бүтээл төрөхгүй. Зураг зарчих санаатай үзэсгэлэн гаргамааргүй байна. Уран бүтээл хийвэл өөртөө зориулна. Ер нь уран бүтээлч хүн өөрөө хос морьтой амьдрах ёстой. Нэг нь ахуй амьдралаа авч явах мөнгөний ажил хийх, нөгөө нь уран бүтээлээ зориулах.  Уран бүтээл бол бидний үр хүүхэд юм. уран бүтээлч хүн өөрөө өөрийгөө л болгож явах ёстой байх. Адгуус амьтан байгалийн шалгарлаар амьдардаг бол хүн нийгмийн шалгарлаар л амьдарна шүү дээ. уран бүтээлч хүн болж өгвөл хэний ч царайг харах хэрэггүй дээ.

Зураачид бол өөрөө харагдахгүй байхад л бүтээл нь ярьдаг. Тайз, дэлгэцийн урлагийн хүмүүс бол өөр л дөө. Зураачид үзэгдэж харагдахгүй, бараа сураг нь баригддаггүй бүтээлээрээ л танигддаг байх тусмаа үнэ цэнтэй. Бүтээл чинь л хүнд харагдаж, шүүмжлэгдэж байвал өөрийгөө аз жаргалтай байна гэж бод. Зураач хүний татаж буй нэг ч зураас маш их үнэ цэнээр ирдэг юм шүү.

 

-Таны зургийн хэв маяг уламжлалт тал руугаа яргасан байдаг. Сүүлийн үед сэтгэлгээний хувьсал гэж их ярих болж?

-Монголчууд 1990 оноос нэг намын үзэл суртлын хүлээснээс салж, нүд гялбасан урлагийн ертөнц рүү гэнэтхэн л хөл алдаж нүд нь дөнгөж нээгдсэн гөлөгтэй л адилхан болсон шүү дээ. 1990-2010-аад  он хүртэлх үеийг Монголын урлаг соёлынхны, дүрслэх урлагийн хувьд ч адил түүхийн саарал үе байжээ гэж би боддог. 30 жил миний хувьд бүтэн амьсгаа авч амжилгүй л цахилгаан шиг хурдан өнгөрчээ. Энэ хооронд юу ч хийж амжсангүй юм шиг санагддаг. Одоо л сууж хийх үе маань ирж байна уу гэлтэй. Манай Монгол Улс сүүлийн 300-аад хэнээс ч хамааралгүй, жил өөрийгөө бие даан авч явсан түүх байсангүй. Дандаа л харийн улсын бодлогоор явж ирсэн колони хэлбэрийн улс байжээ. Одоо ч гэсэн нарийндаа яривал гадны улсын дохиураар явж байгаа нь нууц биш. Уран бүтээлчдийг би сэтгэлгээний хувьд улс төрчдөөс ямагт урд нь түрүүлж алхаж явах ёстой хүмүүс гэж боддог. Уран бүтээлчид  маань өөрийн гэсэн үзэл бодол, Монголоо гэсэн чиг баримжаагаа алдахгүй авч явах ёстой улс юм шүү дээ. Монгол үндэстэн гэсэн санаа бодол цусанд нь байж байж л дэлхийд Монголоороо танигдана. Сүүлийн үед урлаг зөв голдиролд чиглэх хандлагатай болж байгаа нь талахрууштай. Сүүлийн үед залуу сайн уран бүтээлчид төрж байгаа нь бахархууштай. Манай уран бүтээлчдэд  үзэх судлах зүйл маш их байна. Манай залуучууд цаг наргүй үзэж судалж , хөдөлмөрлөх шаардлагатай байна. 

-Тэр  саарал үеийг өнгө оруулахын тулд яах ёстой гэж та боддог вэ?

-Бид өнгөнд их хууртаж байх шиг. Моод Монголоор дуусна гэдэг байсан бол одоо өнөөдөр тэнд ханиахад одоо энд найтаана гэдэг л болж. Монголын урлаг их хөгжчихсөн гэж хэлэх болоогүй байна. Жишээлбэл Монголд уран зургийн музей ч алга байна шүү дээ. Модерн нь гээд л ярих, түүнийхээ агуулгат бус хэлбэрт шүтээд байна. Манай урлаг магадгүй 30-50 жилийн дараа гайгүй болох биз ээ.

-Уран бүтээлч хүн ямар байх ёстой вэ?

Уран бүтээлийн нөхөрсөг маргаан, хэлэлцүүлэг, шүүмж, судлал гэж бидний үед байлаа. Тэр уламжлал үгүй болжээ. Нэг нэгнээ их магтдаг болжээ. Магтаалын мананд л төөрөөд байх шиг. Ихэдсэн магтаал бол цаазын сэлмээс дор. Их магтуулаад байвал урагш хэзээ ч явахгүй, харин муулуулаад байвал чи хүний сэтгэлд хүрч байна гэж боддог байх хэрэгтэй. Тиймээс муулуулахаас битгий айж бай. Уран бүтээлч хүн бол чимээгүйхэн юмаа хийгээд явж байвал болох нь тэр. Зарим нь өөрийгөө л гоё харагдуулах гэж, өөрийгөө л харуулах гэж амьдарч байгаа нь нууц биш. Зураачид бол өөрөө харагдахгүй байхад л бүтээл нь ярьдаг. Тайз, дэлгэцийн урлагийн хүмүүс бол өөр л дөө. Зураачид үзэгдэж харагдахгүй, бараа сураг нь баригддаггүй бүтээлээрээ л танигддаг байх тусмаа үнэ цэнтэй. Бүтээл чинь л хүнд харагдаж, шүүмжлэгдэж байвал өөрийгөө аз жаргалтай байна гэж бод. Зураач хүний татаж буй нэг ч зураас маш их үнэ цэнээр ирдэг юм шүү.

-Уран бүтээлч залуусын хандлагын талаар та юу гэж боддог вэ?

-Дээд сургууль төгссөн хүүхдүүд над дээр ирж дагалдъя, суръя гээд ирдэг. Ихэнх нь л уулзаад хоёр үг солиход л үнэндээ чамлагддаг,  ихэнх нь сэтгэлд хүрдэггүй. Би ч бас их голомтхой нөхөр дөө.

-Зураачид өөрийнхөө дотоод сэтгэлийг илэрхийлэхдээ өөрийн гэсэн тотемтэй байдаг шиг. Таныг өнгөөр илэрхийлбэл?

-Хар өнгө. Санаагаа хурц, тод илэрхийлэхэд хар өнгө их эрч хүч өгдөг.

-Таныг нутаг орондоо үлдээсэн бүтээн байгуулалтыг нутгийн зон олон мэднэ. Хөдөө, орон нутгийнхаа урлаг соёлын газрын өнөөгийн байдал, өсөлт хөгжлийн талаар таны бодол?

-Би жалга довын үзэлд дургүй. Гэхдээ аймаг, орон нутгаа гэлгүй яах вэ. Манай аймгаас санал тавьж, хамтарч олон ажил хийж явлаа. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд 2006 онд Норовбанзад гуайн “Уяхан замбуу тивийн наран” задгай театрын цогцолборыг аймаг орон нутагтайгаа хамтран бүтээлцсэн. Монгол Улсын холбооны гавьяат ажилтан, ахмад холбоочин Д.Гарам-Очир гуай тэр үед зохион байгуулах  үндэсний хорооны ажлын хэсгийг тэргүүлж байв. Тэрбээр улсаас 80 сая төгрөг гаргаж өгснөөр бүтсэн түүхтэй. Мөн нутгийн уугуул зураач Г.Сэрээтэртэй хамтран их эрдэмтэн Зава Дамдины хөшөө, мөн Хошой Чин ван Чагдаржавын хөшөөг  Мандалговь хотноо бүтээсэн түүхтэй. Хамгийн сүүлд энэ жил л гэхэд Дундговь аймагт Их газрын чулуунд “Уяхан замбуутивийн наран” 3000 дууч, хуурчдын урлагийн  их наадмын ерөнхий зураачаар ажиллалаа. Энэ ажил үндсэндээ бүтэн жилийн ажил болсон. Их ч олон хүнтэй муудаж, сайндаж байж ард нь гарлаа. Сайхан болсон наадам маань. Эргээд харахад  бид гайгүй юм хийчихжээ гэж бодогдож байна. Аймгийн засаг дарга нар маш их ач холбогдол өгч ажилласан. Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга, найруулагч МУСГЗ Д.Доржсүрэнтэй хамтарч энэ ажлын ард гарсан. Манай Доржсүрэн бол 21 аймагт байхгүй найруулагч шүү. Төв халхын дуулалт жүжгийн театрыг тордоод байвал өндөр хэмжээнд хүрэхээр уран бүтээлчидтэй хамт олон. Хамгийн гол нь чадварлаг уран бүтээлчдээ гадагш нь алдчихалгүй, ахуй нөхцөлөөр нь сайн хангаад, орон нутагт нь  анхаарах хэрэгтэй. Театр гэснээс театр музейгээ нураана, нураахгүй гээд маргаад байх юм. Үнэхээр л муудсан, элэгдэж хорогдсон бол орчин үеийн шаардлага хангахгүй болсон юм бол нураахаас яах вэ. Ер нь нэг нь нэг юм сэдээд хийх гэхээр нэгийгээ унагаах, хардах, сэрдэх, үгүйсгэх хандлага манайханд их байна. Хятадад Бээжингийн шинэ Нисэх онгоцны барилгаа дэлхийд алдартай архитектурчдаар хийлгэлээ. Казакстан Улс Япон Улсын архитектурчдаар загвараа гаргуулж, хот улсаа хөгжүүлж байна. Энэ жишгээр орчин үеийн стандартын шаардлага хангасан, архитекторын шинэ шийдэл бүхий барилга байгууламжийг гаднынхны оролцоотой бүтээн босгох хэрэгтэй л дээ. Үнэндээ манай архитекторын хөгжил гэж юу байна, байхгүй шүү дээ, байхгүй.

 

Б.Лхагвасүрэн ах бид хоёр үзэл бодлын хувьд их сайхан санаа нийлдэг байлаа. бид хоёр 30 жил хамт байжээ. “Үлэмжийн чанар” дуулалт жүжгээс эхлээд Улсын Драмын эрдмийн театрт”“Хүйтэн сэнтий” жүжиг, “Гэгээн тамлан” зэрэг тайз дэлгэцийн олон уран бүтээл дээр хамтарч ажилласан. Уран бүтээлээ хийхийн тулд Бээжин хот руу хүртэл хамт явж байлаа шүү дээ. Тэр агуу хүний энд хүрэх, хураасан мэдлэгтэй, шийртэй хүн одоохондоо алга л байна даа. Төрөл садны хүн С.Дашдооров ах маань ч Монголын уран бүтээлч гайхалтай хүн байлаа. Энэ л олон томчуудын дунд байснаараа хувь заяатай хүн гэж би  өөрийгөө боддог.

 

-Та энэ бүтээлээ /Нийслэл хотын өнгө төрхийг харуулсан зураг зурж байлаа/ Улаанбаатарын 380 жилийн ойд зориулж зурж байна уу?

-Би ямар нэг зүйлд зориулж зурдаггүй. Нийслэл хот бол бидэнд мөнхийн сэдэв л дээ. Үе үеийн маань зураачид Богдын хүрээ, Шар өргөө, Нийслэл хотоо зурж үлдээсэн байдаг. Үнэнийг хэлэхэд бидний үеийнхэн олон янзын нийгмийг үзлээ шүү дээ. Би үүнд харамсдаггүй, харин ч азтай л гэж боддог. Их л адал явдалтай он жилүүд байлаа. Миний хувьд маш сонирхолтой байлаа. Эхнэр нь төрөөд нэгдлийн малаас шөл уучихвал шоронгийн хаалга татдаг үе байлаа. Одоо бол хэдэн мянган мянган малтай мянгат малчин болох үе хүртэлх савлагаатай нийгэмд амьдарч үзлээ шүү гоё, гоё!

-Таны уран бүтээл ямар нэг төрөлд баригдаагүй юм байна?

-Миний бүтээл туурвих асуудал бол сэтгэлийнхээ дуудлагаар л явна шүү дээ. Уран бүтээлч хүн бол эрх чөлөөтэй сэтгэдэг хүн шүү дээ.

-Залуу цагаасаа Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан та хоёр дотно нөхөрлөж, шадарлаж явсан. Уран бүтээлээ хамтдаа туурвиж нэгнээ ирлэж, хурцалж явсан уул шиг анд нөхөд нь ханараад унахад сэтгэл өмөрч, нурна даа?

-/Санаа алдав/ Би олон сайхан уран бүтээлчидтэй дотно найзалж явсан. Б.Лхагвасүрэн ах бид хоёр үзэл бодлын хувьд их сайхан санаа нийлдэг байлаа. бид хоёр 30 жил хамт байжээ. “Үлэмжийн чанар” дуулалт жүжгээс эхлээд Улсын Драмын эрдмийн театрт”“Хүйтэн сэнтий” жүжиг, “Гэгээн тамлан” зэрэг тайз дэлгэцийн олон уран бүтээл дээр хамтарч ажилласан. Уран бүтээлээ хийхийн тулд Бээжин хот руу хүртэл хамт явж байлаа шүү дээ. Тэр агуу хүний энд хүрэх, хураасан мэдлэгтэй, шийртэй хүн одоохондоо алга л байна даа. Төрөл садны хүн С.Дашдооров ах маань ч Монголын уран бүтээлч гайхалтай хүн байлаа. Энэ л олон томчуудын дунд байснаараа хувь заяатай хүн гэж би  өөрийгөө боддог.

-Танай гэрт дээр үеийн бичгийн машин байх юм?

-Манай аймгийн Урчуудын эвлэлийн салбараас үлдсэн түүх. Манайд салбарын архив ч бас хадгалагдаж байгаа. Би чинь уран бүтээлийн хажуугаар 40-өөд жил гэрэл зураг сонирхлоо. Бас ч гэж зургаан аймгийн гэрэл зургийн альбом хийсэн нөхөр шүү.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.183.125) 2024 оны 05 сарын 08

Мөнгний шунал ихтэй хүндээ.

5  |  0
ямар том худалл вэ(66.181.161.12) 2024 оны 05 сарын 08

мѳнгны ѳнгны хүн юмдаа миний мэдхээр саунд оф монголиа л найруулсандаг

5  |  0
Zocnin(174.90.223.81) 2019 оны 11 сарын 03

Mundag uran buteelcndee az jargal husen erooy

0  |  0
kunz(202.9.45.217) 2024 оны 05 сарын 08

luvarchin garshte tom tom shaagaal bhin

9  |  0
noiton(66.181.188.80) 2024 оны 05 сарын 08

hudlaa shaasan gar

5  |  0
Top