1000 сэтгүүлчийн ҮХЭЛ  ба сэтгүүлчдээр дүүрсэн ШОРОН

2019 оны 11 сарын 01

Арваннэгдүгээр сарын 2. Энэ өдөр Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйг таслан зогсоох олон улсын өдөр юм.  

Өдөр тутам, цаг, минут бүрд өрнөж байдаг олон олон үйл явдлыг  мэдээлэх, нийтэд дамжуулахдаа  ҮНЭН-д тулгуурлах үүргийг сэтгүүлчид нийгмийн өмнө хүлээдэг. Харин ёс зүй, шударга үнэнээр туг хийн ажиллаж буй сэтгүүлчдийг эрсдэл үргэлж дагаж байдгийг дэлхийн сэтгүүлчдийн түүх бэлхнээ харуулна.

Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах эл өдрийг угтан өнөөдөр /2019.11.01/ Глоб Интернэшнл төрийн бус байгууллага болоод Монгол Улс дахь ЮНЕСКО, Европын Холбооноос Монгол Улсад суух Элчингийн газраас мэдээлэл хийсэн юм.

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд 1000 гаруй сэтгүүлч амь үрэгджээ. Тэдний  зарим нь дайны талбарт амиа алдсан бол зарим нь ГЭРТЭЭ БАЙХДАА, ГЭРИЙНХЭЭ ОЙРОЛЦОО ГУДАМЖНЫ БУЛАНД, ЗОРИУД, ХЭРЦГИЙГЭЭР бусдын гарт амиа алджээ. Тэд зарим хүмүүсийн, бүлэглэлийн  нуухыг хүссэн сэдвийг эрэн сурвалжилсан учраас амиа алджээ. Тиймээс  амь бүхний төлөө шударга ёсыг нэхэн шаардаж буйгаа олон улсын сэтгүүлчдийн байгууллагын зүгээс мэдэгдээд байна. 

Сэтгүүлчид амиа алдахаас гадна, шоронд хоригдож, эрх чөлөөт амьдралаа хасуулсан баримт олон. Турк дэх сэтгүүлчдийн нөхцөл байдлыг энд дурдаж болно. Тус улсад 2016 оны долоодугаар сард төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэнээс хойш 120 гаруй сэтгүүлчид,   хэвлэл мэдээллийн ажилтнууд шоронгийн хаалга татсан. Тэдний нэг бол 75 настай сэтгүүлч Назли Иликак юм. Үндсэн хууль зөрчсөн хэргээр насаараа хорих ял шийтгэгдсэн тэрбээр Истанбул дахь Bakırköy эмэгтэйчүүдийн шоронд гурав дахь жилдээ хоригдож буй. Тэрбээр найзуудынхаа утасны дугаарыг бичин хадгалж байсан дэвтэр нь терроризмтой холбоотой нотлох баримт болж, өөрийг нь шоронд нь хорьсныг “Эмнести Интернэшнл”-ийн хүний эрхийг хамгаалагчид хэлсэн байдаг. Туркийн “Эмнести Интернэшнл”-ийн  Бэрил Эски энэ оны тавдугаар  сарын 3-нд буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Дэлхийн хамгийн том сэтгүүлчдийн шорон”-гийн тухай бичсэн байдаг.

Бэрил Эски нь Туркийн “Эмнести Интернэшнл”-ийн хэвлэлийн зохицуулагчаар ажилладаг бөгөөд Истанбулын өмгөөлөгчдийн холбооны дэмжлэгтэйгээр хэд хэдэн хорих ангид нэвтэрч олон сэтгүүлчтэй нүүр тулан уулзжээ.

Түүний бичсэнийг эшлэн хүргэе.

БЭРИЛ ЭСКИ

Назли Иликак надад өөрийнхөө өмнөх амьдрал, хүүхэд, ач зээ нараа санаж байна гэдгээ хэлсэн юм. “Энд яг л бунхан дотор хоригдсон юм шиг. Ямар нэг зүйлд ойртож, барьж мэдрэхийг оролдовч, даанч боломжгүй” гэж тэр хэлсэн.

Би түүнээс “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт “ зориулж нийтлэл бичихийг хүсэж байна уу хэмээн асуухад, тэрээр маш нухацтайгаар үзэг болон цаасаа аван бичиж эхлэв. Тэр мөчид би түүний шоронгоос гарч дахин сэтгүүлчийн ажлаа үргэлжлүүлэхийг хүсэж байгааг олж харсан юм. Ийм хүсэл шоронд хоригдож байсан бусад сэтгүүлчдээс ч гэсэн харагдаж байлаа. 

 Би мөн  “Etkin News Agency (ETHA)“-ийн сурвалжлагч Пинар Гаиптай уулзсан бөгөөд тэр намайг нүүр дүүрэн инээмсэглэлээр угтан авсан юм. “Террорист байгууллагын гишүүн”, “Террорист байгууллагыг сурталчилсан” хэргээр тэр хоригдоод байгаа юм. Түүний сошиал медиа дээр бичсэн постууд болон ETHA-д нийтлүүлсэн ажлууд түүний эсрэг нотлох баримт болоод байгаа юм.

Гаип хэлэхдээ түүний хоригдож буй хугацаан дахь хамгийн муу өдөр нь 1980-аад оноос хойш алга болсон гэр бүлийн гишүүдийг нэхэж долоо хоног бүр зохион байгуулдаг  Турк эмэгтэйчүүдийн 700 дахь жагсаалыг цагдаа нар зогсоосон өдөр байлаа. Эдгээр эмэгтэйчүүд буюу “ Хагас сайны ээжүүд ” нь Турк дэх  үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойны нэг хэсэг бөгөөд цагдаа нар “ Хагас сайны ээжүүд” хөдөлгөөн рүү дайрахад миний дотор нэг юм эвдрэх шиг л болсон. Тэр үед би тэнд байсан ч болоосой” хэмээн Гаип хэлжээ.

Семиха Сахин  ETHA-гийн редактор, мөн ижил хэргээр хоригдоод байгаа бөгөөд хавар цаг ирсэн хэдий ч түүний хувьд нэг л гунигтай байв. Тэр энд олон шинэ найз нөхөдтэй болж, өмнө нь уншдаг байснаасаа ч ихийг уншиж байгаа аж. Тэрбээр Гайптай адилхан  2018 оны наймдугаар сарын 25-ны өдрийн “Хагас сайны ээж” нарын хөдөлгөөнийг цагдаа нар хэрхэн зогсоон, тарааж байгааг  нулимс дуслуулан харснаа дурсаж,”Би тэр өдрийг хэзээ ч мартаж чадахгүй” гэсэн юм.

ЭРХ БАРИГЧИД ХЭВЛЭЛИЙНХНЭЭС АЙДАГ

Бараг гурван  жил хоригдоод буй  Эрдагийн хэрэг одоо хүртэл давж заалдах шатны шүүх дээр байгаа. Тэрбээр өөрийнх нь ертөнц улам жижгэрсээр байна гэв. Түүнд гэр бүлийнхнээс нь өөр тусалж дэмжих хүмүүс байхгүй, Эрда маш ганцаардмал байгаагаа мөн шүүх хуралд найдахгүй байгаагаа хэлсэн юм. “Сэтгүүлчид ардаа маш олон дэмжигчтэй байхгүй бол хэн ч түүнийг мэдээн дээр дурсахгүй” ажээ.

Одоогоор хаагдсан Özgürlükçü Demokrasi сонины сурвалжлагчид болох Tuba Bulut, Reyhan Hacıoğlu нар нь гуравдугаар сарын 2-ноос хойш өлсгөлөн зарлаад байгаа бөгөөд  ямар ч харилцаа холбоо байхгүй байгаа ажээ.

Reyhan Hacıoğlu хэлэхдээ “Эрх баригчид хэвлэлийнхнээс айдаг. Хүний эрхийн зөрчил байхгүй бол бидэнд тэр   тухай бичих ямар ч шаардлага байхгүй. Харамсалтай нь ийм зүйл болоод байгаа учраас л бид  бичээд байгаа юм шүү дээ  хэмээн тэрээр  өгүүлсэн юм . Би түүнээс юуг хамгийн их үгүйлж байна вэ гэхэд тэрээр “Би илүү дээр улсын тухай мэдээ бичиж байсан үеэ санаж байна” гэв.

АСАР ТОМ ШОРОН

Bakırköy эмэгтэйчүүдийн хорих ангид зочилсноос хэдэн өдрийн дараа би Silivri-гийн хаалттай засан хүмүүжүүлэх ангид очихоор болов. Зэрлэг цэцэг замыг бүрхсэн байлаа. Ойролцоогоор 20000 гаруй хүнийг байрлуулдаг Silvri хорих анги нь бараг жижигхэн хот гэлтэй.

Би “Террорист байгууллагын гишүүн” гэх хэргээр 6 жил 3 сарын ял шийтгүүлсэн Якуп Сетинтэй уулзав. Тэрбээр ялынхаа гурван жилийг эдлээд байгаа бөгөөд амьдралыг үзэх үзэл нь өөрчлөгдсөн гэв. “Амьдрал гэдэг нь одоо байгаа энэхүү цаг мөч бөгөөд энэ л маш үнэ цэнтэй. Шоронгоос гараад одоо цагтаа амьдрахыг хүсэж байна” гэжээ.

Миний уулзсан сүүлийн сэтгүүлч болох Ерен Ердем өршөөгөөрэй хэмээн надтай мэндлэв. “Хлорын шохой үнэртэж байвал уучлаарай. Учир нь өнөөдөр цэвэрлэгээний өдөр” юм гэв. Өдрийг арай хурдан өнгөрөөхийн тулд тэрбээр хамт хоригдож буй хүмүүстэйгээ уншсан номынхоо тухай ярилцах тогтолцоо бий болгосон бөгөөд өдөр тутмын ажлуудаа хамтдаа хийдэг болсон ажээ.

Дөрвөн жил хоёр сарын турш ял эдлэхдээ Erdem өөрийнх нь уншдаг номууд ерөнхийдөө улс төрийн онол, философийн талаар болсон гэдгээ хэлэв. Бусад хоригдлуудын адил тэрбээр өмнө нь хоригдож байсан сэтгүүлчдийн үлдээсэн номуудаас маш их зүйлийг мэдэж авч байгаа аж.

Гэхдээ энэ нь Ердемийн алдсаныг нөхөж чадахгүй юм.

Түүнтэй уулзах үед тэрбээр шоронгийн удирдлагууд өөрөөс нь хүүгийнх нь зургийг сүүлийн 15 хоногийн турш нууцалсан гэдгийг хэлэв. “Шүүх хүүтэйгээ байх эрхийг чинь хязгаарлана, харин шоронгийн удирдлага хүүгийн чинь зургийг чамаас булаана” хэмээн тэрбээр өгүүлэв. 

Ердем шиг сэтгүүлчид зүгээр л өөрсдийн ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө шоронд хоригдож байгаа  нь миний уурыг маш их хүргэж байлаа. Маш олон хүмүүс хуурамч баримт, нотолгооноос болж зохиомол хэрэгт гүтгэгдэн шүүхээс ял авч байгаа нь  үнэхээр цочирдмоор хэрэг юм.

Засгийн газар олон нийтийн шүүмжлэлийг багасгахын тулд сэтгүүлчдэд харгис хандаж байгааг хараад би харамсах сэтгэлээр шоронгоос гарав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fabien(41.79.219.206) 2023 оны 01 сарын 21

VERY IMPORTANT INFORMATION\nYou are not favored by the banks, you have a project and you need financing, you need funds to invest in your business.\nFor all your credit or financing needs, do not hesitate to contact me for more information.\nContact:\n\nfabienalicio@gmail.com

0  |  0
Top