“Зиндаа” сэтгүүлийн 2019 оны №13 дугаараас онцолж байна.
УДБЭТ-ын түүх нь ард түмний уламжлалт соёл, урлаг дээр түшиглэж, үндэсний болон дэлхийн сонгодог урлагийг Монгол оронд хөгжүүлсэн манай улсын соёл урлагийн түүх гэж болно. Хүн төрөлхтний түүхэнд оюун сэтгэлгээний өнө эртний гайхамшигт өвийг байгальтайгаа хослуулан үлдээж чадсан үндэстний нэг нь Монголчууд юм. Авьяас ухааны хүч чадлаараа шалгаран сонгогдсон монгол залуус дэлхийн оюуны гэгээрлийг тэргүүлж эхэлсэн Европын сонгодог урлагийг өөрийн орны соёл урлагийн уламжлалт сэтгэлгээний онцлогтой хослуулан хөгжүүлж, 21-р зууны босгон дээр олон улсын түвшинд хүргэж чадсан билээ. УДБЭТ –ын авьяаслаг уран бүтээлчид өөрсдийн урын сангаа улам баяжуулж, эх орныхоо алдрыг дэлхий дахинд дуурсгах их үйлсийг бүтээн, итгэл төгөлдөр хөгжиж байна. Ингээд УДБЭТ-ын захирал, МУГЖ Ц.Төвшинтөгстэй уулзан, театрын түүхэн замналын талаар хөөрөлдсөнөө уншигчдадаа толилуулья.
-Танд шинэ оны мэнд хүргэе. Улиран одож буй 2018 оныг танай хамт олон амжилт бүтээлээр дүүрэн үдэв үү? Айлчлан ирсэн шинэ ондоо бүр ч ихийг бүтээхээр төлөвлөөд байгаа биз дээ?
-Манай театрын хамт олон өнгөрөгч 2018 оныг амжилт бүтээл арвинтайгаар үдлээ. УДБЭТ-ын үе үеийн уран бүтээлчид сонгодог урлагт нэгэн сэтгэлээр зүтгэж, олон шилдэг уран бүтээлчдийг төрүүлэн, дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг дуурсгасан гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, УДБЭТ-ыг Төрийн хүндэт шагнал “Алтангадас” одонгоор шинэ оны босгон дээр шагналаа. Энэхүү эрхэм хүндэт шагналыг гардан авснаар Монголын соёл урлагийн салбарт хүлээж буй бидний хариуцлага ч өндөрсөнө хэмээн ойлгож байна. Өөрөөр хэлбэл, төр засгийнхаа итгэл хүндлэлийг бид уран бүтээлийн өрнүүн амжилт, зүтгэл сэтгэлээр хариулна гэсэн үг юм. Манай хамт олон 2019 ондоо сонгодог урлагийн үзэгчдэдээ зориулан хоёр шинэ уран бүтээл хийх болон өөр бусад томоохон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 2019 оны эхний үндсэн тоглолтоо Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетаар эхлүүллээ. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьж байсны түүхт 53 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн бүтээл “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь 1870 оны тавдугаар сарын 25-нд Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа анх удаагаа тоглож байжээ. Харин манай улсад анх 1966 онд тавигдсан түүхтэй. Тус балетыг УДБЭТ-ын тайзнаа анх Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар Н.Намсрайжав, Ч.Жамсранжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, зураачаар нь Д.Сүхбаатар нар ажилласан. “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг бүжгэн жүжигтэй хослуулдгаараа онцлогтой. Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гол дүрийн эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг юм. Энэ сарын 9-нд манай хамт олон Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойн арга хэмжээг тус байгууллагатай хамтран амжилттай зохион байгууллаа. УДБЭТ нь хөдөө орон нутгийн театр, чуулгын уран бүтээлчдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулан ажиллах зорилтынхоо хүрээнд Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын 12 бүжигчдэд “Мастер класс” явуулж, мэргэжлийн туршлагаасаа хуваалцлаа. Бид цаашид ийм төрлийн олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-Өөрийг тань алдартай дуучин гэдгээр нь олон нийт сайн мэднэ. УДБЭТ-ын даргын албан тушаалыг хэдийнээс хашиж байна вэ? Албан ажлаа гүйцэтгэх явцад саад бэрхшээл хэр тулгарч байв?
-Би энэ албанд томилогдоод яг нэг жил болж байна. Өнгөрөгч 2018 оны нэгдүгээр сарын 2-нд УДБЭТ-ын даргын үүрэгт ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Би өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутагт Дархан-Уул, Хэнтий аймгуудад театр, чуулгын даргаар ажиллаж байгаад Дуурийн театртаа 12 жилийн дараа хүрч ирлээ. Анх 1992 онд дуулаачаар орон 2006 он буюу амьдралынхаа 10 гаруй жилийг энэ театрын тайзан дээр өнгөрүүлсэн билээ. Энэ утгаараа УДБЭТ бол миний урлагийн амьдралд чухал байр суурийг эзэлдэг. Энд ирснээсээ хойш театрынхаа үүсэл хөгжил, түүхэн замнал, энд ажиллаж байсан уран бүтээлчид гээд энэ театртай холбоотой зүйлсийг судлах ажилд ихээхэн анхаарч, цаг хугацаагаа зарцуулж байна.
Ажил гүйцэтгэх явцад мэдээж, саад бэрхшээл тулгарч таарна. Гэвч миний хувьд, саад бэрхшээлийг боломж гэж хардаг насан дээрээ ирчихээд байгаа учраас төдийлөн хүндрэлтэй санагдахгүй байгаа.
-Оюуны соёлын асар өргөн цар хүрээ бүхий үйл ажиллагаа явагддаг гол томоохон театрын маань үүсэл хөгжлийн замнал анх хэзээ, юунаас улбаалж эхэлсэн юм бол?
-1940-өөд оноос эх үүсвэр нь бий болсон. УДБЭТ-ын барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Косель 1943 онд зохиосон бөгөөд 1946-1949 онд Улсын барилга трестийн барилгачид, японы олзлогдсон цэргүүдээр бариулж ашиглалтанд оруулсан. Барилга ба хашааны монгол хээ угалзыг архитектор Б.Чимэд, зураач Д.Маньбадар нарын зохиосон зураг төслөөр уран барималч С.Чоймбол, Даваацэрэн, Н.Жамбаа нарын урчууд бүтээжээ. Театрын энэ сайхан барилгын зураг төслийг гаргасан герман архитектор Косель Ленинградын Хөгжмийн театраас санаа авсан хэмээн өгүүлсэн байдаг. 1950 оны 12 сарын 30-ны өдөр театрын зориулалтын шинэ барилга ашиглалтад орж, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол алдарт “Учиртай гурван толгой” дуурийн 1000 дахь тоглолтоор хөшгөө нээснээр Монгол Улсад мэргэжлийн хөгжмийн театр үүдээ нээсэн түүхтэй. Тэр үеэс эдүгээг хүртэл тус театраас хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, гавьяат зүтгэлтэн, гавьяат жүжигчид, төрийн шагналтнууд олноор төрөн гарч, нүүдэлчин Монголчууд дэлхийн соёл иргэншилтэй эн зэрэгцэн алхсаар ирлээ. Энэ бүхэн нь тухайн үеийн төр засгийн бодлого, ард түмнээсээ сонгогдон шалгарч тус театрын хөгжилд бүхий л амьдралаа зориулж ирсэн бурханлаг уран бүтээлчдийн гэгээн үйлс, хичээл зүтгэл, театрыг удирдаж байсан эрдэмтэд, авьяас билигтнүүдийн алсын хараатай үйл ажиллагаанууд нь дэлхийн сонгодог урлагийн нандин өвийг өөрийн уламжлалд тохируулан хөгжүүлж чадсаны үр дүн юм.
-Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэлийг ямар уран бүтээлээр нээж байсан бэ? Анхны дуурь, бүжгэн жүжиг хэрхэн тавигдаж байсан үүх түүхээс уншигчдад толилуулбал сонирхолтой байх болов уу?
-1943 оноос Улсын Төв театрыг Улсын Хөгжимт Драматик театр хэмээн нэрлэх болж, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг дуурийн хэлбэрт оруулан шинэчилж, хөгжмийг Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар хамтран бичиж, А.Рабинович найруулан, цомнол зохиолыг Ц.Дамдинсүрэн засварлан бичсэн байдаг. Бүх үзэгдэл гурван уулын энгэрт болдог байсан бол үзэгдэл бүрийг өөр газарт болж буйгаар өөрчлөн найруулж, дүрүүд өөр өөр аялгуутай дуулдаг болж, өмнө нь дуулалт жүжигт 8 хүн оролцдог байсан бол дуурь болсноор 30-40 хүн тоглодог болж, олны хэсэгт найрал дуу орж ирсэн. XYII зуунаас хөгжиж ирсэн балетын урлаг манай оронд 1944 оноос ЗХУ-ын мэргэжилтэн багш нарын туслалцаатай “Бүжгийн үдэшлэг” бие даасан хөтөлбөрийг тоглосноор эхэлж, 1956 онд Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балетыг тайзнаа тоглосон түүхтэй.
-Хөгжим ангийн үүслийн түүхээс сонирхуулна уу?
-1924 онд байгуулагдсан жанжин Сүхбаатарын нэрэмжит клубын дуу хөгжмийн бүлгэм УДБЭТ-ын яруу тунгалаг найрал хөгжмийн ангийн эх үндсийг тавьсан гэж үздэг. Энэ бүлгэмийг алдарт дуучин, хөгжмийн зохиолч, нийгмийн зүтгэлтэн М.Дугаржав удирдаж, авьяаслаг хөгжимчин, хөгжмийн зохиолч багш Д.Ишдулам багшилж байсан. “Сүхбаатарын нэрэмжит клуб”-ын дуу хөгжмийн ангийн үндэсний найрал хөгжим Төв театрт бүрэлдэхүүнээрээ ирж, 1940 оноос Европ хөгжмийн зэмсэгийг эзэмшиж эхлэн 1946 онд тус симфони найрал хөгжим анхны бие даасан тоглолтоо хийсэн. Тэр үеэс хойш манай театрын симфони Монгол улсын хөгжмийн урлагийн хамгийн том гал голомт байсаар ирлээ. УДБЭТ- ын түүхийн бүхэл бүтэн хэсгийг хөгжимчдийн үйл ажиллагаа буюу хөгжим ангийн түүх эзлэх учиртай.
-Театрыг хөгжүүлэх талаар төр, засгаас онцгойлон анхаарч байсан цаг үед мэргэжилтэй боловсон хүчнийг хаана ихэвчлэн бэлтгэж байсан бэ?
-1940-өөд онд театрыг хөгжүүлэхэд засаг төрөөс ихээхэн анхаарал тавьж, ЗХУ-аас мэргэжилтэн урьж ажиллуулж байсан бөгөөд театрын боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 1950–иад оны дунд үеэс залуусыг сонгон ЗХУ-д нарийн мэргэжлээр суралцуулж эхэлсэн. Хөгжмийн зохиолчоор С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Лха.Дорж, Д.Лувсаншарав, бүжиг дэглээчээр Д.Лхасүрэн, Б.Жамъяндагва, Д.Бэх-Очир, бүжгийн багшаар Ж.Жав, гоцлол дуучнаар Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, Ж.Дамиран, А.Загдсүрэн, төгөлдөр хуурчаар Шагдарсүрэн нарын хүмүүсийг тус тусын мэргэжлээр ЗХУ-ын театр, хөгжмийн сургуулиудад суралцуулсан байна. 1955-1956 онуудад ЗХУ-ын Пермь, Ташкент хотуудад бүжгийн сургуульд элссэн бүжигчид 1962 онд төгсч ирсэн нь тус театрт үндэсний болон сонгодог бүжгийн жүжгийг дэглэн найруулах таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм. 1960- аад оны Улсын Хөгжимт Драмын театрын найрал дуучдын мэргэжил мэдэгдэхүйц ахисны дээр симфони найрал хөгжим шинэ залуу хөгжимчдөөр бэхжин, хөгжимдөх ур чадвар дээшилжээ. Хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчинтэй болсноор Монголын хөгжмийн театр бий болох нөхцөл бүрдсэн. Ингээд МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн 1963 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 132/182 тоот тогтоолоор Улсын Хөгжимт Драмын театрыг Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр болгон өөрчилж, бие даасан хоёр театрыг байгуулсан түүхтэй.
-Урлаг, соёлын “алтан үеийнхэн” хэмээн олны дунд алдаршсан зарим онцгой эрхмүүдийн драм, дуурийн театрт оруулсан хувь нэмрийн тухай дурсахад бас л сонин байх даа?
-1955 онд Москва хотод Театрын дээд сургуулийг төгсөж ирсэн найруулагч С.Гэндэн Английн их зохиолч Уильям Шекспирийн “Отелло” жүжгийг тайзнаа амьдруулж, Монголын үзэгчдэд бэлэг барилаа. Уг жүжгийн Моорын дүрийг жүжигчин Г.Гомбосүрэн бүтээсэн юм. “Отелло” жүжгийн араас “Лир ван”, “Гамлет”, “Макбет”, “Ричард”, “Ромео Жульетта” гээд олон сайхан уран бүтээлүүд мэндэлсэн. Өмнө нь театр гадны найруулагч авчирч, эсвэл уран бүтээлчид нь өөрсдийн олж авсан мэдлэгтээ тулгуурлан жүжиг найруулж байсан бол энэ цагаас эхлэн өөрийн гэсэн мэргэжлийн найруулагчтай болсон юм. Гэндэн, Ванган найруулагчдыг төгсөж ирснээс хойш Галсанжав, Доржсамбуу, Мөнхдорж, Баатар, Найдандорж гээд олон найруулагчид ЗХУ-д төгсөн ирж, театрын түүхэнд өөрсдийн мөрийг үлдээсэн билээ. Харин Монголын Хөгжмийн театрыг үндэслэн байгуулагчдаар анхны дарга Л.Намхайцэрэн, Уран сайхны удирдагч, Ерөнхий хормейстер Д.Лувсаншарав, Удирдаач Ж.Чулуун, Ерөнхий найруулагч, Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Ерөнхий зураач Л.Гаваа, Ерөнхий балетмейстер Д.Лхасүрэн нарыг нэрлэж болно. УДБЭТ-ын “Алтан үеийнхэн” хэмээн олны дунд алдаршсан эрхмүүд бол БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва гээд тоочоод байвал барагдахааргүй олон гавьяатнууд байгаа.
-Театрын бүтэц бүрэлдэхүүний талаар сонирхуулбал?
-УДБЭТ одоо симфони найрал хөгжмийн анги, гоцлол дууны анги, балет анги, найрал дууны анги гэсэн уран бүтээлийн нэгж, захиргаа, үйлдвэрлэл, тайз, гэрлийн анги гэсэн аж ахуйн нэгжид нийт 280 гаруй уран бүтээлчид ажиллаж байна. Театрын хамт олны амжилт ололтод арын албаныхны үүрэг оролцоо маш их байдаг. Гэрэл, дуу чимээний техникчид-инженерүүд, тайзны ажилчид, оёдолчид, барималчид, зураачид гээд олон нарийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй том албыг арын албаныхан гэж нэрлэдэг. Тэд тайзан дээр гардаггүй ч жүжигчдээс дутахааргүй үүргийг тоглолтын үед гүйцэтгэж, “далд фронт”-д уран бүтээл туурвиж явдаг хүмүүс учраас би тэдэндээ онцгойлон анхаарал тавьж байгаа.
-Театрын урын санд одоогоор хэдий хэрийн үндэсний дуурь, бүжгэн жүжиг байгаа вэ?
-УДБЭТ-ын урын санд дэлхийн сонгодог болон үндэсний 100 гаруй дуурь, балет байдаг бөгөөд жилдээ 26 дуурь, 21 балетаас сонгон 100 гаруй удаагийн тоглолтыг үзэгчдэдээ хүргэж байна. Олон жилийн өмнө өнөөгийнх шиг техник технологийн хөгжил дэвшил байгаагүй учраас зарим уран бүтээлүүд он жилийн уртад элэгдэж үрэгдэхэд хүрээд байгаа. Тэдгээрийг нөхөн сэргээж, цахимжуулж каталогижуулахад нэлээд их хэмжээний санхүүжилт, хөрөнгө мөнгө шаардагдах учраас боломждоо тааруулан бага багаар урагшлуулах маягаар энэ ажлыг хийгээд явж байна.
-Театрын гадаад харилцаа хөгжсөн түүх болон олон улсын дуурь, бүжгэн жүжиг, хөгжмийн уралдаан тэмцээнд онцгойлон гаргаж байсан амжилтаас сонирхуулна уу?
-Дуурийн театр бол хөгжим, бүжиг, дуу, уран зураг гээд нийлмэл урлаг юм. Энэ бүхнээрээ гадаадад амжилт олно гэхэд бас бэрхшээлтэй. Харин манай дуурийн дуучид гадаадад их үнэлэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд УДБЭТ-ын дуучдаас тив, дэлхийн алдарт хүрсэн томоохон дуучид төрөн гарч, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсган, олон улсад уран бүтээлээ туурвиж явна. Чингисийн одонт, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин нарын ур чадвар, авьяас, хоолойн цар хүрээг дэлхий дахинд бахдан биширч байна. Мөн манай балетын жүжигчид олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнд амжилттай оролцдог.
-Театрын хөгжил дэвшилд эрх баригчид болон салбарын яамны зүгээс ямархуу бодлого баримталж, дэмжлэг үзүүлээсэй хэмээн хүсч байна вэ?
-Уран бүтээлчдийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс харьцангуй гайгүй болж байгаа. Тэгээд ч манай уран бүтээлчид соёл урлагт зүрх сэтгэлээ зориулсан, түүнийг чин сэтгэлээсээ хайрладаг учраас хэр баргийн бэрхшээлд шантраад, олон юм яриад байдаггүй хүмүүс л дээ. Тэд маань уран бүтээлээсээ сэтгэлийн таашаал авч, үзэгчдийн алга ташилтаар урам зоригоо сэлбэж явдаг. Монголын урлаг, соёлын ажилтнуудын авьяас чадварыг гадны мэргэжилтнүүд өндрөөр үнэлж, төрмөл чадавх, хөрвөх чадварыг нь бахдан магтдаг. Үнэхээр ч манай уран бүтээлчид гайхамшигтай чадварлаг байдаг. Харин орчин үеийн техник, тоног төхөөрөмж л бидэнд жаахан дутагдах талтай байгаа.
Уран бүтээлчид хэдий чадварлаг байлаа ч өнөөгийн цаг үед яалт ч үгүй орчин үеийн шинэлэг боловсронгуй техник хэрэгсэл, хөгжим зэмсэг шаардагдаж байна.
Ялангуяа Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад байдаг шиг урлагийн цогцолбор ордон байдаг бол хэчнээн сайхан билээ! Драм, дуурь, филармони гээд бүхий л урлагийн салбарууд нэгэн байранд цогцоороо үйл ажиллагаа явуулдаг, эргэдэг хэлбэрийн 5 тайзтай ордонтой болчихвол манай салбарын үе үеийнхний гэгээн хүсэл мөрөөдөл биелчих гээд байна. Одоогийн байрлаж буй барилгуудаа сайхан засч янзлаад, бага театр хэлбэрээр ашиглавал болохгүй гэх газаргүй. Буянт-Ухаагийн дэнж дээр ч юм уу, эсвэл Цонжинболдог хавьд урлаг соёлын цогцолбор ордон байгуулчихвал аялагч жуулчдын урсгалыг нэмэгдүүлж болмоор мэт. Нэг удаадаа хөрөнгө зараад байгуулсны дараа бол гаргасан зардлыг иймэрхүү ордон өөрийн үйл ажиллагаагаар хэдэн жилийн дотор нөхөх боломжтой. Энэ тал дээр төсөл хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөө гаргаад байгаа бөгөөд одоо төр засаг, шийдвэрлэх түвшний эрх баригчдын зүгээс тусгайлан бодлогын чанартай дэмжлэг үзүүлбэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй хэмээн бодож байна. Бидний хэтийн зорилго бол дэлхийн стандарт бүхий хөгжмийн театр болох явдал.
-Монголын их урлагийн нэгэн том гал голомтын үүх түүхээс уншигчидтай хуваалцсанд баярлалаа. Танай хамт олныг урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.
Ярилцсан Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )