Ч.Даваасүрэн: Стандартын байр, тайзтай бол урлагийнхан өөрсдийгөө аваад л явчихна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

Дэлхий дахины сонгодог болон өөрийн орны ардын урлагийн хэмжээлшгүй их сан хөмрөг, түүнийг бүтээгч, урлагийн гайхамшигт тэнгэрлэг хүмүүсийн тухай өгүүлэх “Сэтгэлийн гоо” булангаа уншигчиддаа өргөн барьж байна. Монголын урлагийн хамгийн том гурван найрал хөгжмийг нэгтгэсэн Улсын филармонийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэнг энэ удаагийн зочноор урьж, монголын хөгжмийн урлагийн талаар болон концертын байгууллагуудын өнөөгийн үйл ажиллагаа, хөгжлийн тухай ярилцлаа.


-Улсын Филармонийн үүсэл хөгжил, бүтэц бүрэлдэхүүний талаар манай уншигчдад сонирхуулна уу?

-Манай Улсын Филармони анх 1972 онд концертын байгууллагуудыг төвлөрүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор байгуулагдсан. Ингээд тухайн оны 10-р сарын 25- нд Улсын хөгжимт драматик /дуурь бүжгийн/ театрт нээлтийн тоглолтоо хийж байлаа. 1957 оны зургадугаар сарын 5-нд Соёлын сайдын тушаалаар Улсын радио хорооны дэргэд симфони найрал хөгжим байгуулагдаж, анхны удирдаачаар нь Төрийн шагналт Ц.Намсрайжав, туслах удирдаачаар Г.Бирваа нар ажиллаж эхэлсэн. Кино үйлдвэр, радио, телевиз зэрэг хөгжим эгшиглэх ёстой газар бүртэй л энэ найрал хөгжим хамтран ажиллаж, хөгжимчдийнхөө ур чадварыг дээшлүүлсээр И.Гайдн, В.Моцарт, Л.Бетховен, Ф.Шуберт, Б.Сметана, Ф.Лист, А.Лваржак, М.Равель, Б.Барток нарын дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг урын сандаа багтааж чадсан юм. Түүнчлэн Оросын М.Глинка, А.Бородин, Н.Римский-Корсаков, П.И.Чайковский, Д.Кабалевский, С.Прокофьев, Д.Шостакович, Т.Хренников болон Төрийн шагналт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Э.Чойдог, Ж.Чулуун, З.Хангал нарын зохиолыг өдий хүртэл тоглож байна. Энэ симфони найрал хөгжим дээр үндэслээд, Намсрайжав гуай 1972 онд Симфони найрал хөгжим, “Баянмонгол” чуулга гэж тухайн үед Радио телевизийн дэргэд байсан чуулгыг, мөн Ардын дуу бүжгийн чуулга дээр байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийг татаж авчраад Улсын филармони 1972 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үед “Соёл- Эрдэнэ” 5, “Баянмонгол” чуулга 9 ярилцсан: д.мягмарсүрэн хүний бүрэлдэхүүнтэй, симфони найрал хөгжимд 50-иад хүн л байсан гэлцдэг. Одоогийн байдлаар Улсын филармонийн бүтэц бүрэлдэхүүнд “Баянмонгол” чуулга 20 хүнтэй, 1992 онд байгуулагдаад 1994 онд манай филармонийн харъяанд орж ирсэн Морин хуурын чуулга 40-өөд хүнтэй, симфони найрал хөгжим 80-аад хүнтэй, ингээд нийтдээ 150 гаруй уран бүтээлч, дээр нь 30 ажилтан албан хаагч нийлээд 180 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

-Улсын филармони хэмээх мэргэжлийн концертын байгууллагатай хувь заяагаа холбосон түүхээсээ яривал?

-Энэ их түүхтэй. Би өөрөө бүжигчин мэргэжилтэй хүн. 1978 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөж Ардын дуу бүжгийн чуулгад очоод, 1999 он хүртэл тэндээ ажилласан. 1978 оны тухайн үед Чуулгад Сэвжид багш ажиллаж байлаа. Тэр үеийн шалгаруулалт их сүртэй, чанга байлаа шүү дээ. Би анх бүжигчнээр орж ажилласан. Удалгүй хувийн бизнесийн салбарт хөл тавьж, гадагшаа уралдаан тэмцээнд явж байсан уран бүтээлчдийг санхүүгийн хувьд тусалж, дэмжээд явдаг байлаа. 2000 онд нэг өдөр намайг яаман дээр хүрээд ирээч гэхээр нь очиход сайд асан Цанжид, Соёл урлагийн газрын дарга, доктор Эрдэнэчимэг нар байсан. Тэд надад Филармонийн дарга болно уу гэсэн хүсэлт тавьсан. Би гайхаад, “би бүжгийн хүн болохоор тэр хөгжмийн байгууллагад очоод юу хийх юм” гэсэн чинь “чамайг очоод хөгжим тоглоод өг гэж байгаа биш, яг үнэнийг хэлэхэд,мэргэжлийн урлагийн байгууллагыг одоо бизнес сэтгэлгээтэй хүмүүсээр удирдуулж үзмээр байна” гэдэг саналыг тавьсан юм. Тэгээд би “надад үнэхээр итгэл найдвар хүлээлгэж байгаа бол очъё доо” гэсэн. Ингээд 2000 оны 12 сарын 10-нд тушаал гараад, 16- нд би ажлаа хүлээж авч байлаа. Тэр цагаас хойш 17 жил энэ байгууллагыг удирдан ажиллаж байна. Энэ жил Филармонийн 45, Оркестрийн 60, Морин хуур чуулгын 25 жил, мөн манай филармонийг үүсгэн байгуулсан Намсрайжав гуайн 90 насны ой давхар тохиосон учраас бид 4 их ой тэмдэглэсэн нөр их хөдөлмөрийн амжилтаар 2017 оноо үдлээ.

CITY SWING - ХОТЫН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН БҮТЭЭЛ 

-Ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ямархуу арга хэмжээнүүдийг төлөвлөж хийсэн бэ?

-Жил болгон дээрх 4 ой давхацдаг юм. Тэгтэл бас нэг сонин юм гараад ирсэн. Манай “Баянмонгол” чуулга 1967 онд Монголын анхны эстрад жазз хөгжмийн хамтлаг гэсэн утгаар анх Радиогийн дэргэд байгуулагдсан юм билээ. Ингээд тооцоод үзвэл, энэ жил 50 жилийн ой нь болж байгаа гэсэн үг. Түүхийг нь судлаад архиваас хайгаад үзэхэд, 1967 онд байгуулагдчихаад “Баянмонгол” чуулгыг тухайн үед буюу 1967 оны 10 сард Польш, Герман руу сургалтад явуулсан боловч Герман энэ удаад авч чадахгүй гээд Польш руу явсан байдаг. Тэд анхныхаа тоглолтыг Мартын-8–нд зориулж тоглосон. Дараа нь 1968 онд телевизээр эхний тоглолтыг нь эфирт гаргаж байсан юм билээ. Ер нь үзэгчдэд зориулсан анхны тоглолт нь 1969 онд болсон. Филармонийн 45 жилийн ой учраас бид 5-тай ой гэдгээрээ тэмдэглэх учиртай юм. Их том өргөн хүрээнд биш юм аа гэхэд, хамгийн гол нь, өнгөрсөн 5 жилийн хугацаанд манай хамт олон үзэгч сонсогчиддоо юу бүтээж, юу сонсгож, ямар шинэ уран бүтээл хийв, тэднээс үзэгч сонсогчдын таашаалд ямар бүтээлүүд нь илүү нийцэв гэх мэтчилэн судалгаа хийгээд, түүнийхээ дагуу манай 3 хамтлаг буюу Баянмонгол чуулга, Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга нэг тайзан дээр, нэг дор суугаад тоглолт хийлээ. Жилдээ бид ганц хоёрхон удаа л хааяа нэгддэг юм. 12 сарын 15-нд Соёлын төв өргөөнд нэгдсэн том тоглолт хийсэн. Мөн Филармонийн 45 жилийн ойдоо зориулаад бид “CD” хэвлүүлж, танилцуулгын материал гаргасан.

Ер манай филармони концертын байгууллага учраас гадагшаа асар их хүмүүс сонирхдог. Ялангуяа Морин хуурын чуулга гадаад орнуудад их явдаг. Ойдоо зориулаад монгол, англи, хятад хэл дээр танилцуулга, мөн ширээний календарь хийж байна. Иймэрхүү зүйлс төсөвлөгдчихөөд зарим ажил нь бүтэж байна.

-“Баянмонгол” чуулгын CITY SWING тоглолт юугаараа онцлогтой вэ?

-Улсын Филармони Монгол улсын Засгийн газар, /БСШУЯ/-аас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг II” үндэсний хөтөлбөр, бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог хөгжим” зорилтот төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн гол зорилго нь хүн төрөлхтний соёлын үнэт өв болох дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээр урын сангаа баяжуулан урлагийн бүтээл туурвиж, нийслэлийн үзэгч сонсогчид, олон нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх явдал юм. “Баянмонгол” жазз найрал хөгжмийн хувьд шинэ залуу хөгжимчид мэргэжлийн өндөр түвшинд, дэлхийн чансаанд нийцэхүйц уран бүтээлүүдийг туурвиж байна. Өнөөгийн нийгэмд хувь хүн урлаг, соёлын өндөр мэдлэгтэй байх нь зүй ёсны хэрэг болсон тул тэд энэхүү мэдлэг боловсролыг олгох үүднээс дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. CITY SWING тоглолт бол ерөнхийдөө хотын залуучуудад зориулсан бүтээл. Гэхдээ манай “Баянмонгол” чуулгыг бүх насны үзэгчид сонсдог. Мартын-8, Валентины баяр гэх мэт баяр ёслолын өдрүүдээр манай гоцлол дуучин Нарка, Хулан хоёр гоцлоод, уламжлал болон жил бүр толилуулагдаж байдаг тоглолтууд манай “Баямонгол” чуулгад байдаг. Тэдний нэг нь энэ CITY SWING.

-Тоглолтууд жил жилээр онцлогтой байдаг уу?

-Тэгэлгүй яахав. Жишээлбэл, Морин хуурын чуулгын цагаан сард зориулсан “Торгоны хээ” тоглолт жил болгон шинэчлэгдээд явж байдаг. Хуучны хүмүүсийн сонсох дуртай бүтээлүүд дээр 50-60 хувь нь шинэчлэгдээд л баяжигдаад явдаг. Жил бүрийн 5 сарын 15-нд “Дэлхийн гэр бүлийн өдөр” гэж Юнескогоос зарлагдсан өдрөөр бид байнга тоглолт хийдэг. Гэхдээ тэр нь “Бид нэг гэр бүл” гэсэн нэрэн доор нэг удаагийнх дээр нь “Баянмонгол” чуулга дангаараа, дараа жил нь гурвуулаа нийлээд, эсвэл Морин хуурын чуулга дангаараа гэх мэтээр жил бүр өөрчлөгдөн тоглогддог. Тоглолт болгон байнгын үзэгчидтэй болсон байх жишээтэй.

-Манай үзэгчид жазз хөгжмийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-“Баянмонгол” чуулга нь “Big band” гэж ярьдаг цэвэр жаззын урсгал руу нь ороод ирчихсэн явж байна. Жинхэнэ жазз хөгжимд зүрх сэтгэлээрээ дурлачихсан уран бүтээлчид энд байгаа. Тийм учраас гарч байгаа уран бүтээл бүр нь мэргэжлийн өндөр түвшинд гарч байна.

Хөгжим мэддэг хүмүүс “Баянмонгол”-ыг сонсоод “дуугаралт нь ямар өөр болчихсон юм” хэмээн гайхан магтсаар байгаа.

-“Баянмонгол” чуулгын жазз хөгжим ямар бүрэлдэхүүнтэй, хэчнээн төрлийн хөгжимтэй вэ?

-Ер нь үлээвэр хөгжим голлоно: турбо, таранбо, саксафон гэх мэт. Дээр нь, цахилгаан хөгжим, даралтат хөгжим, басс гитар байна. Бас үүнийг дуугаргадаг Тон мастер аппаратур байх бөгөөд тэрийг хэр баргийн хүн дуугаргаж чадахгүй.

-Жааз хөгжмөөр ямар уран бүтээлүүд голчлон тоглогддог вэ?

-Дэлхийн жазз хөгжмийн бүтээлүүдийг манайх тоглож байна. Дээр нь, манай өөрийн монголчуудын жаззыг их сонирхдог. Яг жазз найруулдаг манай Энхбаяр гээд мундаг хөгжмийн зохиолч байна. Мөн филармонийн хөгжмийн зохиолчид өөрсдөө найруулна, бичнэ, их сайхан бүтээлүүд гардаг.

ҮЗЭГЧИД НИЖИГНЭТЭЛ АЛГА ТАШИХАД БҮХНИЙГ МАРТЧИХДАГ

-Сүүлийн үед хүмүүс хүүхдийнхээ урлагийн боловсролд их анхаардаг болчихоод байна. ЕБС- ийн сургалтын хөтөлбөрт ямархуу байдлаар тусгаж өгвөл зүгээр гэж боддог вэ, урлагийн хүний хувьд? --Бид 2006, 2007 оноос эхлээд дунд сургуулиудад очиж, хүүхдүүдийг хөгжмийн боловсролтой болгохын тулд багш, захирлуудтай ярьж, тэр сургуулийнхныг байгууллага дээрээ авчирдаг. Тэд манай Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгын тоглолтыг үзэж, мөн авьяаслаг багш нар, сурагчдыг авчирч оркестртой, морин хууртай дуулуулаад ирэхээр огт өөр болдог. Зүгээр нэг орж ирээд концерт үзээд гарах биш, өөрийнх нь таньдаг хүн, таньдаг багш, таньдаг сурагч нь дуулахаар тэд шал өөр хүлээж авдаг. Бид тийм арга хэмжээ зохион байгуулж байсан. Хүүхдээ хөгжмийн боловсролтой болгохын тулд сургалтын хөтөлбөрт оруулах ёстой. Манайх хөгжмийн байгууллага гэдэг утгаараа хүүхдийн уран бүтээлүүд ч бас хийдэг.

-Филармони дээр түшиглэсэн дамжаа, курс хичээллэдэг үү?

-Бид өмнө нь Морин хуурын чуулга дээрээ хичээллүүлж үзсэн. Морин хуур сонирхдог хүүхдүүд болон насанд хүрэгчдэд хичээл зааж үзсэн. Гэхдээ жаахан түвэгтэй юм билээ. Бүтэн цагаар ажиллаад, дээрээс нь сургалт хийнэ гэхээр. Ялангуяа манай филармонийн уран бүтээлчид байнгын ачаалалтай байдаг. Өөрсдөө тоглохоос гадна захиалгат тоглолтууд гэв гэнэт асар ихээр орж ирдэг. Ялангуяа 10,11,12, 2, 3-р саруудад ачаалал ихтэй байдаг.

-Зун жуулчдын оргил үед Морин хуурын чуулга эрэлт ихтэй биз?

-Үндэсний урлагийн их театр, “Түмэн эх” чуулга зун голчлон ажилладаг юм. Жуулчны баазуудтай хамтран ажиллахыг хүсэхээр цамын бүжиг, нугаралт, хөөмий байх ёстой гээд шаардаад ирэхээр манайх хөгжмийн байгууллага учраас хүндрэл үүсдэг. Уг нь гаднаас ирж байгаа жуулчид дотор Морин хуурын чуулга гэж юу байдаг, Монгол оронд сонгодог урлаг яаж хөгжсөн, симфонийг нь ч гэсэн сонсчихьё гэсэн хүмүүс байж л байгаа. Гэвч аялал жуулчлалын байгууллагуудын бодлогын уялдаа холбоо тааруу байдгаас шалтгаалан хоорондоо үл ойлголцох байдал үүсдэг. Бид хоёр жил ажиллаж үзсэн, дэмий юм билээ. Амарсан ч биш, ажилласан ч биш байсан. Гэхдээ манайхтай хамтарч ажилладаг хэд хэдэн жуулчны баазууд бий. Жишээ нь, Австри улсаас жуулчид авчирдаг “Армонгол” гээд жуулчны бааз байгаа. Тэнд Морин хуурын чуулга очиж тоглохоор гадаадынхан бишрээд л гардаг. Өдөр бүр биш, тухайн үеийн захиалгаар л тоглодог юм. 7 сарын 11-нд гадны жуулчдад зориулсан “Монголын сайхан орон” том тоглолтоо хийдэг.

-Дуучид, хамтлагууд танайхаас хөгжимчид их авдаг бололтой. Тоглолтоо хийчихээд бусад үед нь завтай байдаг байх гэж боддог байлаа.

-Үгүй шүү дээ. Ялангуяа Шинэ жилийн үеэр Симфони найрал хөгжим, “Баянмонгол” чуулга хоёр маш их захиалгатай байдаг. Цагаан сарын үеэр Морин хуурын чуулга их эрэлт хэрэгцээтэй. Намар хурим найрын үеэр танайхыг авъя гээд мөнгө төгрөгийг нь төлөөд явж байгаа хүмүүст үгүй гээд хэлэхэд хэцүү. Сонгодог ч тэр , нийтийн дуучид, рок попын дуучид ч байнгын захиалгатай. Дунд сургуулиудтай хүртэл манайх хамтарч ажилладаг. “English school” сургуулийнхан манай симфони найрал хөгжмийг жил болгон авдаг. Тэдний хүүхдүүд дуурь тоглоход манай хөгжимчид хамтарч өгдөг. Тэд зөвхөн Монгол гэхгүй Казакстан, Эрхүү явж тоглодог.

-Хөгжимчид, урлагийн байгууллагын ажилтнуудын нийгмийн ахуй хангамж ямархуу байдаг вэ, салбарын яамнаас хэр анхаардаг бол?

-Ний нуугүй хэлэхэд хэцүү. Одоо нийгмийг ажиглаж байхад багш, эмч нар ажил хаялаа гэж сонсогддог. Манай урлагийнхан бол тэднээс хамаагүй бага цалинтай хүмүүс шүү дээ. Н.Номтойбаяр гишүүн сайд байхдаа судалж үзсэн юм билээ. Биднийг нэг удаа цуглуулаад танайх бол төрийн байгууллагууд дундаа хамгийн бага цалин авдаг юм байна. Энийг би анхааралдаа авч байгаа. 2018 оноос ч юм уу, та нарын цалинг нэмэх тал дээр анхаарна гэж хэлж байсан юм. Гэвч Засаг солигдчихлоо шүү дээ. Бид цалин багатай ч гэсэн мөнгөтэй хүмүүс шиг л яваад байдаг. Цалингийн зээлгүй хүн гэж бараг байхгүй. Тэдэнд хамгийн гоё нь юу байдаг вэ гэхээр, үзэгчид тоглолтыг нь үзээд нижигнэтэл алга ташиж байвал сэтгэл нь хөөрөөд, бүхий л дутагдаж гачигдсан зүйлсээ мартчихдаг гэгээлэг хүмүүс шүү дээ.

МҮЭСТО ЯГ МАНАЙД ТОХИРОХ САЙХАН ТАЙЗТАЙ

-Танайхны орон байр, тайзны хүртээмж, хөгжмийн зэмсэг хэрэглэгдэхүүн ямархуу байгаа вэ?

-Монголчуудын тал хувь нь амьдардаг нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн урлагийн 5 байгууллага төрийн нуруун дээр байдаг. Тэр таван байгууллагын хоёр нь л байртай. Драмын театр, Дуурь бүжгийн эрдмийн театр /өөрийнх нь нэртэй/. Дээрээс нь Үндэсний урлагийн их, манайх, Хүүхэлдэйн театр гэж байна. Одоо Драмын театрын нэг жижигхэн буланд нь өөрийн гэсэн тайзтай Хүүхэлдэйн театр байдаг учраас хэл ам татлах нь гайгүй. Харин Үндэсний урлагийн их театр, Драмын эрдмийн театр хоёр дундаа ганц тайзтай. Тэгээд тайзаа булаацалдаад, байнгын л хэрүүл маргаантай байх жишээний. Манай Филармонийн хувьд, СТӨ- ний хуучнаар киноны заал байсан жижигхэн заалыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна. Сар бүр мөнгө төлнө улсаас. Тэгээд тоглолтоо энүүхэндээ 260 хүний суудалтай танхимд хийдэг. Хааяа бид тайзан дээрээ багтахгүй тохиолдол гардаг. Төрөөс анх удаа тайзаа янзал гэж мөнгө өгсөн тул тайзаа томсгож авлаа. Гэхдээ суудлын хувьд хүрэлцээ багатай. 260 хүн ордог. Хөдөө орон нутагт маш том том театрууд, мөн сумын төвүүдэд хүртэл 800 хүний суудалтай Соёлын төвүүд баригдаж байна. Ингэсэн мөртлөө монголчуудын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотод байгаа мэргэжлийн хоёрхон байгууллагад л байр бариад өгчих боломжгүй байдаг юм болов уу гэж гайхаад л байдаг юм. Нэг сайхан цогцолбор ордон бариад л болмоор санагдаад байгаа юм. Сайхан сайхан уран бүтээл их гарч байна, даанч тоглодог театр нь байхгүй. Нэг хоёр удаадаа тоглоод л мартагдаж байна. Уг нь монголынхоо бүх үзэгчдэд хүргэмээр байгаа юм. Бид шинэ уран бүтээлээ олон хүнд хүргэхийн тулд МҮЭСТО, СТӨ, УБ паласед хөлсөлж тоглоно. Тэгээд тоглолтоос олсон хэдэн төгрөгөө түрээсийн мөнгөнд өгчихөөд л, өөрсдөө нэг их сайхан уран бүтээл хийсэн хүмүүс л алгаа ташаад үлдчих жишээний. Хэрвээ бидэнд өөрийн гэсэн байр байсан бол ядахдаа уран бүтээлчдийнхээ тоглолтыг бага ч гэсэн дэмжих бололцоо бий болно шүү дээ. МҮЭСТО гэхэд яг манайд зориулагдсан сайхан тайз. Ихэнхдээ хошин шог тоглоод л байж байна.

Гоё гоё тайз байна. Урлан бүтээх төв хүртэл хөөрхөн тайзтай. Бүгд Нийслэлийн өмчид шилжчихсэн болохоор бид тэрийг нь ашиглах ямар ч боломжгүй. Ингэхээр яалт ч үгүй нэг том цогцолбор барих л хэрэгтэй байна.

Урлагийн том ордонтой болох юмсан гэж бид байнга мөрөөддөг. Газар нь байвал бариад өгье гэсэн хүмүүс ч байдаг. Гадныхан япон, солонгосууд Концессийн гэрээгээр яг стандартад нийцсэн байр бариад өгье гэдэг. Одоо энэ Цэцэрлэгт хүрээлэнд яг ийм театр байдаг бол хэчнээн сайхан. Тэнд зугаацаж яваад үзвэр үзэх нь үзээд, жүжиг үзэх нь үзээд, тэр дунд бүх юм нь цогцолсон байвал гоё байхгүй юу. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлнэ шүү дээ. Улс мөнгөгүй байж болно, гэхдээ Нийслэлийн өмчид шилжчихсэн гоё гоё театрууд байна. Тэднийг ядахдаа бидэнд түрээсээр өгчих хэрэгтэй байгаа юм. Бид удаан хугацаанд хөлсөө урсгаж уран бүтээл хийгээд нэг орой тоглоход л гадны тайзанд 6 сая төгрөг төлдөг.

-Манай хөгжимчдийн мэргэжлийн чадвар дэлхийн мундаг хөгжимчдийн ур чадвартай харьцуулахад ямар түвшинд байгаа бол?

-Манай 70 жилийн хөгжлийн түүх ёстой энэ дээр л гарч ирдэг юм. Орос школ дэлхийд 1-рт ордог учраас манай хөгжимчдийн ур чадвар асар өндөр түвшинд байдаг. Би маш олон гадны удирдаачдыг урьж авчирч, уран бүтээлчидтэйгээ ажиллуулж байлаа. Жишээ нь, Америк, Солонгос, Итали, Австри удирдаачид ирээд манайхныг шүтээд явдаг. “Ямар мундаг авьяастай уран бүтээлчид вэ!” гээд. Танай сургалт бол мундаг юм гэдэг. Бид Монголдоо л сурч байгаа. Хөгжим бүжгийн коллежоос гарч байгаа бүтээгдэхүүн үнэхээр сайн. Хангалттай бэлдэж байгаа. Гадаадад маш өндөр үнэтэй манай хөгжимчид байна. Энэ жил гэхэд, манай урдаа барьдаг хөгжимчин маань Японд урилгаар очоод оркестрт нь сууж байх жишээтэй. Манайхны онцлог бол ганцхан хөгжим биш, дуу, бүжиг, дуурь гээд тэргүүлж байна. Бид НҮБ-д хоёр ч удаа очиж тоглосон. Тэнд дэлхийн 200-гаад орны “томчууд” суудаг. Биднийг анх очиход: “За, та нараас ганц л юмыг гуйя. Манайх чинь юм үзчихсэн хүмүүс учраас хэр баргийн алга ташна гэж байхгүй шүү. Алга ташихгүй бол битгий та нар сэтгэл санаагаар унаарай” гэсэн. Тэгээд манайхан тоглосон чинь юун алга ташихгүй суух вэ, бүр эсрэгээрээ орилолдоод л алга ташаад сүйд болсон. Ер нь гадагшаа явахдаа бид хаа ч бардам байдаг. Тэр нь сайхан даа. Ямар ч тоглолт очсон, бишрүүлээд л гаргаж байгаа юм. Одоо энэ хэдэн мэргэжлийн байгууллагаа стандартын байр, тайзтай болгочих юм бол урлагийнхан өөрсдийгөө аваад явчих боломж байгаа.

-Танай хамт олны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

"Зиндаа" сэтгүүл. 2018 он №01 (08/508) дугаарт нийтлэгдэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.23.37) 2019 оны 06 сарын 25

Энэ урт хамар чинь Увсынх уу

0  |  0
Top