Г.Золзаяа: Бид Монгол Улсын Зэвсэгт хүчний сүр сүлдийг харуулж, цэрэг армийнхаа бахархал болох учиртай

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

"Зиндаа" сэтгүүлийн №11, 12/511, 512 дугаараас онцолж байна.


АВЬЯАСЫН УНДАРГА МӨРДӨСТНҮҮД

“ОФИЦЕРУУДЫН ОРДОН”. Олны чихэнд хоногшсон энэ л нэрийг мэдэхгүй хүн тун цөөн болов уу. Халх голын дайнд онцгой үүрэг гүйцэтгэж, олноо “Алаг морьтой баатар” хэмээн алдаршсан, Улсын баатар Дандарын хөшөө өмнөхөн нь сүндэрлэн байх хуучнаар Офицеруудын ордон, өнөөгийн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын өндөр босгыг давж, эрхэм уншигч авхай танд тэдний уран бүтээл, амжилт бүхнийг онцлон хүргэх гэж буйдаа туйлын таатай байна.

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийг “Улс, урлаг хоёр зүрх сэтгэлд нь зэрэгцэн оршдог хос мөрдөстнүүд” хэмээн тодорхойлж болно. Учир юу гэвээс тус чуулгынхан дайны гал дүрэлзэн байсан 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайны үед эх орноо хамгаалсан цэрэг дайчидтай мөр зэрэгцэн зүтгэж, харийн дайснаас эх орноо хамгаалах ариун үйлсэд ая дуугаараа түрлэг нэмж, тэднийг ялалтад зоригжуулж байв. 1945 оны Чөлөөлөх дайнд хошууч М.Хундагаагаар удирдуулсан Цэргийн ансамблийн 60 гаруй хүнтэй бүрэлдэхүүн байлдааны даалгавар авч, 2000 гаруй км бартаат замыг туулан, Их Хянганыг давж, Тэнгэр элсийг гатлаад Өвөр Монголын нутаг Бүдвал ноёны хошуу, Бандит гэгээний хийдээр дайран өнгөрч, Зүүн хойд Хятадын Долнуур хотод хүрч, ах дүү армийн дайчдын ялалтын урианд ая дуугаараа уухайн түрлэг өргөн, 22 удаа концерт тоглож байсан бахархмаар сайхан түүхтэй. Үүгээрээ тус хамт олон дайнд оролцсон Монголын цорын ганц урлагийн байгууллага хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.

Төрдөө зүтгэхийн сацуу, түмэн олондоо ч үйлчилдэг тус хамт олон өдгөө 86 дахь намартайгаа золгож буй. Тус чуулгын түүхийн шаргал хуудас бол Монгол Улсын театр, хөгжмийн урлагийг шинэ шатанд гаргахад оруулсан жинтэй хувь нэмрийн илэрхийлэл бөгөөд цэрэг дайчид, хөдөлмөрчдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэн зоригжуулж, дайны фронт, хилийн торгон шугам, хөдөлмөрийн талбарт төдийгүй гадаадын олон мянган зочид төлөөлөгчдөд Монгол үндэстний соёл урлагийн ололт амжилт, өвөрмөц гайхамшгийг таниулан сурталчилсан ариун үйлс юм.

Үүгээр ч зогсохгүй тус чуулга театр, хөгжмийн урлагт олон зуун шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргаж, ардын цэргийн эгнээнээс Монголын урлагийн нэрт зүтгэлтнүүдийг төрүүлсэн эрхэм гавьяатай билээ. Чуулгын үе үеийн амжилтыг төр засаг өндрөөр үнэлэн 1962 онд “Байлдааны гавьяаны одон”, 1982 онд “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнаж, 2002 онд “Эрдмийн чуулга” гэсэн эрхэм алдрыг хүртээсэн байна. Тус хамт олон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолч Л.Бетховен, Ж.Бизе, П.Чайковский, Ш.Гуно, Л.Бородин, И.Брамс, Д.Шостакович зэрэг суутнуудын бүтээлүүд болон С.Гончигсумлаагийн “Чамайг үдье”, Лха.Доржийн “Амрагийн дуу”, Д.Банзрагчийн “Цэрэг бүжгийн чуулбар”, Ш.Гун-Аажавын “Манай цэргийн жавхаа”, Д.Бадарчийн “Хаврын шөнийн бодол”, П.Хаянхярваагийн “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ” зэрэг урлагийн алтан үеийнхний өвлүүлсэн урын сан, бүтээлүүдийг Б.Шаравын “Сэрүүн  намар” рок балет, Л.Ганчимэгийн “Тусгай салаа”, “Нэр төр” бүжгэн жүжиг, Л.Баттөрийн ”Мөрдөс нэгт дайчид”, “Эх орон танаа” бүжгүүд, Р.Ганбатын “Алхаад марш”, “Иракийн дуулал” зэрэг дуунууд, С.Тараагийн “Чингис хаан” рок дуурь, Б.Бямбабаярын “Хүннү” дуурь зэрэг олон арван зохиолуудаар баяжуулан уран бүтээлээ туурвиж байна.

2006 оны бүтээл "Чингис хаан" рок дуур: Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Ази тивд анх удаа туурвисан тус бүтээл БСШУЯ-ны "Оны шилдэг уран бүтээл"-ийн шагнал хүртсэн.

Сүүлийн жилүүдэд чуулга Ази тивд анх удаа тавигдсан “Чингис хаан” рок дуурь, Халхын голын байлдааны ялалтын түүхт ойд зориулсан цэргийн сэдэвт “Нэр төр” бүжгэн жүжиг, “Хааны удамт Монгол эгшиглэн” үндэсний язгуур урлагийн цоморлиг, “Алтаргана” олон улсын наадамд зориулсан “Тоонто нютаг” дуу бүжгийн цоморлиг, “Хүннү” дуурь, “Нарны охид” хүүхдийн дуулалт жүжиг зэрэг томоохон хэмжээний тоглолт, уран бүтээлүүдийг олны хүртээл болгоод байна. 2006 онд “Чингис хаан” рок дуурь БСШУЯ-ны “Оны шилдэг бүтээл”-ээр шалгарч, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Тэргүүн дээд шагналыг хүртсэн билээ.

Дэлхийн дуурийн оргил гэгддэг Михайл Глинка, Елена Образцова, Эва Мартон, Римски Корсаков нарын нэрэмжит дэлхийн болон олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаан, “Golden Star“, Хаврын баяр, Ази номхон далайн бүс нутгийн орнуудын гоцлол бүжигчдийн олон улсын уралдаан зэрэг өндөр зэрэглэлийн уралдаан тэмцээний Гран при, алт мөнгөн цомын эзэн уран бүтээлчид олноор төрөн гарч байна. Мөн XX зууны дуунууд, Морин хуур, Алтан намар, Дуу бүжгийн чуулга, “Voice“ зэрэг Монголын уран бүтээлчдийн чанар чансаа, ур чадварыг сорьсон уралдаан тэмцээнд тус чуулгын уран бүтээлчид амжилттай оролцсоор байна.

2011 оны бүтээл "Хүннү" дуурь: Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой, Батлан хамгаалахын яамны 100 жилийн ойд зориулан бүтээв

Үндэсний их баяр наадам, гадаадын зочид төлөөлөгчид гээд бүхий л төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд үүрэг авч, олон нийтийг урлагаар соён гэгээрүүлэх эрхэм ажлаа гүйцэтгэдэг тус чуулгын өнөөдрийн амжилт, ирээдүйн ололт бүр нэг зорилгын төлөө тангараг өргөсөн үе үеийн мөрдөстнүүдтэй салшгүй холбоотой. Тэдгээрийн дундаас өвөрмөц онцлог бүхий тус байгууллагыг удирддаг эрхмийн талаар энд өгүүлэхгүй өнгөрч болохгүй билээ.


Г.ЗОЛЗАЯА: БИД МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СҮР СҮЛДИЙГ ХАРУУЛЖ, ЦЭРЭГ АРМИЙНХАА БАХАРХАЛ БОЛОХ УЧИРТАЙ

Цэргийн хүний хүмүүжлээр уулзах цагаасаа хэсэг хугацааны өмнө ажлаа цэгцэлж, бэлэн болчихсон талаараа дуулгаж, бичигч намайг нэлээд сандаргасан энэ эрхмийг Гансүхийн Золзаяа гэдэг. “Урлагийн мэргэжилтэн” хэмээн төсөөлж очсон түүнтэй хөөрч, намтар түүхийг нь сонсохнээ ясны цэрэг заяанд төржээ гэж дуу алдмаар болсон. Түүний өрөөнөөс Монголын армийн үүх, түүхийг харж болохоор ажээ. Эх орныхоо өнцөг булан бүрт дайчин нөхдөө хошуучлан ажилласан, Иракт энхийг сахиулсан, мөн манайдаа ганцхан байдаг Монгол цэргийн музейг удирдсан гэх бахархам дурсамжтай хурандаагийн яриаг батлах гэрэл зураг, баримт сэлтүүд дурайна. Хатуу сахилга баттай, “хэтэрхий” хүмүүжилтэй зан чанар түүнээс нэвт шувт үнэртэнэ.

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын дарга, Соёлын төв өргөөний Ерөнхий менежер хурандаа бид хоёрын яриа ийнхүү цааш үргэлжилсэн юм.


-Улс, урлаг хоёртоо зэрэг зүтгэдэг онцлогтой ийм байгууллагыг удирдах хэцүү юу?

-Манай байгууллага ганцхан Батлан хамгаалах, зэвсэгт хүчиндээ үйлчлээд зогсохгүй төрийн бүхий л ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, яамнаас өгсөн үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг гэдгээрээ бусад урлагийн байгууллагаас ялгардаг онцлогтой. Ялангуяа төрийн айлчлалаар ирсэн гадаадын зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэхэд манай бие бүрэлдэхүүн онцгой үүрэг гүйцэтгэж байна. Манай БХЯ-ны гадаад харилцаа нэлээд өргөжсөнтэй холбоотойгоор гадаадын батлан хамгаалахын салбарынхны уулзалт, зөвлөгөөн Монгол Улсад зохион байгуулагдах нь ихэссэн. Мөн бид гадаад дотоодын батлан хамгаалах салбарынхантай хамтран ажиллахаас гадна шинжлэх ухааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Ер нь ямар ч арга хэмжээнд бид Монгол Улсын зэвсэгт хүчний сүр сүлдийг харуулж, цэрэг армийнхаа бахархал болох учиртай. Энэхүү маш том үүрэг хариуцлагыг дааж явах амаргүй боловч сайхан ажил юм шүү.

-Дэлхийд дөрөвхөн байх “цэргийн” гэх тодотголтой чуулгын нэг нь танайх. Энэ ч утгаараа бусад чуулгаас ялгарах онцлогтой байх ёстой болов уу?

-Дэлхийд цөөхөн байдаг чуулгын хувьд байгууллагынхаа чадамжийн тал дээр онцгой анхаарал хандуулдаг. “Цэргийн” гэх тодотголтой учраас маш цоглог, эх оронч үзлийг төрүүлж, омогшил бахархлыг харуулах ёстой. Хамгийн чухал нь уран бүтээлээрээ Монгол Улсынхаа соёлын түүхт өвийг, улсынхаа хөгжил цэцэглэлтийг харуулах үүрэгтэй.

-Бүтэц бүрэлдэхүүний тухайд хэчнээн уран бүтээлч танай чуулгад ажиллаж байна вэ?

-Чуулга нь өнөөгийн байдлаар 180 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Нэлээд олон хэлтэс, албадуудтай. Ер нь бид ажиллах боловсон хүчний асуудлыг онцгойлон авч үздэг. Уран бүтээлчдийнхээ ур чадвараа шингээсэн бүтээлийг олон нийтэд сурталчилна гэдэг ажлын маань зөвхөн нэг хэлбэр нь. Уран бүтээлчид маань зөвхөн үүргээр, заасан цаг хугацаанд, тодорхой хэм хэмжээний дагуу уран бүтээл туурвибал төдийлөн хөгжихгүй. Тиймээс уран бүтээлчдээ чадваржуулах тал дээр тодорхой ажлуудыг зохион байгуулснаар зохих үр дүнд хүрч байна. Тухайлбал, сар болгон уран бүтээлийн даалгавар өгч, түүнийгээ цаг хугацаанд нь үнэлж, дүгнэдэг. Мэдээж уран бүтээлчдийнхээ онцлог, ажлын байранд тааруулсан даалгавар, хугацааг өгнө. Уран бүтээлийн даалгаврыг тодорхой шалгуураар үнэлж дүгнээд ирэхээр уран бүтээлчдийн хувьд дэвшил гарч, шинэ бүтээлийн тоо ч нэмэгддэг. Нэг уран бүтээлийг ганц дуучин хийдэггүй. Манайх хоорондоо бүгд уялдаатай байдаг учраас нэг бүтээлийн төлөө хамтдаа хичээж, хоорондын уялдаа холбоо эерэг болж, хамт олноороо хийсэн бүтээл нь чанартай болж, уламжлагдан үлддэг. Ер нь аливаа уран бүтээлийн чанар чансааг цаг хугацаа харуулдаг. Манай уран бүтээлүүд ч тэр зарчмаар явдаг. Яагаад гэхээр бид сэдэвчилсэн тоглолт их хийдэг. Тэмдэглэлт баярын өдрүүдэд бид урьд нь тоглодог, үзүүлдэг байсан зүйлсээ үзүүлээд байвал сонин биш шүү дээ. Тиймээс шинээр юу хийх үү, юуг нь сэргээн тоглох уу гэдгээ их ярилцдаг. Манай бүтээлүүд бүгд хамтын уран бүтээл байдаг.

-Хамтдаа хөгжиж, хамтдаа өсөн дэвждэг юм байна даа?

-Тиймээ. Бид хувь хүний эмоцийг задалж өгөх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Ер нь аливаа хүн уран бүтээлч ажил мэргэжил дээрээ амжилт үзүүлэх эсэх нь ахуй орчинтой нь салшгүй холбоотой байдаг. Бүжигчин бүжиглэх гэтэл гутал нь уранхай, тайз нь эвдэрхий бол тэр хүн сайн уран бүтээл хийж чадахгүй. Тиймээс бид ахуйн нөхцөл дээр нь онцгойлон анхаарч өнгөрсөн жилд гэхэд уран бүтээлчдийнхээ тоглолтын хувцсыг 100 хувь шинэчилсэн. Манай Батлан хамгаалах яам энэ асуудалд онцгой анхаарал тавьдаг. Хүмүүс тухайн хүнийг тайзан дээр гараад ямар бүжиг хийж, ямар дуу дуулж байна гэдгийг харахын сацуу ямар хувцас өмссөн байна вэ гэдгийг маш их хардаг.

Цэргийн уран бүтээлчдийн хувьд дүрэмт хувцсаа зөв өмсөж, зэрэг жагсаж, зэрэг бүжиглэхээс эхлээд бүх зүйл нь дүрмийн дагуу байх ёстой. Манай үзэгчдийн хувьд цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн хувцсаар дүгнэлт хийдэг. Тэр нь манай зэвсэгт хүчний шалгуур, үнэлэмж болдог гэж ойлгож болно.

-Танай чуулгад орж ирэхэд цаанаа л нэг сайхан мэдрэмж төрлөө. Бүх зүйл нь эмх цэгцтэйгээс гадна хамт олны зураг, авсан гавьяа шагналуудаа тэвхийтэл нь өрчихөж...?

-Зарим хүмүүс намайг музейд ажиллаж байсан гэхээрээ ийм байх ёстой юм уу гээд шүүмжилж л байдаг юм. /инээв/ Бид энэ жил ажлын байран дээр баримтлах шаардлагуудыг өндөржүүлсэн. Ингэхдээ хамгийн тохижилт сайтай өрөө тасалгааг шалгаруулах уралдаан зарласан. Энэ нь тодорхой үр дүнд хүрч залуус маань ажлуудаа амжилттай хэрэгжүүлсэн. Миний нэг баримталдаг зарчим бий. Би хөлсөө гаргаж хөдөлмөрлөж байгаа хүнийг нэг номерт тавьдаг. Зүгээр нэг хийсвэрээр ажлаа хийдэг, үр бүтээл гардаггүй дундаж хүн бол төрийн албан хаагч биш. Мэдээж хүн шулуун замаар явдаггүй. Гэхдээ амьдралын шалгуурыг давж гарч чадсан хүн л ажлыг сайн хийж чаддаг.

-Нээрээ та чинь “Монгол цэргийн музей”-г удирдаж байсан шүү дээ. Цэргийн байгууллагадаа бол онцлог содон гэмээр хоёр байгууллагад ажиллаж байгаа нь сонирхолтой юм аа?

-Тийм. Батлан хамгаалах салбартаа л соёл урлагийн хоёрхон байгууллага. Онцгой содон хоёр байгууллагыг удирдан ажиллаж байгаадаа бас л их бахархаж олзуурхдаг. Ер нь очсон газар болгондоо л бүтээлч ажил хийж үлдээхийг зорилгоо болгодог. Төв аймагт ажиллаж байхад л гэхэд 1990-ээд оны шилжилтийн үеийн хүүхдүүд цэрэгт ирж байсан үе. Ихэнх нь бичиг үсэггүй. Нэгэнт сургалт, соёл хүмүүжил хариуцсан орлогч болохоор Төв аймгийн Сэргэлэн сумын сургуультай гэрээ байгуулаад бичиг үсэг сургаж анхны суурь боловсролтой болгож байлаа. Одоо хэрэгжиж байгаа “Оюутан цэрэг” хөтөлбөрийн туршилтын сургалтыг хурандаа Б.Эрхэмбаяр, Р.Сүхбат / одоо генерал/ нартай хамтран хоёр жил дараалан хэрэгжүүлж байлаа. Зөвхөн цэргийн гэлтгүй очсон газар бүртээ аймаг орон нутгийн иргэдтэй хамтарсан соёл урлаг хүмүүжил, спортын ажил, батлан хамгаалах бодлого зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах, эх оронч төлөвшил олгох ажлууд хийж байсан.

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын дуучид

Монгол цэргийн музейн захирлаар ажиллаж байхдаа музейгээ орон нутаг, анги салбарт нүүдэллэн очиж үйлчилгээ эхлүүлсэн ба Баян-Өлгий, Увс хоёроос бусад бүх аймагт очсон. Дэлхийн түүхийг Монголын түүхээс, Монголын түүхийг цэргийн түүхээс хар гэдэг. Тийм учраас Цэргийн музейн ажил их чухал. Орчин үеийн залуучууд маань улс орны тусгаар тогтнол, энэ цагийн тайван амгалан байдал ямар их хөлс хүч, цусны үнэ цэнэтэй гэдгийг мэдэхгүй байна. Түүнийг мэдрүүлэхийн тулд Монгол цэргийн музейн хамт олон их ажилласан, үр дүн ч гарсан. Үзэгчдэд тэгш үйлчилгээг үзүүлэх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей гэсэн төслийг хэрэгжүүлж, брайль болон дохионы хэлээр таниулгатай болгосон.

ЦДБЭЧ гэхэд Эрдмийн гэсэн тодотголтой Монголын дөрвөн байгууллагын нэг. Өнгөрсөн жил манай чуулгын 85 жилийн ой болж, бид энэ хүрээнд уран бүтээлчдийнхээ таатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх олон ажлыг зохион байгууллаа. Дэлхийд ОХУ, БНХАУ, БНАСАУ болон манайд гээд цэргийн дөрөвхөн чуулга байдаг. Эдгээр чуулгуудтай уламжлалт харилцааг сэргээх нь чухал. Тийм учраас энэ жил гадаад харилцаандаа түлхүү анхаарч ажиллана.

Намайг энд ажиллаж байх хугацаанд 17 жилийн дараа буюу өнгөрсөн жил бүжигчдээс маань гавьяат цолтон төрсөн. 2018 онд Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний түүхэн ойгоор чуулгаас маань нэг өдөр, нэг зарлигаар гурван гавьяат төрлөө. Чуулгаас төрсөн төрийн өндөр дээд шагналтан гавьяат, алдартнууд 80 гаруй хүн байдаг. Чуулгынхаа 85 жилийн ойгоор энэ тайзнаа 300 гаруй алдар гавьяатнууд цугласан гэхээр манай чуулга ямар их түүх, баялагтай, өргөн хүрээний байгууллага гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Тиймээс би чуулгаараа маш их бахархдаг.

Ер нь гавьяа байгуулсан хүнийг цаг хугацаанд нь үнэлэх ёстой. Дайны талбарт цусаа урсгасан хүнийг тэнд нь л шагнах ёстой. Түүний нэгэн адил олны хүндэтгэлийг хүлээж байгаа энэ цаг үед нь шагнахгүй бол оройтно. Зах зээлийн ороо бусгаа үе, дайны он жилүүдэд ганхалгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн манай байгууллагын хувьд чадварлаг уран бүтээлчдээ үнэлүүлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ зөв хүнээ гаргах ёстой.

-Зөв хүн гэснээс сүүлийн үед урлагт тун чиг удаагүй байж гавьяа шагналд дурлагсад олширлоо?

-Үнэн. Тиймээс л зөв хүнээ сонгож өгөх ёстой гээд байгаа хэрэг. Би “Би”-гээр тоглодог хүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Ажлын байран дээр ч, ажилд авахдаа ч би уг хүн ямар төлөвшилтэй байна вэ гэдгийг маш сайн хардаг. Дунд сургуульд хэрхэн суралцсан бэ гэдгийг нь бас харна. Аливаа юманд нэгдүгээрт, гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал. Дунд сургуульдаа олигтой боловсрол эзэмшээгүй хүн цаашид сураад ажиллаж чадах уу, энэ бол эргэлзээтэй.

БНАСАУ-ын "Хаврын баяр" 31 дэх их наадам

-Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байгаа гэсэн. Тодруулбал...?

-“Цэргийн” чуулгатай гурван улстайгаа сүүлийн жилүүдэд хамтран ажиллах тал дээр онцгой анхаарч байна. Хамгийн гол нь боловсон хүчнээ гадаадад сургахын тулд сайн бэлтгэх ёстой. Тэд маань бэлтгэгдэж байна. Эхнээсээ сургуулиа төгсөөд буцаад ирж л байна.

-Цэргийн чуулга бие даасан уран бүтээл хийхээс гадна батлан хамгаалах салбартаа болон улсын хэмжээнд соёлын ажлууд нэлээд хийдэг байх аа. Лав миний мэдэхээр, 20 гаруй жилийн түүхтэй “Эх орны цэрэг” яруу найргийн наадам байна...

-Тийм ээ, энэ томоохон наадмаас гадна зэвсэгт хүчний ангиудын дунд жил бүр зохион байгуулдаг “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр”, “Хийморь өөдөө монгол цэрэг”, “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээ, мөн мөрдөстнүүдийн дунд “Чандмань өлзийт аялгуу”, “Тэргүүн аялгуу” зэрэг томоохон уламжлал болсон, манай чуулгаас зохион байгуулдаг, манай нэрийн хуудас болсон арга хэмжээнүүд олон бий. Цэргийн соёлын төв өргөөнд зохион байгуулагддаг өөрийн болон өрөөлийн энэ олон арга хэмжээний ачааллыг манай Сургалт, соёл хүмүүжил, маркетингийн алба болон Аж ахуйн албаны ажилтан албан хаагчид дааж чаддагаар бид бахархдаг юм.

-Энэ жилийн баяр наадмаар танай бүрэлдэхүүн хэрхэн ажиллав?

-Бидний наадмын ажил “Төрийн далбааны өдөр”-өөс эхэлдэг шүү дээ. Энэ жилийн хувьд баяр наадмын нээлтийн арга хэмжээнд 70 гаруй албан хаагч маань оролцсон. Үлдсэн нь гадаадын зочид төлөөлөгчдөд үйлчлэх үүрэгтэй байсан.

-Уран бүтээлчдийнхээ хамгийн сүүлийн ололт амжилтын талаар өгүүлбэл?

-Манай уран бүтээлчид дэлхийн 23 орны 600 гаруй шилдэг уран бүтээлчид чуулсан БНАСАУ-ын “Хаврын баяр” 31 дэх их наадамд амжилттай оролцоод ирлээ. Энэхүү наадамд Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Баярмаа, Б.Батбаатар, дуучин Б.Нарантунгалаг, Б.Амаржаргал, Г.Мөнхбат нарын манай дуучид “Монголын өглөө”, “Тагтаа”, “Монголын тал нутаг” зэрэг монгол уран бүтээлчийн авьяас чадварыг илтгэсэн дуунуудаас гадна “Баль Гө Рүм”, “Донзэы Норэ”, “Ким Ир Сен жанжны тухай дуу”, “Жанжин минь та хаана байна?” зэрэг солонгосчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон дуунуудыг мэргэжлийн өндөр түвшинд дуулж, тус наадмаас Гран при шагнал, 6 алт, мөнгөн цом авч, нийт оролцогчдоос чансаагаараа ялгарч чадсан.

Энэ жил Монгол улс болон БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан манай зочид төлөөлөгчдийг эзэн орон тун хүндтэй хүлээн авсан бөгөөд миний бие хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэлсэн юм. Мөн наадмын хүндэтгэлийн тугийг залах зургаан шилдэг уран бүтээлчийн нэг нь манай чуулгын дуучин МУСТА Б.Нарантунгалаг байсан.

Эстрад симфони найрал хөгжим

Эх орныхоо өнцөг булан бүрт энхийн тунхагийг урлагаараа дамжуулан хүргэдэг авьяасын ундарга мөрдөстнүүд болох чуулгын уран бүтээлч та бүхнийг эргэх дэлхийн урлагийн алтан тайз бүр дээр гарч, хүн төрөлхтний сонорыг, мэлмийг үргэлжид мялааж байхын эрхэм ерөөлийг дэвшүүлье.

Сурвалжилсан О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top