Д.Баярбаатар: Морьтон монголчуудын удам ингэж бүжиглэхээс аргагүй...

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

Монгол Улсын Үндэсний Урлагийн их театрын Ерөнхий бүжиг дэглэгч, УГЗ Даваасүрэнгийн Баярбаатарын "Зиндаа" сэтгүүлийн 2018 он №09/509 дугаарт нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр тухайн үед Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдраар авьяас билгээ үнэлүүлээд тун чиг удаагүй байсан юм. "Мэргэнд буусан чоно", "Цаг хугацаа салхи мэт хурдална", "Баавгай луугийн хооронд", "Монголын их хатад", "Нүүдэл" зэрэг бүтээлүүдээрээ олноо танигдсан тэрбээр алдартай хөөмийч, магтаалч, бүжигчин, бүжиг дэглээчийн хувьд дэлхийн томоохон театруудын тайзнаа бүтээлээ толилуулж ирсэн Монголын сор уран бүтээлчдийн нэг билээ 


-Юуны өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдар хүртсэнд тань “Зиндаа” сэтгүүлийн хамт олны өмнөөс баяр хүргэе.

- Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд гэгээн бүхний дээдийг ерөөе.

-Таны бага насны дурсамжаас ярилцлагаа эхэлье?

-Би Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн. Дөрөвдүгээр анги хүртлээ Шарга сумын бага сургуульд сурсан. Аав минь тракторын жолооч, аавыгаа дагаад хөдөө гадаа их явна. Манайх мал малладаг байсан учир би тэмээ хариулна. Аав маань “Жаран жил хоршоолол” гэж байхад Хөдөлмөрийн баатар Лодойхүүгийн хамт жинхэнэ их бүтээн байгуулалтад оролцож явсан Луузангийн Даваасүрэн гэж хүн бий. Ээжийг минь Ванпилын Дуламсүрэн гэдэг. Аав ээжээс долуулаа. Би яг дундах нь.

-Шаргын говийн хүү яагаад бүжгийн урлагт татагдах болсон юм бол?

-Шаргын говийн халуунд хөл нүцгэн, тавхай нь эргэчихсэн сайран хөлтэй хүүхэд л жирийлгэж явсан даа. Гэтэл 1983 онд Улаанбаатараас Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэлт авахаар орос, монгол багш нар ирж шалгалт авсан. Хөл гар сунгаад, үсрүүлээд, ритм сонсгол шалгаад л, цөөрсөөр байгаад хоёулхнаа үлдэж, нэг охин ятгын ангид тэнцэж, намайг бүжигт тэнцлээ гэсэн. Тухайн үед эцэг эхийнх нь саналыг асууж сургуульд авдаг байж. Аав тээвэрт явчихсан, ээж шийдвэр гаргаж чадахгүй айлын хүмүүсээс асууж л дээ. “Эгч нь Хөгжим бүжигт тэнцэж байсан юм. Бид явуулаагүй. Дүү нь бас тэнцчихлээ... одоо яах вэ?” гэж. Гэтэл хүмүүс, “явуулах хэрэгтэй, яаж ийгээд явуул, наад хүүхдээ....” гэж зөвлөсөн гэдэг. Ээж шийд гаргаад, томилолт авчихсан сууж байсан. Аав шөнө тээврээс ирээд тэр мэдээг дуулаад маш их баярлаж л дээ. Намайг унтаж байхад тэвэрч авч үнсээд бөөн баяр болсон тухайгаа дурсдаг.

-Аав тань Улаанбаатар хотод хүргэж ирээд явахад их гунигтай үлдсэн гэж та ярьсан байдаг. Яагаад тэр вэ, харин ч баярлах ёстой юм шиг?

- 1983 оны есөн сард Хөгжим бүжгийн сургуульд орохоор ирээд нэг хоносны маргааш аав үсийг минь хусчихсан. Гоё болгох гээд. /инээв/ Дотуур байранд дөрөв хоносон чинь гэрээ санаад, тэмээ мал, морь бодогдоод салдаггүй. Аавд “Ерөөсөө би болилоо, буцмаар байна” гэлээ. Аав, “Болохгүй миний хүү...” гэж хэлээд яваад өгсөн. Би ч уйлаад үлдсэн. Ингэж анх бүжигчин болох замаа эхэлж таван жил сурсан. Ардын багш Долгорсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Алтанцэцэг, Жав, Нарангэрэл тэргүүтэй олон сайхан багш нараар заалгаж бүжгийн гайхамшигт ертөнцөд хөл тавьсандаа баяртай явдаг юм.

-Таны “Жороо нь жороо”, “Бие чинь болъё”, “Аягатай биелгээ”... зэрэг маш олон бүжиг, бүжгэн жүжиг бий. Энэ бүхнийг бүтээхэд нөлөөлсөн гол хүчин зүйл гэвэл?

-Хүний амьдрал гэдэг өөрөө асар баян. Эрхэм хүндтэй багш нарын буян, сайхан хамт олны дунд орж ажилласны хүчинд өөдрөг сайхан явж байна. Хөгжим бүжигт биднийг 11 настайд маань хүлээж авсан. Таван жил сурч 16 настай төгсөөд Говь-Алтай аймагтаа очиж ажилласан. Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад орж 1988-1993 он хүртэл бүжигчнээр ажиллахдаа Монголынхоо бүх аймгаар явж тоглолт хийсэн байна. Олон сайхан зүйл үзсэн дээ. Ховдод явж байгаад хөөмий, цуур, магтаал, товшуурын гайхамшгийг биширч байлаа. Тэндэхийн авьяас билэгтнүүдийн биелж, хуурдаж, хөөмийлж байгаа нь миний сэтгэлийг соронздох шиг болж байлаа. Хөвсгөлөөр явахдаа цаатан, дархад түмний дуу хуур, зүүн аймгуудаар барга, дарьганга, үзэмчин буриад хүмүүсийн дуу хууртай танилцаж, говиор явахдаа “Говийн жонон” зэрэг гайхалтай тансаг аялгууг сонсож мэдэрч байлаа. Тэр бүхэн зүрх, тархинд орсон байна. Багаасаа бүжгийн урлагт хөл тавьсны хүч юм болов уу даа.

Бүжгийн урлагт багаасаа сурдаг нь их учиртай байх нь ээ?

-Бүжиг гэдэг нарийн мэргэжлийн урлаг. Хүүхдийг багаас нь сургаж бэлддэг. 11 настай бүжгийн урлагт хөл төвьсан би дараа нь 1994 онд СУИС-ийн Бүжгийн урлагийн тэнхимд Бүжгийн найруулагч мэргэжлээр орж суралцсан. Ардын багш, СУИС-ийн хүндэт профессор Нанжид гуай надад бий биелгээг заалаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Жамьяндагва багш маань надад бүжиг найруулах урлагийг заасан. Алтай, Нарангэрэл зэрэг олон багш надад бүжгийн урлагийн судлалд мэддэг чаддаг бүхнээсээ зааж сургажээ. 1998 онд төгсөөд СУИС-даа Монгол бүжгийн багшаар орж ажилласан. Энэ үед Францын бүжиг дэглэгч Килина Кремона гэдэг хүн ирж, орчин үеийн бүжгийн сургалт зохион байгуулахад би тэр сургалтанд нь хамрагдаж, Франц руу Олон улсын төсөлд багт багтаж бүжиглэж явлаа. Бүжгийг хэрхэн дэглэж болох, ямар судалгаа хийх хэрэгтэй юм бэ гэдгийг багш нарын зааж сургасан хичээл болон амьдралаас сурч мэдсэн дээ. Дараа нь тухайн үеийн Үндэсний дуу бүжгийн чуулгын дарга Сэвжидийн Сүхбаатар багш маань намайг ирээдүйн бүжиг дэглэгч гэж харж, энэ их айлд урьж ажилд авсан. Эндээс л миний бүжиг дэглэх гараа эхэлсэн дээ.

-Анхны уран бүтээлээ ямар бүжгээр эхлүүлж байв. Ер нь тухайн үед бэрхшээл их байв уу?

-Бүжиг дэглэгчийнхээ гарааг “Зохицуулагчийн жавхаа” цагдаагийн бүжиг, “Эрийн гурван наадам” Монгол наадмын тухай бүжгүүдээр эхэлж байлаа. Дэглэхэд үнэндээ хэцүү байсан. Энэ том айлд, мундаг том оркестр, дандаа гавьяат, ардын жүжигчин цолтнуудын дунд дөнгөж ороод ирсэн. Би ер нь чадах уу, үгүй юу гэдгээ өөрөөсөө мөн ч олон удаа асуусан даа. Сэвжид багшийн нэрэмжит хоёрдугаар уралдаанд “Бие чинь болъё”, “Ойрдын гоёл” бүжгүүдээ дэглээд оролцсон. “Ойрдын гоёл” бүжгээрээ тэргүүн байр, “Бие чинь болъё” бүжгээрээ Гранпри шагнал аваад бүжиг дэглэх урам сэргэж, бүжиг дэглэж болох юм байна гэдэг зориг орсон. Тэгээд л “Хүрээ тансаг”, “Их мөргөлийн ай” гээд бүжгүүдээ дэглэж эхэлсэн дээ.

-Бүжгийн урлаг гэдэг маш тансаг урлаг шүү дээ. Уран бүтээлийнхээ санааг хэрхэн олдог бол. Тантай хэдэн жилийн өмнө уулзахад, баруун аймагт наадам үзэж яваад нэг их сайхан жороо хар азарга унасан хүн хараад “Жороо нь жороо”-гоо дэглэх санаа төрсөн тухай ярьж байсан шүү дээ?

-Амьдрал баян учир гол санаагаа би амьдрал дундаас л олдог. Миний эрхэмлэн дээдэлдэг бахархал бол өвөг дээдсээс уламжилж ирсэн үнэт их өв соёл. Нүүдэлчин Монголчуудын үеийн үед уламжилж ирсэн аугаа их өв соёлыг бүжгийн хүний хувьд, бүжиг дэглэгч, найруулагч хүний хувьд бүжгийн хэлээр илэрхийлж хүнд хүргэх нь хамгийн чухал гэж боддог.

Бүжгийн урлаг бол сэтгэл болоод биеийн хөдөлгөөний урлаг юм. Тиймээс бүжгээр дамжуулж хүнд ойлгогдохоор юу хийж болох вэ гэдэг санаан дээр илүү их анхаардаг.

Яагаад гэвэл Сэвжид багшийн бүжгийн намба төрх нэг өөр, Сүхээ багшийн бүжгэн жүжгийн бүтээлүүд бас аугаа. Тэгэхээр “Би ямар чиглэл барьж хийх вэ” гэж бодоод үндэсний бий биелгээ, язгуур талаа барья. Дээр нь орчин үеийн бүжгийн урлагийн чиг хандлагатай нийцүүлж, уламжлал шинэчлэлийг хослуулж, өөрийн гэсэн өнгө төрхийг гаргая гэж зорьсон. Аугаа их бүжигчид байгаа учраас миний зорилго биелж байна. Би бүжигчдээрээ маш их бахархдаг. Бүжигчид байхгүй бол бүжиг дэглэгч гэж байгаад яахав дээ, тийм ээ... Арга билэг хоёр, улаан цагаан хоёр хүн төрөлхтнийг бий болгодог шиг, бүжгийн урлаг хөгжимтэйгээ салшгүй холбоотойн дээр хүмүүний амьдралаас ч салгаж болшгүй зүйл юм байна гэж би ойлгодог.

-“Жороо нь жороо”-гийнхоо түүхээс хуваалцах уу?

-Ховд аймагт урилгаар очиж Алдарт хуурч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Довчин гуайтай хамтарч ажиллах боломж гарсан нь сайхан тохиол л доо. Довчин гуай намайг “жороо морины уралдаан үзье” гэлээ. Өвөл цав цагаан тал дээр дугуй тойргоор биш урт тууш талбай дээр уралдлаа. Нэг хар азарга түрүүлж ирсэн юм. Амнаас нь цагаан хөөс сахарчихсан, нүд нь өвлийн орсон буур, дошсон бух шиг амьтан... Тэгээд л жороо морины тухай бүжиг хийе, “ганзага цацлам жороо нь жороо...” гэдэг шиг гэж бодсон. Довчин гуай жороо морины тухай түүх домгоос ярьж өглөө. Арван алдын бугуйл чирээд ухасхийхэд үзүүрийг нь газар хүргэлгүй намилзтал жороолдог, хондлой дээр нь аягатай ус тавихад цалгиадаггүй жороогийн тухай ярьсан. Тэгээд морин хуурынхаа сажлуур мажлуур олон татлагуудыг татаад л, миний сэтгэлд өнөөх л жороо хар азарга бууж байгаа юм. Монгол эр хүний сайхан хийморь, омогшил, морь хүн хоёрын холбоо... тэр бүгдийг харуулъя гэж зорьсон. Одоогоор бол, 570 жийп уначихсан юм шиг л харагдаж байгаа юм чинь. /инээв/ Тэгээд хамгийн түрүүнд Бирваа гуайд хэлж, хоёр гурван өдөр ярьсан. 2009 онд “Жороо нь жороо” маань төрж 2010 онд Төрийн концертод тоглогдсон. Миний бүтээлүүдийн ихэнхид хөгжмийн зохиолч Бирваа маань ая данг нь тааруулж дээ гэдгийг Баянхонгорт тоглолтыг нь найруулж явахдаа мэдсэн. Миний бүтээлийн 90 хувьд хөгжим хийсэн байна. “Жороо нь жороо”-г маань Монголын хүүхдийн урлагийн байгууллагаас эхлээд урлагийн бүх байгууллага, хөдөө орон нутагт хүртэл бүжиглэж байна. Уг нь патентын асуудал яригдаж, манай театраас зөвшөөрөл авах ёстой. Ийм л хүртээмжтэй бүтээл болсон байна.

-Монгол ардын бүжгийг хилийн чанадад хэрхэн хүлээж авдаг вэ?

-Монгол үндэстний язгуур өв соёл болсон бүжгийн урлагийг маань дэлхийн аль ч улс оронд өндрөөр үнэлж хүлээж авдаг. Маш хийморилог, цог золбоотой, хурд шаардсан техниктэй, бахархал омогшил төрүүлсэн бүжиг болохоор аргагүй биз. Ёстой л нэг эзэн Чингисийн үр сад морьтон Монголчуудын удам ингэж л бүжиглэхээс аргагүй гэмээр шүү дээ, бидний ардын бүжиг. Дээрээс нь манай хөөмий, морин хуур, уран нугаралт, уртын дууны гайхамшиг бол дэлхийд Монголыг үеийн үед гайхуулсаар, сурталчилсаар байна. Өөрийн язгуур соёлоо бид өөрсдөө хадгалж хамгаалж, сурталчилж, түгээн дэлгэрүүлж түүнийхээ хойноос язгуур урлагаа алдахгүй явах нь хамгийн чухал. Их уламжлал байсны хойно их шинэчлэлийг бүтээнэ гэж би ойлгодог. Ардын бий биелгээний эх ундарга, язгуур байдлаа бид хадгалаад явж чадах юм бол орчин үеийн шинэчлэлийг оюуны чадамж, авьяас билэг, хүч хөдөлмөрөөрөө хийчихнэ. Миний хувьд Францад хэд хэдэн хамтарсан төсөл дээр ажилласан. Өөрийн бие даасан тоглолтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Монгол үлгэрийн сэдэвтэй бүтээлүүд дээр Францын хөгжмийн зохиолч Бернард Форттой хамтарч ажиллалаа. Францын бүжиг дэглэгч Килина Кремонатай хамтарч “Цаг хугацаа салхи мэт хурдална”, “Баавгай луугийн хооронд” зэрэг орчин үеийн бүжгийн төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн.

-Үндэсний язгуур урлаг, тэр дундаа ардын бүжгийн ирээдүйг та хэрхэн төсөөлдөг вэ?

-Монголын бүжгийн урлагийн ирээдүйд би итгэдэг. Сайн яруу найрагчийн сайхан шүлэг, сайн зохиолчийн аугаа зохиол, хөгжмийн яруу тансаг аялгуун дээр л бүжгийн хөдөлгөөний дэг гардаг. Монгол ардын бүжгийн урлаг 21 дүгээр зуун хүртэл амжилттай хөгжиж олон дээд өндөрлөгт хүрсэн гэж нүүр бардам хэлнэ. ОХУ-ын “Майсеев”- ийн чуулга Францад жил болгон тоглодог. Үзэгчид ч тасардаггүй. Үүний нэгэн адил манай Үндэсний урлагийн их театрын бүжгийн чуулга ЮНЕСКО, НҮБ-ын их танхим болон ОХУ-ын дэлхийд алдартай Большой театрт, мөн Япон, Итали, Франц гээд олон улс оронд тоглож ардын бүжгийн урлагаа таниуллаа.

Дэлхийн их театруудын тайз биднийг шагшин хүлээж авч, баяр бахдалтайгаар үдэж байна. Үе үеийн бүжигчид, бүжиг дэглэгчид хагас цэргийн зохион байгуулалт дор уран бүтээлээ туурвиж ирлээ. Цаашдаа ч дэг жаягаа алдалгүйгээр бүжгийн урлагийн өөр олон оргил амжилтанд хүрэхээр зорьж ажиллана даа.

-Эрдэмтэн Сэндэнжавын Дулам багштай хамтарч сонирхолтой уран бүтээл туурвиж байгаа гэж сонслоо. Энэ тухайгаа сонирхуулбал?

-Ардын багш, доктор, профессор Дулам гуайн нээлт, зохиол, судалгаанд үндэслэсэн “Босоо цагаан гурвалжин” нэртэй бүтээл хийх гэж байна. Хадны тамга, сүг зургууд, тухайлбал Дундговь аймгийн Дэл, Хөнжилийн уулан дахь хадны сүг зураг, Хэнтийн Рашаант хадны тамганууд, Говь-Алтай аймаг дахь буган чулуун хөшөөнд дүрслэгдэн үлдсэн Монголын аугаа их түүхийг бүжгийн хэлээр бүтээх гэж үзэж байна. СУИС-ийн багш нар, оюутнууд, Үндэсний урлагийн их театраас суралцаж буй магистр, докторантууд нийлсэн уран бүтээлчид оролцоно. Энэ бүтээлээ бид үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд хүргэхээр төлөвлөж байгаа.

-Таны охин хөгжмийн урлагаар хилийн чанадад эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна. Гэр бүлийнхээ тухай танилцуулна уу?

-Миний ханийг Найдангийн Нямдаваа гэдэг. Говь-Алтай аймгийн харьяат, санхүүгийн мэргэжилтэй хүн. Бүхий л амьдралаа гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө зориулж явна. Ханьдаа туйлын их талархаж явдаг. Үндэсний урлагийн их театрын хамт олон маань ч намайг их түшиж тулж явдаг даа. Миний охин зургаан настайдаа ХБДС-ийн Хийл хөгжмийн ангид орж Алдарт их хуурч Жамъян гуайн хүү, доктор Баярсайхан багшийн шавиар найман жил хичээллээд, Монгол Улсын гавьяат багш Алтанцэцэг багш төгсгөсөн. 17 настайдаа Францын Лион хотын Хөгжмийн консерваторид элсэж орсон. Хийл тоглохоос гадна Европын залуучуудын оркестрыг удирдаж байна. Лионы консерваторийг төгсөөд энэ жилээс Швейцарийн Хөгжмийн консерваторид суралцаж байна. Бага хүү Тэнгис маань аавтайгаа гадна, дотны тоглолтонд оролцоод бий биелээд явж байна. Ямархан бүжигчин болохыг хэн мэдэх билээ.

-Үндэсний урлагийн их театрын сүүлийн үеийн уран бүтээлийн сониноос манай уншигчдад сонирхуулна уу?

-Энэ оны эхэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарын найруулгаар Говь, Тал, Хангай гэсэн сэдэвтэй “Наран мандах талын Монгол” шинэ уран бүтээл хийлээ. Мөн 3 дугаар сарын 17, 18-нд Монголын анхны ардын бүжгэн жүжиг “Нарны домог”-ийг тайзнаа тавилаа. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн цомнол, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсаншаравын хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар багшийн дэглэлттэй алдарт бүжгэн жүжиг шүү дээ. Тус бүжгэн жүжгийн 30 жилийн ой, Бирваагийн хөгжим, миний бие найруулсан “Есөн хатан” бүжгэн жүжгийн таван жилийн ой тус тус тохиож байгаа юм. Төрийн концерт, гадаад дотоодын тоглолт, шинэ уран бүтээлүүд гээд өдөр бүр ажил ундарч байдаг сайхан газар даа, манай театр.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч: Л.Ганзул

"Зиндаа" сэтгүүл 2018 он №09/509 дугаарт нийтлэгдсэн ярилцлагаас онцлов

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (64.119.24.65) 2019 оны 07 сарын 25

танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье

0  |  0
Top