Д.Түвшинсайхан: Дэлхийн хөгжмийн урлагийн хурдтай монголчууд эн зэрэгцэж яваа гэдгийг харуулмаар байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Дэлхий дахины сонгодог болон өөрийн орны ардын урлагийн хэмжээлшгүй их сан хөмрөг, түүнийг бүтээгч, урлагийн гайхамшигт тэнгэрлэг хүмүүсийн тухай өгүүлэх "Сэтгэлийн гоо" булангаа уншигчдадаа өргөн барьж байна. 

Хүн гэгч сэтгэлийн амьтныг хүмүүн болгогч нь яахын аргагүй урлаг, соёл ажгуу. Иймээс ч бид энэхүү булангаа "Сэтгэлийн гоо" хэмээн нэрийдэж, урлаг соёлын тухай сонирхолтой бичвэрүүдийг эрхэм уншигчдынхаа оюуны мэлмийд нийцүүлэн цувралаар нийтэлж байхаар зорилоо. Манай булангийн энэ удаагийн зочноор Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан уригдан оролцож байна.


-Морин хуурын чуулгын 25 жилийн ой болох гэж байна. Та Морин хуурын чуулгын удирдаачаар хэдэн жил ажиллаж байна вэ? Чуулгынхаа түүхэн замналаас манай уншигчдад танилцуулна уу?  

-Би 1988 онд Хөгжим бүжгийн сургуульд шалгуулж тэнцэн, 1994 онд төгссөнөөс хойш 2007 оныг хүртэл олон жил морин хуурчаар ажилласан. Ингээд 2007 онд “Удирдаач хий” гэсэн Батчулуун багшийн “зарлигаар” бараг 10 жил удирдаачаар ажиллаж байна. Амьдралынхаа 29 жилийг багшийнхаа дэргэд, 25 жилийг чуулгынхаа уран бүтээлчидтэй хамт өнгөрүүлсэн. Аав, ээжтэйгээ хамт байсан хугацаа тун бага. Би Баатаржав багшдаа хадаг барьж багш шавьд барилдаад, удирдаачаар хоёр жил дадлагажсан гэж болно. Надад дуурь үзүүлнэ, хөгжмийн өгүүлэмж сонсгоно, дараа нь юу ойлгож мэдэрсэн талаар асууна. Баатаржав багш маань маш энгийн сайхан хүн байсан. Морин хуурын чуулга маань 1992 оны 12-р сарын 9-нд анх үүсэн байгуулагдсан юм. Тухайн үед Хөгжим бүжгийн сургуулийн хуучин байрны 52 тоотын үүдний танхимд багш маань хүүхдүүдээ цуглуулаад, морин хуурын ансамбль гаргана гээд, бидэн дундаа хамгийн ахмад нь байсан Бат-Очир ах Чибулагийн “Мандах нар” гэдэг зохиолыг хуурдахыг анх зааж байлаа.

-Морин хуурын чуулга үүсгэн байгуулах санаачилгыг хэн гаргаж байсан юм бол?  

-Энэ санаачилга бүр 1989 оноос эхлэл нь тавигдсан юм билээ. Өвөрмонголын Их зуу аймаг Чингисийн онгон дээр Чибулаг багшийн үүсгэн байгуулсан чуулгын тоглолт буюу олон улсын арга хэмжээ болсон байдаг. Түүн дээр Жамьян, Батчулуун, Жанцанноров багш нар гурвуулаа очиж оролцсон. Тэр гурвын “нэр” ч тэндээс үүдэлтэй юм. Жанцанноров багшийг “ярьдаг бурхан”, Жамьян багшийг “амьд бурхан”, Батчулуун багшийг “үүрдэг бурхан” гэж өвөрмонголчууд нэрлэсэн байдаг. Үнэхээр ч багш маань хамаг хүндийг үүрсэн хүн дээ. Морин хуурын чуулга байгуулъя гэсэн санааг анх тэр гурав гаргасан юм билээ. Жамьян багш маань: “Өвөрмонголчууд ийм морин хуурын чуулга байгуулчихсан байхад Монголд яагаад байгуулж болохгүй гэж” хэмээн хэлсэн гэдэг. Ингээд 1992 оны 12-р сарын 9-нд хүүхдүүдээ бэлдэж эхлээд, 1993 оны 4-р сарын 16-нд Дуурь бүжгийн Эрдмийн театрт нээлтийн анхны тоглолтоо хийж байсан түүхтэй. Одоо бид жил бүрийн 4-р сарын 16-ны өдрийг уламжлал болгон тэмдэглэж байгаа. Морин хуурын чуулга байгуулагдсан нь Монголын үндэсний урлагт шинээр орж ирсэн үндэсний хэв шинжит найрал хөгжмийн бүрэлдэхүүн болж байсан юм. Тэр утгаараа бид жил бүрийн 4-р сарын 16-ны тоглолтоо “Novel melody” /Шинэ аялгуу/ гэсэн нэршил дор зохион байгуулдаг нь дэлхийн орчин цагийн хөгжмийн хэллэг даяаршин нийтлэг болж байгаатай холбоотой. Тиймээс энэ тоглолтын үеэр Монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын орчин цагийн бүтээлүүдээс уран сайхны бүрдүүлбэртээ шинэлэг байдлаар оруулж ирдэг онцлогтой.

БИДНИЙ ГОЛ ЗОРИЛГО БОЛ ХӨГЖИМ ШИМТЭН СОНСДОГ САЙН СОНСОГЧИД БЭЛТГЭХ ЯВДАЛ ЮМ 

-Морин хуурын чуулга анх байгуулагдах үед бэрхшээл нэлээн байсан байх даа?  

-Амар байгаагүй. Бид ихэнх нь дотуур байрны хүүхдүүд байсан. Улсаас хоолны мөнгө олгодог байснаа болиод, өөрсдөө хоолоо хийж иддэг болсон. Тэр үе бол дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй байсан зах зээлийн эхэн үе шүү дээ. Бидний хэдэн хүүхдүүд радиод бүтэн долоо хоног бичлэг хийлгээд суухдаа зарим үед өлсөөд, баахан хуушуур гэнэт гараад ирдэггүй юм байх даа гэж мөрөөдөх жишээний /инээв/. Батчулуун багш маань биднийг бөөнөөр нь гэртээ аваачаад хоол унд хийж өгдөг байлаа.

-Морин хуурын чуулга 1992 онд анх байгуулагдахдаа хэдүүлээ байв? 

-Ер нь бүрэлдэхүүний тоо 28 шүү дээ. Анх тийм орон тоотой баталж байсан юм. Бид тоглолтын дээл хувцсаа оёулах гэж тухайн үед хөгийн юм болдог байлаа. Нарийвчилж хэмжээ авсан зүйл байхгүй, ерөнхийд нь хүүхэд гэж баримжаалаад л оёдог. Материалын олдоц ч ховор, хэцүүхэн байсан. Драмын Театрын Цэрэнсамбуу дарга, Батчулуун багш хоёр маань Оёдлын үйлдвэрийн нэгдлээр өдөр шөнөгүй хөөцөлдөж байж арайхийн материал олдог байсан гэлцдэг. Тэгээд Гунгаасүх гуай загварыг нь гаргаад, Дуурийн оёдолчид урлаж, анх бид Хөгжим бүжиг дээр хувцсаа өмсөж үзээд тэр чигтээ Театрт ирж тоглож байлаа.

-Тэр үеийн бүрэлдэхүүнд байсан хүүхдүүдийн нас ямархуу байсан бэ? 

-Хамгийн том нь Хөгжим бүжгийн дунд сургуулийн 2-р курс гэхээр 10-р ангийн хүүхэд байсан гэсэн үг. Бусад нь насаар бага, ерөнхийдөө 6-10-р ангийн сурагчид байсан юм. Тэр үед 6-р ангиас элсэлт авч эхэлдэг байлаа.

-Хүүхдүүд болохоор зарим үед хөөрч дарвицгаана биз?  

-4-р сарын 16-нд нээлтээ хийх гээд, хаанаас ч юм олсон нэг цэнхэр автобусанд сууцгаагаад л Хөгжим бүжгийн дунд сургуулийн байрнаас Дуурийн театр руу нүүж ирж байлаа. Хэдийгээр ойрхон газар ч гэсэн бид автобусан дотроо хөөрцгөөгөөд л, яг урлагийн бригадаар явж буй мэт сүртэйгээр ирж байсан юм.

-Морин хуурын чуулга анх байгуулагдаж байхад соёл урлаг хариуцсан дарга нар их дэмждэг байв уу?  

-Тухайн үед Соёлын яамны коллегийн хурал болж, морин хуурын чуулгын талаар хэлэлцэж байтал “Ардын дуу бүжгийн чуулга гэж бэлээхэн байхад ахин морин хуурын чуулга байгуулах хэрэггүй” гэж нэг казах мэргэжилтэн нь эсэргүүцсэн юм байна. Гэтэл манай багш: “Танайд Гурмангаз оркестр гэж байхад Монголд яагаад Морин хуурын чуулга байж болохгүй гэж” хэмээн хэлсэн гэдэг. Биднийг Филармонийн дэргэд авчирсан Ухнаа даргын шийдвэр их зөв болсон гэж боддог. Тухайн үеийн Соёлын сайд Н.Энхбаяр, Улсын филармонийн дарга Д.Ухнаа нарын дэмжлэгийн ачаар бид бас өдий дайтай болж чадсан юм шүү. Хэрэв бид Дуу бүжгийн чуулгын дэргэд очсон бол их зүйлд суралцах байсан байх. Гэвч ижил төстэй байгууллагын хувьд, энд тэндхийн нөхөөсөнд суугаад таарах байсан болов уу. Тэр үед хөгжимчид ховордсон цаг байлаа. Одоо Монгол Улсын филармони “Симфони найрал хөгжим”, “Баянмонгол чуулга”, “Морин хуурын чуулга” гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд ч энэ хоёр найрал хөгжмийн дэргэд үндсэн хэв шинжээ хадгалан өдий зэрэгтэй байгаа нь энэ сонголт зөв болсныг л харуулж байгаа хэрэг.

-Морин хуурын чуулга байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээг товч танилцуулбал? 

-Ойн албан ёсны нээлтийг 4-р сарын 16-нд хийлээ. Гэхдээ ойн хүрээнд гээд бүтэн жилийн турш оны эхнээс л арга хэмжээнүүд явагдаж байна. 10-р сарын 21-нд хүндэтгэлийн гала тоглолтоо хийгээд 12-р сард ойн арга хэмжээ ерөнхийдөө дуусгавар болох юм. Бидний хувьд, энэ жил арай өөр маягаар тэмдэглэхийг зорьсон. Бид энэ оныг их уран бүтээлийн жил байлгая гэж ярилцаад, сар бүр шинэ тоглолт хийж бүтээлийн урын сангаа шинэчилж байгаа. Төлөвлөсөн арга хэмжээнүүдийнхээ гуравны нэгийг одоогоор амжилттай гүйцэтгээд явж байна.

-Ойн арга хэмжээг салбарын удирдлагын зүгээс дэмжиж байгаа юу?

-Дэмжих талаар яригддаг ч биелээд гүйцэлдсэн зүйл одоогоор алга. Бид бол үндэсний соёл урлагийг өвлүүлэн цааш дамжуулж үлдээх хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүс. Иймд улсаас ийм тийм зүйл өгсөнгүй гэж гоншигнохгүйг хичээн, сэтгэл зүрхээрээ л зүтгэцгээж байна. Бидний гол зорилго бол нас насны хүмүүст үндэсний урлагаа сурталчлан, тэднийг хөгжмийн тоглолт үздэг болгох, өөрөөр хэлбэл, хөгжим шимтэн сонсдог сайн сонсогчид бэлтгэх явдал юм.

-Тухайлбал, залууст зориулсан бүтээлийн сан хэр арвижиж байна вэ?

-Залуусыг хөгжмийн урлаг руу татах зорилгоор киноны хөгжмөөр дагнасан уран бүтээл хийж байгаа. Харин “Novel melody” тоглолтын хувьд хөгжмийн урлагийг бишрэн шүтдэг, өндөр зэрэглэлийн сонсогчдод зориулсан бүтээлүүд юм. Ийм маягаар манай уран бүтээл нарийн графикийн дагуу, зорилтот сонсогчдод чиглэсэн байдлаар явагдаж байгаа.

МОРИН ХУУР БОЛ СҮНСЛЭГ ХӨГЖИМ

- Амьд адууны сүүлнээс туг тугаар нь сугалж чавхдасаа хийдэг онцлогтой морин хуурыг өргөө гэрийнхээ хойморт залдаг нь бас их учиртай заншил юм –

-Морин хуурын чуулгын найрал хөгжмийн бүтэц бүрэлдэхүүн төлөвшихөд Батчулуун багш, Жанцанноров багш нар их үүрэг гүйцэтгэсэн байх даа?

-Монгол үндэсний урлагийг дэлхийд сурталчлахад манай Батчулуун багш хувь хүний зүгээс маш их зүйл хийсэн. Азийн орнуудын үндэсний урлагийг ойртуулах тал дээр их үүрэг гүйцэтгэсэн хэмээн үнэлэгдэж Японы эзэн хааны “Мандах нарны туяа” шагналыг багш маань хүртсэн юм. Морин хуурын чуулга урын сандаа 3000 гаруй бүтээлтэй байдгийн бараг 10 хувь нь Морин хуурын чуулгад зориулсан хөгжмийн бүтээлүүд байдаг. Тэгвэл үүний 90 хувь нь Жанцанноров гуайн бүтээлүүд байгаа.

-Монгол хөгжмийн бүтээлийн урын сан хэр баяжиж байгаа вэ?

-Үндэсний хэв шинжтэй найрал хөгжимд зориулсан бүтээл ховордсон. Бид социализмын үеийг муу хэлээд л байдаг. Гэтэл зарим тохиолдолд социализмын үеийнх шиг ялимгүй захиргаадалт байж гэмээнэ хүмүүсийн ухамсар дээшилмээр ч юм шиг. Тиймээс бид залуу хөгжмийн зохиолчдыг бүтээл хийлгэх талаас нь жаахан шахалт үзүүлж байгаа. Ер нь хөгжмийн зохиолч гэж өөрийгөө тооцдог л бол бичих ёстой. Энэ бол иргэний үүрэг.

-Одоо чадварлаг хөгжмийн зохиолчид хэр олон байна вэ?

-Гарын таван хуруун дотор багтахаар байна. Тэднийгээ чанартай бүтээл туурвихад нь урамшуулах зорилгоор үнэлэмж гаргах нь чухал байна. Улсаас өмнө нь 50 сая төгрөг энэ чиглэлээр хуваарилдаг байсан нь одоо байхгүй болсон. Ингээд урамшуулал, үнэлэмж байхгүй болохоор яаж чанартай том бүтээл гарах вэ дээ.

-Энэ 50 сая төгрөгийг хөгжмийн зохиолчдод уран бүтээлийн урамшуулал болгож өгдөг байсан юм уу?

-Хөгжмийн зохиолчдын бүтээлийг улс өөрийн сандаа худалдаж авдаг байсан юм. Зарим нэг нь өөрийн бүтээлээ шахдаг байсан тохиолдол цөөнгүй бий. Тийм учраас он цагийн шалгуур даваад тоглогдчихоор бүтээл ховор гарсан гэж боддог.

-Үнэхээр шилдэг бүтээлүүдийг тэр бүр худалдаж авч чадаагүй байх нь ээ?

-Ер нь улстөр, урлаг ялгаагүй. Хаа сайгүй завхарсан байдалтай байгаагийн жишээ л дээ. Үнэхээр чанартай бүтээлийг зөв шалгуураар авдаг байсан бол өнөөдөр хөгжмийн бүтээлийн урын сан, чанар чансаа арай л өөр байх байсан. Монголыг илэрхийлж, дэлхийн түвшинд гаргачихаар бүтээлүүд тэр бүр төрөхгүй байгаа нь үүнтэй холбоотой байх.

-Морин хуур хөгжмийн хувьд ур хийц, тоглох арга барил нь ялгаатай биз?

-Хөгжмийн ур хийцний хувьд, ширэн ба модон цартай гэж байдаг. Мөн морин хуураар уртын дууг дагахад гурван янзаар яригддаг. “Сайн хуурч дагуулж хуурддаг, дунд зэргийн хуурч зэрэг хуурддаг, тааруухан хуурч дагаж хойноос нь хуурддаг” гэж. Энэ бол манай хуучны мундаг багш нарын маань үг. Түүнээс гадна, хуурдах гэж байгаа дууныхаа үгийг сайн мэдэх хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Дуугаа сайн мэддэг чадалтай хуурч бол дуучнаа дагуулаад явчих жишээний.

-Морин хуур хөгжмийн онцлогийг цөөн үгээр тодорхойлвол?

-Морин хуур бол сүнслэг хөгжим. Амьд адууны сүүлнээс туг тугаар нь сугалж чавхдасаа хийдэг онцлогтой морин хуурыг өргөө гэрийнхээ хойморт залдаг нь бас их учиртай заншил юм.

-Морин хуурын хөг олон янз байдаг. Та энэ талаар тайлбарлаж өгвөл их сонирхолтой байна?

-Одоо морин хуурыг цахар хөгөөр хөглөдөг. Гадна тал нь бүдүүн, бие тал нарийн гэсэн үг.

“ӨӨРИЙГӨӨ ОЛЧИХСОН БАЙНА” ГЭХ ТЭР ҮГНЭЭС БИ ИХ ХҮЧ, УРАМ АВСАН

- Зохиол юу өгүүлэх, үзэгч сонсогчдод юуг мэдрүүлэх ёстой, найрал хөгжим тоглосноор үзэгчдийн зүрх сэтгэлд өгүүлэмжээ хүргэж чадаж байгаа эсэх нь удирдаачаас их шалтгаална -

-Удирдаач хүний ажил мэргэжлийн онцлогоос сонирхуулбал?

-Дэлхийн гэдгээр нь томьёолж хэлэхэд бэрхшээлтэй. Харин Монголд бол их хэцүү мэргэжил. Хийхгүй олон юм хийнэ. Гэтэл дэлхийн хөгжилтэй орнуудад нэг удирдаач гэхэд зөвхөн Моцартыг ч юмуу дагнах жишээний. Би бол мэргэжлийн удирдаач биш, практикаар л яваад байгаа хүн. Үндэсний урлагийг мэддэг хүн байх хэрэгтэй, мөн Морин хуурын чуулгад олон жил ажиллаж байгаа туршлагатай уран бүтээлч гэсэн үүднээс надад итгэл найдвар хүлээлгэсэн байх гэж боддог. Монгол удирдаач бол хөгжимчдийнхөө мэргэжлийн ур чадвар болон нийгмийн асуудал, аж ахуйн ажил гээд оролцохгүй зүйл гэж бараг байхгүй. Эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын зүгээс хөгжимчдийг яг л урлагийн салбадай мэт ашигладаг. Уг нь хамгийн гавьяатай хүмүүс бол хөгжимчид шүү дээ. Ер нь урлагт ийм тийм сургууль төгссөн гэхээс илүүтэй тэр хүний өөрт нь заяагдсан өгөгдөл их чухал. Зохиол юу өгүүлэх, үзэгч сонсогчдод юуг мэдрүүлэх ёстой, найрал хөгжим тоглосноор үзэгчдийн зүрх сэтгэлд өгүүлэмжээ хүргэж чадаж байгаа эсэх нь удирдаачаас их шалтгаална. Удирдаачийн гарын хөдөлгөөн бас их ач холбогдолтой шүү. Гэхдээ хэт хэлбэрдэж жүжиглэвэл найрал хөгжмөө үймүүлчих магадлалтай. Өөрөө үзэгчдэд гоё харагдаад, харин хөгжимчдөдөө их түвэгтэй байх жишээний /инээв/

-Орчин цагийн хөгжмийн урлагийн хөгжил манайд ямар байгаа гэж та боддог вэ?

-Хөгжмийн урлаг гэлтгүй бараг бүх салбар даяарчлалд хамрагдаж байгаа цаг үед бид зөвхөн Чингисээ яриад, ахуйгаа гайхуулаад омогшоод сууж болохгүй байна. Ер нь одоо бүгдээрээ цээжээ дэлдэхээ болиод, жаахан бодмоор, суумаар байна шүү дээ. Дэлхийн хөгжмийн урлагийн хурдтай монголчууд эн зэрэгцэж яваа шүү гэдгийг харуулмаар байна. Манай ардын урлаг бол сонгодог урлаг. Үүнийгээ гадаадад зөв сурталчлах хэрэгтэй. Аливаа улс орон урагш тэмүүлж, ирээдүй рүүгээ явдаг. Гэтэл бид өнгөрсөн түүхээ санагалзан дурсаж, ухрах маягийн хандлага их гаргадаг. Жишээ нь, бид морин хуураа үүрчихээд найр хэсээд дуулж хуурдаад яваад байвал ямар байх вэ? Бодох л асуудал. Бид орчин үеийн Монгол харагдмаар байна шүү дээ.

-Морин хуурын чуулгад салбарын яамны зүгээс хэр анхаарч байна вэ?

-Юу ч байхгүй шүү дээ. Цалинг гэхэд, татвар төлөгчдийн мөнгөнөөс авч байгаа гэж болно. Өөрөөр хэлбэл, ард түмэн маань Морин хуурын чуулгаа байлгая гэж хүсч байна. Иймэрхүү зүйлс ярилаа гэж би баахан загнуулж ч магадгүй /инээв/. Гэхдээ л энэ тухай ярихгүй бол “Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цаас чичихээс нааш цоордоггүй” гэдгийн үлгэр болно. Бас нэг түвэгтэй асуудал бол, салбар хариуцсан дарга нар байнга солигдож, мэдэх мэдэхгүй нөхдүүд ирээд байх юм! Төрийн алба бол бараг л мөнгөний ажил болоод байх шиг. Би уг нь их гэгээлэг зүйл яримаар байгаа ч үнэнийг нууж хааж, худал ярихыг хүсэхгүй байна.

-Хөгжимчдийн цалин хангамж амьдрал ахуйд нь хүрэлцэхээр байж чаддаг уу?

-ТҮСУ-6 /Төрийн үйлчилгээ, соёл урлаг-6/ гэсэн цалингийн зэрэглэлээр цалинждаг. Бараг л дундаас доогуур түвшин. Тэглээ гээд бид олон юм ярьдаггүй. Улс орны нөхцөл байдлыг харж л байна. Ер нь аливаа улс орны дархлаа бол хэл, соёл нь байдаг шүү дээ. Үндэсний урлагийн уламжлалаа зөв хадгалж үлдээх явдал бол бидний гол зорилго.

-2013 онд “Аниргүйн хөгжим” тоглолтоо хийхдээ та өөрөө хөтөлсөн нь их сонирхолтой санагдсан. Яагаад өөрөө хөтлөгч хийх болсон юм бэ?

-Би “Аниргүйн хөгжим”, “Шим ертөнц” гээд асуудал дэвшүүлсэн хоёр тоглолт хийсэн. “Аниргүйн хөгжим” бүтээлд “цөсөө хөөргөж сагсуурахаа больцгооё, бодолтой байцгаая” гэсэн санааг илэрхийлсэн романсууд байсан бол, “Шим ертөнц”-ийн хувьд “усны дуслаас, эсвэл моддын навчсаас юуг мэдэрч болох, хайр гэж юу болох, ямар байх ёстой, хэрвээ навчис өгүүлдэг байсан бол юуг хэлэх байсан бол” гэх мэт утга санааг илтгэсэн бүтээл юм. “Аниргүйн хөгжим” тоглолт гурван бүлэгтэй тавигдсан. Энд мөн гадна оршин амьдарч байгаа монгол үндэстнүүдийн зүрх сэтгэл юуг өгүүлдэг талаар хөндөж тусгасан юм. Ингээд өөрийн бодож санасан зүйлийн тухай өөрөө л ярихгүй бол бүрэн гүйцэд илэрхийлж чадахгүй мэт санагдаад тоглолтоо өөрөө хөтөлсөн гэх үү дээ. Мөн “Эргэцүүлэл” гэдэг тоглолт хийж байсан. Энд гол агуулга нь өөрийгөө таньж мэдэх гэсэн оролдлого байсан. Тухайн үед Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай: “Түвшинсайхан бол өөрийгөө олчихсон юм байна. Гэхдээ бас яахав, хүний ч юм байна, миний ч юм байна” гэж хэлж байсан юм. “Өөрийгөө олчихсон байна” гэх тэр үгнээс би их хүч, урам авсан байх.

АРД ТҮМНИЙ УХАМСРЫН БОЛОН ОЮУН УХААНЫ ХӨГЖИЛ ХАМГИЙН ЧУХАЛ

- Урлаг бол нийгмийн сэтгэлзүйн өмнө нь явж, олон нийтийг хүмүүжүүлж төлөвшүүлж байх учиртай. Иймд юм хийе, бүтээе гэсэн уран бүтээлчдээ улс өөрөө бодлогоор дэмждэг баймаар санагддаг –

-Mорин хуурын чуулгын тоглолтыг таашаах үзэгчдийн хандлага ямархуу байдаг вэ?

-Манай зарим тоглолт бол байнгын, бүр өөрийн гэсэн үзэгчидтэй шүү дээ. Танхим тэр дороо л дүүрдэг. Жишээ нь, 7 сарын 11-ний “Монголын сайхан орон”, 12 сард болдог “Өвлийн цасны аялгуу”, Цагаан сарын өмнө тоглодог “Торгоны хээ” гэх мэт. Уламжлалт дууны өв сан, үндэсний хөгжмөөр тоглох ур зүй зэргийг сонсогчид өөрсдөө мэддэг байх хэрэгтэй юм. Энэ бол Жамьян багшийн арга барилаар хөгжимдөж байна, энэ нь Довчин гуайн “Жингийн цуваа” байна гэх зэргээр үзэгчдийн хөгжмийн боловсролын асуудал тусгагдана. Довчин гуай бол өнгөрсөн зуунд байсан баруун Монголын алдартай хуурч. Энэ хүний татлага бол зохиогч нь тодорхой хамгийн алдартай татлага. Өмнөговийн Нэргүй гуай, бас Сүхбаатар аймагт нэг хүн байгаа. Морин хуурын татлага нутаг орны онцлогоор өөр өөр байна. Шаравнямбуу гээд СУИС төгссөн залуу зүүн зүгийн татлагуудыг сайн татдаг байх жишээтэй. Бид уламжлалаа сайтар тордож, бас “тоох” хэрэгтэй байна.

-Үзэгчдийн соёл ямар түвшинд байгаа харагддаг вэ?

-Саяхан бид залуучуудын нэг байгууллагын шугамаар тоглолт хийсэн юм. Тэр үед үзэгч залуусын байдал яг л Нарантуул захын нэг том павильон дотор явж буй мэт сэтгэгдэл төрүүлж байсан. Хөгжмийг сонсох ёстой шүү дээ. Тэд бол улс эх орноо ирээдүйд авч явах хүмүүс, уг нь.

-Гэхдээ бүгд тийм биш байх аа?

-Хөгжим ойлгодог, сонгодог утгаар нь сонсож мэдэрдэг үзэгчид олон бий. Ийм үзэгчдийн тоог олшруулахад хэвлэл мэдээллийнхэн ч бас багагүй үүрэг гүйцэтгэх болов уу.

-Хөгжмийн боловсон хүчний бодлого одоо ямар түвшинд байна вэ?

-Хөгжмийн боловсон хүчин бэлтгэж буй сургууль, урлагийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажилламаар санагддаг юм. Манайд хөгжимчдийн цомхтгол яригдаад, бараг л нэг дүрс суулгаад үзэх санаатай. Угтаа бол симфони оркестр гэхэд 80, 120 гэх мэтээр уран бүтээлчдээ бүрдүүлж дуугаралт дуурьслын хувьд сая бүтэн буюу төгс болдог. Одоо бидний энэ байдлыг хөгжилтэй орны хүмүүс хараад шоолно биз дээ.

-Улсаас хөгжмийн урлагийн талаар ямар бодлого баримтлаасай гэж уран бүтээлчид хүсдэг бол?

-Урлаг бол нийгмийн сэтгэлзүйн өмнө нь явж, олон нийтийг хүмүүжүүлж төлөвшүүлж байх учиртай. Иймд юм хийе, бүтээе гэсэн уран бүтээлчдээ улс өөрөө бодлогоор дэмждэг баймаар санагддаг. Зарим зүйлээс харахад, манай төрийн албан тушаалтнуудад урлагийг хөгжүүлэх сэтгэл дутаад байх шиг. Ямар нэгэн санал санаачлага гаргаад танилцуулахад өөрт ашиггүй бол хөдлөхгүй байх жишээний. Бас шагналын асуудал байна. Ер нь, шагнал гэдгийг болиод, эдийн засгийн үнэлэмжээр явах хэрэгтэй шүү дээ. “Далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч байдаг” хөгжимчид улсад гавьяатай юу? Мартагдаж хаягдсан мэт байдалтай байгаа хөгжимчдийг эргээд харах цаг болсон шүү одоо. Энэ бол бас л бодох асуудал! Манайд хөгжил гэдгийг өнгөний хэлбэрээр ойлгоод, баахан байшин барилга төсөөлөөд байдаг. Уг нь ард түмний ухамсрын болон оюун ухааны хөгжил хамгийн чухал шүү дээ.

-Хөгжмийн урлагийн талаар төр засгийн зүгээс анхаармаар, санаа авууштай сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Морин хуурын чуулгын нийт уран бүтээлчдэд амжилт хүсье.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.212.139) 2018 оны 02 сарын 28

shudraga ub soeloo deedelsen xvn bna iim l zaluus mongold xeregtei bna daa tcvnx baridag nuxdvvd xetcvv dee

0  |  0
zochin(27.123.212.139) 2018 оны 02 сарын 28

shudraga ub soeloo deedelsen xvn bna iim l zaluus mongold xeregtei bna daa tcvnx baridag nuxdvvd xetcvv dee

0  |  0
bataa(103.10.22.127) 2022 оны 09 сарын 19

hugjmiin hugjluur uraldaad yahav ee hugjliin hurdaar l uraldval zugeersen ene ih duu huur nair naadam mori hoshin shog buh barildah morin huur hend heregtei yum jiriin irgeded lav bish

0  |  1
Top