-Сэтгэцийн эмгэгтэй хүнийг хөдөлмөрийн чадвар эзэмшүүлж, нийгэмшүүлэх шаардлагатай байна-
Дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 15 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол 2020 онд 20 хувь болж нэмэгдэх магадлалтай гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Мөн дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгддэг төдийгүй хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг байдаг байна. Иймд дэлхий нийтээр энэхүү өвчлөлд анхаарал хандуулж байгаа юм.
Дэлхий нийт сэтгэцийн эмгэгтэй хүнийг нийгэм, хамт олонд нь тулгуурлан эмчилдэг бол манай улсад Шар хадны эмнэлгийн асуудал, сэтгэцийн эрүүл мэндийн төвийн асуудал хэмээн орхигдуулах нь бий. Тухайлбал, Монголд сэтгэцийн өвчнөөр өвчилж, архагшсан л бол группт оруулж, тахир дутуу иргэн гэсэн нэр томьёонд автоматаар оруулж байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. Монгол Улс Сэтгэцийн эрүүл мэндийн хуультай, хуулийг хэрэгжүүлэх хөтөлбөртэй ч сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг бодитоор үр дүнд хүргэхэд нийгэм хамт олны оролцоо дутагддаг гэдгийг ч мөн хэлж байв. Сэтгэцийн архаг эмгэгтэй иргэн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой бөгөөд олон улсад сэтгэцийн архаг эмгэгтэй иргэнийг хөдөлмөр эрхлэхийг дэмжиж, нийгэм нь ч хөдөлмөр эрхлэх нөхцөл байдлаар хангадаг байна.
Тэгш нийгэм холбооны тэргүүн Л.Энхбуянт “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ манай улсад харьцангуй сайн байгаа боловч сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн хөгжүүлэх асуудалд хамтын ажиллагаа дутагдалтай байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй гэж тодотгох ангиллаа өөрчлөх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь хөгжих боломжгүй гэдэгтэй ялгаагүй, тиймээс бид алдагдсан чадварыг нь үнэлж тодорхойлох биш харин өөрт байгаа чадвар, боломжийг нь үнэлдэг байх хэрэгтэй” гэв.
Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг ажилд зуучлахад хамгийн гол нь зөв ойлголтыг нийгэмд өгөх нь чухал юм. Мөн эдгээр хүмүүсийг ажлын байранд дадлагажуулж, шинээр ажилд ороход нь зааж зааварлах, дадлагажуулах мэргэжилтэн дутмаг байгаа юм.
АИФО байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Д.Тулгамаа “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2001 онд гаргасан Үйлдэл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал (ICF)-ыг бид нэвтрүүлэх хэрэгтэй. Манай орны хувьд энэ чиглэлийн эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээ нь тусдаа, мөнгө санхүүг хариуцсан асуудал нь тус тусдаа салангид байна. Чадвар алдалтыг бус тэр хүнд байгаа чадвар дээр анхаарах хэрэгтэй, хөгжлийн бэрхшээл гэдэг нь хувь хүний асуудал биш нийгмийн асуудал” гэдгийг онцлов.Сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх болон сэтгэцийн эмгэгтэй хүний асуудалд хамт олонд түшиглэн сэргээн засах нь хамгийн чухал юм. Ингэхийн тулд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, шийдвэр гаргах түвшинд авч хэлэлцэж, салбар бүрийн хамтарсан төлөвлөгөө дутагдаж байна.
МОНГОЛ УЛСАД СЭТГЭЦИЙН АРХАГ ЭМГЭГТЭЙ 20 МЯНГАН ИРГЭН БАЙДАГ
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсад сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй хэдэн иргэн байдаг вэ? Хэрхэн нийгэмшүүлэх вэ?
-Монголд сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй 60 мянга, сэтгэцийн архаг эмгэгтэй 20 мянган иргэн байдаг. Халамж буюу группийн мөнгө авдаг хүмүүсийн 15 хувь нь сэтгэцийн эмгэгтэй хүн эзэлдэг. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүнийг нийгэм хамт олонд тулгуурлан хөгжүүлэх асуудал орхигдож байгаа юм. Сэтгэцийн архаг эмгэгтэй хэмээн ялгаварлан гадуурхсанаас болж 20 мянган иргэн хөдөлмөр эрхэлж чаддаггүй, зөвхөн халамжийн мөнгө аваад л хэвтдэг нэгэн болж хувирч байна.
-Манай сэтгэцийн архаг эмгэгтэй хүний асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Засгийн газраас 2002-2007 онд “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр баталж, сэтгэцийн эмгэгтэй хүнийг гэр бүл, нийгмийн дунд амьдрах дадал хэвшилтэй болгох, сэтгэц нийгмийн нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлдэг “Гэр төв”-ийг нийслэлд төдийгүй Дархан хот, Хөвсгөл аймагт нээгдэж үйл ажиллагаагаа явуулах болсон. Гэвч сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нийт зардлын 64 хувийг ор бүхий эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг учраас нийгэмд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн хүртээмж, чанарыг сайжруулах боломж хязгаарлагдмал байдаг. Харин Бусад оронд сэтгэцийн архаг өвчтэй хүнийг ямар нэгэн газар байршуулж, тэнд нь ажил хөдөлмөр эрхлүүлээд, тэр байдалд тусгай мэргэжлийн хүн хяналт тавиад явдаг.
-Хүмүүс сэтгэцийн эмгэгтэй хүнээс айдаг. Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?
-Сэтгэцийн эмгэг нь өвчин. Хавдар, сэтгэцийн эмгэг зэрэг ямар нэгэн өвчин бүгд өөрсдийн клиникээр эмчлэгддэг. Тиймээс сэтгэцийн эмгэгийг ойлгоод, сэтгэцийн эмэгтэй хүнийг хайрлах, энэрэх сэтгэлээр хандах хэрэгтэй. Эмнэлэг сэтгэцийн өвчтэй хүнийг эмчилж хурц үеийг нь дарсны даараа тэднийг ажилд сургаад, хийсэн ажлынх нь тодорхой хувийн цалинг өөрт нь олгоод явах боломжтой. Манай төвд сэтгэцийн архаг эмэгтэй 500 хүн байдаг. Тэдний хөдөлмөрийн чадварыг сайжруулбал бүгд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс.