Эмч ярьж байна | Судас овойж, хөхөрч харагдах нь судас өргөсөх өвчний шинж тэмдэг

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

- Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Намайг На Чан Хюн гэдэг. БНСУ-ын иргэн, судасны мэс заслын эмч мэргэжилтэй. 1988 онд Анагаах ухааны сургууль төгссөн. 1993 онд АУ-ны Магистр хамгаалж, Мэс заслын эмчээр нарийн мэргэжил эзэмшсэн. Сөүл Самсунг эмнэлэг болон Парисын DR GERAD венийн судасны лазер клиникт дадлагажиж Судасны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн. 2012 онд АШУ-ны Доктор болсон. БНСУ-ын Флебологийн нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажилладаг. 20 гаруй жил судасны мэс засал хийж байна.

- Манай улстай хэзээнээс холбогдох болов, энэ өвчин манай улсад их байна уу? Ямар эмнэлэг эмч нартай хамтран ажиллаж байна вэ? Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөөч?

- Анх 2017 оноос Монгол улстай холбоотой болсон. Монголын зүрх судасны нэр алдартай нэгэн эмчтэй холбогдож уулзаж ярилцаад тэдний эмнэлэгтэй жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тэрхүү эмч бол Цэгээнжав гэдэг монголын зүрх судасны мэс заслын алдартай хүн бий. Тэр үеэс л Монгол хүмүүст мэс засал хийж байна. “SM” Гоо сайхны мэс заслын эмнэлэгтэй хамтран Монголд анх удаа Судасны мэс заслын төвийг нээн ажиллуулж байна.  Өнгөрсөн хугацаанд нэлээд хүмүүст мэс засал хийсэн, үзлэг хийн зөвлөгөө өгсөн байна. Хөлийн судас өргөсөх өвчин элбэг байгаа нь харагдсан. Учир нь нарийн мэргэжлийн эмч нарын хүрэлцээ муу эмчилгээний арга техник хоцрогдсон байгаа нь ажиглагдсан. Мөн энэ чиглэлийн эмнэлэг ховор, зөвхөн улсын ганцхан эмнэлэгт уламжлалт аргаар мэс засал хийдэг. Ганц нэг эмнэлэгт лазер аргаар хийж эхэлж байгаа судалгаа байсан.

- Тэгвэл энэхүү хөлийн судас өргөсөх өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч хэрэв өвчилсөн бол ямар арга хэмжээ авах вэ? Шалтгаан нь юу байдаг юм бэ?

- Хөлийн венийн судас өргөсөх өвчин нь судасны хавхалга гэмтсэнээр цусны урсгал алдагдаж буцах урсгал бий болсноор судсанд ирэх ачаалал нь нэмэгддэг гэсэн үг юм. Ингэснээр арьсны гадаргууд ил гарч овойж хөхөрч харагдахаас гадна шагай болон шилбэний арьсны венийн хялгасан судас өргөсөх байдлаар илэрдэг. Эмийн эмчилгээний үр дүн төдийлөн сайн биш, ихэнх тохиолдолд мэс засал эмчилгээ хийгдэнэ. Венийн судас өргөсөх нь ялангуяа эмэгтэй хүмүүст ихэвчлэн тохиолддог. Яагаад гэхээр жирэмслэлттэй холбоотойгоор үүсэж болдог. Эрэгтэй, эмэгтэй хүнд адил тохиолдох шалтгаанууд нь жингийн илүүдэл, байнгын зогсоо болон суугаа ажил хөдөлмөр эрхэлдэг хөдөлгөөний дутагдалтай хүмүүст үүсдэг. Мөн удамшлын шалтгаантай байж болно.

- Ямар шинж тэмдэг илэрвэл судасны бүдүүрэл гэж ойлгож болох вэ? Яаж оношлох талаар хэлж өгнө үү?

- Бидний нүдэнд ил харагдаж судас овойж товойж, хөхөрч харагдах нь уг өвчний шинж тэмдгийн нэг юм. Цаашлаад хөл хүнд оргих амархан ядрах, чинэрэх, бадайрах, заримдаа шөнийн цагаар шилбэний булчин татах жирвэгнэх гэх мэт зовууриуд илэрч болно. Хамгийн түгээмэл үүсдэг шинж тэмдэг нь судсаа дагаж өвдөх, хавагнах гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно. Нүдэнд харагдахгүй ч гэсэн судас өргөссөн байж болдог. Хамгийн төгс оношилгооны арга нь ЭХО оношилгоо юм.

- Эмийн эмчилгээ үр дүн муу гэж хэллээ. Мөн уламжлал мэс заслын арга хоцрогдсон гэж та ярилаа. Тэгэхээр өөр шинэлэг арга техник байна уу?

- Тиймээ. Нэгэнт өргөссөн судсанд эмийн эмчилгээ нь үр дүн муутай байдаг. Харин мэс заслын аргаар эмчлэх нь үр дүнтэй. Мэс заслын арга нь олон янз бөгөөд, уламжлалт буюу судсыг тайрч авах, лазераар судсыг түлэх, RFA, Vena seal эмчилгээ гэх мэт олон арга бий. Энэ аргуудаас манай эмнэлэг RFA буюу өндөр давтамжит долгионоор түлэх, зарим тохиолдолд лазер эмчилгээ, мөн шинээр судсыг наах, хатаах тариа гэх мэт мэс заслын аргуудыг шинээр нэвтрүүлэн хийж байна. Уламжлалт мэс заслын арга нь маш их өвдөлттэй хэвийн амьдралдаа эргэж орох хугацаа урт дахих магадлал нь өндөр байдаг. Тиймээс дэлхий нийтээр шинэ аргыг эрэлхийлж байна. Судасны RFA эмчилгээ гэдэг нь radiofrequence ablation буюу өндөр давтамжит долгионы тусламжтайгаар судсыг түлж эмчилж буй аюулгүй эмчилгээний арга юм. Судасны лазер эмчилгээний хувьд лазер эмчилгээ нь адилхан боловч RFA эмчилгээтэй харьцуулахад лазер нь бусад эрүүл эдийг буюу арьс мэдрэлийн ширхгийг гэмтээх эрсдэл өндөр байдаг. RFA эмчилгээний дараа эргээд хэвийн амьдралдаа орох хугацаа илүү богино, эмнэлэг хэвтэх шаардлагагүй, өвдөлт, хөхрөлт бага бөгөөд сорви үүсэхгүй. Дахин судасны өргөсөл үүсэх  магадлал маш бага байдгаараа давуу талтай.

- Судасны оймс гэж байдаг гэсэн. Тэрийг судас нь өргөссөн хүн өмсөх ёстой байдаг уу? Эсвэл мэс заслын дараа өмсдөг юм уу? Энэ талаар яриагаа үргэлжлүүлье.

- Судасны оймсыг байнга суугаа болон зогсоо ажил эрхэлдэг жирэмсэн эх зэрэг хүмүүс урьдчилан сэргийлэх зорилгоор өмсөж байх хэрэгтэй. Өвчилсөн тохиолдолд зовуурийг бага болгох цааш хүндрэхээс сэргийлэх үүднээс өмсөх хэрэгтэй. Хэрэв хагалгаанд орсон тохиолдолд хагалгааны дараа 1 сарын турш тогтмол өмсөх шаардлагатай.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монхоо(202.126.88.188) 2021 оны 12 сарын 01

Ом манай нөхөр 2р хөл судас бүдүүрсэн байгаа ямар эмчилгээ хийлгэх бэ

0  |  0
Mariya(202.126.88.163) 2019 оны 12 сарын 28

haanaas awj boloh wee

1  |  0
Top