Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд зарим оронд суух Элчин сайдуудыг эгүүлэн татаж, оронд нь томилох Элчин сайдуудыг санал болгосныг УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаараа дэмжлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ц.Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайд Н.Батаа, Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд О.Энхцэцэг, НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд нарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг, Куба Улсад суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг, Польш Улсад суух Элчин сайдаар Б.Доржийг, Тайланд Улсад суух Элчин сайдаар А.Төмөрийг, Швед Улсад суух Элчин сайдаар Т.Жанабазарыг, НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболд нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн юм.
Элчин сайдуудын асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Сүүлийн үед манай улсын гадаад нэр хүнд унах боллоо. Ялангуяа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хар тамхи, мансууруулах бодис, хууль бус наймаанд нэр холбогдсон талаар янз бүрийн яриа, баримт мэдээлэл цацагдаж байна. Энэ нь Элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын хариуцлага сахилга сул байгаатай холбоотой. Үүнд зөвхөн Гадаад харилцааны яам гэхгүйгээр УИХ ч анхаарлаа хандуулах ёстой. Элчин сайд гэдэг эрх ямбын нэр биш гадаадад улс орноо төлөөлөх тун чухал хариуцлагатай албан тушаал. ОХУ-д Монгол Улсыг төлөөлж сууна гэдэг амар ажил биш. Европын холбооны бүх хориотой наймааны сүлжээ нь Москва болсон. Европтой харилцах гол гарц болсон энэ улсад ажиллах манай Элчин сайд хариуцлагатай байх ёстой. Өнөөдөр томилогдох гэж байгаа Элчин сайдууд улс орныхоо нэр хүндийг бодож ажиллаарай” хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Олон улсын тавцанд Монголын нэр хүнд сайнгүй байна. Энэ нэр хүндийг өндөрт өргөх ёстой ажлыг гадаадад сууж байгаа дипломатууд хийнэ. Хугацаа нь дууссан Элчин сайд нарыг эгүүлэн татаж, орных нь хүнийг томилсноор энэ ажил дуусдаг байдлыг өөрчлөх хэрэгтэй байна. Өмнө нь ажиллаж байсан Элчин сайд тухайн бүрэн эрхийн хугацаандаа юу хийж амжуулав гэдгийг хамтад нь ярьж байвал шинээр томилогдох Элчин сайд нарт санаа өгөх, туршлага болох, эргээд ажлын үр дүнг нь үнэлж тооцоход үр нөлөөтэй” гэсэн санал хэлэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Жижиг, дунд үйлдвэрийг Элчин сайд нар өргөн утгаар нь харж, ач холбогдол өгч ажилламаар байна. Ер нь Элчин сайд нарыг томилох асуудлыг ганц Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хязгаарлахгүй гадаад бодлогыг эдийн засагжуулах асуудал яригдаж байгаа энэ үед Эдийн засгийн байнгын хороо давхар ярьж санаа оноогоо хэлдэг баймаар байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил нар Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлж, тухайн улсад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээ үзүүлэх, улс орноо сурталчилж таниулахын зэрэгцээ хоёр талын худалдаа, бизнесийг дэмжиж хөгжүүлэх, тэр дундаа гаднын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах, шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэхэд гоц анхаарч ажиллах шаардлагатайг захиж хэллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Я.Санжмятав нар дипломат албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллахыг нэр дэвшигчдэд захиад энэ асуудалд салбарын яам хяналт тавьж, дипломат ажилтнуудынхаа хариуцлага сахилгыг сайжруулах, дипломат ёс зүйг чанд сахиулахад анхаарах нь зүйтэй гэдгийг хэлж байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт “Куба 11 сая хүн амтай ч жижиг газар нутагтай. Хамгийн ядуу орон гэгддэг ч иргэдээ эрүүл байлгахад эн тэргүүнд анхаардаг. Эрүүл мэндийн салбар нь хөгжингүй орнуудаас давж гарсан. Харин эсрэгээрээ Монгол Улс өргөн газар нутагтай ч цөөн хүн амтай. Иргэд нь амиа аврахын тулд өр зээл тавиад гадаадад эмчлүүлдэг. Өдөр болгон иргэд хандив цуглуулах аян өрнүүлж байна. Монголчууд маань Монголдоо эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг бий болгох чиглэлээр Кубатай хамтарч ажиллахад анхаарч ажиллахыг хүсье. Мөн Тайландад манай иргэд эрүүл мэндийн чиглэлээр олноороо зорчиж байна” гэхэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Элчин сайдаар нэр дэвшиж буй Ш.Батцэцэг “Куба улс иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг шийддэг гэдгээрээ анхаарлын төвд байдаг. Манай улстай эрүүл мэндийн чиглэлээр “Монфарм”, “Эм импекс” зэрэг байгууллагуудтай харилцаатай ажилладаг. Энэ харилцааг өргөжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа чихрийн шижин зэрэг сайн чанарын эмийг Монголд нийлүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн хариулав. Энэ асуултад Тайланд Улсад суух Элчин сайдаар нэр дэвшиж буй А.Төмөр “Тайланд бол эрүүл мэндийн чиглэлээр зүүн өмнөд Азидаа хөгжилд хүрсэн. Монгол-Тайландын техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр гэж бий. Энэ байгууллагатай хамтарч Тайландад эрүүл мэндийн салбарыг мэргэжилтнүүдээ бэлтгэхэд анхаарч ажиллана. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд холбож ажиллана гэж бодож байна” гэлээ.
* * *
МАН-ЫН БҮЛЭГ АЖЛЫН ТАВ ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВАВ
Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг байгууллагын “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байв.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсний дагуу ийнхүү чуулганаар хэлэлцэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байлаа. Тэрбээр “Банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар холбогдох Байнгын хороод ажлын хэсэг гарган ажиллуулж, үйл ажиллагаа нь учир дутагдалтай байна гэсэн санал, дүгнэлтийг удаа дараа гаргаж байсан. Мэргэжлийн холбоодоос ч гомдол, хүсэлтээ ирүүлсэн. Мөн УИХ-ын зарим гишүүдийн зүгээс тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох төсөл өргөн мэдүүлж байсан. Түүнчлэн Монгол Улс “Саарал жагсаалтад” орж, улс орны нэр хүнд унасан, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй болсон учраас холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай болсон. Иймээс нийгэмд бий болсон хүлээлт, шаардлагын дагуу хариуцлагын асуудал яригдаж байгаа” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүд С.Даваасүрэнг байлцуулж байгаад асуудлыг хаалттай горимоор хэлэлцэн сайтар нягталсны дараа чөлөөлөх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой асуудлыг ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хаалттай горимоор авч хэлэлцэхээр болсон учраас Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг түр хойшлуулж, эдгээр албан тушаалтныг хаалттай хуралдаанд байлцуулан тайлбар, мэдээллийг нь сонсох шаардлагатай гэсэн горимын санал гаргав. Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.
* * *
ТӨСӨВ 2020: САНХҮҮЖИЛТИЙГ 281 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ
УИХ-ын Төсвийн байнгын хороо 2020 оны улсын төсөвт дараах санал, дүгнэлтийг гаргажээ.
1. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29 хувь, нийт зарлагыг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, төсвийн алдагдал 2 их наяд 74.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар тооцоолсон байна.
2. 2020 онд Төсвийн тогтворжуулалтын санд 125.2 тэрбум төгрөгийг, Ирээдүйн өв санд 976.9 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэхээр тооцжээ.
3. 2020 оны төсвийн жилд бүх төрлийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 168.1 тэрбум төгрөг, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 8 хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор төсөлд тооцсон байгаа тул УИХ энэ бодлогыг бүрэн дэмжиж, холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооноос гаргажээ.
Харин 2020 оны төсвийн жилд зайлшгүй санхүүжүүлж хэрэгжүүлэх зарим хөтөлбөрийн болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх болон бууруулах саналуудад төсвийн ерөнхийлөн захирагчдын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлын төлөвлөсөн төсөв хүрэлцэхгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байгаа тул зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд нийт 89 тэрбум 767.5 сая төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлэх саналыг дэмжсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хэрэгжих хөрөнгө оруулалтын төлөвлөлт харилцан адилгүй төлөвлөгдсөн байдал, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэл хотын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг нийт 281 тэрбум 317.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Дээр дурдсан хөтөлбөр, арга хэмжээнд шаардагдах нэмэлт зардлын эх үүсвэрийг төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцын зарим ангилалд тусгагдсан урсгал зардлыг өнгөрсөн оны түвшинд барьж бууруулах, мөн он дамжин хэрэгжиж байгаа, 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой, 2019 оны төсвийн жилд хэрэгжилт, гүйцэтгэл удаашралтай байгаа төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг бууруулах, Сангийн сайдын багцад тусгагдсан эргэж төлөгдөх зээл болон гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг бууруулан гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Kubad elchin heregtei ui