МОДНЫ МОРЬД | Монгол АХУЙ америк зураачийн НҮДЭЭР

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

АНУ-ын Нью-Йорк хотод орших “Денни Димин” орчин цагийн урлагийн галерейд монгол ахуй, хүн байгалийн шүтэлцээг харуулсан “Horses for the Trees” буюу Модны морьд үзэсгэлэн яг одоо гарч байна. Гэр бүлээрээ Монгол нутгаар аялж малчин түмний соёл, бөө мөргөлийн зан үйлд татагдсан Дана Шервүүд уран бүтээлээрээ сэтгэлийн гүнд үлдсэн дурсамжаа хуваалцаж байгаа нь энэ аж. Хотжилтын нүргээнд малчин соёл, ахуй хамгийн ихээр өртөж байгааг уран бүтээлээрээ дамжуулан олон нийтэд хүргэж байгаа гэж тайлбарласан юм. Энэ тухай урлаг судлаач Майлс Сочагийн бичсэнийг та бүхэнд хүргэе.


Дана Шервүүд. “Horses for the Trees”  буюу “Модны морьд” бие даасан үзэсгэлэнгээ Нью-Йорк хотын модернист уран зургийн галерейд гаргаж байна. Энэ үзэсгэлэн олон талаарай Монгол нутагтай холбогдоно. Дана Шервүүд яг хагас жилийн өмнө Хөвсгөлийн тайга, Өмнийн шаргал говиор аялж, монгол ахуйтай танилцсан юм. Монгол ахуй, нүүдэлчин амьдрал, тэр тусмаа бөө мөргөл зүрхэнд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн учир дурсамж сэтгэгдлээ бусадтай хуваалцаж байгаа нь энэ.

Тэрбээр өнгөрсөн таван жилийн хугацаанд жилийн аль ч улиралд байсан хамаагүй Монголыг зорих болж. Хөвсгөлийн тайга, Өмнийн шаргал говь сэтгэлд нь гүн дурсамж үлдээсэн юм. Дана Шервүүдийг юу, юунаас илүү бөө, мөргөл л илүү хөглөдөг аж. Тиймээс сэтгэл дотроо бөө мөргөл, монгол ахуй гаднын хүний нүдээр хэрхэн харагдахыг зурагласан юм. “Модны морьд” түүний сэтгэлд гурван жилийн өмнө амилсан байна. Гэхдээ тэр Монгол нутгаар ганцаар аялаагүй. Уран бүтээлийн хамтрагч, гэр бүлийнхээ хамтаар Монгол нутгийг баруунаас зүүн тийш тойрсон юм. Анх ирэхэд нь л бөө мөргөл зүрх, сэтгэлийг нь татаж судлаачийн түвшинд судлахаар болжээ. Нутгийн иргэдийн хууч яриа, эрдэмтэн багш нарын сэтгэгдэл, түүхийн өв зэргийг судлан монгол бөө мөргөлөөр хэр баргийн судлаачаас илүү мэдлэгтэй болсон байна.

“Монголчууд ямар нэгэн зүйлд хязгаарлагдахгүй тал шигээ уудам амьдардаг ард түмэн. Малчидтай уулзахаар очиход тэд жишим ч үгүй “Тэнд морь бий, унаж болно” гэж хэлдэг. Газар нутгийн тухай тэдний ойлголт биднээс тэс ондоо. Монголын газар нутаг хэн нэгний мэдэлд гэхээс илүү бүх хүний хувьд тэр хэмжээлшгүй мэтээр заяагдсан зүйл” гэж

Дана Шервүүд 

Дана Шервүүд үзэсгэлэнгээ гаргахаас ердөө хэдхэн хоногийн өмнө ямар нэр өгөхөө бодож олжээ. Урлангийнхаа хананд  “Horses for the Trees” гэж цаасны тасархайн дээр бичсэн үг үзэсгэлэнгийнх нь ерөнхий нэр болсон аж.  Цаасан дээр ингэж тэмдэглэсэн нь учиртай. Монгол малчны нэг өдөр, онгод тэнгэрээ дуудаж буй бөө зэрэг нь түүний сэтгэлд тод хадгалагдсан болохоор тэр. Эмэг эхээсээ сонсдог байсан үлгэр домог нь морьтон соёл, бөө мөргөлтэй сүлэлдэн үгээр илэрхийлэмгүй тийм дүр, дүрслэл Шервүүдийн ой тойнд үлдсэн байна.  

Үзэсгэлэнгээр нь зочилмогц “Horses for the Trees буюу Модны морьд” гэж ягаан өнгөөр бичсэн үг эрхгүй нүдэнд тусна. Зарим хүнд явуулын циркийн урд хадсан бичиглэлтэй ч адилхан харагдах энэ үг Шервүүдийн гэр бүл явуулын цирк ажиллуулдаг байсантай холбоотой ч байж болох юм.

Дана Шервүүд Монголыг, монгол ахуйг зөвхөн уран зурагт дүрслээд өнгөрөхийг хүссэнгүй. Ааруул, сүүтэй цай, хурууд, ээдэм зэрэг монгол малчин айлын ахуйгаас бий болсон хүнсний бүтээгдэхүүнээр богино хэмжээний дүрс бичлэг хийж байсан юм. Ухаалаг утас, GoPro-гоор хийсэн реакшн хэлбэрийн энэ дүрслэл зөвхөн ойр тойрны хүрээлэлдээ монголын талаар ойлголт өгөх гэсэн хүсэлтэй нь холбоотой аж.

“Малчин айлын өдөр тутамдаа хэрэглэдэг хоол, хүнсийг хараад энэ бүх зүйл хувцсанд нь их нөлөөлжээ гэж бодогдсон. Тиймээс монголчуудын тухай илүү ихийг мэдэх хүсэл минь буцалсан юм. Гэхдээ одоо ч мэдэж, таньж амжаагүй л байна”

Дана Шервүүд 

Монгол малчин айл, сэтгэлд нь үлдсэн тэр нандин мэдрэмжээ хуваалцахын тулд нэгэн өвөрмөц санаа бодож олжээ. Тэрбээр хэт ягаан туяатай камер ашиглан бичлэг хийж эхэлсэн байна. Хэд хоног ийм бичлэг хийхэд этгээд өнгө, хачин мэдрэмж, яг л зүүдэнд нь үзэгдсэн дүр дүрслэл нүдэнд нь тодорсон аж. “Horses for the Trees буюу Модны морьд” үзэсгэлэнгийн уран зургууд ингэж дүрслэлээ олсон түүхтэй.

Дана Шервүүд үзэсгэлэнгээ хүн, байгаль шүтэлцээтэй, харилцан хамааралтай байдаг гэдгийг харуулахыг зорьжээ. Хамгийн хачирхалтай нь тэр үүнийгээ дэлхий нийтэд бус хамгийн түрүүнд монголчуудыг ойлгоосой гэж хүсдэг аж. Эх дэлхийтэйгээ ойр байж гэмээ нь хүрээлэн буй газар орноо хайрлан хамгаалах болно гэж тэр үздэг.

“Хэдийгээр амьтан, ургамал, газар орон, ихэс дээдсийн талаар нийтлэг монголчуудын философи америкийнхаас өөр ч гэсэн хүн ам ихээр төвлөрсөн газруудын асуудал яг ижил. Хүн амынх нь бараг тал хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн, хотын төвдөө өндөр барилга барьж орчин үеийнх мэт харагдах мөртөө нүүрсний утаа хамар цоргидог. Хөдөөгөөс хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн их гэж ихэнх монголчууд үүнийгээ тайлбарладаг юм”

Дана Шервүүд

Дана Шервүүд хүн, байгаль орчны шүтэлцээг монголчуудад түлхүү ойлгуулахыг хүсдэг. Тиймдээ ч ойрын хугацаанд Улаанбаатар хотод үзэсгэлэнгээ гаргахыг зорьж байгаа аж. Монгол ахуй, бөө мөргөл, монголчуудын тухай сэдэв түүний хувьд барагдашгүй. Цаашид нь энэ сэдвээ орхихгүй шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top