Нууц төслийн хүрээнд Google америкчуудын мэдээллийг цуглуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

“Google” компани АНУ-ын эрүүл мэндийн томоохон системтэй хамтран нэгэн нууц төслийн хүрээнд АНУ-ын 21 мужийн олон сая оршин суугчдын эрүүл мэндийн мэдээллийг цуглуулж байна гэж “Wall Street Journal” сонин мэдээлжээ.

“Гургалдай” төслийг “Google” компани “Ascension” эрүүл мэндийн үйлчилгээний системтэй хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд иргэдийн лабораторын шинжилгээ, онош, эрүүл мэндийн дэвтэр дэх тэмдэглэл зэрэг сая сая өвчтөний өвчний түүх, нэрс, төрсөн он сарыг цуглуулжээ. Ингэхдээ энэ талаар өвчтөн, эмч нарт мэдэгдээгүй гэж тус сонин онцолжээ.

Эдгээр мэдээллийг “Google” компани дэвшилтэт хиймэл оюун ухаан дээр суурилсан шинэ программ хангамжийг бүтээх зорилгоор ашиглаж буй аж. Ийм систем тухайн өвчтөнд чиглэсэн бөгөөд эмчилгээгээ өөрчлөхийг санал болгодог байна. Тус сонинд онцолсноор, “Google” компанийг эзэмшдэг “Alphabet Inc.” Холдинг болон “Google Brain” төслийн зарим ажилтнууд өвчтөнүүдийн мэдээлэлд нэвтэрдэг гэнэ.

“Amazon”, “Microsoft” компаниуд мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ч ийм үр дүнд хүрээгүй байна. Энэ төсөл цахиуртын хөндий дэх хамгийн том төсөл юм гэж тус сонинд дурджээ.

АНУ-ын 1996 оны хуулиар эмнэлгүүдэд өвчтөнийхөө мэдээллийг ажил хэргийн түншүүдтэй эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилгоор солилцохыг зөвшөөрдөг байна. “Google” компанийн төлөөлөгч энэхүү төсөл холбооны хуульд нийцэж буйг дурдаад өвчтөнүүдийн мэдээллийг найдвартай хамгаалж буйг онцолжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top