Хонконгийн хууль зүйн сайдын амь насанд халдахыг завджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 16

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн хууль зүйн сайд Тереза Ченгийг Их Британид албан ажлаар явж байхад амь насанд нь халдахыг завджээ. Их Британийн цагаар пүрэв гарагийн орой Лондон орчимд үл мэдэгдэх этгээдүүд халдаж хоёр гарыг нь ноцтой гэмтээсэн байна. Түүний амь насанд Хонконгийн тусгаар тогтнолыг дэмждэг хэсэг бүлэг этгээдүүд халдсан байж болзошгүй гэж Лондон хотын цагдаагийн газар үзэж буй аж.

Тереза Ченг Лондон хотын зүүн хойд хэсэгт орших Камденд явж байхад Хонконгийн ардчилал, тусгаар тогтнолыг дэмжсэн агуулгатай жижиг жагсаал болж байсан юм. Улмаар 30 гаруй хүн түүнийг бүчин авч биед нь халдаж эхэлжээ. Лондон хотын яаралтай тусламжийн төв хэргийн газарт цаг алдалгүй ирж хоёр гартаа ноцтой гэмтэл авсан Терезан Ченгийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.

Болсон хэрэг явдалтай холбогдуулан БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань “Их Британи улсыг дээрх халдлагыг зохион байгуулж мэдэлдээ байсан газар нутагт эмх замбараагүй байдал үүсгэхийг завдсан” гэж мэдэгджээ.

Их Британийн зүгээс Хятадын байр суурийг эрс няцааж, болсон явдалд хэрэг үүсгэн Лондон хотын цагдаагийн газар шалгаж буй аж.

Тереза Ченг нь 2018 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр Хонконгийн хууль зүйн сайдаар томилогдсон юм. Энэ албан тушаалд очихоосоо өмнө Хонконгийн Олон улсын арбитрын төвийн Санхүүгийн удирдлагын хэлтсийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан аж. БНХАУ руу ялтан шилжүүлэх маргаантай хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцсон гэж Хонконгийн жагсагчид түүнийг хурцаар шүүмжилдэг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top