Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай ярилцлаа.
-Өнгөрсөн баасан гарагт статистикчдын өгсөн мэдээллээр гуравдугаар улирлын байдлаарх эдийн засгийн өсөлт өмнөх улирлынхаас онцын өөрчлөлтгүй гарсан байна лээ. Та цаашид Монгол Улс ДНБ-ий өсөлтийг сараар тооцдог болохоор ажиллаж байгаа гэж жиргэсэн байсан шүү дээ. Тэгэхээр үүнээс яриагаа эхэлье гэж бодлоо. Сар тутмын тооцоолол нь эргээд эдийн засагт ямар эерэг нөлөөллийг дагуулж болох вэ?
-Дотоодын нийт бүтээгдэхүүн зөвхөн эдийн засгийн үйл ажиллагааны салбарын идэвхжилийг илэрхийлдэг. Бид НҮБ-ын Статистикийн комиссоор баталсан, олон улсын аргачлалын дагуу гурван аргаар тооцож гаргадаг. Гурван аргаар тооцохын давуу тал нь бидэнд илүү нарийвчлах, хооронд нь уялдаа холбоотой байлгах, алдаагүй тооцсон гэдгээ хянах боломжийг бас өгдөг. Гэхдээ эдийн засгийн хэмжээг тооцох 3 арга нь зөвхөн тооцоогоо хянах төдийгүй эдийн засгийн хөгжлийн түргэсгэх, зөв залах, хөгжлийн загварыг тодорхойлох зэргээр өргөн ашиглагддаг гэдгийг сануулъя. Өөрөөр хэлбэл, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг үйлдвэрлэлийн аргаар тооцохдоо буруу тооцсон байна уу гэдгээ шалгах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн хэрэглээн дээр эсвэл орлого дээр дутуу тооцсон байна уу гэдгээ хянах боломжтой. Эцсийн ашиглалтын арга, орлогын аргаар тооцоод, уялдуулж шалгадаг гэсэн үг. Гурван тооцоогоо баланслуулж, “Нөөц ашигласны хүснэгт”-ийг гаргадаг. Тэгж байж манай Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ зөв гарч байна уу гэдгээ тогтоодог. Балансалсан тооцоогоо зэрэгцүүлэх үнээр тооцох шатанд илүү төлөвлөж, туршилт тооцоогоо эхлүүлэх гэж байгаа. Үндэсний Статистикийн хороо техник, технологийн дэвшил, гаднын улс орнуудын шинэ аргачлалуудыг өөрийн улс оронд нэвтрүүлэх чиглэлийг тууштай баримталж ажилладаг. Бид тооцоолол, мэдээллийнхээ чанарыг улам сайжруулах чиглэлд анхаарч, мэдээллийн шинэ эх үүсвэрийг хайж байдаг. Бид Олон улсын валютын сантай хамтран богино хугацааны үзүүлэлтүүдийг ашиглан эдийн засгийн өсөлтийн нэг сарын прогнозыг гаргахаар ажиллаж байна.
Энэ шинэ аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлэх туршилтын ажил хийгдэж эхэлсэн гэсэн үг. Одоогоор Англи, Канад гэсэн хоёр улс л Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө нэг сараар тооцож гаргаж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт буюу эдийн засгийн идэвхжилийг нэг сараар тооцох нь богино хугацааны урьдчилсан хүлээлтийг харж, зөв зохистой шийдвэр гаргахад ялангуяа богино хугацаанд оновчтой маневр хийх зэрэгт эерэг нөлөө үзүүлдэг.Олон улсын валютын сангийнхан манай одоо гарч буй мэдээллүүд дээр ямар мэдээллүүд бий болгож богино хугацаанд үр дүнтэй анализ, дүн шинжилгээ гарах вэ гэдэг чиглэлд манай ажилтнуудад сургалт хийсэн. Цахим эрин хөгжсөн ийм цаг үед Татварын ерөнхий газар, Сангийн яам, Монголбанкнаас “Хур” системээр дамжуулаад цаг тухай бүрдээ мэдээллээ аваад, солилцоод техник, технологи, программуудаа ашиглаад богино хугацааны прогноз хийх бүрэн боломжтой.
-Тоон мэдээллийн чанар техник, технологи, цахим орон зайгаас ихээхэн хамаарч байгаа байх. Та сая “Хур” систем гэж хэллээ л дээ. Ер нь төрийн байгууллагууд мэдээлэл хоорондоо солилцоход хүндрэл гарч байна уу?
-Төрийн байгууллагууд мэдээллээ шууд солилцоход техникийн боломжууд бүрдсэн ч хууль, эрх зүйн орчин нь бүрдээгүйгээс хоорондоо мэдээлэл солилцохыг цааргалах, солилцохгүй байх зэрэг хүндрэл, бэрхшээлүүд бий. Төр өөрт байгаа мэдээллээ өөрөө ашиглах л ёстой. Мэдээллийн сангуудаа хооронд нь уялдуулж, Нэгдсэн мэдээллийн сан үүсгэх гэх мэтээр олон зохицуулалтыг хийх хэрэгтэй.Төрийн байгууллагууд өөрт байгаа мэдээллээ нууц гэдэг байдлаар ч юм уу солилцохгүй, өөр өөртөө байлгаад байвал мэдээлэл цаг хугацааны маш их хоцрогдолтой болно. Төрийн байгууллагууд нууцлалыг хангасан “Хур” системээрээ хоорондоо мэдээллээ түргэн, шуурхай солилцоод явах юм бол дээр хэлсэн эдийн засгийн төлөв байдлыг нэг сарын хугацаанд тооцож гаргахаас гадна, цаашлаад мэдээллийн чанар сайжирч, түүнд суурилан гарах шийдвэр илүү ухаалаг болж, иргэдэд Төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж ч сайжрах гэхчлэн олон үр дүнтэй. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний хүч хөдөлмөр гээд олон зүйлд хэмнэлт гаргана.
-Эдийн засаг өслөө гээд айл өрхийн үүдээр орж, мэдрэгдэж байгаа юм алга гэх шүүмж тал талаас байнга л гардаг. Ер нь Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэдэг юмаар иргэдийн амьдралын нөхцөлийг хэмжих нь өрөөсгөл гэдгийг дэлхийн улс орнуудын жишээнээс харж болж байна. Та яг энэ үзүүлэлтүүдийг тооцож гаргадаг байгууллагыг удирдаж буй хүний хувьд юу хэлэх вэ?
-Эдийн засгийн өсөлт улс орныг бүрэн илэрхийлэхгүй байна гэж та хэлж байна. Ер нь бол Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь эдийн засгийн салбарын үйл ажиллагааны идэвхжилийг харуулж байгаа. Тухайн салбарын хөгжил нь дангаараа эргээд хүний хөгжлийг харуулсан үзүүлэлт болж байна уу гэхээр үгүй байна. Бидний хамгийн их жишээ болгож ярих дуртай улсын нэг бол Бутан. Энэ улс “Азжаргалын индекс” гэдэг үзүүлэлтээр тэргүүлж байх жишээтэй. “Аз жаргалын индекс” нь хүмүүс баян чинээлэг амьдраад байна уу гэдгийг биш сэтгэл хангалуун амьдарч байна уу гэдэгт анхаарсан үзүүлэлт. Дэлхий нийтээрээ зөвхөн эдийн засгийн өсөлт, мөнгөн илэрхийлэл гэхээс илүүтэй ард, иргэд сэтгэл хангалуун, сайн сайхан аж төрж байна уу гэдэгт анхаарч эхэлж байна. Түүн дотроо эрүүл мэнд, боловсрол, оршин сууж байгаа нөхцөл, сэтгэл ханамж гэх зэрэг өөр өөр үзүүлэлтүүдийг авч үздэг.
-Мэдээллийн эх үүсвэрийг тэлэх, нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа гэлээ. Хувийн хэвшлийн мэдээлэл ямар шат дамжлагаар танайд ирж байна?
-Бид аж ахуйн нэгжүүдээс мэдээллээ цуглуулдаг. Тэдгээр мэдээллээ Сангийн яам, Татварын байгууллагын зэрэг мэдээллийн бусад эх үүсвэртэй тулгаж, шалгадаг. Тэгж байж мэдээлэл үнэн зөв гардаг. Татварын мэдээллийг “Хур” системээр дамжуулаад авдаг болсон. Сангийн яамны “И-Баланс” системээс мэдээлэл авч байна. Төсвийн байгууллагуудын мэдээллийг Сангийн яамнаас авч, мэдээллийг улам сайжруулж байна. Дээрээс нь манай хороо таван жил тутамд суурь судалгаа хийж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцож байгаа бол удахгүй 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцдог болно.
-Ядуурал бол манайхны тулгамдсан сэдэв. Танай хорооноос Дэлхийн банктай хамтран хийсэн 2018 оны судалгаа үүнийг дахин баталсан шүү дээ. Тэгвэл одоо ядуурлыг олон хэмжээст байдлаар судлах гэж байгаа гэсэн. Бас л айхтар үзүүлэлтүүд гарах болов уу гэсэн зовнил байна?
-2018 оны дүнгээр Монгол Улсын нийт иргэдийн 28.4 хувь нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй аж төрж байна. Сард хэрэглээндээ 166.5 мянган төгрөгөөс доош мөнгө зарцуулдаг хүнийг ядууралд өртсөн, ядуурлын шугамаас доогуур аж төрж байна гэж үздэг. Манай хүн амын хэрэглээний бүтэц, тархалтыг авч үзэх юм бол хүн амын дийлэнх нь ядуурлын шугамтай нэн ойрхон байдаг. 166.5 мянган төгрөг гэсэн хэмжээг 25 хувиар нэмэгдүүлэхэд хүн амын 15 хувь ядуурлын шугамын доогуур орох нөхцөл байдалд байна. Эдгээр 15 хувь нь ядууралд өртөхөд маш ойр, эмзэг байдалд буюу аливаа эрсдэл, жижиг шок нөлөө үзүүлэхэд ядууралд гулсан ороход ойрхон байна гэсэн үг. Нөгөө талаас маш бага хэмжээний зөв зохицуулалтаар ядуурлын шугамаас дээгүүр гарах боломжтой өрхүүд олон байна гэдгийг ч хэлэх нь зүйтэй. Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралын чанарыг үзүүлсэн үзүүлэлт биш гэдгийг би түрүүн хэлсэн. Тэгвэл эдийн засгийн өсөлт нь ажилгүйдэл, ядууралтай хамаатай юм уу гэдгийг бид олон жилийн интервалд тулгуурлан судалж үзсэн. Тэгэхэд нэг хувийн эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулахад, ажилгүйдлийг багасгахад хоёр жилийн дараа буюу цаг хугацааны хоцрогдолтойгоор хувь хүн дээр очиж, нөлөөлдөг, мэдрэгддэг юм байна гэсэн дүн гарсан. Мэдээж макро эдийн засгийн хамгийн том үзүүлэлт болох эдийн засгийн өсөлтийг хэмжих л хэрэгтэй. Дэлхийн жишгийн дагуу үүнтэй зэрэгцээд бусад үзүүлэлтүүдээ ахиулахад бид анхаарах ёстой болж байна. Нэгэнт л төр засгийн зүгээс иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэх учраас дан эдийн засгийн өсөлтөөр бодлогоо чиглүүлэх бус хүмүүсийн аж байдлыг харуулах үзүүлэлтүүдээр баяжуулж ажлаа тооцох нь зүйтэй гэсэн үг л дээ. Одоо бид олон хэмжээст ядуурал гэж тооцох ажил төлөвлөж байна. Олон хэмжээст гэдэгт юу орж байна гэхээр тухайн хүн боловсролын түвшин, эрүүл мэндийн нөхцөл, оршин суугаа орчин, мөн хүүхдийн ядуурал ямар хэмжээнд байна вэ гэхчлэн олон хэмжээстээр ядуурлыг судалж байж бодлогоо хаашаа чиглүүлэх вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй болж байна. Дэлхийн улс орнууд ядуурлыг олон хэмжээстээр гаргах ёстой юм байна гэдэг дээр нэгдээд, нэгдсэн арга зүйг туршаад явж байна. Манай Монгол Улсад олон хэмжээст ядуурлын туршилт судалгааг хийгээд эхэлчихсэн. 2020 оны ядуурлыг олон хэмжээстээр судлах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Монгол Улс 2030 он гэхэд дөрвөн сая хүн амтай болох төлөв байна гэж НХХ-ийн сайд өнгөрсөн долоо хоногт засгийн хуралдаанд танилцуулна лээ. Миний ойлгож буйгаар 2020 оны хүн амын тооллогын дараа дахин Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоо шинээр гарах байх. Манай улс өнгөрсөн олон жилүүдэд хүн амын өсөлтөө тооцсоор л ирсэн. Хэрэв төр засаг хүн амын өсөлтийн төлөвтөө нийцүүлж бодлого хэрэгжүүлдэг байсан бол өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эрүүл мэндийн салбарын асуудал ийм зовлонтой хэмжээнд хүрэхгүй байсан байх гэж бодох юм?
-Ер нь бол тоон үзүүлэлтэд суурилж төлөвлөгөө гаргах ёстой гэдгийг бид олон зүйлээс ойлгож, харж байгаа. Олон нийт ч ярьж байна. Сангийн яам болоод манай Үндэсний татистикийн хороо сүүлийн үеийн хамтын ажиллагаа маш сайн байгаа. Цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, цэцэрлэгүүдийн тоо гэхчлэн бүх тоонуудыг гаргаж, мэдээлэл солилцож ажиллаж байна. Түрүүний миний хэлсэнчлэн төрийн байгууллагууд мэдээлэл солилцоод, газрын зураг дээр буулгаж, Газар зүйн мэдээллийн санг бий болгох нь чухал. Жишээлбэл, нэг дүүргийн хэмжээнд аваад үзэхэд хэдэн хүнтэй юм, хэд нь цэцэрлэг, сургуулийн насных байна. Хүн амын өвчлөл нь ямар түвшинд байна. Цэцэрлэг болон сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо нь хэд байна гэхчлэн тооцож, улмаар эргээд хэдэн жилийн дараа цэцэрлэг, сургууль дээр ирэх ачаалал нь ямар байх юм бэ. Сургуулийн насны хүүхэд, их, дээд сургуулийн насны залуусын тоо одоо ийм байгаа бол тэдэн жилийн дараа хөдөлмөрийн зах зээлд төдий хэмжээний ачаалал үүснэ гэх зэргээр тооцох ёстой л доо. 2010 онд Хүн амын ээлжит тооллого явагдсан. Таван жил тутамд явагддаг завсрын тооллогыг 2015 онд явуулсан. Тэгэхэд 2010-2015 оны хооронд тавхан жилийн хугацаанд 0-5 насны хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдсэн байсан. Энэ нь ямар бодлогуудтай холбоотой байсан бэ гэхээр 2008 онд Хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан. Шинээр гэр бүл болсон хосуудын мөнгө өгөхөөр болсон. Дээрээс нь “Алтан гахай” жил болсон. 2015 онд 3 сая дахь иргэн төрнө гэсэн мессеж 2014 оноос цацагдсан. Энэ олон бодлогын нөлөөгөөр төрөлт нэмэгдсэн. Одоо тэр хүүхдүүд яг цэцэрлэг, сургуулийн насан дээрээ байгаа. Гэтэл цэцэрлэг, сургуулийг нь урьдчилж бариагүй, бэлдээгүй болохоор асуудал үүсэж байгаа юм. Зүй нь бодлогыг дагаж гардаг нөлөөллийг урт хугацаанд томоор харах хэрэгтэйг харуулж байна.
-Монгол Улс Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг тунхагласан. Ялангуяа эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, ийм эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж тунхагласан. Тэгвэл энэ эрх хүүхэд, эмэгтэйчүүдийн хувьд хэрхэн хангагдаж байгааг албан ёсны статистикийн мэдээллээр тайлбарлах боломжтой юу?
-Боломжтой. Монгол Улсын Статистикийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд Үндэсний Статистикийн хороо нь улсын эдийн засаг, нийгмийн бүхий л тоон мэдээллийг нэгтгэн боловсруулдаг юм. Таны онцолсон асуултад шууд хариулж чадах “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа“ (НҮТС)-ны үр дүнг бид энэ оны долоодугаар сард нийтэд танилцуулсан. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйл, хүн амын сайжруулсан ундны ус, ариун цэврийн байгууламжийн хэрэглээ, гар угаах газар, иоджуулсан давсны хэрэглээний талаарх чанартай статистик тоо мэдээллийг гаргах, баяжуулах зорилгоор хийгдсэн. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүн нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний зэрэг нийт хэрэглэгч, олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачдад суурь мэдээлэл болж, хүүхэд болон эмэгтэйчүүдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулахад чухал мэдээллийн эх үүсвэр болж байна.
-Судалгаагаар даруй засаж залруулах шаардлагатай, анхаарал татсан ямар үзүүлэлтүүд байна вэ?
-Бид энэ удаагийн судалгаанд айл өрхийн ундны усны чанарыг шалгасан. Өрхийн ууж буй усанд гэдэсний савханцар Е.коли (E.coli) байгаа эсэхийг үзсэн юм. Судалгааны үр дүнг харахад нийт өрхийн 20 хувийн шууд ууж буй уснаас Е.коли буюу гэдэсний савханцар илэрсэн байна. Е.коли илэрч байгаа нь өрх бохирдсон усыг шууд уудаг эсвэл цэвэр ус эх үүсвэрээс авсан хэдий ч зөөвөрлөж буй сав, ус хадгалах сав, аяга таваг бохир байгаатай холбоотой юм. Тиймээс айл өрхүүд усны сав, ус буцалгагч, данх зэргээ тогтмол цэвэрлэж, ариутгах, усаа буцалгаж ууж байх нь чухал юм. Усанд Е.коли илэрч байгаа нь тэр ус ялгадсаар бохирдсон гэсэн утгатай. Иймд гэр хорооллын нүхэн жорлонг өөрчлөн сайжруулах, ундны эх үүсвэртээ хамгаалалт хийх, худаг, ус түгээх байруудад шинжилгээг тогтмол хийх, ариутгах, хүн амын дунд хувийн ариун цэвэр сахих, нэн ялангуяа бие зассаны дараа гараа сайтар угаах хэвшилд сургах, хоол хүнсэндээ анхаарах, бохир ус хэрэглэхээс татгалзах, аюулт өвчнөөс үр хүүхдээ хамгаалах гэх мэтээр сургалт, сурталчилгааг өргөнөөр хийх цаг ирснийг харуулж байна. Хувь хүн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхэд нь мэргэжлийн салбарын бүх ажилтнууд туслах хэрэгтэй байна. Энэ удаагийн судалгаагаар эцэг, эхийн оролцоо хүүхдийн боловсролын чанарт хэрхэн нөлөөлж буйг шинээр судалсан. Өрхийн насанд хүрсэн аль нэг гишүүн нь 7-14 насны хүүхдийнхээ дүнгийн талаар мэдээлэл авсан эсэхийг тодруулахад судалгаанд хамрагдсан нийт өрхийн 81 хувь нь авдаг гэжээ. Мөн судалгаанд хамрагдсан нийт өрхийн насанд хүрсэн гишүүдийн аль нэг нь хүүхдийнхээ сурахуйн явцын талаар багштай нь ярилцсан гэсэн асуултад 82 хувь нь “тийм” гэж хариулсан байна. Судалгааны үр дүнгээс харахад бид хүүхдээ боловсролд хамруулж чадаад байна. Гэхдээ зайлшгүй сурах ёстой суурь чадварыг бүрэн эзэмшүүлж чадахгүй байна. Иймд нэг багшид ногдох бага ангийн хүүхдийн тоог багасгах, нэг ангид байх сурагчдын тоог цөөлөх асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол чанаргүй боловсролтой ажиллах хүчин бэлтгэгдэж байна шүү. Зөвхөн боловсролын чанар гэлтгүй нэг багшийн ачаалал нэмэгдэх, нэг ангид байх хүүхдийн тоо их байх нь эдгээр багш, хүүхдийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй юм. Төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд бол нийт хүн амын эрүүл мэндийн байдлыг илэрхийлж байдаг. Судалгааны өмнөх хоёр жилд жирэмсэлсэн нийт эмэгтэйчүүдийн 12.6 хувьд нь ураг зулбасан байна. Үүний 6.6 хувь нь өсөлтгүй жирэмслэлт байна. Энэ нь хүн амын эрүүл мэндийг анхаарч сайжруулах шаардлагатай байгааг илэрхийлж байна. Өөр нэг онцлох үр дүн гэвэл ялгаварлан гадуурхахтай хандлага нэлээд байгааг харж болно. Тухайлбал, судалгаанаас өмнөх 12 сард 15-49 насны эмэгтэйчүүдийн 16 хувь, эрэгтэйчүүдийн 15 хувь нь ялгаварлан гадуурхалтыг мэдэрсэн байна. Үүнтэй холбоотой бас нэг ойлголт бол ХДХВ-ийн халдвартай хүнийг ялгаварлан гадуурлах хандлагатай хариулт өгсөн 15-49 насны эмэгтэйчүүдийн хувь 65, эрэгтэйчүүдийн хувь 62 гарсан байна.
-Ер нь нийгмийн үзүүлэлтийн энэ судалгаа эдийн засгийн судалгааны үр дүнтэй хэрхэн уялддаг вэ?
-Үндэсний статистикийн хорооноос эрхлэн явуулж буй аливаа статистикийн мэдээ, судалгааны арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байдаг. Таны асуусан нийгмийн болон эдийн засгийн үзүүлэлтүүдийн харилцан хамаарал, уялдаа НҮТС-ны үр дүнгээс харагдана. Эдийн засгийн байдлаас шалтгаалж тухайн өрхийн амьжиргаа, өрхийн гишүүдийн ажил эрхлэлт, орлого, эрүүл мэнд, боловсролын үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөн, ямар түвшинд байгааг дүгнэх илүү боломжийг бид НҮТС-г явуулснаар олгож байгаа юм. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанаас гарсан үзүүлэлтийг хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн шинж байдал болон байршлаар нь ангилж харуулсан. Энэ удаагийн судалгааны мэдээллээр 178 үзүүлэлтийг тооцон гаргаж байгаа хэдий ч эдгээр үзүүлэлтүүдийн дийлэнх нь Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулдаг бусад судалгаануудаас тооцдоггүй үзүүлэлтүүд байдаг. Мөн судалгааны мэдээллээс цаашид илүү олон үзүүлэлтийг тооцох боломжтой юм. НҮБ-ын Статистикийн комиссоос тунхагласан орчин цагийн албан ёсны статистикийн үйл ажиллагааны нэг зарчим бол статистикийн мэдээлэгчид дарамт учруулахгүй байх буюу нэг ижил үзүүлэлтийг хэд хэдэн статистикийн мэдээ, судалгаагаар давхардуулан авахыг хориглодог. Мөн нөгөө талаас тухайн салбарын онцлогоос хамааран мэдээлэл цуглуулах арга зүйн хувьд ялгаатай байдал нь статистикийн мэдээллийг хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах магадлалтай. Иймд бид энэ зарчмыг баримтлан судалгааны мэдээллийг статистик мэдээлэгч буюу аж ахуйн нэгж, байгууллага, хүн ам, өрхөд ачаалал багатай арга, хэлбэрээр цуглуулдаг. Боловсрол, эрүүл мэнд, гэмт хэрэг зэрэг тухайн салбарын захиргааны бүртгэл, мэдээлэлд суурилан Үндэсний статистикийн хороонд ирүүлдэг захиргааны статистикийн мэдээлэл нь НҮТС-аар өрх, хувь хүнээс биечлэн очиж асуухад бодит байдал дээр ямар байгааг тодруулж, дахин тооцон өөр хооронд нь хянадаг. Энэ удаагийн НҮТС болон захиргааны статистикийн мэдээллээр тооцсон үр дүн ойролцоо гарсан. НҮТС-гаар 15-49 насны эмэгтэйчүүдээс төрүүлсэн нийт хүүхэд болон эндсэн хүүхдийн талаар олон улсад ашиглагддаг бүлэг асуулгыг ашиглан хүүхдийн эндэгдлийн түвшинг тооцсон. Урьд нь өрхөд суурилсан судалгаа болон ЭМЯ-ны бүртгэлээр тооцсон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин нэлээд ялгаатай байдаг. Учир нь эрт нярай буюу төрөөд 7 хоног дотор эндсэн хүүхдийн бүртгэл дутуу байдаг. Харин энэ удаа НҮТС болон ЭМЯ-ны захиргааны бүртгэлээр тооцсон хүүхдийн эндэгдлийн түвшин нэлээд ойролцоо гарсан нь эмнэлэгт хүүхдийг төрөнгүүт регистрийн дугаар өгч бүртгэлийг эхлүүлж байгаатай холбоотой. Тодруулбал ЭМЯ-ны эрт нярайн эндэгдлийн бүртгэл сайжирч байгаатай холбоотой юм. Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 онд хамтран мэдээлэл солилцох цахим бүртгэлийн системийг улсын хэмжээнд нэвтрүүлэн шинээр төрсөн хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд шууд регистрийн дугаарыг олгодог болсон нь Монголдоо төдийгүй, олон улсдаа Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны шилдэг жишээ болсон юм. Цаашид дээрх гурван байгууллага нас баралтын бүртгэлийг цахимжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 3 )
Edniih ih saijraad bgaa sanagdsan. Bi Berlind bdag urd n bol ogt toodogui bailaa. Odoo bol sonirhoj haraad bdag bolson.
Tanai baiguullagad amjilt husye. Bi ene baiguulgiin zovlong sain medne. Alban haagchidiinh in tsalin ih baga, ajliin achaalal ih. Iim nuhtsuld setgeleesee harin ch sain ajillaj bgaa.
Маруухан мэдлэгтэй иймэрхуу хуухнууд залуучууд 2016 оны сонгуулийн дараа торийн албыг ихээр дуургэсэн. Нэг л их худлаа англи школ сургууль хэл ярьсан ундсэн мэдлэг мэргэжил гуйлгээ ухаан байхгуй хогнууд их болжээ.