Жирэмсэн 850 эмэгтэйгээс тэмбүүгийн тохиолдол илэрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

“Халдварт  өвчнөөс сэргийлэх, хянах  үндэсний  хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр болох “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг энэ оны долоодугаар сараас улс даяар зохион байгуулж эхэлсэн байна.

Энэ ажлын хүрээнд тэмбүүгийн өвчлөлийг бууруулах зорилгоор нийт хүн амд чиглэсэн бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх, залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэг шинжилгээнд хамруулан, эрүүлжүүлэх, жирэмсний хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ талаар өнөөдөр /2019.11.19/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээг халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэгтэй хамтатган аймаг бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулж, 96289 иргэнд шинжилгээ хийж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлэн, эмчилгээнд хамруулжээ.

Өндөр эрсдэлт бүлгийн 1271 хүн, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг 10 аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн 6000 гаруй ажилчин, зургаан аймгийн 10 сумын 38 аж ахуйн нэгжийн 870 гар аргаар алт олборлогч, 15 аймгийн алсын тээврийн 2140 жолооч зэрэг нийт 20620 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулахад 279 тэмбүүгийн шинэ тохиолдол, 16000 гаруй оюутан, 1663 орон гэргүй иргэдээс 219 тэмбүүгийн тохиолдол илрүүлэн эмчилсэн байна. 

Түүнчлэн жирэмсний хяналтыг сайжруулахад онцгойлон анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлжээ. 

“Тэмбүүг устгая” үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш дөрвөн сарын хугацаанд нийтдээ улсын хэмжээнд 218.000 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж, тэмбүүгийн 3682 тохиолдол, 1716 хавьтлыг илрүүлэн, эмчлэн эдгэрүүлсэн үр дүнтэй ажиллажээ. Эрүүл мэндийн яам, ЭМЯ-ны дэргэдэх БЗДХ, ДОХ-ын Мэргэжлийн салбар зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан баг 15 аймагт уг үйл ажиллагааны явцад хяналт хийж, 12 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнийг тэмбүү өвчний оношилгоо эмчилгээ, хавьтлын илрүүлэг, эмчилгээний хяналтын талаар сургасан байна.

2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38.0 хувийг эзэлж байгаа ажээ. Бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж, 5517 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 503 тохиолдлоор нэмэгдсэн нь “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд явагдсан илрүүлэг шинжилгээний үр дүн гэж Эрүүл мэндийн яам үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
auyltai ebchin syy!!(148.60.92.227) 2019 оны 11 сарын 19

tembyygeesee salchgaaya?zaluus aa!!!ergen toirondoo yhaantai handachgaaya!

0  |  0
Top